Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2017/01294

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 хэсэг, Дарь эх 1 гудамж, 68 тоотод оршин суух Буяа овогт Толягийн Энхбаясгалан /Регистрийн дугаар ЦБ67022469/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Энхбаясгалан, гэрч Б.Үүрцайх, Т.Гүндсамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Энхбаясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Толя овогтой Энхбаясгалан миний бие 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс Найрамдалын районы Ахуйн үйлчилгээний комбинатын Гачууртын ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. Ингээд аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хувьчлагдаж зохион байгуулалтын өөрчлөлтөд орж “Хатан туул” хоршоо болон өөрчлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах болтол ажлаас халагдсан тушаал хэрэг болоод энд тэнд шүүлгэж үзэхэд “Хатан туул” хоршооны баримт олдохгүй байна. Иймд намайг 1989 оны 02 сарын 01-нээс 1992 оны 01 сарын 15 хүртэл Гачууртын Ахуйн үйлчилгээний “Хатан туул” хоршоонд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Энхбаясгалан нь Найрамдалын районы Ахуйн үйлчилгээний комбинатын Гачууртын Ахуйн үйлчилгээний оёдлын тасаг, “Хатан туул” хоршоонд 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчингоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Нийслэлийн Архивын газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17200415 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний комбинат “Хатан туул” хоршоо байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Толя овогтой Энхбаясгалан-т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-4/ Мөн Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт “Хатан туул” ББХХ-ны байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Толя овогтой Энхбаясгалан-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-5/

 

Худалдааны техникийн сургуулиас 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн 10-11 дүгээр талд “Найрамдлын районы Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 02-р сарын 01-ний тушаалаар 1989.02.01 Найрамдлын районы Ахуйн үйлчилгээний комбинатын ГАА-н оёдлын тасагт оёдолчингоор томилон ажиллуулав”, 12-13 дугаар талд “НД-ийн АҮК-ын даргын 1992 оны 02-р сарын 07-ны өдрийн 250 тоот тушаалаар 1992.01.15 Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хувьчлагдаж, зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул “Хатан туул” бүрэн бус хариуцлагатай хоршооны /ББХХ/ мэдэлд шилжүүлэв” гэж бичжээ. /хх-7/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Т.Энхбаясгаланг оёдолчингоор  ажиллаж байсныг гэрчлэхээр Б.Үүрцайх, Т.Гүндсамба нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Б.Үүрцайх “...Т.Энхбаясгалан бид нар Гачууртын ахуйн үйлчилгээнд 1989 оноос 1992 он хүртэл хамт ажиллаж байсан. Би үсчин, Т.Энхбаясгалан оёдолчин хийдэг байсан...”, гэрч Т.Гүндсамба “...Би Ахуйн үйлчилгээний комбинатын Гачууртын ахуйн үйлчилгээний оёдлын тасагт мастераар ажиллаж байсан. Т.Энхбаясгалан нь манай тасагт оёдолчингоор 1989 оноос 1992 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн. Манай байгууллага хувьчлагдаж Хатан туул хоршоо болсон” гэж тус тус мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буяа овогт Толягийн Энхбаясгалан /Регистрийн дугаар ЦБ67022469/-г 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Найрамдлын районы Ахуйн үйлчилгээний комбинатын Гачууртын ахуйн үйлчилгээний  оёдлын тасаг, “Хатан туул” бүрэн бус хариуцлагатай хоршоонд “оёдолчин”-оор   ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР