| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01571/и |
| Дугаар | 1245 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 1245
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/01245 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 9 гудамж, 4 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын Батсуурь /Регистрийн дугаар УЖ57060515/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батсуурь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Миний бие 1957 оны 06 сарын 05-нд төрсөн. Энэ онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байгаа юм. Гэтэл залуу насандаа Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа учир тасарч хохироход хүрч байна. Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 112 тоот бүртгэлээр миний бие Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1974 оны 08 сарын 14-ний өдрийн 178 тоот тушаалаар нормчноор томилогдон, мөн үйлдвэрийн даргын 1975 оны 05 сарын 26-ны өдрийн 93 тоот тушаалаар цэргийн албанд татагдах болсон тул чөлөөлөгдсөн болохыг нотолсон лавлагаа гаргаж өгсөн. Мөн дээрх хугацаанд цэргийн албанд татагдсаныг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны 02/157 тоот архивын лавлагаа давхар нотлож байгаа юм. Иймд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батсуурь нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тушаалаар Баатарын Батсуурийг ажилд авч, тус газрын 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай тушаалаар Аймгийн цэргийн комиссын шийдвэрээр эр цэргийн албанд нас бие тэнцсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж аймгийн цэргийн комиссын мэдэлд шилжүүлсэн байна. /хх-5,6/
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/157 дугаартай архивын лавлагаанд “Баатарын Батсуурь нь Сэлэнгэ аймгаас НАХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 337 дугаар тушаалаар 06 дугаар сарын 20-ны өдрөөс халагджээ” гэжээ. /хх-7/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Баатарын Батсуурь /Регистрийн дугаар УЖ57060515/-ийг 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатарын мод боловсруулах комбинатад нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР