| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01881/и |
| Дугаар | 1425 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1425
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01425 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 11 гудамж, 295 тоотод оршин суух Шарайд овогт Мөнхбаярын Сувд /Регистрийн дугаар СЧ67031566/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Сувд шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Миний бие 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж, 1992 оны 08 дугаар сарын 01-нд Хэрлэн Баян-Улааны отор тэжээлийн аж ахуй татан бууж, ажлаас гарсан. Би өндөр насны тэтгэвэрт орох гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэр нэгдэл татан буухад бичилт хийж өгөөгүй. Хэнтий аймгийн архив шүүлгэхэд 1990 оны чөлөө авсан тушаал, 1991 онд 6 сард чөлөө авсан тушаал гарч ирсэн. Улсын нийгмийн даатгалд 1990-1992 онд улсад ажилласныг нөхөн даатгалд оруулахгүй жил хасаад байгаа тул архивын баримт үндэслэж, намайг 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолооч хийж байсныг тогтоож өгч туслана уу” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Сувд нь Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолтод “Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуйн 1990-1992 оны санхүүгийн баримтанд М.Сувдын холбогдох баримт гараагүй болно” гэжээ. /хх-4, 31/
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай тушаал, мөн 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тушаалаар М.Сувд нь Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх-5, 6/
Дээр дурдсан бичгийн нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу бүрджээ.
Хүсэлт гаргагч М.Сувдыг ажиллаж байсан байдлыг гэрчлэхээр Д.Алтанхуяг, Д.Ганчимэг нар гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн.
Шүүхэд дуудагдсан гэрч Д.Ганчимэг “...М.Сувд нь манай нөхөртэй хамт Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тус аж ахуйд 1980 оноос гидротехникчээр ажиллаж байсан. М.Сувд нь намайг ажилд ороход ажиллаж байсан. 1992 он хүртэл ажилласан нь үнэн. Харин хэдэн сарын хэдний өдөр хүртэл ажиллаж байсан тухай сайн санахгүй байна...”, гэрч Д.Алтанхуяг “Дамдинсүрэн овогтой Алтанхуяг би Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1980 оны 06 дугаар сарын 25-наас 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажиллаж байх үед М.Сувд нь тус аж ахуйд тракторын жолооч хийж байсныг мэднэ...” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шарайд овогт Мөнхбаярын Сувд /Регистрийн дугаар СЧ67031566/-ыг 1990 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд “тракторын жолооч”-оор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР