Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01362

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,

Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 958 дугаар магадлалтай,

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 83.354.783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнхнарангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шинэхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ти” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 27.784.928 төгрөг, нийт 83.354.783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд 83.354.783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Ти ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ти” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2007 оны 06дугаар сарын 21-ний өдрөөс улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөгийн өртэй нь үнэн. Манай компанийн 2017 оны 04 дүгээр сард тусгай зөвшөөрөл дууссан бөгөөд сунгалт нь 2017 оны 08 дугаар сард хийгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулаад тэсрэх чиглэлийн бүх байгууллагын үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зогсоож, төрийн байгууллагуудын хурал хойшилсон. 2015-2016 онд ажилчиддаа байнгын ажлын байраар хангах зорилгоор Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд олсон ашгаа зарцуулсан. Бусад хамтран ажилласан байгууллагуудаас авах авлага хугацаандаа орж ирээгүй нь бидний татварт төлөхөөр төлөвлөсөн төлбөр бүрдээгүй. Манай байгууллага хугацаа хэтрүүлсэн алданги 27.784.928 төгрөгийг төлөх боломжгүй, харин  нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөгийг график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч Ти ХХК-иас 83.354.783 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Ти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 574,724 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 958 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.723,92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнхнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 сарын 18 ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шүүхийн шийдвэр, 2018 оны 04 сарын 18 ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс холбогдох хууль журамд заасан зүйл заалтуудыг зөрчиж, алданги торгууль төлөх тухай акт баримтгүйгээр алданги тооцож хариуцагчийг эрхийг зөрчсөн байгаа. Хуульд заахдаа төр захиргааны байгууллага, татвар, нийгмийн даатгалын улсын байцаагч нь татвар хураамж, даатгалын шимтгэл түүнд алданги ногдуулахдаа улсын байцаагчийн актаар ногдуулна гэсэн байтал энэ баримт огт байхгүй үйлдэгдээгүй байгаа болно. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2-р хавсралт Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичигтийн 3.5 заалтад Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл алданги болон торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоомж олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхдээ акт үйлдэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлийн 3-т заасан “нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах” эрхтэй гэж заасан байтал нийгмийн даатгалын байцаагч ямар ч акт баримт гаргаагүй. Иймд хууль зөрчиж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Хан-уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ти” ХХК-с нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөг, алданги 27.784.928 төгрөг нийт 83.354.783 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлээс алдангийг эс зөвшөөрчээ.

Хариуцагч 2015-2017 оны нийгмийн даатгалын шимтгэл 55.569.855 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алдангийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2/-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах ба энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар алданги нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй шимтгэл төлөгчид хуулиар тогтоосон хариуцлага болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийн талаар гэрээний талууд харилцан тохиролцож, хуульд заасан хэмжээгээр тогтоодог тул шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, алдангийн хэмжээ илт өндөр гэж үзсэн тохиолдолд багасгах боломжтой. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх зүйлд заасан алданги нь талуудын тохиролцооноос хамаардаггүй, хуулиар тогтоосон заавал биелэгдэх шинжтэй. Алдангийг улсын байцаагчийн актаар ногдуулаагүй ч үүргээ гүйцэтгээгүй шимтгэл төлөгчийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 958 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнхнарангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 574.723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ