Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/293

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-ын Эд холбогдох эрүүгийн 2108000690120 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Ц-ын Э /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Х.Нтэй маргалдан улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун шанаа, хацар, эрүүний доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Мтай маргалдан улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод “цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар Д.Б, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт “... мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хааяа хоол хийж зардаг, тогтмол биш, манай нөхөр мөн ажил орж ирэхээр пийшин хийж янзалдаг юм. Уг орлогоороо л амьдардаг. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Эгчээс мөнгө аваад төлнө гэж бодож байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр намайг орой 20-21 цагийн хооронд эгчийн гэрээс гарахад арын айлын хүүхдүүд нь шалдан нүцгэн уйлалдаад, гэрийн эзэд нь өөрсдөө болохоор архи уусан шинжтэй орилолдоод шуугиад байсан тул гэрт орж ирээд эгчдээ хэлсэн юм. Тэгээд шуугиад байхаар нь манай эгч цагдаад дуудлага өгсөн чинь орой нь хаалга ирээд нүдсэн. Хаалгаа тайлж өгөхгүй байсан чинь сүхээр ч юм уу нэг юмаар хаалга цохиод цавчаад эхэлсэн. Тэгээд аргаа бараад хаалгаа тайлсан чинь энэ Э нь эгчийг цагдаад дуудлага өглөө гээд үсдээд гэрээс гаргаж ирээд доороо хийгээд шалны модоор хоолойг нь дарчихсан хэвтэж байсан. Би эгчийг салгаж авахаар ойртоход чи яах гээд байгаа юм гээд миний баруун талын нүд рүү шалны модоор цохиод гэмтэл учруулсан. Би эмчилгээ хийлгэсэн 128.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хохирлоо аваагүй тул нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Нн мэдүүлэг /хх-ийн 158-159х/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /хх-ийн 165х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7246 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 167-168х/, хохирогч М.Мын мэдүүлэг /хх-ийн 110-114х, 115х/, гэрч М.Нийн мэдүүлэг /хх-ийн 117х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-120х/, хохирогч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 17-19х/, хохирогч Б.Ны мэдүүлэг /хх-ийн 31-33х, 38-39х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61х/, шүүгдэгч Ц.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 195х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 196х/, шүүгдэгч Ц.Эын мэдүүлэг /хх-ийн 91-93х, 134-135х, 187-188х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод Х.Нтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун шанаа, хацар, эрүүний доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Х.Нн: “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод аавынд очоод байж байсан чинь манай бэрийн эгчийнх нь нөхөр С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ агсам тавиад байна гэхээр нь манай бэр гэр лүү нь орох гэхээр нь би яах юм бэ миний дүү том гэдэстэй юм чинь согтуу хүн янз бүр болгочихно эгч нь ороод унтуулъя гэж хэлээд би хашаа руу нь орсон чинь С гартаа том чулуу барьчихсан тэр хавиар орилж чарлаад байсан. Би Сд чи ингэж болохгүй миний дүү тайвшир гээд арай хийж тайвшруулаад гэрт нь оруулаад гэр лүүгээ орсон юм. Аавын гэрт ороод байж байсан чинь миний араас Ц, У хоёр орж ирснээ манай хоёр нөхөр таны араас гараад явсан гээд Ц намайг орон дээр сууж байсан чинь үснээс зулгааж газар унагааж миний хэвлий болон толгой, хөл, гар луу цохиж, өшиглөөд байсан. Ц, У нар гэрээс гараад яваад өгсөн би тэр өдөр нь цагдаад мэдэгдээгүй. Маргааш нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн. ...Ц гэдэг хүнийг огт танихгүй, надтай ямар ч хамааралтай хүн биш. Харин У нь манай бэрийн төрсөн эгч нь байгаа юм. ...Тухайн үед миний өвдөг гуя өвдөж байсан бас үснээс их зулгаасан байсан болохоор толгой өвдөж шанаа маажаад хаясан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159х/,

Гэрч Б.Уянгын: “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр С архи ууж ирчхээд найзтайгаа маргаад байсан. ...Н эгч гэрээс гараад аавынхаа гэр лүү орсон. Би нөхрөө асуух гээд араас  нь орсон чинь Н эгч байхгүй би мэдэхгүй гэж хэрэлдээд байсан, миний араас манай найз Ц орж ирсэн чинь Н эгч өшиглөөд газар унагаасан. Ц босож ирээд Н эгчийн үснээс зулгааж авч газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 165х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7246 дугаартай шинжээчийн:

“1. Х.Нн биед тархи доргилт, зүүн булгалга, баруун шилбэ, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун шанаа, хацар, эрүүний доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 167-168х/

Шүүгдэгч Ц.Эын “...Нг үсдээд гараараа 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187-188х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Мтай маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

Хохирогч М.Мын: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр М.Н нь А гэх хамаатныхаа гэр лүү 15 цагийн орчим гэдэс иднэ гээд явсан юм. Би ажлаа амжуулчхаад нөхрөө авах гээд Баянхошууны 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Т гэсэн нэртэй караокены гадна очсон. Тэр үедээ караокеноос А болон түүний эхнэр Э гарч ирсэн. Тэд нар бүгдээрээ уучихсан байсан ба А нь манай нөхрийг өшиглөөд унагаачихсан. Би очтол А 1 залуутай цаашаа яваад өгсөн. Тэгтэл Аийн эхнэр Э “чи холд, муу гичий минь” гээд намайг 2-3 удаа нүүр лүү алгадсан. Би тэр үед согтуу юм чинь гээд тоохгүй зогсож байтал миний үснээс зулгаагаад доошоо дархаар нь би адилхан үстсэн. Тэгээд нөхрөө авч зугтаад таксинд суутал Э урд талд нь зогсчхоод явуулахгүй байхаар нь таксины жолооч бид хоёрыг буу гэж хэлээд буулгасан. Машинаас буугаад надтай хэрүүл хийгээд байхаар нь манай нөхөр урдуур нь ороод надад ойртуулаагүй. Тэгээд нөхөр Н өөрийнхөө аав Мыг дуудаад гэртээ хүргүүлсэн бөгөөд гэртээ ороод хоол идээд унтаж байтал 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 23 цагийн орчим Э нь Аийн эмэгтэй дүүтэй хамт орж ирээд “гэрлээ асаа” гэж орилоод өөрөө тэмтэрч байгаад асаагаад намайг газар хэвтэж байхад дээр гарч ирээд толгой руу гараараа цохиод, намайг өшиглөсөн. Би та яаж байгаа юм бэ болиоч гэж хэлтэл манай нөхөр хажуугаас орж ирээд орон дээр түлхээд Эыг суулгасан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгсөн юм. ...Би Эын нөхрийнх нь  нэрийг  сүүлд Н гэдгийг мэдсэн. Өмнөх мэдүүлэг дээрээ А гэж буруу бичүүлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 110х, 114-115х/,

Гэрч М.Нийн: “...Өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад манай хамаатны ах Нийн эхнэр болох Э над руу залгаад хүрч ирээд гэдэс ид гэж хэлсэн. Би тэдний Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжинд гэрт нь очиход манай хамаатны ах Н, түүний эхнэр Э, мөн 3 найзын хамт архи ууж  байсан. ...Тэгээд бид нар орой 18 цагийн үед гарч караоке орж 0,75 гр Хараа архи авч нэмж ууцгаасан юм. Тэгээд байж байхад манай эхнэр намайг авахаар ирэхэд Э нь намайг явуулахгүй гэж хэлсэн бөгөөд манай эхнэрт хандаж чи яахаараа Нг авч явдаг юм гээд Мыг 2 алгадаад тэр хоёр хоорондоо үстэлцсэн. Тэр үед би салгаад такси бариад явах гэтэл Э таксины урд талд зогсчхоод явуулахгүй байсан. Таксины жолооч буу буу гэж хэлээд машинаас буухад Э манай эхнэр лүү дайраад би дундуур нь ороод эхнэртээ ойртуулаагүй. Манай эхнэр тэр үед манай аав Мыг дуудаад бид гурвыг хүргэж өгсөн. Бид гурав гэртээ очоод хоол идчихээд унтаж байтал гаднаас Э нь дүү Н гэх охинтой хамт орж ирээд газар унтаж байхад манай эхнэрийн дээр гараад нүүр лүү нь гараараа цохиод үснээс нь татаад босгочхоод өшиглөөд байхаар нь би дундуур нь орж орон дээр түлхсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 117х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13124 дугаартай шинжээчийн: “...М.М-н биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Хуучин гэх гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 119-120х/

Шүүгдэгч Ц.Эын “...би Мын  нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134х/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ... тоотод “цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар Д.Б, Б.Н нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч Д.Бгийн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод байж байтал орой 19 цагийн үед арын айлд хүмүүс шуугилдаад байсан ба би тухайн үед энэ айл бас архидаж байгаа юм байна даа гэж бодоод гараад нойл орох гэтэл арын айлын Э хашаан дотроо явж байхаар нь би дуудаад тухайн үед манай нөхөр Б гэртээ байхгүй байхаар нь би ард айлаас юу ч гэсэн асууя гээд Эаас “Б байна уу” гэтэл “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эыг “та нар гэртээ архидаад байгаа юм уу” гэтэл Э “үгүй ээ архидаагүй” гээд байхаар нь “худлаа яриад бай, танайх аймар шуугилдаад байна ш дээ, дандаа архидаж байх юм, болиоч дээ ингээд байвал цагдаа дуудлаа шүү” гэтэл Э “дуудаач дээ” гэж хэлээд гэр рүүгээ явчихаар нь би гэртээ орсон. Тэгээд байж байтал орой 22 цагийн үед дахиад шуугилдаад байхаар нь би цагдаад “манай арын айлд архидаад байна” гээд дуудлага өгсөн. Тэгээд чимээгүй болчихоор нь би гэртээ явж байтал манай хаалгыг гэнэт нэг хүн цохихоор нь би хэн бэ гэтэл эхлээд цагдаа байна гэх шиг болохоор нь би хаалгаа онгойлготол Э чи манай хүнийг цагдаад өгч явуулдаг хэн бэ гэсэн. Тэгээд дараа нь шөнийн 02 цаг өнгөрч байхад дахиад хаалга чанга нүдээд балбаад байсан чинь Намуун сэрээд онгойлгох гэхээр нь би “аниагийн дүү битгий онгойлго, нөгөө Э байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд гадаа юм хагарах шиг чимээ гарахаар нь би хаалгаа онгойлготол Э намайг өөдөөс татаж унагаагаад үснээс зулгааж доош хэвтүүлээд газар дарахаар нь би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэтэл “чи муу одоо юу юм бэ” гээд намайг учир зүггүй толгой, хөл, гар руу цохиод байсан. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо болоод орилоод хашаан дотор хэвтэж байтал Намуун гарч ирээд салгах гэтэл Э надаас холдоод гэрийн гадна талд байсан шалны модыг аваад эхлээд миний гар руу дараа нь миний толгой руу цохисон. Н салгах гээд миний урдуур ортол Э Нгийн толгой руу шалны модоор цохисон. Тэгэхээр нь би цагдаад дахиад дуудлага өгсөн.Миний биед учирсан гэмтлийг Э учруулсан,  бас манай угаалтуурын  толийг хагалсан, бүргэд хаалга доод хэсгээрээ 2 удаа цоорч хонхойсон байсан. Эаас эрүүл мэндийн болон эд хөрөнгийнхөө хохирлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19х, 23х/,

Хохирогч Б.Ны: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний орой 17 цагт эгч Бгийнд хонох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ... тоотод очсон. Тэгээд байж байтал манай эгч Д.Б арын айл архидаад орилоод байна, цагдаа дуудна гэсэн ба тухайн үед арын айл үнэхээр орилж чарлаад байсан. Тэгээд эгч цагдаа дуудтал нэг танихгүй эгч орж ирээд чи манай хүнийг цагдаад дуудаж өгдөг хэн бэ гээд орилоод байж байтал манай эмээ Ц өрөөнөөсөө гараад иртэл тухайн танихгүй эмэгтэй өө миний ээж шиг хүн байна гээд буцаад яваад өгсөн. Тухайн үед би нээх ярианд оролцоогүй, утсаа оролдоод том өрөөнд сууж байсан.Тэгээд би том өрөөнд утсаа оролдож байтал хаалгаа нүдээд байсан бөгөөд хаалга тайлж өгөхгүй байсан чинь сүхээр ч юм уу нэг юмаар хаалга цохиод цавчаад эхэлсэн. Тэгээд аргаа бараад хаалгаа тайлсан чинь энэ Э нь эгчийг цагдаад дуудлага өглөө гээд үсдээд гэрээс гаргасан. Манай эгч Д.Б цаашаагаа байгаач гээд орилж байсан... би хувцсаа өмсөөд гартал гадаа ард айлын гэх танихгүй эмэгтэй манай эгч Д.Бгийн дээр нь суучихсан, шалны модны хугархайгаар хоолойг нь боочихсон, үсдээд чи миний нөхрийг цагдаад өгдөг хэн бэ, чи намайг мэдэхгүй байна гээд байж байхаар нь би салгах гээд очтол тэр эмэгтэй намайг “чи хэн юм бэ” цаашаагаа бай гэсэн. Тухайн үед Б эгчээс тэр эмэгтэйг арай гэж салгатал нөгөө эмэгтэй барьж байсан хугархай шалны модоор эгч Бгийн толгой хэсэг рүү эхлээд нэг удаа цохисон чинь эгч доошоо суучихсан. Тэгээд тэр эмэгтэй дахиад цохих гэхээр нь би урдуур нь ороод тэр эмэгтэйд цохиулсан. Тэгтэл манай эгч цагдаа дуудчихсан.Тухайн үед миний баруун нүд хавдчихсан байсан..Тухайн үед Б эгчийн гэрийн халга хаалга хонхойсон, шалны мод хугарсан, угаалтуурын толь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33х, 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн: “...Д.Бгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг хөнгөн хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн: “...Б.Ны биед баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг хөнгөн хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61х/,

Шүүгдэгч Ц.Эын: “...Би тухайн үед Бгийн эхнэртэй үстэлцээд Бгийн эхнэрийн дээр нь дарчихсан байж байтал дүү нь болох нэг эмэгтэй ирэхээр нь би шалны модоор дүүгийнх нь нүд рүү цохисон. Би гэрийнхээ гадаа байсан саврыг аваад очиход Бгийн хаалга цоожтой байхаар нь барьж явсан савраараа хаалгыг нь цохитол бүргэд хаалга нь хонхойчихсон. Эхнэр нь намайг элдвээр хэлээд байхаар нь байшингийнх нь цонхийг болон угаалтуурын толийг савраар цохиод хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Ц.Э нь нэг ойгоос 8 насны буюу бага насны 3 хүүхэдтэй атлаа хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ умартан хамтран амьдрагч н.Нийн хамтаар гэртээ болон гадуур гарч архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж ойр орчмын айл хөршүүдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг байх бөгөөд өөрт нь шаардлага тавьсан, цагдаад дуудлага өгсөн хүнийг “дуудлага өгч нөхрийг нь цагдаад өгч явууллаа” гэх шалтгаанаар, хамт архи уусан гэх хүмүүсээс нөхрөө ирж авсан эмэгтэйчүүдийг “нөхрөө авч явах гэлээ” гэх шалтгаанаар, мөн ямар нэгэн шалтгаангүйгээр бусдын бие эрхтэнд халдаж хохирол, хор уршиг учруулсан төдийгүй хохирогч Д.Бгийн гэрийн хаалгыг савраар цохиж хонхойлгон гэмтээж, байшингийн цонх болон угаалтуурын толийг хагалж 280.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй боловч тэрбээр 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн үйлдлүүд нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Эын 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.    

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б, Б.Н, М.М, Х.Н нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д.Б нь эмчилгээ, оношилгоо хийлгэсэнтэй холбоотойгоор 128.000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 79х/, мөн Д.Бгийн эзэмшлийн бүргэд хаалга, угаалтуурын толь, шалны мод зэргийг Мастер Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолтоор 280.000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний хөлс 10.000 төгрөг, нийт 418.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хохирогч Б.Н нь эмчилгээ, оношилгоо хийлгэсэнтэй холбоотойгоор 128.000 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн, хохирогч М.М нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс нийт 554.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бд 418.000 төгрөг, хохирогч Б.Нд 128.000 төгрөг, хохирогч М.Мд 8000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, хохирогч Х.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь Х.Нд төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...би эдгээр хүмүүст учирсан хохирлыг тэгж байгаад төлнө, харин энэ 700.000 төгрөгөөр торгоно гээд байгааг ойлгохгүй байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Эын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, хааяа хоол хийж зардаг гэх боловч ямар хэмжээний орлого олдог болох нь тодорхойгүй, Ц.Э нь өөрийн олдог гэх энэхүү орлогынхоо хэмжээгээ илэрхийлж мэдэхгүй байгаагаас гадна шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй, уг ял биелэгдэх боломжгүй байна.

Дээрх байдлаас үзвэл, улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгч Ц.Эын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ц-ын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнд учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 554.000 (таван зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бд 418.000 төгрөг, хохирогч Б.Нд 128.000 төгрөг, хохирогч М.Мд 8000 төгрөг тус тус олгож, хохирогч Х.Нд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ