| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/00717/и |
| Дугаар | 1289 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1289
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/01289 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 52 дугаар байр, 19 тоотод оршин суух Боржигон овогт Нямдоржийн Ундармаа /Регистрийн дугаар УС70062924/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 13 дугаар байр, 48 тоотод оршин суух Илжгэн овогт Баавайн Болортуяа /Регистрийн дугаар ЦВ67111502/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 2 гудамж, 1521 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 78 дугаар байрны 17 тоотод оршин суух Сайрлаа овогт Шовкоогийн Гантөмөр /Регистрийн дугаар ПБ72041074/-т холбогдох,
21,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Цагаан дэглий” зочид буудлыг түрээслэн ажиллуулж байхдаа А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нартай танилцсан. Тэгээд тэд өөрсдийн өмчлөлийн “Панорама” буудлыг сарын 3,000,000 төгрөгийн үнэтэйгээр, 5 жилийн хугацаатай түрээслүүлнэ гэхэд нь итгээд, хамгийн гол нь урт хугацаатай юм чинь ашиг өгнө гэж итгээд түрээслэхээр тохирсон байдаг. Хэрвээ 1 жилийн хугацаатай гэж байсан бол түрээслэхгүй байсан. Тийм учраас “Цагаан дэглий” зочид буудлын эзэн н.Тунгалагтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8,100,000 төгрөгөө аваад 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Гантөмөрт өгсөн. Мөн өдрөө 12,000,000 төгрөгийг Ш.Гантөмөрийн хамт явж “Голомт банк”-ны Варьета дахь салбараас очиж аваад Ш.Гантөмөрт өгсөн байдаг. Үлдсэн 900,000 төгрөгийг хэд хоногийн дараа өгсөн. Гэтэл тухайн буудал тэднийх биш болж таарсан, “Панорама” зочид буудлын жинхэнэ эзэн нь н.Бямбадорж гэдэг хүн байсан. 5 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн боловч гэрээ хийе гэхэд А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нар гэрээ хийлгүй алга болсон. Эд материалыг хүлээлгэж өгөөгүй алга болсон тул хүний үнэтэй, цайтай эд хогшлыг хаяад явчихаж болохгүй учраас нэг ёсондоо манаачийн үүрэг гүйцэтгэж баахан байсан. Ингээд 2 сарын дараа буюу 07 дугаар сарын 09-ний өдөр А.Нарангэрэл ирсэн. Тэгээд А.Нарангэрэлтэй гэрээ байгуулсан. Мөнгө өгсөн авсан баримт байхгүй байсан учраас түүнийг баталгаажуулах үүднээс гэрээ хийсэн. Тухайн гэрээн дээр заасан байгаа. 2014 оны 8, 9, 10 дугаар саруудад А.Нарангэрэл, 11, 12, 01 дүгээр саруудад Н.Ундармаа, 3, 4, 5 дугаар саруудад нь А.Нарангэрэл гэх байдлаар гурав, гурван сараар ажиллуулъя гэдэг гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээрээс харахад А.Нарангэрэл буудлыг ажиллуулж байсан нь тодорхой болсон. Ингээд 2014 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нь нэгдүгээрт, эдгээр хүмүүс өөрсдийнх нь өмчлөлийн биш зүйлийг минийх гэж ойлгуулсан. Хоёрдугаарт, 2014 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад Н.Ундармаа ажиллуулна гэсэн байсан. Ерөөсөө энэ хүмүүс намайг залилаад байгаа юм байна гэж үзсэн. 11 дүгээр сард эгч нь ажиллуулж байхад цагдаа нар торгоод болохгүй байсан. Тийм учраас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Ундрах ирээд, 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл Цагдаагийн байгууллага энэ бол залилангийн хэрэг биш, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, иргэний журмаар нэхэмжил гэдэг асуудал тавьсан. Улмаар Цагдаагийн байгууллагад өгсөн Ш.Гантөмөрийн нэр, ус, регистрийн дугаар, хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 102/ШШ2016/04569 дугаартай “Ш.Гантөмөрийг эрэн сурвалжлах тухай” шийдвэр гарч, түүний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс ажиллагаа хийж, хаяг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78 дугаар байр, 17 тоотод оршин суух болох нь тодорхой болсон. Тэрээр мөрдөн байцаалтын явцад өөрийн овгийг Шорков, регистрийн дугаараа ХЛ гэж, мөн хаягаа буруу өгч удаан хугацаанд чирэгдүүллээ. Үндсэндээ энэ хүний зөвхөн Цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэл өгч хууран мэхэлж байгаа байдал нь ийм байгаа юм чинь зүгээр нэг иргэн хүнийг амархан хуурсан. Шүүхийн шийдвэртээ энэ хүний хаяг, нэр ус, регистрийн дугаарыг итгэмжлэлд байгаагаар нь маш тодорхой бичиж явахгүй бол дараа нь энэ хүн бас олдохгүй юм байна гэсэн ойлголтыг би авсан учраас эрхэм шүүгч энийг анхаараасай гэж хүсч байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаад Ш.Гантөмөр мөнгийг авсан гэдэг нь тодорхой болсон. Мөнгө аваагүй гэдэг дээр маргадаггүй. Прокурорын дүгнэлт дээр Н.Ундармаа 21,000,000 төгрөгийг А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нарт өгсөн гэдэг нь тогтоогдсон. Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч 5 сар ажиллуулахдаа мөнгөө олсон гэсэн, эхлээд 2 сар ажиллуулж үзье гэж яриад байгаа. Тэгсэн мөртлөө мөнгөө олсон гэж яриад байгаа. Ажиллуулахдаа мөнгөө олсон гэдэг огт хамаагүй, зөвхөн өгсөн мөнгөө л нэхэмжилж авч байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Ш.Гантөмөрөөс 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ш.Гантөмөр шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“21.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөнгө зээлээд эргүүлээд төлөхгүй байгаа асуудал биш. Энэ нь буудлын засварт оруулсан мөнгө байгаа. Эхэндээ аман хэлцлээр явж байгаад сүүлдээ хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдсан асуудал. Ийм учраас гэрээнийхээ дагуу уг зочид буудлыг Н.Ундармаа ажиллуулж, хөрөнгө оруулсан мөнгөө хангалттай олсон. Зочид буудлын бизнес маш ашигтай бизнес. Зочид буудлыг Ш.Гантөмөр яагаад орхих болсон бэ? гэхээр шинэ хүүхэдтэй болчихоод энэ ажлаа орхихоос өөр аргагүй болсон байсан. Энэ үед Н.Ундармаатай танилцаад найз нөхөд болчихсон байсан. Тухайн үедээ Н.Ундармаа адил төрлийн бизнес эрхэлдэг, 10 өрөөтэй буудлыг сарын 8,000,000 төгрөгөөр түрээсэлдэг. Гэтэл 16 өрөөтэй буудлыг 3,000,000 төгрөгөөр ажиллуулах ашигтай байсан. Бид өөрсдөө засвар хийсэн учраас ийм байгаа гэж ойлгуулж ярилцсан. А.Нарангэрэл нааш цаашаа явах ажилтай байсан болохоор хамтрагчтай байх үүднээс Ш.Гантөмөртэй хамтарсан байсан, гэтэл Ш.Гантөмөр болиод Н.Ундармаа санал тавиад ажиллуулсан. Н.Ундармаа 05 дугаар сарын 19-ний өдөр тохироод ажиллуулж үзье гээд аман хэлцлийн дагуу 2 сар ажиллуулсан. 2 сар ажиллуулсны үндсэн дээр боломжийн юм байна гээд гэрээ хэлцэл хийсэн. Буудлыг түрээсэлж байгаа буудал гэдгийг мэдэж байсан. Тэгээд ч н.Баасансүрэнд 3,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Мөнгийг авсан, гэхдээ зээлж аваад эргүүлж өгөөгүй асуудал огт биш. Эхлээд “Цагаан дэглий” зочид буудалтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8,100,000 төгрөгийг бэлнээр авангуутаа шууд өгсөн. Үүнийг нь авсан. Дараа нь “Голомт банк”-аас 12,000,000 төгрөг авч өгсөн. Дараа нь буудлыг 3 хоног ажиллуулаад 900,000 төгрөг өгсөн. Тухайн үед тохирсныхоо дагуу энэ хүний засварт оруулсан 17,000,000 төгрөгийг өгөх юм байна, тэгж байж буудал ажиллуулах эрхтэй болно, хоёрдугаарт эхний сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг өгөх ёстой, төлнө гэдгээ Н.Ундармаа мэдэж байсан. Ингээд 20,000,000 төгрөг болно. 1,000,000 төгрөгөөр хамтдаа салхинд гарсан юм шиг байна лээ. Ингээд нийлээд 21,000,000 төгрөг болсон. Н.Ундармаа нь “Панорама” зочид буудлыг 2014 оны 5, 6, 7, 8, 12 дугаар саруудад нийт 5 сар ажиллуулж, тодорхой хэмжээний ашиг орлого олж байсан байна. Тухайн буудлын сарын орлого нь 9-10 сая төгрөг бөгөөд Н.Ундармаа нь өөрийнхөө оруулсан мөнгийг хангалттай олсон, ашигтай ажилласан гэж үзэж байна. Иймд Н.Ундармаагийн нэхэмжлэлтэй 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зугтаагаад алга болчихдог, хаяг усаа сольсон гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Утас бол сүүлийн 3 жил өөрчлөгдөөгүй, 99753328 гэсэн дугаар дээрээ байдаг” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа нь хариуцагч Ш.Гантөмөрт холбогдуулан 21,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч Ш.Гантөмөр эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Ундармаа нь хариуцагч Ш.Гантөмөрийг А.Нарангэрэлтэй нийлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Панорама” зочид буудлыг сарын 3,000,000 төгрөгийн үнэтэйгээр, 5 жилийн хугацаатай түрээслүүлнэ гэж хуурч мэхлэн 21,000,000 төгрөг авсан гэх үндэслэл заан, уг мөнгийг хариуцагч Ш.Гантөмөрөөс гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Ш.Гантөмөр нь А.Нарангэрэлтэй хамтран “Панорама” зочид буудлыг түрээслэн ажиллуулж байсан, зочид буудалд 2014 оны 03 дугаар сард засвар хийж, засварын ажилд өөрийн зүгээс 17,000,000 төгрөг оруулсан, ар гэрийн шалтгааны улмаас зочид буудлыг түрээслэн ажиллуулахаа больж, Н.Ундармаатай харилцан тохиролцсоны дагуу засварт оруулсан мөнгөө авч, зочид буудлыг түрээслэн ажиллуулах эрхээ Н.Ундармаад шилжүүлсэн, Н.Ундармаагаас авсан 21,000,000 төгрөгнөөс зочид буудлын засварын ажилд оруулсан 17,000,000 төгрөгийг авч, 3,000,000 төгрөгийг зочид буудлын түрээст өгсөн, 1,000,000 төгрөгийг А.Нарангэрэл, Ш.Ундармаа нар хамтдаа салхинд гарахад зарцуулсан тул Н.Ундармаад 21,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Панорама” зочид буудлыг түрээслэн ажиллуулахаар түрээслэгч А.Нарангэрэл нь түрээслүүлэгч Б.Баасансүрэнтэй 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж /хх-52/, улмаар уг зочид буудлыг Ш.Гантөмөртэй хамтран түрээслэн ажиллуулахаар тохиролцож, буудалд засварын ажил хийсэн, засварын ажилд Ш.Гантөмөр 17,000,000 төгрөг, А.Нарангэрэл 19,000,000 төгрөг гаргасан, оруулсан хөрөнгийн хэмжээгээр зочид буудлын ашиг орлогыг авахаар тохирч, буудлыг ажиллуулах 1 жилийн 60 хувь буюу 7 сарыг нь А.Нарангэрэл ажиллуулах, 40 хувь буюу 5 сарыг Ш.Гантөмөр ажиллуулж, ажиллуулах хугацааныхаа орлогыг өөр өөрсдөө авахаар тохиролцсон, хариуцагч Ш.Гантөмөр нь ар гэрийн шалтгааны улмаас зочид буудлыг ажиллуулах боломжгүй болж А.Нарангэрэлийн танил Н.Ундармаатай харилцан тохиролцож “Панорама” зочид буудлыг түрээслэн ажиллуулах эрхээ шилжүүлж, засварт оруулсан 17,000,000 төгрөгийг Н.Ундармаа түүнд өгсөн болох нь хариуцагчийн тайлбар, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Нарангэрэлийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-42-46, 96-102/
Нэхэмжлэгч Н.Ундармаа нь А.Нарангэрэлтэй 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Панорама зочид буудалд хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний А тал нь А.Нарангэрэл, Б тал нь Н.Ундармаа гэж гэрээнд тодорхойлон бичжээ. Гэрээнд зочид буудлыг хамтран түрээслэж ажиллуулах, жилийн 12 сарын 7 сарыг нь А.Нарангэрэл, 5 сарыг нь Н.Ундармаа ажиллуулахаар, ингэхдээ А.Нарангэрэл нь 08 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20 хүртэл, 2015 оны 03 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 20 хүртэл, Н.Ундармаа нь 11 дүгээр сарын 20-оос 03 дугаар сарын 20 хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 20-оос 08 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд ажиллахаар тохиролцож, мөн цаашид сунган ажиллахаар тохиролцож, хэрэв түрээсийг цаашид сунгахгүй тохиолдолд буудалд оруулсан тохижилтын зарах ба ашгийг нь Нарангэрэл 60 хувь, Ундармаа 40 хувийг тус тус хувааж авахаар тохиролцсон. Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэр А тал 28 сая төгрөг, Б тал 24 сая төгрөг гэж тодорхойлон гэрээний 6.3-т “Тус буудалд 2014 оны 6 сарын 15-наас Н.Ундармаа нь буудлын тохижилтонд 24 сая төгрөгийг оруулж, үүнээс сарын түрээс болох 3 сая төгрөгийг иргэн Баасансүрэнгийн дансанд хийсэн, мөн Нарангэрэл 28 сая төгрөгийг буудлын тохижуулалтанд оруулсан болно. Ингэснээр цаашид үргэлжлэх буудлын ашгийн 40 хувийг Н.Ундармаа, 60 хувийг нь А.Нарангэрэл эзэмшихээр тохиролцов” гэжээ. /хх-22-25/
2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Панорама зочид буудалд хамтран ажиллах гэрээ”-г Н.Ундармаа, А.Нарангэрэл нар байгуулсан талаар нэхэмжлэгч маргаагүй ба хариуцагч Ш.Гантөмөр нь зочид буудлын засварт оруулсан мөнгийг Н.Ундармаагаас авч, А.Нарангэрэлтэй харилцан тохиролцсон тус буудлыг түрээслэн ажиллуулах эрхээ Н.Ундармаад шилжүүлсэн тул дээрх гэрээг байгуулахад оролцоогүй байна. Н.Ундармаа, А.Нарангэрэл нарын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд энэ хоёр хүн “Панорама зочид буудлыг түрээслэж хамтран ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Ш.Гантөмөрөөс 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн асуудалд Н.Ундармаа, А.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан гэрээ хамааралгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Н.Ундармаа, А.Нарангэрэл нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Панорама зочид буудалд хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа нь түрээслэгч А.Нарангэрэл, түрээслүүлэгч Б.Баасансүрэн нарын 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-нд заасан хугацаатай таарч байх бөгөөд түрээсийн гэрээний хугацаа болоогүй байхад гэрээг түрээслүүлэгчийн зүгээс цуцалсан асуудалд хариуцагч Ш.Гантөмөр холбоотой, түүний гэм буруутай үйлдэл байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь “Панорама” зочид буудлыг зориулалтын дагуу ажиллуулаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Н.Ундармаа “Панорама” зочид буудлыг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллуулсан, мөн 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллуулж А.Нарангэрэлд хүлээлгэн өгсөн, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Н.Ундармаа нь өөрийн төлөөний хүнээр хариуцуулан ажиллуулж байсан, гэрээнд зааснаар зочид буудлын тохижилтонд мөнгө гаргаагүй болох нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Нарангэрэлийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч П.Алтантуяагийн мэдүүлэг, эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нарыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, “Панорама” зочид буудлын эд хогшлын жагсаалт зэрэг баримтаар тогтоогдов. /хх-26, 42-46, 92-93, 96-102/
Хариуцагч Ш.Гантөмөр нь Н.Ундармаагаас авсан 21,000,000 төгрөгнөөс зочид буудлын засварын ажилд оруулсан 17,000,000 төгрөгийг авч, 3,000,000 төгрөгийг зочид буудлын түрээст өгсөн, 1,000,000 төгрөгийг А.Нарангэрэл, Ш.Ундармаа нар хамтдаа салхинд гарахад зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар нь гэрч А.Нарангэрэлийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-96-102/
Нэхэмжлэгч нь “...5 жилийн хугацаагаар сарын 3,000,000 төгрөгийн түрээс төлөөд ажиллуулах юм байна гэсэн ойлголттой Ш.Гантөмөрт мөнгө өгсөн..., ...21,000,000 төгрөгийг өгчих юм бол Н.Ундармаа тэнд 5 жил ажиллуулах юм байна гэсэн ойлголтыг авсан. Өөрийн өмч мэтээр ажиллуулаад яв гэсэн ойлголт өгсөн, Ш.Гантөмөрт өгсөн мөнгө нь буудал ажиллуулах эрхийн мөнгө..., ...мөнгийг өгсөн, авсан гэдгээ нотлох гэж хийсэн гэрээ, ... 21,000,000 төгрөгийг Ш.Гантөмөрт өгөөд, 3,000,000 төгрөгийг түрээсэнд төлсөн ...буудлын тохижуулалтанд оруулаагүй,” гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Н.Ундармаа нь Ш.Гантөмөр, А.Нарангэрэл нартай харилцан тохиролцсоны дагуу “Панорама” зочид буудлыг хамтран түрээслэн ажиллуулахаар болж, Ш.Гантөмөрөөс зочид буудлын засварын ажилд оруулсан 17,000,000 төгрөгийг түүнд өгч буудал түрээслэн ажиллуулах эрхийг нь шилжүүлэн авсан, 3,000,000 төгрөгийг зочид буудлын түрээст өгсөн, 1,000,000 төгрөгийг Ш.Гантөмөр, А.Нарангэрэл нарын хамт зарцуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 21,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Гантөмөрөөс гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
А.Нарангэрэл нь “Панораматрейд” ХХК-д холбогдуулан “Панорама” зочид буудалд 2014 онд засвар үйлчилгээ хийж, зочид буудлын тавилга, эд зүйл шинээр авахад зарцуулсан 28,950,760 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 онд гаргаж, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05692 дугаартай шийдвэрээр “Панораматрейд” ХХК-аас 16,174,253 төгрөг гаргуулж, А.Нарангэрэлд олгохоор шийдвэрлэжээ. /хх-85-89/
Нэхэмжлэгч Н.Ундармаа нь “Панорама” зочид буудлыг түрээслэн ажиллуулахтай холбоотой асуудлаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гантөмөрөөс 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР