Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1396

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/01396

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд Дарь эх гудамж, 26-1511 тоотод оршин суух Тайж овогт Норзонгийн Бадамсүрэн /Регистрийн дугаар ПЮ62012002/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Бадамсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н.Бадамсүрэн миний бие 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгт сав угаагчаар орж ажилласан. 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тогооч В.Гүнд өндөр насны тэтгэвэрт гарсан тул Н.Бадамсүрэн миний бие тогоочоор дэвшин ажилласан. Ингээд гал тогоонд тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн төвийн 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар орж 2003 оныг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаал бичигдээгүй байна. Ховд аймгийн төвийн архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. 1995 оноос хойших хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан. Одоо тэтгэвэрт гарах болтол ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэг, мөн 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Бадамсүрэн нь Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэг болон 1 дүгээр цэцэрлэгт 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Үндэсний төв архивын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Ховд аймгийн 3 дугаар цэцэрлэг байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Норзон овогтой Бадамсүрэн-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ. /хх-4/ Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай лавлагаанд “Ховд аймгийн 3 дугаар цэцэрлэгийн 1980-1994 онуудын баримт архивт байхгүй тул Н.Бадамсүрэнд лавлагаа олгох боломжгүй болно” гэжээ. /хх-8/

 

Ховд аймгийн 3 дугаар цэцэрлэгээс 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Н.Бадамсүрэнд олгогдсон Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд “Цэцэрлэгийн эрхлэгчийн 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот тушаалаар 1980.11.28 Төвийн 3-р цэцэрлэгт сав угаагчаар авч ажиллуулав”, “Цэцэрлэгийн эрхлэгчийн 1990.05.30-ны өдрийн 05 тоот тушаалаар 1990.05.30 Тогооч Гүнд өндөр насны тэтгэвэрт гарсан тул тогоочоор авч ажиллуулав”, Н.Бадамсүрэнгийн 257031 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар талд “1-р цэцэрлэгт туслах багшаар 1994.09.01-ний өдөр ажилд орсон, 2003.06.03-ны өдөр ажлаас гарсан” гэж бичжээ. /хх-18, 28/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.

 

Хүсэлт гаргагч Н.Бадамсүрэн нь 1996 оноос хойших хугацаанд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул 2003 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй гэх тайлбарыг гаргасан болно.

 

Н.Бадамсүрэн нь Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэг, 1 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг гэрчлүүлэхээр Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух М.Гармаа, Ц.Ичинхорлоо нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн даалгавар хүргүүлж, гэрч асуулгах ажиллагааг хийж гүйцэтгүүлсэн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Ц.Ичинхорлоо “...Би 1980 оноос 2011 он хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэг болон 1 дүгээр цэцэрлэгүүдэд багшаар ажиллаж байсан. Н.Бадамсүрэн нь Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт 1983 оны үед байх, оныг нь сайн санахгүй байна, ямар ч байсан анх сав угаагчаар ажиллаж байгаад, Гүнд гэдэг тогооч тэтгэвэрт гараад, тэр хүний оронд тогоочоор ажиллаж байсан. Улмаар 1993 оноос эхлээд миний туслах багшаар ажиллаж байсан...”, гэрч М.Гармаа “...Би 1969 онд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд 1994 оныг хүртэл 3 дугаар цэцэрлэгт, 1994 оноос 2006 он хүртэл 1 дүгээр цэцэрлэгт тус тус багшаар ажиллаж байсан. Н.Бадамсүрэн нь 1980 оноос 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгт сав угаагч, туслах тогоочоор, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 дүгээр цэцэрлэгт Ичинхорлоо багшийн туслах багшаар тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Норзонгийн Бадамсүрэн /Регистрийн дугаар ПЮ62012002/-г 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн төвийн 3 дугаар цэцэрлэгт “сав угаагч”-аар, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “тогооч”-оор, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн төвийн 1 дүгээр цэцэрлэгт “туслах багш”-аар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР