Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1290

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/01290

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байр, 66 тоотод оршин суух Тайж овогт Галбадрахын Цэцэгмаа /Регистрийн дугаар ЦГ63112103, холбоо барих утас 99055729/-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Анхай интернэшнл” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Цэцэгмаа би “Анхай интернэшнл” ХХК-тай 2013 оны 04 сарын 01-ний өдөр “Тээврээр гүйцэтгэх гэрээ” байгуулан Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Анхай интернэшнл” ХХК-ийн Гэдгэрхангай болон Зүүн цагаан хошуу төмрийн уурхайгаас төмрийн хүдрийг Төв аймгийн Баян сумын нутагт орших Мааньт өртөөний ачилт буулгалтын талбай хүртэлх замд ачаатай тн/км-ыг 0.70 юаниар тооцож 2014 оны 04 сарын 01-нийг хүртэл тээвэрлэхээр тохиролцон гэрээ хийж, гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4-т заасныг мөрдөж тээврийг гүйцэтгэсэн. Гэтэл миний тээврийн тооцооны үлдэгдэл болох 37,239 юань буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны Монгол банкны албан ёсны ханш 357.18 төгрөгөөр тооцоход 13,301,026 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа төдийгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж хаана байгааг нь олж тогтоож өгнө үү. Миний 2015 оны 10 сарын 09-нд өгсөн өргөдлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд 2015 оны 12 сарын 01-нд гаргасан захирамжиндаа Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “Анхай интернэшнл” ХХК нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь тогтоогдсон гэж дурдсан байгаа нь эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандах хангалттай баримт гэж үзэж байна” гэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Анхай интернэшнл” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

          Хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь “Анхай интернэшнл” ХХК-ийн хаягийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өөрийн байранд байрлах гэж тодорхойлон 11,699,004 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39092 дугаар захирамжаар “хариуцагч “Анхай интернэшнл” ХХК нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-10-11/ Мөн хүсэлт гаргагч Г.Цэцэгмаа нь “Анхай интернэшнл” ХХК-ийн захирал Л.Багана /Li Bagenna/-аас 12,449,370 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахдаа хариуцагчийн хаягийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС-24А тоот байранд оршин сууж байгаа гэж тодорхойлон гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/28268 дугаар захирамжаар “хуулийн этгээдийн оршин байрлах хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-12-13/

          Иймд, “Анхай интернэшнл” ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 2 тоотод байрлах хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС-24-1 тоот байранд байрлаж байсан “Анхай интернэшнл” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019006126, Регистрийн дугаар 2863847/-ийг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР