Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/313

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Л-ын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108001520200 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Л-ын М /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “охиныг уруу татлаа” гэх шалтгаанаар М.Бгийн толгойн тус газарт төмөр малтуураар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун гуянд шарх, дээд доод мөчдөд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч М.Бгийн мэдүүлэг /хх-ийн 15-17х/, гэрч Х.Тгийн мэдүүлэг /хх-ийн 31-32х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35х/, шүүгдэгч Л.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 27-28х/, Л.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/, шүүгдэгч Л.Мийн мэдүүлэг /хх-ийн 58-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 18 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.М нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “охиныг нь уруу татлаа” гэх шалтгаанаар иргэн М.Бгийн толгой руу төмөр малтуураар 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Бгийн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найз Б надтай өөрийн ... дугаараас холбогдоод Оод айлд байна хүрээд ирээч гэсний дагуу 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах Бын найзын гэрт нь очиход манай найз Б болон түүний хоёр найз байсан. Би тэр найзуудыг нь танихгүй учир тодорхой хэлж мэдэхгүй байна. Бид нар хэсэг байж байгаад бүгдээрээ хамтдаа Сэнгүүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд байж байтал манай найз Т өөрийн найз залуугийн хамт ирсэн бөгөөд хэсэг хугацааны дараа уух юм дуусаад манай найз Б, түүний үл таних хоёр найз, мөн Тгийн найз залуу зэрэг хүмүүс уух юм авахаар дэлгүүр явсан. Гэрт би болон манай найз Т бид 2 үлдээд байж байтал гаднаас Бын ээж гартаа төмөр малтуур барьж орж ирээд Т бид хоёрыг “охиныг нь уруу татлаа” гээд уурлаад доромжлоод миний толгойн тус газар цохисон. Бын ээж М эгч миний толгой руу төмөр малтуураар хоёр удаа цохиход миний толгойноос их хэмжээний цус гараад би гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. ...М эгч намайг цохиж байхдаа охиныг нь гэрт нь хариулахгүй уруу татаад тэнээд яваад байна гээд уурлаад байсан. Би Бтай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр л уулзсан бөгөөд тэрнээс өмнө уруу татаж тэнээд яваад байсан зүйл байхгүй. Бын ээж буруу ойлгоод охиныг нь намайг уруу татсан гээд намайг цохиж зодох болсон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/,

Гэрч Х.Тгийн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай найз Б надтай холбогдоод Оод айлд байна хүрээд ирээч гэхээр нь 17 цагийн үед өөрийн найз Бтай хамт очсон. Бид хоёрыг тэр айлд очиход тэднийд манай найз Б, түүний хоёр найз, мөн манай найз Б нар байсан. Б бид хоёрыг тэр айлд очиход тэд нар хоёр сав 2.5 литртэй пиво хувааж уугаад дуусаж байсан. Бид нар хэсэг байж байгаад манай найз Б болон Б, Бын хоёр найз нь хамтдаа уух юм авахаар дэлгүүр лүү явсан. Тухайн үед цаг 18 цаг болж байсан бөгөөд гадаа гэгээ тасарч харанхуй болсон, бид нарын байсан айл гэрэлгүй байсан. Тэгээд гэрт нь би өөрийн найз Бгийн хамт байж байтал манай найз Бын ээж гартаа төмөр малтуур барьж орж ирээд Б бид хоёрыг охиныг нь уруу татлаа гээд уурлаад доромжлоод Бгийн толгойн тус газарт тэр малтуураараа хоёр удаа цохисон. Бгийн толгойноос их хэмжээний цус гараад түргэн тусламж дуудаад дараа нь цагдаа нар ирсэн. Би М эгчийг болиулах гэж оролдоод дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 359 дугаартай: “...М.Б-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун гуянд шарх, дээд доод мөчдөд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35х/,

Шүүгдэгч Л.Мийн: “...Тухайн өдөр би охин Быгаа хайгаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах Бын найзын гэрт нь очсон. Тэгэхэд тэр айлд манай охин байгаагүй. Харин манай охины найз Б, ТТ нар байсан бөгөөд тухайн үед тэр айл нь гэрэлгүй харанхуй байсан. Намайг тэр айлд ороход Б, Т Т хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай халамцуу байхаар нь миний уур хүрээд тэр айлын баруун талын хатавчинд байсан төмөр малтуураар Бгийн толгойн тус газар хоёр удаа цохисон. Бг цохиход ТТ намайг болиулах гэж оролдсон. Тэгэхээр нь би ТТг цаашаа өөрөөсөө түлхээд тэр хоёроос охиныгоо асуусан. Нэг мэдсэн чинь Бгийн толгойноос цус гараад, тэр цусыг нь хараад би их айгаад өөрийгөө юу хийчих вэ гэж бодсон. ...Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Л.Мийн охин М.Б нь 2-11 насны 4 хүүхэдтэй атлаа хүүхдүүдээ орхиод үе үе гэрээсээ олон хоногоор гадуур явдаг, М.Бын нөхөр нь ажил хөдөлмөр эрхлээд хүүхдүүдээ харах боломжгүйн улмаас хүүхдүүдийг нь шүүгдэгч Л.М асарч тойглодог төдийгүй өөрийн охин М.Бд хяналт, анхаарал тавьж хойноос нь хөөцөлдөж явдаг нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн хэрэг гардаг өдөр шүүгдэгч нь мөн адил охиныхоо хойноос хөөцөлдөж явсаар найзынх нь гэрт ирж улмаар гэрт байсан М.Б, Х.Т нартай “охин Быг нь уруу татлаа” гэх асуудлаар маргаж, М.Бгийн толгойн тус газар нь төмөр малтуураар цохиж, хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл нь хохирогч М.Б, гэрч Х.Т нарын мэдүүлгээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл буюу үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байна.

Хэдийгээр шүүгдэгч Л.М нь өөрийн хүүхдийн хойноос анхаарал тавьж хөөцөлдөж буй явдлыг буруутгах үндэслэлгүй боловч Л.М нь биет зүйл буюу төмөр малтуур хэрэглэн хүний эрүүл мэндэд халдаж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүний хүсэж үйлдсэний улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.М нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Иймд шүүгдэгч Л.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М нь гэм буруугаа ухамсарлаж сайн дураараа хохирогчид 200.000 төгрөг төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Л.М нь нөхөр хүүгийн хамт амьдардаг, нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хүү нь 27 настай хэдий ч төмөр хөлтэй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, Л.М нь хүү болон 2-11 насны 4 зээгээ асарч халамжилдаг, мөн эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал, дэлүү томролтой, эмчийн хяналтад байдаг, нөхрийнхөө олсон орлогоор хангалттай амьдарч болоод байдаг зэрэг байдлыг тус тус харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, 1 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Л.Мийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Л.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг, нөгөө талаас шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал, дэлүү томролтой, хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, өрхийн сарын орлого 900.000 төгрөг, уг орлогоороо амьдардаг зэрэг байдлууд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын байдал, сард төлөх боломжит хэмжээ зэргийг нь харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Л-ын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ