Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 449

 

Б.С-, М.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.С-, М.М- нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Б.С-, М.М- нарт холбогдох эрүүгийн 1802000120029 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овогт Б-ийн С-, 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Фалкон” ХХК-д хөгжмийн техникч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            2. Жамц овогт М-ын М-, 1999 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тамир Холидэй” төвд хөгжмийн техникч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, хүргэн ах, үеэл дүүгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.С- нь 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн,

            - 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байрны 102 тоотод “Тous les Jours” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар ууттай, уутны хамт 860.1 гр, мөн Б.С-гийн ногоон өнгийн куртикны халааснаас уутны хамт 0.9 гр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            - 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УБЯ 64-87 улсын дугаартай, “Тоёота Приус” загварын автомашинд цайвар өнгийн гялгар уутанд савласан уутны хамт 20.7 гр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            М.М- нь 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн Прокурорын газраас: Б.С-, М.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 1802000120029 дугаартай хэрэгт улсын яллагчаас нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг татан авах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. Прокуророос шүүгдэгч нарыг 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг түүж бэлтгэсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орчим уг өвсийг түүсэн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед шүүгдэгч М.М- 18 насанд хүрээгүй байсан нь хавтаст хэргийн 148 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх 2 этгээдийн нэг нь насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаарх хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтыг цуглуулах, бэхжүүлэн авч шалгах зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасны дагуу яллагдагч Б.С-, М.М- нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь М.М- насанд хүрсний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилж таслан зогсоогдсон байна. Мөн дээрх гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулах үед насанд хүрсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” тухай тусгай журмыг хэрэглэх үндэслэлгүй. Хэрэгт яллагдагч М.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа, гэрч Ж.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, ял шийтгэл шалгах хуудас, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт зэрэг баримтууд цугларсан байна. Яллагдагч М.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан ял оногдуулах боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.С-, М.М- нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдааны явцад өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд прокуророос асуугдаж эхэлсэн. Тэгэхэд прокурор нь хэргээ татан авъя гэдгээ илэрхийлсэн. Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас тус шүүх хуралдаанд оролцсон байдаг. Би хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Б.С-, М.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Прокуророос яллагдагч Б.С-, М.М- нарыг 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж, яллагдагч Б.С-г 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн гэртээ болон биедээ “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарган, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.С-, М.М- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орчим уг өвсийг түүж бэлтгэсэн” хэмээн тус тус мэдүүлжээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч М.М- нь 1999 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн байх ба дээрх гэмт хэрэгт холбогдох үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах мэдээллийг гаргаж өгөхийг прокуророос шаардаж болно:”, 5.1-д “тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин”, 5.2-т “тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан.” хэмээн тус тус заажээ.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад, даргалагч шүүгчээс “шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд” хэрэгт авагдсан эсэх талаар асуухад прокурор “шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт байхгүй учраас хэргийг татан авч байна” гэсэн хүсэлтийг илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 210/

Иймд анхан шатны шүүх прокурорын дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой мэдээллийг бүрэн гүйцэд шалгаж ирүүлэх шаардлагатай гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 534 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                         Н.БАТСАЙХАН