Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Н.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Нэргүйд холбогдох

 

“Хохирол 450.240.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Энэхүү нэхэмжлэлийг зохиогчийн эрхийн 12.1, 12.3, 13.2-ийг үндэслэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох баримтын тухай 90.1-д иргэний болон аж ахуйн нэгжийн баталсан, бичсэн баримт бичиг нь эрүүгийн хэрэгт чухал ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно гэсэн заалтыг, 1в бүтээлийн халдашгүй байдал 30.1, 31.1-ийг тус тус үндэслэн гэм хорын хохирлыг нэхэмжилж байна. Эрдэнэмандал сумын харьяат Ж.Нэргүй зохиогчийн бүтээл 1019783 регистр бүхий өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь хуулбарлан Архангай аймгийн өрхийн тоогоор хэвлүүлэн 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэйг айл өрхөд 2000-2500 төгрөгөөр дамлан Архангай аймгийн ЗДТГ-ын нэр барьж бусадтай хуйвалдан худалдсан байх ба худалдсан үнэ нь тус аймгийн ЗДТГ-ын дансанд ороогүй байгаа нь иргэн Ж.Нэргүйгээс гэм хорын хохирлоо шууд нэхэмжпэх 2 дахь үндэс болж байна.

2. Иргэн Ж.Нэргүй зөвхөн зохиогчийн бүтээлд зөвшөөрөлгүйгээр халдахдаа Архангай аймгийн засаг захиргааны нэр барьж зогсохгүй Монгол улсын төр засгийн тогтоол шийдвэр хэрэгжилтийг санаатайгаар саатуулж хуулийн хүрээнд ажиллаж буй ТББ, МУБХолбоог татан буугдсан тус угийн бичгийн холбооноос аймгаас айл өрхөд өгсөн дэвтэр нь хүчингүй болсон тул аймгийн ЗДТГ-аас шинэ дэвтэр гаргаж өгөхөөр тоот бичиг сумуудад явуулж залилан хийсэн байсан. 

3. Ж.Нэргүйгээс нэхэмжлэх нь: Хөндлөнгийн халдлагад өртөн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийн хөрвөх чадавхийг харгалзан оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын 2016 оны 08 сарын 03 ний өдрийн хурлын шийдвэрээр өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг 51 сая 460 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Зохиогч Оюуны өмчийн газрын үнийг баримталж халдлагад өртсөн зохиогчийн 1615 тоот гэрчилгээ бүхий өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийн хөрвөх үнэ 1 ширхэг нь 51 сая 460 мянган төгрөгийг 24 000 ширхэгийн үнэ /24 сая/ төгрөгөөр үржүүлбэл бүгд 1 тэрбум 235 сая 400 мянган төгрөгийг нэхэмжлэх үндэс үүсч байгаа нь 2003 оноос 2016 он хүртэл хүүг нь харьцуулж үзвэл харин бага гарч байна. Гэвч Оюуны өмчийн газрын үнэлсэн дэвтрийн хөрвөх үнэ 51 сая 460 мянган төгрөгийн 50 хувиар бодож, иргэн Ж.Нэргүйгээс (25180000₮) зөвхөн нэг суманд нэг ширхэг дэвтэр өгсөн гэж бодоод 2518000₮х18 сум буюу дэвтэр гэвэл 453.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хохирлоо нэхэмжлэх үндсийг тодруулан тайлбарлая. Өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр нь унших улс төр уран зохиолын ном роман биш. Энэ бол зарлиг хууль тогтоолоор баталгаажсан иргэний эрүүл мэндийг хамгаалах нэг ёсны эрхийн акт. Дэлхийн олон үндэстний өмнөх үе болон үр хойчийнхоо үе “удам”-ын эрүүл мэнд ахуйн амьдралыг түүхчлэн бичиж үлдээснээр ойр холын садан төрөл хүмүүсээ эцэг талдаа 9, эх талдаа 7 үед нь “ген”-ийн сангаа цэвэр ариун байлгаж нийгмийн эрүүл мэндийг нь хувь хүн айл өрхөөс нь эхлэн хамгаалж Монгол улсын хүн амын аюулгүй байдлыг хангах тусгаар тогтнолын баталгаа нь байх юм. Угийн бичиг нь орчин үед Нанобиотехнологи Инновацийн шинжлэн ухааны судалгааны суурь нь судлагдахууны төрөл зүйлд нь баримт нотолгоо болгож амьд бие организмийн орон зайд хөрвөх чадавхи чадварыг тодорхойлдог гол хэрэглүүр юм. Иймд угийн бичгийн дэвтрийг хэн дуртай нь хулгайлан хэвлүүлээд айл өрхөд тулгаж дамладаг эд агуурс биш. Иргэн Ж.Нэргүйгээс 453.240.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Миний бие 2000 оны 10 сараас 2004 оны 11 сар хүртэл Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан. 2003 оны 06 сард Монгол улсын олон ястны интернейшнл өрх гэр бүлийн холбооны тэргүүн Н.Түмэн-Өлзий Архангай аймгийн Засаг даргын тамгын газар ажиллаж байсан Жаргалсайханы хамт Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж Монгол Улсын Соёлын тухай хууль, Засгийн газрын 1997 оны 17-р тогтоолыг хэрэгжүүлэхээр угийн дэвтэр хөтлүүлэх талаар хамтран ажиллах болсон. Хамтран ажиллахдаа аймгийн Засаг дарга даргын хувьд ургийн бичиг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн тамгын газрын дарга Л.Чадраабалаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Н.Түмэн-Өлзийтэй хамтран ажиллах аймгийн угийн бичгийн холбоог байгуулж гэрээ байгуулахаар болсон. Сумдын засаг дарга нарт үүрэг чиглэл өгөөд ажил явж байгаа аймгийн тамгын газрын дарга ажлын хэсгийн ахлагч мэргэжлийн хяналтын байцаагч Б.Тогтохбаяр Н.Түмэн-Өлзийг ургийн бичгийн дэвтэр заавар журам зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Сумдад тараасан дэвтрийг буцаан авах бичгийг Н.Түмэн-Өлзийд хүргүүлэх шаардлагатай байна гээд энэ дагуу бичиг хүргүүлсэн. Энэ тухай Н.Түмэн-Өлзийд өмнө нь шүүхэд өгч 29.940.000 төгрөг иргэн Ж.Нэргүй надаас нэхэмжилж байсан. Одоо зохиогчийн бүтээл 1019783 регистр бүхий өрхөд хөтлүүлэх ургийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь хуулбарлан Архангай аймгийн өрхийн тоогоор хэвлүүлэн 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэйг айл өрхөд 2000-2500 төгрөгөөр дамлан Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын нэр барьж бусадтай хуйвалдан худалдсан байх ба худалдсан үнэ нь тус аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд ороогүй байгаагаас иргэн Ж.Нэргүйгээс гэм хорын хохирлоо шууд нэхэмжилж 2 дахь үндэслэл болж байна гэжээ. Миний бие аймгийн Засаг даргын хувьд ажлын хэсэг захирамж гаргаж зохион байгуулалт хийж байсан учир гарын үсэг зурж захирамжийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой. Захирамжинд Н.Түмэн-Өлзийгийн төрийн бус байгууллагын тухай үг үсэг байхгүй. Н.Түмэн-Өлзий аймгийн ургийн бичгийн холбоотой гэрээ байгуулж ажиллах ёстой байсан. Би иргэн хүний хувьд аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн ургийн бичиг хэвлүүлээгүй зарж худалдаагүй мөнгө төгрөг цуглуулаагүй. Бусадтай хуйвалдаж өрхөд хөтлөх угийн бичгийг 1 ширхэгийг нь 1000, 2000-2500 төгрөгөөр борлуулаагүй, ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Ургийн бичиг хэвлүүлэн тараах ажлыг нь аймгийн Засаг даргын тамгын газрын ажил биш, аймгийн ургийн бичгийн холбоо төрийн бус байгууллагын ажил байсан. Н.Түмэн-Өлзийг аймгийн ургийн бичгийн холбоотой ажиллах явцдаа алдаа гарган мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр таслан зогсоогдсон. Иргэн Ж.Нэргүй миний бие Н.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй болохыг илэрхийлж байна. ... Н.Түмэн-Өлзийтэй миний бие аймгийн Засаг даргын хувьд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Чадраабалын хүсэлтээр албан бичиг сумдын дарга нарт хүргүүлж байсан. Аймгийн Засаг даргаас чөлөөлөгдөөд 13 жил болж байна. Аймгийн Засаг даргын хувьд 2003 оны 173 тоот захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж ахлагчаар Л.Чадраабал томилогдсон. Ажлын хэсгийн хүсэлтээр 1/1432 тоот албан бичиг сумдын дарга нарт хүргүүлж байсан. Аймгийн Засаг дарга иргэн Ж.Нэргүйгийн хувьд ямар нэгэн ургийн бичиг гэсэн дэвтэр хэвлүүлж байгаагүй. Аймгийн Засаг даргын хувьд 2003 онд 173 тоот захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж аймгийн ургийн бичгийн холбоотой /ТББ/ гэрээ байгуулан үйл ажиллагааг нь дэмжин ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Л.Чадраабалд үүрэг болгосон. Н.Түмэн-Өлзий нэхэмжлэх баримтандаа аймгийн ургийн бичгийн холбоо хэмээх шинэ төрийн бус байгууллагыг байгуулаад энэ ТББ-тай хамтран ажиллахыг Л.Чадраабалд даалгасан байна. Энэ үйлдээс дараах хууль бус үйлдэл гарсан байна гэсэн нь аймгийн ургийн бичгийн холбоог байгуулангуутаа шууд өрхөд хөтлөх ургийн бичиг дэвтрийг зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлүүлээд аймгийн ургийн бичгийн холбоонд ургийн бичиг хөтлөх ажлыг хариуцуулсан харагдуулаад сумын тамгын газрын дарга нарын сургалт явуулж айл өрхөд аймгийн ЗДТГ-ын нэрээр хэвлүүлсэн гадар дээрээ Архангайн зураг бүхий дэвтэр дамлан зарцуулсан нь биеэрээ болон хавтаст хэрэгт байж байна шүү дээ гэсэн нь иргэн Ж.Нэргүйд холбогдолгүй болохыг нотолж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа:

“....Ж.Нэргүй дарга 2003 оны 6-р сарын 17-нд 173 тоот захирамжаар угийн бичиг хөтлүүлэх тухай ажлын хэсэг байгуулсан харагдаж байна. Гэтэл энэхүү 173 тоот захирамжаар аймгийн угийн бичгийн холбоотой гэрээ байгуулж ажиллахыг тамгын газрын дарга Чадраабалд даалгасан байгаа нь Монголын угийн бичгийн холбоо тус ЗДТГ  /засаг дарга гэрээ баталсан/-тай гэрээ байгуулсан нь эргээд хүчингүй болгож, харин эсрэгээр аймгийн угийн бичгийн холбоо хэмээх шинэ ТББ-ыг байгуулаад энэ ТББ-тай хамтран ажиллахыг Чадраабалд даалгасан байна. Энэ үйлдлээс дараах хууль бус үйлдэл гарсан байна. Аймгийн угийн бичгийн холбоог байгуулангуутай шууд зохиогчийн өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлүүлээд аймгийн угийн бичгийн холбоонд угийн бичиг хөтлөх ажлыг хариуцуулсан харагдуулаад сумын тамгын газрын дарга нарын сургалт явуулж айл өрхөд аймгийн ЗДТГ-ын нэрээр хэвлүүлсэн гадар дээрээ Архангайн газрын зураг бүхий дэвтэр дамлан зарцуулсан нь дэвтэр биеэрээ болон хавтаст хэрэгт байж байна шүү дээ гэжээ.

 

Хариуцагч Ж.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000-2004 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед 2003 оны 06 сард Н.Түмэн-Өлзий гуай Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан Жаргалсайханы хамт ирж ургийн бичгийн талаар Архангай аймагтай хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу миний бие аймгийн Засаг даргын хувьд ургийн бичиг хөтлүүлэх 2003 оны 06 сарын 17-ны өдрийн 173 тоот захирамж гаргасан. Уг захирамж нь 5 заалттай бөгөөд энэхүү 5 заалтад Н.Түмэн-Өлзий гэх хүнтэй хамтран ажиллах талаар байхгүй. Харин Архангай аймгийн Ургийн бичгийн холбоотой хамтран ажиллаж, Архангай аймгийн Засаг дарга уг холбоотой хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Н.Түмэн-Өлзий нь аймгийн Засаг даргын Тамгын газартай бус харин Архангай аймгийн Ургийн бичгийн холбоотой хамтран ажиллах гэрээтэй байсан байх гэж бодож байна. Аймгийн Угийн бичгийн холбооны тэргүүн нь С.Баатар гэх хүн бий. Тэр хүнтэй хамтарч ажиллахыг захирамжаараа Чадраабалд үүрэг болгосон. Бүх бичиг баримт нь Тамгын газарт байгаа. Н.Түмэн-Өлзий гуай өөрөө хүсэлтээ тавьж гуйсан, мөн Жаргалсайхан гэх эмэгтэй “Энэ газарт ажиллах гэж байгаа юм. Дэмжлэг үзүүлээч” гэсэн учир Засаг даргын Тамгын газрын хамт олон ярилцаад ажлын хэсэг байгуулж ажиллах талаар шийдэлд хүрсэн. Энэхүү ажлын хэсэг сумдаар явж байх үед ажлын хэсгийн ахлагч Чадраабал “Н.Түмэн-Өлзий гуайн ургийн бичгийн дэвтэр нь хуурамч байна. Мэргэжлийн хяналтын байгууллага болон Шинжлэх ухааны академийн хүмүүс нотолж албан бичиг явуулсан байна” гэсэн. Н.Түмэн-Өлзий сумдад ургийн бичгээ тараасан гэж байсан. Тэгээд “Н.Түмэн-Өлзий гуайн тараасан зүйлийг ашиглах боломжгүй байна” гэсэн Боловсрол шинжлэх ухааны байцаагч Тогтохбаяр гэх хүний албан тоот аймагт болон сумдын Засаг дарга нарт ирсэн байдаг. Н.Түмэн-Өлзий гуай материалаа авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан мөн нэхэмжлэл өгч байсан. Би хувь хүний хувьд энэ асуудалтай холбоогүй. Би Архангай аймгийн Засаг даргын хувьд Н.Түмэн-Өлзий гуайн хийж байгаа ажлыг дэмжих гэж, Н.Түмэн-Өлзийтэй хамтарч ажиллах гэж захирамж гаргасан. Би үнэхээр Н.Түмэн-Өлзий гуайн хэлж байгаа шиг тухайн дэвтрийг хэвлүүлсэн, тараасан асуудал байхгүй. Н.Түмэн-Өлзий гуай нэхэмжлэлдээ “Нэргүй мөнгө хураасан. Хураасан мөнгөө аймагт оруулалгүй өөртөө ашигласан байна” гэж бичсэн байсан. Иймд асуудал байхгүй. Би хүн чанар гаргаж Н.Түмэн-Өлзий гуайн ажлыг дэмжье гэж захирамж гаргасан. Хувь хүний хувьд ургийн бичгийг нь өөрөө бариад, өөр газар хэвлүүлж, тараасан асуудал байхгүй учир хилс аргаар хүнийг гүтгэж байна гэж үзэж байна. Энэ талаар би бичгээр тайлбараа шүүхэд өгсөн байгаа. Би нэг зүйлд их гайхаж байна. Н.Түмэн-Өлзий гуай Архангай аймгийн Ургийн бичгийн тэргүүн Баатартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан байтал Баатараас биш надтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Би угийн бичгийг хуулбарлан олшруулсан, тараасан, эсхүл тухайн угийн бичигт миний нэр байгаа асуудал байхгүй. Иймд Н.Түмэн-Өлзий гуайг санаанаасаа зохиож шүүхэд өгсөн гэж үзэж байна гэв.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Нэргүйгээс 453.240.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 2.424.150 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий давж заалдах гомдолдоо:

Ж.Нэргүй нь албан тушаалаа ашиглан зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан тус аймгийн айл өрхөд өгч үнийг нь өөртөө завшсан тул зохиогч хохиролоо нэхэмжилж анхан шатны шүүхэд  өмнө гаргасан нэхэмжлэлийг хэвээр нь нэхэж байна. Өмгөөлөгч Д.Галцацрахын нэхэмжлэл хэвээр, давж заалдах шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Ж.Нэргүй миний бүтээлийг ашигласан болон холбогдох бүх материал хэрэгт бүрэн авагдсан. Ж.Нэргүй нь хуурамчаар хэвлүүлсэн. Архангай аймгийн газрын зураг бүхий угийн бичгийн дэвтэр, мөн эх материал бүрэн эхээрээ хэрэгт байгаа. 8 дахь удаагийн шүүх хурал болоход тодорхой баримт материал байсаар байхад элдэв шалтгаан гаргаж Ж.Нэргүйг хамгаалах хэрэггүй. Танайх шударга шийдвэрлэхгүй бол өөр хувилбар байж болно. Ямар ч гэсэн давж заалдах журам баримталж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдолдоо:

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

          1. Оюуны өмчийн тухай болон зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Иргэний хуулиар хамгаалагдсан иргэн Н.Түмэн-Өлзийгийн оюуны бүтээл болох 10199783 регистр бүхий өрхөд хөтлөх ургийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүй бүхэлд нь хуулбарлан тараасан нь  Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын гаргасан захирамжаар нотлогдож байна. /2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 173 тоот захирамж/

          2. Өмнө нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл өгөхөд 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд оюуны өмч болох үнэт бүтээл үнэгүйдэж халаасны хулгайн гэмт хэргээс дорд үзэгдэж байгаа нь эх орон, ард түмэн тэр бүү хэл үндэсний аюулгүй байдлын хамгаалалт болсон эх сурвалж бүтээл нэг насны оюуны хүч хөдөлмөрөө зориулсан зүтгэлийг үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

               

                Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.   

   

               Нэхэмжлэгч Н.Түмэн-өлзий хариуцагч Ж.Нэргүйгээс хохирол 453.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

                Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 305 дугаар тушаалаар “Өрхөд хөтлөх угийн бичиг” дэвтэр нэртэй бүтээлийн 1615 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг Н.Түмэн-өлзийд 2002 оны 12 сарын 05-нд олгосон байна.

 

                Нэхэмжлэгч Н.Түмэн-өлзий зохиогчийн бүтээл болох Өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь хуулбарлан, Архангай аймгийн өрхийн тоогоор хэвлүүлэн, 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэйг айл өрхөд 2000-2500 төгрөгөөр дамлан, Архангай аймгийн З.Д.Т.Г-ын нэр барьж, бусадтай хуйвалдан худалдсан байх ба худалдсан үнэ нь тус аймгийн З.Д.Т.Г-ын дансанд ороогүй байгаа нь иргэн Ж.Нэргүйгээс гэм хорын хохирлоо нэхэмжлэх үндэс болж байна гээд хөндлөнгийн халдлагад өртөн нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй өрхөд хөтлөн угийн бичгийн дэвтрийн хөрвөх чадавхийг харгалзан, Оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийн хөрвөх үнэ 51 сая 460 мянган төгрөгийн 50%-иар бодож, иргэн Ж.Нэргүйгээс хохирол 452.240.000 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэлд Оюуны өмчийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 3/268 тоот үнэлгээ баталгаажуулсан тухай албан бичиг, Монгол улсын Оюуны өмчийн газрын 05 дугаар батламж, 615 дугаартай Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ, Угийн бичиг Архангай 2003 /13 хуудас/ зэрэг нотлох баримтуудын хуулбар, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, Монголын “Угийн бичиг”-ийн холбооны Угийн бичиг № 0101369 /13 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хавсаргажээ.

 

                Зөвхөн нэхэмжлэлд хавсаргасан дээрх нотлох баримтуудаар хариуцагч Ж.Нэргүй “зохиогчийн бүтээл болох Өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтэр бүтээлийг зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь хуулбарласан”, “Архангай аймгийн өрхийн тоогоор хэвлүүлэн, 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэйг айл өрхөд 2000-2500 төгрөгөөр дамлан, Архангай аймгийн З.Д.Т.Г-ын нэр барьж, бусадтай хуйвалдан худалдсан”, “худалдсан үнэ нь тус аймгийн З.Д.Т.Г-ын дансанд ороогүй”, “зохиогчийн бүтээлийг хуулбарласнаас 452.240.000 төгрөгийн хохирол учирсан” болох нь нотлогдож байна гэж дүгнэх боломжгүй юм.

 

                Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар, тэдгээртэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна хариуцагч Ж.Нэргүй нэхэмжлэгч Н.Түмэн-өлзийгийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн буруутай болох нь тогтоогдохгүй байгаа тул гэм хорыг арилгах үүрэг хүлээхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

                Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн                             167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галцацрах нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

 

 2. Нэхэмжлэгч Н.Түмэн-Өлзий нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

    ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

Л.НЯМДОРЖ