Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Бт холбогдох эрүүгийн 1808047211446 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар баг Хантай гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн  түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Д-ийн Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д” зочид буудалд 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Б.Огийн өмчлөлийн Самсунг Жи-2 маркийн гар утас, түүний өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 3.195.220 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад тодорхой мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36х, 37-41х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43х/, хохирогч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 47-50х/, гэрч Б.Ггийн мэдүүлэг /хх-ийн 53-54х/, гэрч З.Бгийн мэдүүлэг /хх-ийн 57-58х/, гэрч О.Яын мэдүүлэг /хх-ийн 61-62х/, Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78х/, хохирогч Б.Огийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 113х/, шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 137х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139х/, шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-100х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д” зочид буудлын ... дугаартай өрөөнд хонож үйлчлүүлж байх үедээ хамт байсан иргэн Б.Ог унтсан байдлыг далимдуулан түүний  өмчлөлийн Самсунг Жи-2 маркийн гар утас, түүний өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.195.220 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36х, 37-41х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 17 минутад хохирогч Б.О, сэжигтэн Б 2 нь тус тусын өрөөнөөс гарч ирээд угтагчтай уулзаад гарч яваад 09 цаг 30 минутад буцаж хамт орж ирээд тооцоо хийгээд 2 давхрын өрөөнд хамт ороод хэсэг байж байгаад 3 давхрын өрөөнд хамт ороод 13 цаг 26 минутад сэжигтэн Б нь ганцаараа өрөөнөөс гарч ирээд гараад явж байгаа бичлэг тус тус хадгалагдан үлдсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 43х/,

Хохирогч Б.Огийн: “...2018 оноос 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгаас ганцаараа Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны автовокзал дээрх Д нэртэй зочид буудалд, 209 тоот өрөөнд хоносон. Маргааш нь 10 цагийн үед тэр буудлаас гарах гэж байгаад тэр буудалд хоносон, нэр усыг нь сайн мэдэхгүй нэг залуутай танилцаад бид хоёр тэрний байсан 305 тоот өрөөнд нь орж 0.5 литрийн архи хувааж ууж байх үед тэр залуу надад “Та ганцаараа нэг өрөөнд хонож байхаар 2 ортой өрөөнд хоёулаа цуг хоночихъё” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр тэр өрөөг дахиад сунгасан. Бид хоёр ууж байсан архиа дуусгаад би дахиад 0.5 литрийн архи, идэж уух юмтай авсан. Би тэр юмнуудыг өөрийнхөө Хаан банкны картаараа тооцоо хийж авсан. Бид хоёр өрөөндөө ороод нөгөө архийг хуваагаад уугаад сууж байтал би тасарчихсан байсан бөгөөд шөнийн 01 цаг өнгөрч байхад сэрээд хартал би өрөөнд ганцаараа байж байсан. Тэгээд өөрийнхөө эд зүйлсийг шалгатал миний Самсунг Жи-2 маркийн гар утас, Хаан банкны виза карт маань байхгүй болсон байсан. Би гайхаад доошоо бууж ресейпшнээс хамт байсан залуугийнхаа талаар асуутал “Өдөр 13 цагийн үед гарч яваад эргэж ирээгүй” гэхээр нь би өрөөндөө орж амраад, маргааш өглөө нь симээ сэргээлгээд гар утсаа асаатал миний Хаан банкны картыг уншуулан 8-9 гүйлгээ хийж миний данснаас нийт 3 гаран сая төгрөг алдагдсан байсан... ...40 гаран насны, 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, бор царайтай, нүүрэндээ мэнгэтэй залуу байсан. Миний картаас 3 сая төгрөг, Самсунг Жи-2 маркийн гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х/,

Гэрч Б.Ггийн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн үед ажлаа хүлээж авч байхад 209 тоотод хоносон эрэгтэй хүн өрөөгөө солиод 305 тоотод хоносон залуутай хамт дахиж ... тоот өрөөг хоногоор сунгаад тооцоог нь 209 тоот өрөөнд хоносон хүн 30.000 төгрөг өгөөд үлдэгдэл 5.000 төгрөгийг нь 305 тоот өрөөнд хоносон залуу өгсөн. Намайг ээлж хүлээж авч байхад 209 тоотод хоносон хүн согтуу байсан, харин 305 тоотод хоносон залуу эрүүл байсан. Тэгээд нөгөө ээлжийн ресейпшн буугаад удаагүй байхад 13:00 цагийн үед  305 тоотод хоносон залуу гарч яваад  эргэж ирээгүй. Тэгээд ажлаа хийгээд байж байхад нөгөө /үлдсэн/ залуу нь шөнийн 03:00 цагт гарч ирээд нөгөө залуугаа асуугаад банкны карт, гар утас хоёр алга байна гэж хэлээд буцаад өрөөндөө орж унтсан. Өглөө 06:00 цагийн үед орж ирээд миний гар утас, карт алга болчихсон байна гээд дахиад хэлэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэр залуу өглөө гар утасны газар онгойхоор сим картаа сэргээж үзнэ гээд 10:00 цагийн үед гарч яваад буцаад удалгүй цагдаатай хамт орж ирээд хамт өрөөнд орсон залуу виза карт уншуулаад картаас 3 сая төгрөг авчихсан байна. Камер шүүгээд урьд шөнийн хоносон хүмүүсийн бүртгэлийг харахад 305 тоотод Б гэдэг хүн хоносон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/,

Гэрч З.Бгийн: “...тухайн өдөр 14 цагийн үед би ганцаараа сууж байтал саарал малгайтай, хар савхин хүрэмтэй, 40 гаруй настай, 160-170 см орчим өндөртэй, бор туранхай, бага зэрэг архи үнэртүүлсэн эрэгтэй хүн орж ирээд “карт унших уу” гэж асуугаад шоколад 15-16 ширхэг, печень 30 ширхэг, 5 ширхэг 00 цаас, 5 боодол ариун цэврийн хэрэгсэл, 5 ширхэг саван, бок 2 уут, ундаа 6 ширхэг, 2 боодол кофе, бохь 5 боодол гэх мэт зүйлийг аваад хайрцагт хийлгээд 214.450 төгрөг уншуулсан. Дараа нь дахиад 10.000 төгрөгийн бараа аваад картаасаа 50.000 төгрөг уншуулаад 40.000 төгрөгийг нь бэлнээр аваад явсан. Өөрөө хэлэхдээ АТМ-д уншуулахаар болохгүй байна. Хөдөөнөөс ирсэн гэх хэлж байсан. Хаашаа явахаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58х/,

Гэрч О.Яын: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг 40 минутын үед би лангуун дээрээ сууж байтал нэлээн яарсан шинжтэй саарал өнгийн малгайтай, хар өнгийн савхин хүрэмтэй 35-40 орчим настай бор өнгийн шөвгөр царайтай, хацар дээрээ мэнгэтэй ах орж ирээд “ахдаа эмэгтэй хүн барихаар 2 ширхэг гар утас үзүүлээч, ах нь яараад байна 300.000 төгрөгт багтаагаад” гэж хэлсэн. Би Самсунг Эс-7-г 316.000 төгрөгөөр, Самсунг Эс-6 эджэ-г 280.000 төгрөгөөр тус тус худалдан аваад симээ хийж шалгаж үзэлгүй цаашаа яваад хойд булангийн лангуунаас Самсунг эс-7 эджэ гар утсыг 380.000 төгрөгөөр тус тус худалдан аваад шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х/,

Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung J2 маркийн гар утас-192.000 төгрөг, Хаан банкны виза карт-5.000 төгрөг, нийт-197.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 77-78х/,

Хохирогч Б.Огийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 36 минутаас 16 цаг 58 минутын хооронд, нийт 2.998.220 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай” /хх-ийн 113х/,

Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Д зочид буудалд үйлчлүүлж тэндээ хоносон. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд зочид буудлаас гарах гээд явж байхад буудлын 2 давхрын шатны дэргэд үл таних эрэгтэй хүн таараад улмаар бид хоёр танилцаж, тэр хүний үйлчлүүлж байсан өрөөнд орсон. Уг өрөөнд орж урьд өдрийнх нь үлдэгдэл архийг ууж дуусгах үед уг хүн дэлгүүр явж дахин архинд явъя гээд бид хоёр хамт яваад дэлгүүрээс 1 шил архи, талх хиам авчраад өрөөндөө архиа уусан. Тэр үед хохирогч Б.О нь надад өөрийн хаан банкныхаа мобайл банканд байх мөнгөө харуулахад дансанд нь 3.000.000 гаруй төгрөг байсан бөгөөд архиа ууж байхдаа Эрдэнэт хотод байх нэг эмэгтэйн данс руу 300.000 төгрөг явуулна гэж хэлээд буудлын өрөөнөөс ганцаараа гарч яваад мөнгийг явуулчхаад ирэхдээ гаднаас дахин нэг шил архи авч ирээд уусан. Хэсэг хугацааны дараа буудлын ресейпшн эмэгтэй зочид буудлын өрөөний төлбөр төлөхийг шаардаж өрөөнд орж ирэхэд Б.О гэх хүн 4 оронтой 3031 гэсэн нууц дугаар хэлэхэд би түүний картын нууц дугаарыг цээжилж авсан. Улмаар архи уугаад дуусах үед уг хүн надтай хэрүүл маргаан хийж байгаад унтаад өгсөн. Тэр үед ширээн дээр байсан төрийн банкны карт, самсунг эс-2 гар утас зэргийг нь аваад зочид буудлын өрөөнөөс гарч яваад Ды тэнд байх гар утасны төвөөс 2 ширхэг гар утсыг хулгайлж авсан төрийн банкны карт уншуулж авсан, дэргэд нь байх “Түц”-с 200.000 орчим төгрөгийн бараа авсан, дараа нь такси бариад Мөнгөн завъяа орж 1 ширхэг эрэгтэй хүний монетон бөгж, 1 ширхэг монетон гинж худалдан аваад такситай явж байгаад бэлнээр 100.000 төгрөг авсан. Таксны жолоочид мөнгө төгрөг өгсөн. Тухайн картанд байсан бүх мөнгийг худалдан авалт хийж, мөн бэлнээр аваад картанд байсан мөнгийг дуусгаж, улмаар картыг нь хаясан. Хулгайлж авсан 1 ширхэг гар утсыг би өөрөө хэрэглэж байгаад эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь Д зочид буудалд байрлаж байх явцдаа танилцаж, улмаар үргэлжлүүлэн 1 өрөөнд хамтдаа байрлахаар зочид буудлын үйлчлэгчтэй тооцоо хийх явцад хохирогчийг багагүй хэмжээний мөнгөтэй байгаа гэдгийг мэдсэн шүүгдэгч Д.Б нь хохирогчид түлхүү архи уулган согтоож, түүний унтсан хойгуур хохирогчийн эзэмшлийн гар утас болон банкны картыг хууль бусаар авч гарснаар тухайн хулгайн гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрбээр банкны картыг ашиглан хүнс болон ахуйн хэрэгцээний эд зүйл, гар утас авах зэргээр хохирогчийн картанд байсан 2.195.220 төгрөгийг гүйлгээ хийн өөртөө захиран зарцуулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Д.Б нь хохирогчийн согтуурсан, унтсан байдлыг нь далимдуулан сэм, нууц байдлаар банкны карт, гар утсыг авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдэж, хүсэж үйлдсэн шинжтэй байна.

Иймээс Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Бын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Од 3.195.220 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэг нь төлж барагдуулаагүй байх тул 3.195.220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Од олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр хохирогчийг согтуурсан, унтсан байдлыг далимдуулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, тус гэмт хэргийн улмаас хохирогчид 3.195.220 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан, уг хохирлыг төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө 4 удаа ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 66 хоног, нийт 68 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 3.195.220 (гурван сая, нэг зуун ерэн таван мянга, хоёр зуун хорь) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Од олгосугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ