Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/310

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Пд холбогдох эрүүгийн 1808027530033 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн угсралт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт О-ийн П /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.П нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр С үйлчилгээний төвийн автобусны буудал орчим иргэн Х.Сын нүүрэн тус газар гараараа цохиж газар унаган Самсунг загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг Оийн П гэдэг, одоо 21 настай. Хохирогчийн  мэдүүлэгтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Стай нэг сургуульд сурдаг байсан ч гэсэн зүс мэдэхээс тодорхойлж хэлж мэдэхгүй. Миний хувьд ...ийн сургуульд сурдаг байсан нь үнэн. Миний өндөр 193см. Энэ асуудал 2018 онд болсон тул хохирогчийг цохисон эсэхээ санахгүй байна. Гар утсыг нь гуйж авсан нь үнэн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Х.Сын өргөдөл /хх-ийн 29х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-37х/, хохирогч Х.Сын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 38х/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42х/, хохирогч Х.Сын мэдүүлэг /хх-ийн 52х, 57-58х/, гэрч Б.Нгын мэдүүлэг /хх-ийн 64х/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-71х/, шүүгдэгч О.Пийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90х/, шийтгэл тогтоолын хуулбарууд /хх-ийн 98-101х, 117-119х/, ...ийн ...ийн архивын лавлагаа /хх-ийн 103х, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 104-105х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч О.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайханы: “...гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо төлсөн байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Пд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч О.П нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр С үйлчилгээний төвийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Х.Сын нүүрэн тус газар гараараа цохиж хүч хэрэглэн түүний эзэмшлийн Самсунг s6 edge загварын гар утсыг авсан болох нь:

Х.Сын гаргасан өргөдөл “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цагаас 19:00 цаг хооронд С дээр гэр лүүгээ явах гэж байгаад П гэгч хүнд S6 edge маркийн утсаа дээрэмдүүлсэн. П нь ... коллежид суралцаад 2018 оны 01 сард уг сургуулиа төгссөн. Энэ асуудлыг хүлээн авч хурдан арга хэмжээг авч өгнө үү” /хх-ийн 29х/,

Хохирогч Х.Сын нас тоолсон тэмдэглэл “...Х-ын С нь бусдад гар утсаа дээрэмдүүлэх үедээ 17 нас 10 хоногтой байсан байна...” /хх-ийн 38х/,

Хохирогч Х.Сын: “...Би 2018 онд амралтын өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нд ажиллаж бараа зөөж өгдөг байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тухайн ТҮЦ-нд бараа зөөж байхад зүс таних манай сургуулийн дээд ангийн П ах намайг хараад дуудсан. Би бараагаа оруулж тавьчхаад очиход “хоёулаа хамт яваад хүнтэй уулзчихаад ирье” гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр төв замаас урагшаа гараад саарал өнгийн 9 давхар байр луу очиж П нэг охинтой гадаа уулзсан. Би хэсэг хүлээж байгаад явлаа гэж хэлээд буцаад 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ рүү очиж ажлаа хийсэн. Орой 18 цагийн үед ажлаа дуусаад харих гээд алхаж байхад П 3 дугаар эмнэлгийн орчимд зогсож байсан бөгөөд бид хоёр уулзаад хамт Сгийн автобусны буудал руу алхсан. С дээр ирэхэд П ах утсаараа ганц яриулчих гэхээр нь надад нэгж байхгүй гэж хэлэхэд “тэгвэл нэг дугаар луу дохино” гэхээр нь гар утсаа гаргаж өгсөн. Тэгтэл миний гар утсыг авсны дараа “ах нь хүн зодоод өрөнд орчихсон байгаа, чиний гар утсыг ломбардад тавиад дараа нь аваад өгье” гэхээр нь би аав, ээж уурлана, болохгүй” гэж хэлэхэд баруун гараараа миний зүүн хацар луу цохиж унагаагаад Цамбагарав руу гүйгээд яваад өгсөн. Би газраас босож ирээд араас нь хайгаад олоогүй. Миний хацар цохиулснаас болоод тухайн үедээ улайчихсан байсан. ...П..., ... коллежийн төгсөх ангид сурч байсан. Би сайн танихгүй, өмнө хэд хэдэн удаа харж байсан. Хүмүүс П гэж дуудаад байдаг байсан. Ойролцоогоор 185-190см орчим өндөртэй, бор арьстай, туранхай, баруун, зүүн гартаа шивээстэй. Би харвал сайн танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 52х, 57-58х/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хохирогч Х.С өөрийнх нь гар утсыг дээрэмдсэн хүнийг царайны төрхөөр нь танина гэж хэлсний дагуу гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад тэрбээр 3 дугаартай О.Пийн зургийг заасан” /хх-ийн 31-37х/,

Гэрч Б.Нгын: “...2018 оны 05 дугаар сарын сүүлээр байх Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо нийтийн байранд гэртээ би эх Б, ах Б нарын хамт байж байсан чинь 21 цагийн үед манай дүү С нь гэрт орж ирээд “Би гар утсаа алдчихлаа, манай дээд ангийн ах миний гар утсыг дээрэмдсэн” гэж хэлсэн. ...Манай дүү нь 3 дугаар эмнэлгийн хажууд байрлах барилгын коллежид сурдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 64х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Samsung S6 edge-265.000 төгрөг” /хх-ийн 70-71х/,

Шүүгдэгч О.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчийн мэдүүлэгтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Стай 1 сургуульд сурдаг байсан ч гэсэн  түүний зүс мэдэхээс тодорхойлж хэлж мэдэхгүй. Миний хувьд ...ийн сургуульд сурдаг байсан нь үнэн. Миний өндөр 193см. Энэ асуудал 2018 онд болсон тул хохирогчийг цохисон эсэхээ санахгүй байна. Гар утсыг нь гуйж авсан нь үнэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.П нь амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор өөрөөс нь насаар бага, насанд хүрээгүй хохирогч Х.Саас гар утсыг нь авахаар хүч хэрэглэж, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авч, өөртөө захиран зарцуулсан байх тул шүүгдэгч О.Пийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Сын дээрэмдүүлсэн гар утсыг Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 265.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 70-71х/ байх ба хохирогчийн данс руу уг хохирлын мөнгийг шилжүүлсэн дансны хуулга  хэрэгт авагдсан /хх-ийн 116х/ байх тул шүүгдэгч О.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Пд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...гэм буруу дээр маргаагүй, гэмшиж буй байдал, хохирол төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Пийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрбээр өөрөөс дүү, насанд хүрээгүй хүүхдийн өмчлөх эрхэд халдаж, хүч хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас 11 сарын хорих ялыг эдэлж, одоо 29 хоног үлдсэн болох нь түүний ялын тооцооны лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 98-101х, 79х/

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Пд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 29 хоногоор тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхээс тухайн хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч О.Пд дээрх байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх шүүгдэгчид энэхүү зүйлийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжаар ялтан О.Пийг ШШГЕГ-ийн харьяа Багануур дүүрэг дэх 427 дугаар хорих ангиас шилжүүлэн авч, энэ хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 75х/ байх бөгөөд тэрбээр тус өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 57 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрд овогт Оийн Пүрэвдарийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Пд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 29 (хорих ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Пийн цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ