| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Г.Ш /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2011 00877 0128 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг, Хэрлэн, 1 дүгээр баг, Хэрлэн, хийд 34-5 тоотод оршин суудаг, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж ялаа биелүүлээгүй гэх, /РД:СД91062815/.
Шүүгдэгч Г.Ш нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 46а тоотод М.Анхжаргалтай маргалдан футболкных нь захаар хоолойг нь боож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, халаагуурыг нуруу хэсэгт нь шидэж М.Анхжаргалын биед бүсэлхийн 2-3-4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун зовхи, баруун тохой, хоёр шуу, зүүн бугуйд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Шэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Шэс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-29-30, 49-51/ “..2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт гэртээ ганцаараа хоол хийж байхад гаднаас эхнэр Анхжаргал орж ирээд манайд Намуунцэцэг, нөхөр Төгсөөгийн хамт ирнэ гэж хэлж байсан. 21:00 уаг өнгөрөөгөөд Төгсөө, Намуунаа 2 ирээд бид нар хоол идчихээд хөзөр тоглонгоо хөргөгчинд байсан Сэнгүр 2.5 литрийн пивыг хуваагаад уусан..Намуунаа Алтанцэцэг хоёроос болж бид 2 муудалцаад Анхжаргалын нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохичихоод, гэрт байх цагаан өнгийн халаагуурын тенийг өшиглөхөд тухайн тень Анхжаргалын аль хэсэгт оносонг мэдэхгүй байна. Тэгээд би Анхжаргалын нүүрийг хартал хөхөрчихсөн байхаар нь би сандраад хүйтэн жин тавъя эмч дуудаад үзүүлэхүү гэтэл яахын бн эм аваад өг гэж хэлж байсан.. Энэ миний буруу. Өмнө нь би Анхжаргалд гар хүрч байгаагүй..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Анхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-27-28/ “..Бид хоёрын хувьд ямар нэгэн гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байсан ба сүүлийн 5 жилд ямар ч харилцаа байхгүй, уулзаагүй юм. 2020 оны 4 сарын 02-ны өдөр 21 цагийн үед манай хамаатны Намуунцэцэг нь нөхөр Түвшинтөгсийн хамтаар манай гэрт ирцгээсэн юм, тухайн үед Шижир-Эрдэнэ хамт байсан ба охин маань Хэнтий аймаг руу явсан байсан. Бид хамтдаа хөзөр тоглонгоо 2,5 литр хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво ууцгаасан. Түвшинтөгс машин барьж байсан учраас уугаагүй ба Шижир-Эрдэнэ, Намуунцэцэг бид 3 хувааж ууцгаасан юм. Тэгээд шөнө 00 цагийн үед манай ажлын газрын Алтанцэцэг гээд над руу утсаар яриад найз нь ойрхон явж байна, яваад очих уу гээд ирсэн юм. 00 цаг өнгөрч байхад Алтанцэцэг ирэхдээ дахин 2.5 л хэмжээтэй Сэнгүр пиво авчирсан юм. Авчирсан 2 пивоны нэгийг нь уугаад байж байтал Намуунцэцэг, Алтанцэцэг нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан ба Түвшинтөгс гараад явчихсан юм, би араас нь Түвшинтөгсийг дуудах гээд гараад эргээд ороод иртэл Намуунцэцэг, Алтанцэцэг нар хоорондоо үсдэлцээд зодолдоод байсан, тэгэхээр нь би салгаад байж байтал Намуунцэцэг нь миний гар утсыг авч гараад удаа ч үгүй эргэж орж ирэхдээ 2 цагдаатай хамт орж ирсэн юм. Тэгээд тэр 2 цагдаа Алтанцэцэг, Намуунцэцэг нарыг аваад явсан юм. Би гэртээ Шижир-Эрдэнэтэй хоёулахнаа үлдсэн ба Шижир-Эрдэнэ намайг “чи 2 найзыгаа хооронд нь зодолдуулаад байхдаа яадаг юм гэж хэлсэн, тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм би юу гэж зодолдуулах юм” гэж хэлсэн чинь үгийн зөрөөгүй миний дээгүүрээ өмсөж байсан футболкоор миний хүзүүг боосон, энэ үед би хэсэг ухаан балартсан, гэнэт ухаан орсон чинь Шижир-Эрдэнэ миний нүүр лүү гараараа ээлжлээд цохиод байсан, тэгээд эргээд босох гээд байж байтал манай гэрийн халаагуурыг над руу шидсэн, энэ нь миний нуруу хэсэг руу оносон, их өвдсөн. Энэ үед гаднаас Аптанцэцэгийн нөхөр Батбилэг орж ирээд Шижир-Эрдэнэтэй хамт гараад явсан юм. Энэ үед цаг бараг 05 цаг болж байсан. Эргээд Шижир-Эрдэнэ 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн үед орж ирэхдээ Батбилэг, Аптанцэцэг нартай орж ирсэн. Би тухайн үед намайг ийм болтол нь зодоод байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд тоолгүй унтлаа гээд унтаад өгсөн. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөө би бие өвдөөд босож чадалгүй гэртээ өнжсөн ба 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад ажил дээрээ очоод байж байтал, ажлын эгч Батзаяа нь манай эгч Анхтуяа руу залгаж манай эгч намайг ирж авсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Алтанцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-31/ “.. “2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 00:00 цагт найз Анхжаргалын гэрт очтол Анхжаргалын хамаатны эмэгтэй гэх Намуунаа жирэмсэн эмэгтэй, Намуунаагийн нөхөр нэг залуу, Анхжаргал, нөхөр Шижирээ нар хөзөр тоглонгоо пиво ууж байсан. Шөнө дунд байхаа Намуунцэцэгтэй бид маргалдаад муудалцаад тэгтэл Намуунцэцэг цагдаа дуудсан. Тэр үед цагдаа ирээд Намуунцэцэг, бид хоёрыг эрүүлжүүлэхээр хэлтэс дээр авчраад Намуунцэцэгийг жирэмсэн болохоор ар гэрээс хүн дуудаад өгчихсөн. Тэгээд намайг Төмөр зам руу эрүүлжүүлэх гэтэл дүүрчихсэн хүн авахгүй гээд намайг буцаж авчраад доор байлгаж байх үед нөхөр Батбилэг, Анхжаргалын нөхөр Шижирээ 2 цуг ирж аваад бид нар Намуунаатай уулзчихаад Батбилэг, Шижирээ бид гурав Анхжаргалын гэрт очтол Анхжаргалыг нөхөр Шижирээ нь зодчихсон гээд баруун нүд нь хөхөрчихсөн байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар тэндээ хоносон. Тэгээд өглөө нь хорооны цардаа намайг Намуунцэцэгтэй маргалдсан асуудлаар дуудаад бид хороо нь дээр очиж мэдүүлэг өгөөд салсан. Тэгээд шууд гэртээ харьсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Батбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-32/ “..2020 оны 4 дүгээр сарын 02-ны шөнө ажлын газрынхаа хүмүүстээ цуг архи ууж байгаад тарсан. Тэгээд 22:00 цагийн үед гэртээ очтол эхнэр байхгүй болохоор нь эхнэрийн найз Шижирээгийнд очтол бид хүний төрсөн өдөр тэмдэглэчхээд намайг хүргэж өгчхөөд гэр лүүгээ явчихсан очоогүй юм уу гэсэн. Тэгээд гэртээ хариад эхнэрээ хүлээж байгаад унтчихсан. Тэгтэл үүр цайгаад эхнэр ирээгүй болохоор нь би эхнэрээ хайгаад Анхжаргалын гэрт очтол Анхжаргал Шижирээ 2 байсан. Намайг ороход Анхжаргалын баруун нүд нь хөхөрчихсөн байдалтай хоёулаа газарт хэвтэж байсан. Эхнэр Алтанцэцэгийг асуутал цагдаа ирээд аваад явсан гэж хэлэхээр нь би Шижирээг дагуулаад хэлтэс дээр ирээд эхнэрээ аваад явсан. Тэгээд буцаад Анхжаргалын гэрт Алтанцэцэг, Шижир-Эрдэнэ бид нар буцаж очоод хэсэг унтсан. Тэгээд өглөө хорооны цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №4350 дугаартай дүгнэлтэд: /хх-39/ “..М.Анхжаргалын биед бүсэлхийн 2-3-4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун зовхи, баруун тохой, хоёр шуу, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэх шинжээчийн дүгнэлт, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17/ болон шүүгдэгч Г.Шижир-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 46а тоотод М.Анхжаргалтай маргалдан футболкных нь захаар хоолойг нь боож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, цахилгаан халаагуурыг нуруу хэсэгт нь шидэж, түүний биед бүсэлхийн 2-3-4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун зовхи, баруун тохой, хоёр шуу, зүүн бугуйд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Шижир-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч М.Анхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Шижир-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Шижир-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ш нь шүүх хуралдаан болохоос өмнө 31 хоног цаг хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон, нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгийг эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Шд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Г.Шд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Г.Ш бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Silver Orest” гэсэн бичиглэлтэй 4 тал нь хар өнгөтэй , хар өнгийн 2 суурьтай, их бие нь цагаан халаагуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Анхжаргалд буцаан олгохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г хоригдсон 31 хоногийн, нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож, 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж торгох ялын хэмжээг 2535 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.535.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд оногдуулсан 2535 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.535.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6/зургаа/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Шд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Silver Orest” гэсэн бичиглэлтэй 4 тал нь хар өнгөтэй , хар өнгийн 2 суурьтай, их бие нь цагаан халаагуур 1 ширхэгийг эзэмшигч Нөмрөг овогт Мягмарын Анхжаргал /РД:ТЕ91101302/-д олгосугай.
7. Шүүгдэгч Г.Ш нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР