Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/743

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “БЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0704 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0654/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “БЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй.

2.2.Талуудын хооронд үүссэн харилцаа, үйл баримтад буруу дүгнэлт хийсэн.

2.3.Хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.А-аас “Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “БЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байгаагүй, бүртгүүлэх үед тус компанид хувьцаа эзэмшдэггүй, албан тушаал эрхэлдэггүй байсан, хурлын тэмдэглэлийг заавал хавсаргахаар байхад шалгалгүй бүртгэл хийсэн нь хууль бус” гэж маргажээ.

Хариуцагчаас “бичиг баримтын хуульд заасан бүрдүүлбэр хангасан, өвлөх эрхийн эрхийн гэрчилгээгээр хувьцааг шилжүүлэн авсан бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарласан.

Гуравдагч этгээдээс “талийгаач нөхрийнхөө эзэмшиж байсан хуулийн этгээдийн хувь эзэмшлийг хуульд заасан аргаар өвлөх эрхийн үндсэн дээр бүртгүүлсэн нь нэхэмжлэгч Б.А-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй” гэжээ.

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.3-д “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан” гэж ,

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.3.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;” 22.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.3.3-д “дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”, 22.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ”, 22.3.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.3.6-д “улсын бүртгэлийн гэрчилгээ”, гэж,

Уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ” гэж,

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж заажээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас[1] үзэхэд “БЭ” ХХК-ийн 70 хувийг Н.Э-, 30 хувийг Б.А нар нь эзэмшиж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Н.Э- нас барж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0010 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр[2] “БЭ” ХХК-ийн Н.Э-ын эзэмшлийн 70 хувь, 7000 төгрөгийн хувьцаа эзэмших эрхийг Ж.Ут өвлүүлсэн.

Улмаар “БЭ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/01 дугаар Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр[3]  тус компанийн гүйцэтгэх захирал, 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.А нь тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э- нь нас барсан тул түүний эзэмшиж байсан 70 хувийн хувьцааг хууль ёсны дагуу Ж.У-т өвлөн эзэмшихийг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Ж.У-ээс баталсан маягтын дагуу гаргасан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,[4] хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл[5], “БЭ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/01 дугаар Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр[6], компанийн дүрэм[7], татварын албаны тодорхойлолт[8] улсын бүртгэлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг[9] бүрдүүлэн өгснийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 220426222 дугаар өргөдөл хүлээн авах хуудсаар[10] улсын бүртгэгч Н.Д хүлээн авчээ.

Дээрх баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ж.У-ийг “БЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн болох нь тогтоогдов.

Дүгнэхэд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан баримт бичгүүд болон өвлөх эрхийн гэрчилгээ, компанийн гүйцэтгэх захирлын шийдвэр, зөвшөөрлийг үндэслэн “БЭ” ХХК-ийн 70%-ийн хувьцаа эзэмшигчээр Ж.У-ийг бүртгэсэн маргаан бүхий улсын бүртгэлийг хуульд нийцээгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн харилцаа үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 9-10 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 38 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 39 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 41 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 43-47 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 48 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 40 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 37 дахь тал