Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 113/ШШ2019/0015

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Прокурор: Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор;

Хариуцагч: Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалын улсын байцаагч Э.Ш;

 “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Прокурор Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Улсын байцаагч Э.Ш нь “И” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.2-д заасан бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэснийг зөрчсөн зөрчилд хялбаршуулсан журмаар шалгаж, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 320201805 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 245.460.396 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

            Шалгалтаар материалыг хянавал улсын байцаагч Э.Ш нь шийтгэл ногдуулахдаа холбогдогч М.Х нь “...тухайн үед тог тасарсан байж магад, өс хонзонгийн үүднээс манайхыг баримт өгөөгүй гэж гомдол гаргасан байна” гэх мэтээр хүлээн зөвшөөрөөгүй байхад гэрчээр гомдол гаргагч иргэн Д.Э-ийг байцааж зөрчлийг нотлох ажиллагаа хийгээгүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулж хууль зөрчжээ.

            Мөн шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 245.460.396 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

            Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн удирдлага болгон аймаг дахь Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаартай шийтгэлийн хуудас /маягт-2/-ыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

            Хариуцагч Э.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: ““И” ХХК-ийн захирал М овогтой Х нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төлбөрийн баримтыг татвар төлөгчид тухай бүр олгоогүй болох нь office.ebarimt.mn цахим сайт, гомдол гаргагч иргэн Д.Э-ийн эм худалдаж авахдаа “И” эмийн санд уншуулсан картын харилцах дансны хуулга болон холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. М.Х нь холбогдогчоос авсан мэдүүлэг дээр хүлээн зөвшөөрсөн байгаа болно. Мөн тухайн сарын НӨАТ-ын тайланг хэвлэн нотлох баримт болгон хавсаргасан байгаа. Тухайн сарын НӨАТ-ын борлуулалт 12.273.018.00 төгрөг байгаагийн 2 хувь болох 245.460.00 төгрөгөөр торгосон. Мөн материалыг хяналтын прокурорт хянуулахад шийтгэлийн хуудсан дээр мөнгөн дүнг тавих талаар зөвлөөгүй учир би мэдээгүй. Прокурор хянаад гарын үсэг зурсан учир би болж байна гэж бодсон. Тухайн үед хяналтын прокурорууд шийтгэлийн хуудасны талаар зөвлөн мэдээллэж засах талаар надад зөвлөсөн бол засах хугацаа байсан.

Иймд Прокурорын 3 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь:

1.Шийтэлийн хуудсыг Татварын ерөнхий газраас ирсэн загварын дагуу бичиж аймгийн прокурорт хянуулсан

2.Хяналтын прокурорууд тухай бүр материалыг хянаад хууль зүйн алдаагүй болсон байна гээд гарын үсэг зурж баталгаажуулсан учир би тухайн шийтгэлийг алдаагүй, хуулийн зөрчил дутагдалгүй болсон гэж үзсэн болно

3.Прокурорын байгууллагаас улирал бүр ЭБАТ-д сургалт ордог хэрнээ сургалт дээр шийтгэлийн хуудсыг бичих талаар мэдээлэл хийгээгүй, заавар зөвлөгөө өгөөгүй

4.2018 онд нийт 2 удаа материал татаж авч хянаж үзэхдээ эдгээр алдаа дутагдлыг хэлээгүй, засаж залруулах талаар мэдээлээгүй. Шийтгэлийн хуудасны загвар, хэрхэн бичиж ирүүлэх талаар огт мэдээлэл хийгээгүй нь ЭБАТ нар ийм алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

5.Улсын Ерөнхий прокурор болон Татварын ерөнхий газрын хамтарсан баг хуулийн хэрэгжилтэнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хуралдан эцэслэн шийдвэр гараагүй, заавар зөвлөгөө ирүүлээгүй байхад манайхыг онцлон шалгаж татварын улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус мөнгөн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрч орон нутгийн болон улсын төсөвт 100 хувь төлсөн учир прокурорын дүгнэлтийг эргэн харж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос тус аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-д холбогдуулан “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж уг хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш “...шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярьж мэдэгдсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“И” ХХК нь цахим төлбөрийн баримтыг олгохгүй байна гэсэн гомдлын дагуу тус компанийн үйл ажиллагаанд хариуцагч Э.Ш татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаар шийтгэлийн хуудсаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу төлбөрийн баримтыг татвар төлөгчид тухай бүр олгохгүй байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д зааснаар тус компанийн захирал М.Х-т шийтгэл оногдуулсан байна.

Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “...шийтгэл ногдуулахдаа холбогдогч М.Х нь “...тухайн үед тог тасарсан байж магад өш хонзонгийн үүднээс манайхыг баримт өгөөгүй гэж гомдол гаргасан байна” гэх мэтээр хүлээн зөвшөөрөөгүй байхад гэрчээр гомдол гаргагч иргэн Д.Э-ийг байцааж зөрчлийг нотлох ажиллагааг хийгээгүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулж хууль зөрчжээ” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир  нь хариуцагч татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д М.Х нь “...тухайн үед тог тасарсан байж магадгүй,...тийм учраас өгч чадаагүй сүүлд тухайн иргэнийг гомдол гаргасны дараа баримтыг өгсөн боловч аваагүй...” гэх зэргээр мэдүүлсэн байх боловч уг асуудлыг холбогдох байгууллагаас тодруулалгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “...шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг бичээгүй байж оногдуулсан шийтгэлийн 245,460.396 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ…” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь маргаан бүхий 2018 оны 320201805 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ын “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсгийн 2 дахь заалтаар М.Х-т 245.460.36 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг даалгасан байх боловч шийтгэл оногдуулсан заалтыг тусгаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байх бөгөөд уг зөрчилд оногдуулах шийтгэлээ шийтгэлийн хуудсанд заах зохицуулалтыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаар шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбогдогч М.Х нь 245.460.36 төгрөгийг сайн дураар биелүүлж торгуулийг бүрэн төлж барагдуулсан, шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрх нь улсын байцаагчид байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 7.2 дугаар зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 320201805 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Г аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЗУЛ