| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0281/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/299 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/299
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
хохирогч Б.С,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн О овогт О-ын Эад холбогдох 2108000000281 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай боловч тус дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт О-ын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн Б.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгалж биед “хэвлийн өмнөд ханын болон зүүн бугалганы хутгалагдсан шарх, шарх орчмын цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Эын шүүхийн хэлэлцүүлэгт “...тэр шөнө 1 өнгөрч байхад С нь залгаад танайд очъё, ярих юм байна гэхээр нь би маргааш ажилтай, ирээд хэрэггүй гэж хэлсэн.Тэгтэл хэсэг хугацааны дараа дахин залгаад танайх руу явж байна гэсэн бөгөөд төд удалгүй амьжиргаа цагаан гэх машинд суучихсан ирсэн. С нь ирэхдээ архитай ирсэн бөгөөд тэр архийг нь бид 2 хувааж уусан. Тэгээд С нь гараад хувин барьчихсан нохой цохих гэхээр нь боль, аймхай болчихно гэж хэлээд болиулсан. Тэгээд бид 2 газар, хашааны талаар ярьж байх үед С нь манай хашааг түрээсэлнэ гэж байснаа сүүлдээ үнэгүй суух талаар ярихаар нь би үгүй гээд бид 2 маргалдсан. Тэгээд С агсам тавиад гэрт байсан архины шилийг хагалчхаад гарсан бөгөөд гадаа байхдаа үүдний таамбарын цонхыг хагалчхаад цааш нарийн гудамжинд орох үед би араас нь дуудаж, ирэхээр нь зүүн бугалга руу 2 удаа, хэвлий тус газар нь хутгаар 1 удаа авч гарсан хутгаараа хатгасан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт “...Э нь миний зүүн булганд 2 удаа, цээжинд 1 удаа хутгалсан. Би эмчилгээнд 820,000 орчим төгрөг авсан. Одоо миний зүүн гар янгинаж өвдөөд байгаа. Бас би 2 хүүхдийн тэтгэмж төлдөг бөгөөд энэ хугацаанд ажлаа хийж чадаагүйгээс болоод энэхүү мөнгийг өгч чадаагүй байгаа тул энэ хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4х, 5-7х/, хохирогч Б.Сын мэдүүлэг /хх-ийн 27-28х, 31х/, гэрч Т.Чийн мэдүүлэг /хх-ийн 32-34х/, насанд хүрээгүй гэрч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 35-36х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1419 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53х/, шинжээч эмч Т.Чын мэдүүлэг /хх-ийн 39-40х/, шүүгдэгч О.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 101х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 102х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 103х/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 104х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 105-106х/, АХХ Манал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 125х/, шүүгдэгч О.Эын мэдүүлэг /хх-ийн 96-97х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод иргэн Б.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн бугалга болон хэвлий хэсэгт нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4х, 5-7х/,
Хохирогч Б.Сын: “...2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн орчим би нэг пиво уусан байсан болохоор хамаатны ах Эын ... байх гэрт 1 шил 05 литрийн Хараа архи, 2.5 литрийн Нийслэл пивотой очсоныг бид хоёр архи хувааж уун хашааны талаар ярьсан. Тухайн үед би бие засах гээд гарсан чинь Э ахын нохой нь дайраад байхаар нь хашаанд нь байсан жижиг хувинг аваад зогсож байсан чинь Э ах “боль” гээд байхаар нь би “танай нохой аймхай, зүрх муутай юм байна” гээд тоглоомоор хэлсэн чинь Э ах уурлаад байсан. Би тухайн үед архи уусан болохоор бас уур хүрээд маргалдсан. Улмаар намайг гадаа Э ах хутгаар л байсан байх, би сайн анзаарч хараагүй, зүүгээр шивж байгаа юм шиг миний зүүн бөөрний хэсэгт болон зүүн гарын бугалганы хэсэгт хутгалсан. Би тэндээс гарч яваад цагдаад дуудлага өгсөн. ...Би гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтээд гарсан. Миний биед учирсан гэмтлийг Э ах хутгалж гэмтэл учруулсан. Би биедээ 700.000-800.000 төгрөгийн эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн. Би баримттай зардлаа шүүгдэгчээс авсан. Одоо би ажилгүй байсан хугацааны болон цаашид хийлгэх эмчилгээний зардлаа барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х, 31х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Т.Чийн: “...Манай охин хэлэхдээ аав С ах хоёр гэрт зодолдоод, гадаа гараад зодолдоод байсан гэсэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Эын: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны орой би аавтай гэртээ унтаж амарсан. Тэгтэл шөнө хэдэн цагт байсныг мэдэхгүй, хүн чанга дуугарахаар нь сэрсэн чинь гэрт С ах аавыг түлхээд гэдэс рүү нь цохиод зогсож байхаар нь би очоод С ахыг ааваас түлхэж холдуулсан. Тэгээд аав настай хүн шүү дээ, та яваач ээ гээд С ахад хэлсэн чинь С ах аавыг уурлуулаад зогсоод байсан. Аав уурлаад С ах руу дайраад байхаар нь би аавын цамцнаас татаад аавыг дийлэхгүй болохоор нь аавыг тавихдаа шалан дээр хагарсан байсан архины шилэн дээр хөлөөрөө гишгээд миний хөлөөс цус гарсан. Гэрийн шалан дээгүүр миний хөлөөс гарсан цус болсон байсан. Би нойлын цаас аваад том өрөөнд ороод хоёр хөлийнхөө цус гарсан газрыг арчаад шархны лент наасан. Аав, С ах хоёр гадагшаа гарсан. Гадаа юу болоод байгааг би мэдээгүй. Тэгтэл аав удалгүй ганцаараа ороод ирсэн. Би ааваас юу болсон гэж асуусан чинь аав юу ч дуугарахгүй байснаа миний охин ээж рүүгээ ярьж цагдаа дууд гэж хэлсэн. би ээж рүү утсаар залгаад С ах согтуу ирээд агсам тавиад цонх хагалаад байна гэж хэлсэн. Ээж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1419 дугаартай: “...Б.Сын биед хэвлийн өмнөд ханын болон зүүн бугалганы хутгалагдсан шарх, шарх орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53х/,
Шинжээч эмч Т.Чын: “...Хохирогч Б.Сын зүүн бугалганд 2 ширхэг шарх байсан. Дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон эмнэлгийн материалаар дүгнэн бичсэн байгаа учраас дэлгэрэнгүй бичээгүй, биеийн анатомийн байрлалаар гэмтлийн элемент, шинж чанарыг тусгадаг. Тэгэхээр зүүн бугалганд хэдэн ширхэг шарх байсан ч зүүг бугалганы шарх гэж дүгнэлтэд тусгана. Зүүн бугалганы 2 шархыг нэгтгэн бичсэн нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Ер нь Б.Сын биед учирсан нийт 3 ширхэг шарх нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,
Шүүгдэгч О.Эын: “...01 цагийн орчим С ганцаараа ирэхдээ 0.5 литрийн Хараа архи 1 шил, 2.5 литрийн Нийслэл пиво бариад ирэхээр нь бид хоёр манай гал тогооны өрөөнд нөгөө архи, пивыг хувааж уусан. Бид хоёр архи ууж байхдаа манай хоосон хашааны талаар ярьсан бөгөөд С тухайн хашааг түрээсэлнэ гэж яриад байсан. Тэгээд С бие засах гээд гадагшаа гарсан бөгөөд удалгүй манай нохой хуцаад байхаар нь би араас нь гарсан чинь С угаадасны хуванцар хувин барьчихсан манай нохойг цохих гээд явж байхаар нь “чи болиоч ээ” гээд загнаад болиулсан. Бид хоёр манай гэрт ороод гал тогооны өрөөнд суусан чинь С гаднаас нохойноос болсон уу мэдэхгүй ууртай сууж байснаа би ер нь танай хашаанд суувал түрээсийн мөнгө өгөхгүй, үнэгүй байна гэхээр нь “чи тэгвэл боль, би өөр хүнийг мөнгө төгрөгтэй хүнд хашаагаа түрээслүүлнэ” гэснээс болж маргалдаад бид хоёр манай гэрт барьцалдаж авсан чинь манай охин Э босож ирээд уйлаад байсан. С Хараа архины шилийг пийшинд цохиж хагалчхаад гараад явсан. Би шууд үүдний амбаарын хаалгаа түгжчихээд орондоо ороод унтах гэж байтал үүдний амбаарын хаалгыг хүн нүдээд байхаар нь очоод хартал С зогсож байсан. Би хаалгаа онгойлгохгүй байсан чинь С юугаар мэдэхгүй үүдний амбаарын цонх хагалаад хаалга онгойлгоод ороод ирсэн. Стай ахин хэрэлдэж маргалдсан. С түрүүлээд гэрээс гарахаар нь би гал тогооны өрөөнд байдаг хоолны шүүгээний урд талын шургуулгаас цагаан сарын ууцан дээр тавьдаг хүрэн өнгийн иштэй дунд зэргийн хэмжээтэй хутгыг аваад араас нь хашааны гадна гартал С цаашаа хараад алхаад явж байхаар нь би Сыг дуудахад С над дээр хүрээд ирсэн. Би шууд Сын зүүн бөөрний хэсэгт нэг удаа хутгалсан, ахиад зүүн гарын булчин луу нь хоёр удаа хутгалчхаад хутгаа гудамжинд шидчихээд гэр лүүгээ гүйгээд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хоорондоо маргалдаж, хохирогч Б.С нь шүүгдэгчийн гэрт болон гэрийн гадна байхдаа агсам тавьж, архины шил болон цонхны шил хагалсан түүний энэ үйлдэлд дургүйцсэн шүүгдэгч О.Э нь гэрээсээ хутга авч гаран хохирогч Б.Сын зүүн бугалганд 2 удаа, хэвлий тус газар нь 1 удаа хутгалж, хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрх нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 997 дугаартай өвчний түүхэд тэмдэглэгдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргээр харилцан зөрүүгүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч О.Э нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор 811.196 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч О.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 812.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн гаргасан хүсэлт, төлбөр төлсөн баримт /хх-ийн 126х/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С нь сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг, 1 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй тул энэ цалингаа нэхэмжилнэ, мөн зүүн гар өвдөөд янгинаад байгаа тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, энэхүү зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.
Хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд хохирогч Б.С нь “...” ХХК-нд ажилладаг, сарын цалин 1.500.000 төгрөг гэсэн тодорхойлолтыг гаргаж өгснөөс өөр ямар нэгэн баримтгүй байна.
Гэмтэл согог судлалын 997 дугаартай өвчний түүхэд Б.С нь 4 хоног хэвтэж эмчлүүлсэн талаар тэмдэглэгдсэн /хх-42-48х/ байх бөгөөд түүнээс хойших хэдий хугацаанд ажлаа хийгээгүй, акттай /лист/ байсан болохыг тодорхойлсон баримтгүйгээс гадна үндсэн цалин болох 1.500.000 төгрөгөөс хэд нь татварт суутгагдаж, гар дээр хэдэн төгрөг авдаг эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин хөлсийг илэрхийлсэн баримтыг, мөн цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэн нь О.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч /шүүгдэгч/ О.Эад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч О.Э нь “...” ХХК-нд харуул ажилтай, сард 450.000 төгрөгийн цалин хөлс авдаг буюу түүний орлоготойг илэрхийлсэн баримт /ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга/ хэрэгт авагдсан байх тул түүний энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч О.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шаргал өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт О-ын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шаргал өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Ст эмчилгээний зардалд 812.000 /найман зуун арван хоёр мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон дутуу авсан цалин хөлс, орлогоо нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ