Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/01293

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 дугаар гудамж, 84 тоотод оршин суух Сарыбас овогт Магсолын Харлыгаа /Регистрийн дугаар НТ61092021/-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Харлыгаа, гэрч М.Катия, Х.Зерветхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Харлыгаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Магсол овогтой Харлыгаа нь 1981 оны 07 сарын 15-наас 1982 оны 08 сарын 25 хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлтын бага сургуульд бага ангийн багш, 1982 оны 08 сарын 25-наас 1984 оны 08 сарын 30 хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, 1984 оны 09 сарын 01-нээс 1990 оны 09 сарын 10 хүртэл Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуульд бага ангийн багш, 1990 оны 09 сарын 10-наас 1992 оны 06 сарын 01 хүртэл Угтаалын Талын уул багийн бага сургуульд эрхлэгч багш, 1992 оны 08 сараас 1994 оныг дуустал Казакстан улсын Үйгентас районы Комсомолын сургуульд бага ангийн багшаар ажилласан. Дээрх ажилласан жилүүдийн тухайн аймгуудаас баримт шүүлгэж үзэхэд Баян-Өлгий аймагт ажилласан жилүүдийн лавлагаа олдсон, Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуульд ажилласан жилүүдийн баримт огт гарч ирэхгүй байна. Талын багийн ажлаас чөлөөлсөн тухай баримт олдсон. Намайг ажилд авсан тушаалууд, сургууль төгссөн дипломд миний нэрийг үсэг зөрүүтэй бичигдсэнийг үндэслэн бичсэнээс болоод 1981 оноос 1994 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгож чадахгүй байна. 1995 оноос 2017 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгож тэтгэврээ тогтоолгосон. Ийм учраас Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлтын бага сургуулийн 1 жил 10 хоног, Булган сумын 8 жилийн дунд сургуулийн 2 жил 10 хоног, Угтаалцайдам сумын 6 жил, Талын уул багийн 2 жил, Казакстан улсад ажилласан 2 жил 4 сар, нийт 13 жил 4 сар бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Харлыгаа нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нээсэн огноо, дэвтэр доторх бичиглэлийн огноо зөрсөн, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр дээр түүний овог, нэр буруу бичигдсэн байгаа тул уг баримт бичгийн зөрчлийг  шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай тодорхойлолтод “Тус аймгийн Угтаалцайдам сумын ЕБС-ийн захирлын 1990 оны тушаалд ажилд томилсон тушаал гараагүй тул иргэн М.Харлыгаад лавлагаа олгох боломжгүй байна”, Төв аймгийн Угтаалцайдам сумын Архивын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн Архивын лавлагаанд “Иргэн Махсул овогтой Хардагаагийн 1990, 1991 цалингийн хүснэгт, цалингийн түүвэр, 1992 оны цалингийн карт байгаа учир лавлагаа олгов” гэжээ. /хх-8, 38-43/

 

Хүсэлт гаргагч М.Харлыгаа нь түүний сургууль төгссөн диплом дээр нэрийн үсэг нь зөрүүтэй бичигдсэнээс болоод түүнийг үндэслэн бичигдсэн тушаалууд дээр нэр нь буруу бичигдсэн гэх тайлбарыг өгсөн.

 

БНМАУ-ын АБЯ-ны харъяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн 2062 дугаартай диплом дээр Махсол овогтой Хардгаа гэж бичигдсэн байна. /хх-32/ Баян-Өлгий аймгийн АДХ Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаартай тушаал, 1982 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай тушаалд “Хардга”, 1984 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай тушаалд “М.Хардгаа”, Төв аймгийн Угтаалцайдам сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай тушаалд “М.Хардагаа”, 1990, 1991, 1992 оны цалингийн хүснэгт, түүвэр, картанд “Махсул овогтой Хардагаа” гэж тус тус бичигджээ. /хх-4-7, 9, 38-43/

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолтод “Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Магсал овогтой Харлыгаа нь 1961 оны 9 дүгээр сарын 20-нд Булган сумын хүн эмнэлэгт төрж, Магсол овогтой Харлыгаа нэртэй бүртгэгдсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ. /хх-33/

 

Сарыбас овогт Магсолын Харлыгаа нь 1961 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт бригадад төрсөн, түүний овог нэр нь  Магсолын Харлыгаа болох нь 0000549822, Г-103 дугаартай төрсний гэрчилгээ, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон БНМАУ-ын иргэний паспорт, Монгол Улсын иргэний үнэмлэх, 0020340 дугаартай багшлах эрхийн үнэмлэхээр тогтоогдож байна. /хх-14, 25, 36, 37/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ

 

Иргэний бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Сарыбас овогт Магсолын Харлыгаа нь өөрийн нэрийг сольж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын 8 жилийн сургуулиас М.Харлыгаад олгосон 037555 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талд “Баян-Өлгий аймгийн АДХГ Захиргааны АБХ-ийн даргын 1981 оны 7 сарын 15-ны өдрийн 120 тоот тушаалаар 1981.07.15 Булган сумын Ёлтын бага сургуульд бага ангийн багшаар ажиллуулав”, “Баян-Өлгий аймгийн АБХГЗ-ны АБХ-ийн даргын 1982 оны 08 сарын 25-ны өдрийн 175 тоот тушаалаар 1982.08.25 Булган сумын Ёлтын бага сургуулиас чөлөөлж, Булган сумын 8 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар шилжүүлэн ажиллуулав”, 6-7 дугаар талд “Баян-Өлгий аймгийн АДХГ Захиргааны АБХ-ийн даргын 1984 оны 08 сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаалаар 1984.08.30 Гэр орны байдлаар өөр газар шилжин ажиллах болсон тул Булган сумын 8 жилийн сургуулийн бага ангийн багшийн ажлаас чөлөөлж, Дарханы ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв”, “Угтаалцайдам сумын дунд сургуулийн захирлын 1984.08.30-ны 185 тоот тушаалаар 1984.09.01 Баян-Өлгий аймгийн Булган сумаас шилжиж ирсэн бага ангийн багш Харлыгааг Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллуулав”, 8-9 дүгээр талд “Угтаалын дунд сургуулийн захирлын 1990.09.08-гы 160 тоот тушаалаар 1990.09.10 Угтаалын Талын уулын тасгийн бага сургуулийн эрхлэгчээр дэвшүүлэн ажиллуулав”, “Угтаалын дунд сургуулийн захирлын 1990.05.22-ны 57 тоот тушаалаар 1992.06.01 “Угтаалын Талын уулын бага сургуулийн эрхлэгч багшаас чөлөөлж Казакстан улсад шилжүүлэв”, 10-11 дүгээр талд “1992.09.10-ны 72-2 тушаалаар 1992 оны 08 сард бага ангийн багшаар ажилд авав”, “1997.07.01-ны 43-1 тушаалаар 1997.07.29 Ажилтны өөрийн хүсэлтээр эрхэлж байсан ажлаас чөлөөлөв” гэж бичжээ. /хх-10-12/

 

Сарыбас овогт Магсолын Харлыгаа нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын дунд сургуулийн захирлын тушаалаар Казакстан улс руу шилжин, Казакстан улсын Үйгентас районы Комсомолын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад Монгол Улсад буцаж ирэн бага ангийн багшаар үргэлжлүүлэн ажилласан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч М.Харлыгааг бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр М.Катия, Х.Зерветхан нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч М.Катия “...Мохаметхали овогтой Катия миний бие М.Харлыгаатай нэг нутгийн, нэг байгууллагад хамт ажиллаж байсан танил. 1984 оны 7 сард манайх, М.Харлыгаагийн гэр бүлийн хамт Төв аймгийн Угтаалцайдам суманд цуг нүүж ирж, би тус сумын сургуулийн жижүүрийн ажилд, М.Харлыгаа бага ангийн багшаар ажилд орсон. М.Харлыгаа 1984 оны 9 сарын 1-нээс 1990 оны 9 сарын 10 хүртэл тус сургуульд ажиллаж байгаад Талын уул баг руу шилжсэн...”, гэрч Х.Зерветхан “...Хылиш овогтой Зерветхан миний бие М.Харлыгаатай Төв аймгийн Угтаалцайдам сумын 8 жилийн сургуульд хамт ажиллаж байсан. Бага ангийн багш М.Харлыгаа нь тус суманд 1984 оны 9 сараас 1990 оны 9 сар хүртэл багшаар ажиллаж байсан. Миний бие Х.Зерветхан нь тус сургуульд 1983 оноос 1996 он хүртэл үйлчлэгчийн ажил хийж байсан...” гэж тус тус мэдүүлсэн.

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд Сарыбас овогт Магсолын Харлыгаа нь овог, нэрээ албан ёсоор өөрчилж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Булган сумын 8 жилийн сургуулиас М.Харлыгаад олгосон 037555 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр нээсэн огноо нь доторх бичиглэлийн огноотой зөрүүтэй байгаа боловч  М.Харлыгаа  нь 1981 оноос багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Сарыбас овогт Магсолын Харлыгаа нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Сарыбас овогт Магсолын Харлыгаа /Регистрийн дугаар НТ61092021/ нь 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ёлтын бага сургуульд, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургуульд, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуульд, 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын Талын уулын тасгийн бага сургуульд, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Казакстан улсын Үйгентас районы Комсомолын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР