Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/263

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Х.Д,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Гд холбогдох 2103000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Чулуутын ... дугаар гудамжны замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Дийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр өөрийн санамсар болгоомжгүйн улмаас осол гаргаж хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би 2012 онд жолооч болсон ч 2018 оноос эхлэн машин жолоодсон. Тухайн өдөр хохирогчтой хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Дийг бие засахаар буусны дараа санаа зовоод араас нь хайгаад явж байтал зам нь огцом эргэлттэй, дээр нь халтиргаатай байсан тул рулиа буруу дарснаас болоод хохирогчийг очоод мөргөчихсөн юм. Би тухайн үед өөрөө айгаад шоконд орчихсон байсан. Би эмчилгээнд эхлээд 2.715.500 төлсөн, сүүлд 1 сая төгрөг нэмж төлсөн. Одоо эмнэлгээр хамт явж үзүүлж харуулж байгаа. Цаашид ардын эмнэлгээр явна гэж бодож байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Одоо миний бие гайгүй байгаа. Би 10 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй, манай ар гэрийн зүгээс баримтгүйгээр, үндэслэлгүйгээр ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байсан. Миний эмчилгээний зардалд 2.700.000 орчим төгрөгийг Г төлсөн байсан. Би сүүлд нь эмчилгээ хийлгэж магадгүй гэж нэмж 1 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн байгаа. Манай хуучин эхнэр А нь намайг тийм олон сар өдөр асарч тойглоогүй. 7 хоног орчим л асарсан байх. Би 14 хоног хэвтрийн дэглэм барьсан, эхлээд хагалгаанд орсны дараагаар ганцаараа л байсан, сүүлд ирж хэдэн хоног асарсан байх. Чөлөө авсан л гэсэн, цалинтай юу, цалингүй юу гэдгийг нь мэдэхгүй. Одоо надад баримтаар гарсан зардал байхгүй. Цаашдаа хугацаа нь болохоор үзүүлж харуулаад явна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3х, 4-6х, 8-11х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13х/, хохирогч Х.Дийн мэдүүлэг /хх-ийн 21-23х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 468 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-84/, гэрч Ц.Гийн мэдүүлэг /хх-ийн 33х/, гэрч А.Агийн мэдүүлэг /хх-ийн 35х/, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 604 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-69х/, мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 102-103х/, шүүгдэгч Г.Ггийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 116х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 1147х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 118х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 119х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 121х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 122х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Чулуутын ... дугаар гудамжны замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа  эсрэг урсгал руу орж явган зорчигч Х.Дийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3х, 4-6х, 8-11х/,

Хохирогч Х.Дийн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г нь ... маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод, би хамт суугаад ... захад дайвар бүтээгдэхүүний үнийг нь судлаад, Г нь ... маркийн автомашиныг жолоодоод Дэнжийн 1000-ын хойд талын замаар Баянхошуугаар яваад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо хороолол очиж Г 3 гэдэс зарсан. Би ...-аас ... явах замдаа пиво уугаад явсан, Г замд пиво уугаагүй. Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны улаан дэлгүүрийн /тоосгон/ гадаа Г автомашинтайгаа зогсохоор нь би дэлгүүр ороод хиам, талх идэж уух юм, 1 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Г дэлгүүрийн гадаа байхдаа надад уурлаад миний ууж байсан пивоноос шалсаар байгаад хамт уучхаад Ггийн найз хүүхэн болох нэрийг нь нэг айлд очоод хоол хийлгүүлж идсэн. Тэгээд Г бид хоёр найз хүүхнийхээс нь гараад Ггийн автомашинд байж байтал манай эгчээс мессеж ирснийг хараад бид маргалдсан. Би Гд шээс хүрээд байна, шээгээд ирье гэж хэлээд автомашинаас буугаад шээх газар хайгаад зам уруудаад ганцаараа ертөнцийн зүгээр хойноос, урагшаа чиглэлтэй, хоёр эгнээ замынхаа урсгалыг эсрэг нь ганцаараа алхаж явтал автомашин тоормослох чимээ ард дуугарсан. Тэгээд л би автомашинд мөргүүлээд нисэж байгаа юм шиг болоод ухаан алдсан. Нэг мэдэхэд замынхаа зүүн талд байрлах жалганд нэлээн доор уначихсан, зам нэлээн дээр харагдсан. Хүмүүс ирээд намайг зүгээр үү гээд босгох гэтэл би амьсгаа авч чадахгүй, хөдөлж болохгүй байсан. Одоо миний бие гайгүй байгаа. Би 10 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй, манай ар гэрийн зүгээс баримтгүйгээр, үндэслэлгүйгээр ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байсан. Миний эмчилгээний зардалд 2.700.000 орчим төгрөгийг Г төлсөн байсан. Би сүүлд нь эмчилгээ хийлгэж магадгүй гэж нэмж 1 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн байгаа. Манай хуучин эхнэр А нь намайг тийм олон сар өдөр асарч тойглоогүй. 7 хоног орчим л асарсан байх. Би 14 хоног хэвтрийн дэглэм барьсан, эхлээд хагалгаанд орсны дараагаар ганцаараа л байсан, сүүлд ирж хэдэн хоног асарсан байх. Чөлөө авсан л гэсэн, цалинтай юу цалингүй юу гэдгийг нь мэдэхгүй. Одоо надад баримтаар гарсан зардал байхгүй. Цаашдаа хугацаа нь болохоор үзүүлж харуулаад явна..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ц.Гийн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цаг 15 минутын орчим би гэртээ байж байтал хашааны гадаа түс тас хийх чимээ гарахаар нь гэрээсээ гараад хашааны гадаа гартал манай хашааны баруун урд талын жалганд 40 орчим насны согтуу эрэгтэй хүн автомашинд мөргүүлсэн, тухайн хүний хажууд 30 орчим насны халамцуу эмэгтэй хүн хамт зогсож байсан. Манай хашааны баруун урд талын буланг тухайн ... маркийн автомашин мөргөсөн байдалтай, уг автомашины зүүн урд талын дугуй нь хагарсан, урд салхины шил хагарсан байдалтай байсан. Машины жолооч гэх эмэгтэй нь мөргүүлсэн залууд хандаж “чи эхнэртэй хайртай болохоор гэр лүүгээ явах гээд байгаа юм уу, би чамайг өлсгөөд байна уу” гээд автомашины хойд багажийг онгойлгоход хонины толгой, цувдайнууд дүүрэн байгаа харагдсан. Би жолооч эмэгтэйд хандаж цагдаад дуудлага өгөх үү гэхэд цагдаа дууд гэхээр нь өөрийн утсаар 102-т дуудлага өгсөн. Дараа нь би 103-т дуудлага өгсөн. ...Ослоос болж манай хашаанд эвдрэл, гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

Гэрч А.Агийн: “...Г бид хоёр 2011 онд танилцаад, тэрнээс хойш найз нөхдийн холбоотой. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал Г нь найз залуу Дэтэй 14 цагийн үед ирсэн. Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Дэ нь нэлээн согтуу орж ирсэн. Би Гг дагуулаад гэрээс гарч гадаа уулзахад Г өлсөөд байна гэхээр нь би Г, Дэ нарт бууз жигнэж өгсөн. Тэр хоёр буузаа идчихээд 15 цаг болж байхад манай гэрээс гараад явсан. 16 цаг өнгөрч байхад Г над руу залгаад танай гэрийн доохон машин гулгаад хашаа мөргөчихлөө, хүрээд ир гэхээр нь Toyota Prius 30 маркийн автомашинтай ганцаараа очтол Ггийн найз залуу Дэ нь замынхаа зүүн талын жалганд уначихсан, Ггийн ... маркийн автомашин нь хашааны баруун талд, эсрэг урсгалд урагшаа харсан байрлалтай, автомашины зүүн урд талын буфер хагарсан, урд салхины шил хагарсан зогсож байсан. Г бид хоёр Дийг аваад хамт өргөөд би өөрийнхөө автомашинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Г, Дэ гэх залууг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү орсон. ..Г нь бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Дэ нь манай гэрээс гарснаас хойш ахиж нэлээн согтуу болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 604 дугаартай:

“1. Х.Дийн биед сээрний 11, 12, бүсэлхийн 3 нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нум, фасет үений хугарал, сээрний 10 нугалам гулсалт, нугас дарагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-69х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 468 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Г 32 эм” гэж хаягласан цусанд 1,1 промилли спиртийн агууламж илрэв. 3. Цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84/,

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн 19 дугаартай магадлагаа:

“1. ... маркийн ... улсын дугаартай тээврийн автомашины жолооч Ганхуяг овогтой Г нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухай ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохыг” гэсэн заалтыг зөрчсөн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх-ийн 102-103х/,

Шүүгдэгч Г.Ггийн: “...Дийг бие засахаар буусны дараа санаа зовоод араас нь хайгаад явж байтал зам нь огцом эргэлттэй, дээр нь халтиргаатай байсан тул рулиа буруу дарснаас болоод хохирогчийг очоод мөргөчихсөн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Дэд эмчилгээний төлбөрт 3.717.500 төгрөгийг өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Г.Г нь 2012 онд жолооч болсон, жолоочийн эрх, үүргийг мэдвэл зохих этгээд байх атал уг холбогдох хууль, дүрмийг зөрчин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.1 хувийн согтолттой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, улмаар эсрэг урсгал орж явган зорчигч Х.Дийг мөргөж гэмтэл учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Ггийн дээрх болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Х.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Х.Д нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор 1.411.871 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2.717.500 төгрөг, шүүхийн шатанд 1 сая төгрөг, нийт 3.717.500 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримт, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна.

Хохирогч Х.Д, түүний эхнэр Л.А нар нь мөрдөн байцаалтад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 10 сая төгрөг, мөн хохирогч Х.Дийг асрахтай холбогдон ажлаасаа цалингүй чөлөө авч асарсан, цаашид 3 сарын хугацаанд асрах шаардлагатай тул энэ цаг хугацааны цалин болох 4.475.670 төгрөгийг нэхэмжилнэ гэж гэрч Л.А нь хүсэлтийг гаргаж, ажлын газрын тодорхойлолт болон цалингийн тодорхойлолтыг гаргаж өгчээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д нь “уг мөнгийг би нэхэмжлээгүй, манай ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр ийм мөнгө нэхэмжилсэн байх тул уг мөнгөн дүнг нэхэмжлэхээс би татгалзаж байна. Шүүгдэгч нь надад саяхан 1 сая төгрөг нэмж төлсөн. Одоогоор баримтаар нэхэмжилсэн зардал байхгүй. Цаашид эмчилгээний зардал гарах үед нэхэмжлэх байх. Манай эхнэр байсан Л.А намайг осолд орсноос хойш 7 хоног л асарсан, түүнээс өөрөөр асраагүй, би хагалгаанд орсноос хойш 14 хоног л хэвтрийн дэглэм барьсан, эмчид үзүүлэхэд биеийн байдал сайжирсан байна гэсэн” гэж мэдүүлсэн.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч Х.Д, гэрч Л.А нарын асарсан гэх хугацаа, цаашид асрахтай холбоотой асуудал дээр зөрүүтэй байр суурь илэрхийлсэн, мөн Л.А нь хэдий хугацааны цалингүй чөлөө авч хохирогчийг асарсан, энэ хугацааны цалин хөлс нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, гэрч Л.Аийн гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт нь түүний цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлэх баримт бус байх тул холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Х.Д нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдох гаргах зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Ггаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгч нь“...анх удаа санамсар болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г нь тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Гд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Гг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Г.Ггийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Г нь хохирогч Х.Дд 3.717.500 (гурван сая, долоон зуун арван долоон мянга, таван зуу) төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болгохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардал, өөрийг нь асрахтай холбогдон гарсан гэх зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ггаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ