Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 427

 

 

 

 

 

2021          03            30                 2021/ШЦТ/427

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Солонго,

улсын яллагч: Н.Гэрэлмаа,

хохирогч Э.О,

шүүгдэгч: Н.Т /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2006 01893 2871 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Т, 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Залуус хотхон гудамж, 2 дугаар байр, 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, 

          Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Н.Т нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуу хотхоны 2 дугаар байрны 4 тоотод байх гэртээ өмнө үерхэж байсан найз Э.Огийн нэр, зургаар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж, садар самуун агуулга бүхий нийтлэл бичиж, түүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Н.Т Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “.Одоо болтол над руу санхүү авах уу гэсэн чат ирж байгаа. Би үнэхээр гомдолтой байна. Энэнээс нь болж би маш хэцүү байдалд орсон. Ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсөө авмаар байна. Өөрийнхөө дугаараа миний нэрээр шинэ фейсбүүк нээгээд санхүү авна гэж бичсэн. Энэ хүнтэй би анх найзаараа дамжуулан танилцсан. Дархан руу хамт явж ажил хийсэн. Тэгээд 12 сард буцаад Улаанбаатар хотод ирсэн. Би тэвчиж чадалгүй цагдаагийн байгууллагад өгсөн. Эхлээд манай ээж рүү залгаж уучлаарай гэсэн. Дараа нь миний үр хүүхэд болон ээжийн зургийг тавиад санхүү авна гээд ээжийн болон миний дугаарыг фейсбүүкт тавьсан байдаг. Ээж болон миний зүгээс маш их гомдолтой байна. 3 сарын хугацааны цалин хөлсөө авмаар байна. Энэ хүнийг хориулмаар байна. Би дугааруудаа сольсон. Манай ээжийн дугаарыг манай төрсөн ах барьж байгаа. Тэр дугаар руу нь одоо болтол санхүү авах уу гэж залгадаг. Надад нэхэмжлэх зүйл гэвэл цалин хөлсөө нэхэмжилмээр байна гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах тогтоол /хх-н 09-24/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Э.О мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 05-ны Хайлаасын 84 буудлын нийтийн байранд хоёр найзын хамт байр түрээсэлж амьдарсан. Тэр үед Төгсжаргал гэх залуутай танилцаж байсан бөгөөд хамт амьдраад хоёр сар болж байгаад салаад тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш намайг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд сүүлдээ сошиалаар миний фейсбүүк цахим хаягийг хуурамчаар нээж олон нийтийн сүлжээнд садар бичлэг болон пост оруулж намайг доромжилсон. Тус Төгсжаргал гэх залуу нь хоёрдугаар сард ийм зүйл тохиолдож цагдаагийн байгууллагад хандаж тус залууг дахин ямар нэгэн пост бичихгүй байх талаар сануулж баталгаа гаргуулж байсан боловч дахин олон нийтийн сүлжээнд миний нэртэй зурагтай шинэ хаяг нээж нэр хүндэд халдаж гутаан доромжилж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэв. /хх-н 27-28/,

Яллагдагч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын үед Отгонзаяа гэх хүүхэнтэй танилцсан. Отгонзаяа бид хоёр танилцаад удаагүй байж байгаад Хайлаастад байр түрээслэн хамт амьдарсан. Надтай хамт амьдарч байх хугацаандаа фейсбүүк хаягаараа нэг залуу зурган дээр нь миний краш энэ тэр гээд өөр залуу руу хандраад байсан. Отгонзаяа өөрийнхөө фейсбүүк хаягаас гадна өөр нэг хаягтай байсан.  Би нууц фейсбүүк хаяг дээр нь постын өөрийнхөө жинхэнэ хаяг дээр нь байрлуулсан. Тухайн үедээ цагдаа сэргийлэх болж байгаад Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хэлтэс дээр ирээд дахиж постыг нь фейсбүүк цахим хуудсан дээр тавихгүй гээд гараад явсан. Дараа нь буюу 2020 оны 03 дугаар сарын үед би согтуудаа дахин Отгонзаяагийн цахим хуудсанд “ Хүнтэй унтана, садар самуун зүйл хийнэ” гэх утга бүхий мөн тэр хүний нэр төрийг гутаан доромжлох постыг дахин оруулсан. Энэ дараа нь цагдаагийн байгууллагаас залгахаар нь надтай хамаагүй гэж хэлээд цагдаагийн байгууллага дээр ирээгүй байж байгаад цагдаагийн байгууллагаас залгахаар ирж байгаа юм, Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 31-32, 79-80/, Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 38/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:        

        Яллагдагч  Н.Т нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуу хотхоны 2 дугаар байрны 4 тоотод байх гэртээ өмнө үерхэж байсан найз Э.Огийн нэр, зургаар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж, садар самуун агуулга бүхий нийтлэл бичиж, түүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

       

Хохирогч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Одоо болтол над руу санхүү авах уу гэсэн чат ирж байгаа. Би үнэхээр гомдолтой байна. Энэнээс нь болж би маш хэцүү байдалд орсон. Ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсөө авмаар байна. Өөрийнхөө дугаараа миний нэрээр шинэ фейсбүүк нээгээд санхүү авна гэж бичсэн. Энэ хүнтэй би анх найзаараа дамжуулан танилцсан. Дархан руу хамт явж ажил хийсэн. Тэгээд 12 сард буцаад Улаанбаатар хотод ирсэн. Би тэвчиж чадалгүй цагдаагийн байгууллагад өгсөн. Эхлээд манай ээж рүү залгаж уучлаарай гэсэн. Дараа нь миний үр хүүхэд болон ээжийн зургийг тавиад санхүү авна гээд ээжийн болон миний дугаарыг фейсбүүкт тавьсан байдаг. Ээж болон миний зүгээс маш их гомдолтой байна. 3 сарын хугацааны цалин хөлсөө авмаар байна. Энэ хүнийг хориулмаар байна. Би дугааруудаа сольсон. Манай ээжийн дугаарыг манай төрсөн ах барьж байгаа. Тэр дугаар руу нь одоо болтол санхүү авах уу гэж залгадаг  гэсэн мэдүүлэг.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах тогтоол /хх-н 09-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Огийн хохирогчоор өгсөн: “Тэр үеэс хойш намайг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд сүүлдээ сошиалаар миний фейсбүүк цахим хаягийг хуурамчаар нээж олон нийтийн сүлжээнд садар бичлэг болон пост оруулж намайг доромжилсон. Тус Төгсжаргал гэх залуу нь хоёрдугаар сард  ийм зүйл тохиолдож цагдаагийн байгууллагад хандаж тус залууг дахин ямар нэгэн пост бичихгүй байх талаар сануулж баталгаа гаргуулж байсан боловч дахин олон нийтийн сүлжээнд миний нэртэй зурагтай шинэ хаяг нээж нэр хүндэд халдаж гутаан доромжилж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэв. /хх-н 27-28/,

Яллагдагч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... би согтуудаа дахин Отгонзаяагийн цахим хуудсанд “ Хүнтэй унтана, садар самуун зүйл хийнэ” гэх утга бүхий мөн тэр хүний нэр төрийг гутаан доромжлох постыг дахин оруулсан. Энэ дараа нь цагдаагийн байгууллагаас залгахаар нь надтай хамаагүй гэж хэлээд цагдаагийн байгууллага дээр ирээгүй байж байгаад цагдаагийн байгууллагаас залгахаар ирж байгаа юм, Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 31-32, 79-80/, шүүхийн хэлэлцүүлэг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний тэр төрд халдсан илт худал мэдээллийг тараасан гэмт хэрэг үлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт: ...иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж хуульчилсан

Шүүгдэгч Н.Т фейсбүүк дэх харилцан зурвас бичих, зураг байршуулах, дуудлага хийх боломжтой цэсийг ашиглан зурвас бичиж, зураг байршуулан улмаар хохирогч Э.Огийн зураг, утасны дугаар, бусад хувийн мэдээллийг ашиглаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хохирогчид хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хувь хүний нууцын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т: …энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэсний дагуу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй, хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Цалингаа нэхэмжлэн гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Н.Тын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож үлдэх 835.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Н.Т-г “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.           

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Н.Тын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, үлдэх 835.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С. ПҮРЭВСҮРЭН