| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0314/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/342 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/342
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Н.Б, Н.Ж,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Эт холбогдох эрүүгийн 2108001370297 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ... ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоот дахь өөрийн гэртээ 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед “миний яаж явах та нарт хамаагүй” гэж Н.Жтай маргалдан түүний ам руу салаавчаа хийж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Н.Жыг цохисны улмаас түүний зүүж байсан нүдний шилний 2 гарыг хугалж эд хөрөнгөд нь 464.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Бтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, мөн 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Э миний нүдний шилийг намайг цохих үедээ унагааж хугалсан. Мөн энэ Э нь эгч дүүсээрээ нийлж миний үснээс туг тугаар зулгааж халцалсан. Би настай хүн. Э нь хүний урамд над руу залгаж таны бие яаж байна гэж асуугаагүй, хохирол төлөөгүй. Би 5 эмэгтэй дүүтэй, ээж аавыгаа орлоод явдаг. Тэд нарын нэг болох Б нь нөхрийнхөө өөр хүүхэнтэй харилцсан элдэв хангай зураг чат үзүүлээд байхаар нь энэ Этэй уулзчихаад л явъя гээд гэрт ирээд утсаар ярьж дуудсан юм. Тэгтэл Э ч ирсэн, араас 5 минут орчим бололгүй ээж, эгч, дүү нар нь гаднаас орж ирсэн. Би тэр үс зулгаасан ээж эгч дүү нарт нь гомдолтой байна. Энэ Эийн хувьд юу ч хэлэх вээ дээ. Э нь миний өөдөөс салаавч гаргаад миний ам руу хийж буйл завж урсан. Тэгээд миний явдал чамд хамаагүй гэхээр нь би эргүүлээд алгадсан чинь буцаагаад намайг хүчтэй цохих үед нүдний шилний гар хугарсан. Би дүү нарынхаа амьдралд тэр бүр оролцоод байдаггүй. Эгчийн хувьд дүү нараа л чи болохгүй байна гэсэн байдлаар хандаж ирсэн, гэтэл Э нь манай дүүг хуурч гадуур харилцаа үүсгэсэн байсан. Энэ байдлыг нь эхлээд насанд хүрээгүй хүүхэд нь мэдсэн байсан, тэр хүүхдийн хувьд ямар хэцүү байдалд орсныг хэлэх аргагүй, тэгээд тэр чатыг нь хуулбарлаж авч гаргаж өгсөн юм. Э нь надад хохирол барагдуулаагүй, уучлалт ч гуйгаагүй байгаа. Одоо энд надад эмчилгээ хийлгэсэн олон баримт байгаа ч би гаргаж өгөхгүй, хэрэгт хавсаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлоо нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Жын мэдүүлэг /хх-ийн 23-25х/, хохирогч Н.Бгийн мэдүүлэг /хх-ийн 30-32х/, гэрч Т.Шгийн мэдүүлэг /хх-ийн 37-38х/, гэрч С.Эын мэдүүлэг /хх-ийн 40-41х/, насанд хүрээгүй гэрч Э.Дн мэдүүлэг /хх-ийн 49-50х/, гэрч Н.Оийн мэдүүлэг /хх-ийн 44-45х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 402 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58х/, шинжээч эмч Т.Сгийн мэдүүлэг /хх-ийн 63-64х/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67х/, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 83-84х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 85-89х/, шүүгдэгч С.Эийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 92х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 93х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 95х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 96х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 97х/, ... ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 98х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99х/, шүүгдэгч С.Эийн мэдүүлэг /хх-ийн 81-82х/, БНСУ-ийн эмнэлэгт эртхэн шилжүүлэн суулгуулсан тухай /хх-ийн 101-102х/, эмнэлгийн баримтууд /хх-ийн 104-105х/, хохирлын баримт /хх-ийн 114х/, шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Н.Жаас гаргаж өгсөн 2 ширхэг фото зураг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас тодорхойлолт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох” гэсэн саналыг гаргаж оролцов.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхээс талуудын шинжлэн судалсан баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгдэгч С.Э нь санаатайгаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл байхаар байна. Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдлээр илрэхээр зохицуулагджээ. Энэ санаатай гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйл “болгоомжгүйгээр эд хөрөнгө, устгах гэмтээх, үрэгдүүлэх”-ээс субьектив шинжээрээ ялгаатай юм.
Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл нь “санаатай, болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардаагүй, бусдын эд хөрөнгийг аливаа хэлбэрээр устгасан гэмтээснийг харгалзахгүйгээр энэ зүйл ангиар зүйлчилнэ” гэж хуулийн зүйл заалтыг ташаа байдлаар тайлбарлах нь хуульзүйн үндэслэлгүй байна.
Тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад, тодруулбал, хохирогч Н.Ж нь “...Э зөрүүлээд миний нүүр лүү гарынхаа алгаар маш хүчтэй нэг удаа цохисон. Тэгтэл миний зүүж байсан харааны нүдний шилний гар нь хугарч нүдний шилийг ахин ашиглах боломжгүй болсон” гэж,
-хохирогч Н.Б нь“...Э зөрүүлээд нэг удаа алгадсан чинь Ж эгчийн нүдний шилний гар нь хугарч газарт унаж, зүүн нүд нь хөхөрсөн” гэж,
-гэрч Т.Ш нь “...Э гарынхаа ар талын хэсгээр Жын нүүр лүү нэг удаа цохиод бил үү алгадаад авсан чинь Жын зүүж байсан харааны нүдний шилнийх нь нэг чих хугараад газарт унасан” гэж,
-гэрч С.Э нь “...Тэгтэл Э ах Ж эгчийг нэг удаа алгадсан чинь зүүж байсан нүдний шилнийх нь чих нь хугараад газарт унасан” ... гэсэн байдлаар хохирогч, гэрч нар мэдүүлсэн төдийгүй шүүгдэгч С.Э нь “...Ж эгчийн хажууд суусан чинь намайг хоёр удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Ж эгчийг гарынхаа алгаар нэг удаа алгадсан чинь харааных нь нүдний шилнийх нь хоёр чих хугараад уначихсан” гэж мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгүүдээс үзвэл, шүүгдэгч С.Э нь хохирогч Н.Жын биед халдаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцад Н.Жын нүдний шил унаж гэмтсэн байх бөгөөд шүүгдэгч нь өөрийг цохилоо гэсэн шалтгаанаар буцаагаад хохирогч Н.Жыг цохиж буй энэхүү үйлдэл нь хохирогчийн бие махбод руу халдсан, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахад чиглэгдсэн шинжтэй гэж дүгнэхээр байгаа ба харин шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг устгаж, гэмтээх санаа зорилго агуулж, хууль бусаар идэвхтэй үйлдэл /обьектив болон субьектив шинж/ хийсэн нөхцөл байдал нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэлд энэ гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэхээр байна.
Харин шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод “миний яаж явах та нарт хамаагүй” хэмээн хадам эгч Н.Жтай маргалдан түүний ам руу салаавчаа хийж, нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эхнэр Н.Бгийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Н.Жын: “...2020 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед дүү Б утсаар залгаад “би өнөөдөр ажлын газраасаа шагнал авсан. Та хаана байна” гэхээр нь “Отэй дэлгүүр дээрээ байна” гэхэд “та хоёр манайд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Би Оийн хамт яваад ортол Б гэртээ 3 хүүхэдтэйгээ хамт бууз жигнэчихсэн сууж байсан. Эийг яасан юм, хаана байгаа юм гэж асуухад “Э угаасаа байдаггүй ш дээ, шөнө дундад эсвэл үүрээр л гэртээ орж ирдэг ш дээ” гэж хэлээд надад гар утсан дээрээ дарсан фейсбүүкээр харьцсан чат үзүүлсэн. Тэрийг нь харахад Э өөр хүүхэнтэй бие биенийгээ хайраа гэж бичсэнээс гадна секс хийсэн талаараа бичсэн байсан. Тэгэхээр нь би “ийм юм гэж юу байдаг юм” гэж хэлээд Э рүү залгаж гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл шөнө 01 цагийн үед Э согтуу орж ирэхээр нь би түүнд хандаж “чи үр хүүхэд, эхнэрээ хаячхаад хаагуур яваад байгаа юм” гэж хэлсэн чинь “миний хаагуур явах нь хэнд ч хамаагүй, би хаагуур ч явж болно” гэж хэлээд миний ам руу салаавч хийх үеэрээ миний буйл, завжийг урчихаар нь би сууж байсан орон дээрээсээ босож ирээд Эийг алгадсан чинь Э зөрүүлээд миний нүүр лүү гарынхаа алгаар маш хүчтэй нэг удаа цохисон. Тэгтэл миний зүүж байсан харааны нүдний шилний гар нь хугарч нүдний шилийг ахин ашиглах боломжгүй болсон. Яг энэ үеэр гаднаас Эийн ээж Ш, эгч Э, дүү Э нар нь орж ирсэн. Тэгтэл Э нь Бд хандаж “ингэхээр би ээ хүүхэнтэй явж чадахгүй юм шиг байна уу” гэж хэлээд ширээн дээр байсан шаазан аягийг аваад Б руу шидээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь Бгийн хамраас нь их цус гараад доошоо суусан. Би Эийн эгч Эд хандаж “ер нь чи Эийг тэр хүүхэнтэй холбож мэдээлэл өгдөг юм биш үү, дүү нарынхаа амьдралаар тоглох гээ юу” гэтэл бүгдээрээ тал талаас ирээд над дээр овоорчихсон, тэгээд миний үснээс зулгаасан юм. Ийм л асуудал болсон. Манай хүргэн 2019 онд Солонгос улсад нүдний шилийг хийлгэсэн бөгөөд монгол мөнгөөр тооцоход 580.000 төгрөгөөр хийлгэж өгсөн байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Н.Бгийн: “...манай нөхөр Э 2020 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн согтуу орж ирсэн. Тэгтэл Ж эгч Эт “чи хаагуур яваад, архи уугаад байгаа юм, гэр орондоо байхгүй” гэж хэлтэл Э “миний хаагуур явах чамд хамаагүй” гэж хэлээд Ж эгчийн ам руу салаавч хийсэн чинь Ж эгч Эийг 2 удаа алгадсан, Э зөрүүлээд нэг удаа алгадсан. Тэгтэл Ж эгчийн нүдний шилнийх нь гар нь хугарч газарт унаж, зүүн нүд нь хөхөрсөн. Энэ үед гаднаас нөхрийн дүү Э, эгч Э, хадам ээж Ш нар орж ирсэн. Э энэ үед улам агсарч орилоод Ж эгч рүү гутал, 10 кг гурил авч шидээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гараад би доошоо суусан. Миний нүүр лүү гарынхаа араар цохисон уу, гараа зангидаж байгаад цохисон юм уу мэдэхгүй. Учир нь миний нүүр лүү маш хурдан цохисон. Миний нүүрэнд учирсан гэмтлийг Э гараараа цохиж учруулсан. Харин зүүн өвдөгний гадна дээд хэсэг, дотор доод хэсэгт учирсан цус хуралтыг над руу аяга авч шидээд хөлийг оносноос болж үүссэн. Э нь өөр эмэгтэйтэй явалдаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, гэртээ от тогтдоггүй, гадуур маш их хонодог болсон. Энэ асуудлаас үүдэж муудалцсан. Эмчилгээний зардлыг Э гаргаж төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32х/,
Гэрч Т.Шгийн: “...2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө байсан, тухайн үед хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би унтаж байсан. Энэ үед миний гар утас руу Э залгаад ээж та эгч дүү хоёрыг дагуулаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд охин С.Э, С.Э нарын хамтаар гурвуулаа Эийн гэрт нь яваад ороход миний хүү Эийн толгой руу Эийн эхнэрийн эгч Ж гараараа цохиод авахаар нь “хүүе та нар чинь юу болоод байгаа юм, яагаад бие муутай хүний тархи толгой руу нь хамаагүй цохиод байгаа юм” гэж Жд хэлэхэд Ж миний өөдөөс би яагаад Эийг цохиж болдоггүй юм гэж хэлэхээр нь чи юу яриад байна энэ их хөл хориотой үед яахаараа та нар согтуу байдаг юм, юу болоод байгаа талаараа надад хэлээдэх гэж хэлтэл Э гарынхаа ар талын хэсгээр Жын нүүр лүү нэг удаа цохиод бил үү алгадаад авсан. Тэгтэл Жын зүүж байсан харааны нүдний шилнийх нь нэг чих нь хугараад газарт унасан... ...Маргаан болсны дараагаар тухайн үед Э Бгийн нүүр лүү цохисон, Бгийн хамраас цус гарсан байсан гэдгийг хүүхдүүдээсээ сонссон, тухайн үед бол анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,
Гэрч С.Эын: “...Би ээж, эгч нарынхаа хамтаар гэрт нь ороход Ж эгч манай Э ахын нүүр лүү нь 3 удаа алгадаад авахаар нь хүүе ээ болиоч ээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь надад энэ хүнийг алгадах эрх байгаа гэж хэлж байсан. Тэгтэл Э ах Ж эгчийг нэг удаа алгадсан чинь зүүж байсан нүдний шилнийх нь чих нь хугараад газарт унасан. Энэ үед Б эгч та нар муусайн янхан гичий нар удмаараа янханууд гээд хүний тэвчээрийг бартал муу муухай үгээр хэлээд орилоод л байсан. Тэгтэл ах Э Б эгч рүү цагаан өнгийн шаазан аяга аваад шидэж байсан. Ямар ч байсан Б эгчийн хамраас нь цус гарсан байсан. Яг юунаас болж хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Дн: “...аав 2020 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд гаднаас архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. ...Хоорондоо юм яриад сууж байснаа гэнэт аав салаавч гаргаад Ж эгчийн ам руу хийгээд байсан. Тэгтэл Ж эгч босож ирээд аягатай цайгаа аав руу цацаад нэг удаа алгадсан чинь аав Ж эгч рүү муухай харж сууж байгаад эмээ Ш, эгч Э, Э нар луу утасдаад гэрт хүрээд ирээч гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш удаагүй гаднаас Ш эмээ, Э, Э эгч гурвуулаа ороод ирсэн. Тэгтэл аав шууд Ж эгчийн нүүр лүү гараараа алгадсан чинь Ж эгчийн нүдний шилнийх нь чих нь хугараад газарт унасан. Тэгтэл О эгч Ж эгчид хандаж тэнэг хүнтэй юу ярьдаг юм гэж хэлтэл аав О эгчид хандаж “чи өөрийнхөө амьдралыг хичээ, манай гэрээс зайлцгаа” гэж хэлээд орилоод агсраад байсан. Үүний дараагаар аав ээж рүү аяга авч хөл рүү нь шидээд нүүр лүү нь гараараа түлхэж байгаа юм шиг алгаараа нэг удаа алгадсан чинь ээжийн хамраас цус гараад доошоо суусан. Мөн аав Ж эгч рүү гутал болон шуудайтай гурил авч шидсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х/,
Гэрч Н.Оийн: “...Ж эгч бид 2 Б эгчийн гэрт очсон. Тэгтэл Б эгч бид хоёрт нөхөр Э нь өөр хүүхэнтэй харьцсан фейсбүүк чатыг үзүүлээд гэртээ ирж хонохоо больсон, гэртээ ирвэл шөнө орой ирдэг болсон гэж хэлсэн чинь Ж эгч ийм юм гэж юу байдаг юм гээд Э рүү 23 цагийн орчимд залгасан чинь одоо очлоо гээд салгасан. Тэгээд шөнө 01 цагийн үед Э ах архи уусан байдалтай орж ирээд миний хаагуур юу хийж явах нь та нарт хамаагүй гээд Ж эгчийн ам руу салаавч хийсэн. Яг энэ үеэр Эийн ээж, эгч, дүү нар нь орж ирсэн. Тэгтэл Ж эгч Эийг “чи яахаараа миний ам руу салаавч хийдэг юм” гэж хэлээд Эийн хацар луу нэг удаа алгадсан чинь Э зөрүүлээд Ж эгчийн нүүр лүү гараараа алгадсан чинь Ж эгчийн зүүж явсан нүдний шилнийх нь 2 чих нь хугараад газарт унасан. Ингээд Э ямар асуудал гаргаад өөр хүүхэнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд байгаа чат, бичлэг зэргийг ээж, эгч дүү нарт нь үзүүлж, болоод байгаа асуудлын талаар ярилцах гэтэл Э тэр хүмүүстэй ярилцах, яриулах боломж өгөхгүй орилоод “наад хүмүүстэйгээ юу ярьдаг юм” гэж хэлээд орилоод байсан. Тэгтэл Э хөргөгч дээр байсан сэнжтэй шаазан аягыг авч Б эгч рүү шидэж хөлийг нь оносон. Мөн газар байсан шуудайтай гурилыг авч шидэхэд хэн нэгнийг оноогүй ширээн дээр унасан. Э Ж эгчийг сандал дээр сууж байхад нь “өвчтэй дүүг минь битгий дээрэлхээд бай” гэж хэлээд Ж эгчийн үснээс зулгаагаад..., Ш, Э нар Ж эгч дээр очоод овоорчихсон. Дэлгэрдалай бид хоёр болиоч ээ гэж хэлээд салгаад эргээд хартал Б эгчийн хамраас цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 402 дугаартай шинжээчийн:
“1. Н.Жын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд үс халцралт, дух, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн:
1.Н.Бгийн биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын дээд хэсэг, зүүн өвдөгний гадна дээд хэсэг, дотор доод хэсэг цус хуралт, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58х/,
Шинжээч эмч Т.Сгийн: “...Н.Жын биед үүссэн зүүн чамархайн хуйханд үс халцралт нь гэмтлийн зэрэг хамаарахгүй. Харин зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь цохих болон алгадах үед нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүнээс үүдэн Н.Жын биед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Харааны нүдний шил 20169 онд Солонгос улсад хийлгэж байсан-464.000 төгрөг” /хх-ийн 67х/,
Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 83-84х/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 85-89х/,
Шүүгдэгч С.Эийн: “...Ж эгч надад хандаж чи хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлээд над руу дайраад байхаар нь би хаагуур явах нь хэнд хамаатай юм бэ би ажилтай явж байгаад ирлээ гэж хэлээд том өрөөндөө ороод Ж эгчийн хажууд суусан чинь намайг хоёр удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Ж эгчийн гарынхаа алгаар нэг удаа алгадсан чинь харааных нь нүдний шилнийх нь хоёр чих нь хугараад уначихсан. Үүний дараагаар би гутал болон 10 кг шуудайтай гурил авч шидсэн боловч Ж эгчийг оноогүй юм. ...Б дайраад уурлаж орилоод байхаар нь би гарынхаа ар хэсгээр нэг удаа нүүр лүү нь алгадсан. Тэгтэл Бгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Э, хохирогч Н.Б нар нь 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн гэрлэлт бүртгэлийн лавлагаа авагдсан /хх-ийн 96х/, 3 хүүхэдтэй байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэхээр байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч С.Э нь гэр бүлээс гадуурх харилцаа бусадтай үүсгэсэн нь өөрийн эхнэр Н.Бтай хэвийн бус харилцаатай болгоход хүргэсэн байх бөгөөд улмаар хадам эгч Н.Жыгаа уг асуудалд хөндлөнгөөс оролцлоо, чамд хамаагүй хэмээн уурлан өөдөс нь салаавч гарган нүүр лүү нь цохиж хөнгөн хохирол учруулсан, мөн өөрийн эхнэр Н.Бг уг асуудлыг эгчдээ хэллээ гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан цохиж хамрыг хугалах болон биеийн бусад хэсэгт хөхрөлт няцрал бүхий гэмтлийг учруулсан болох нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон, тухай нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Эийн энэхүү 2 хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл болон үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Бг зодож гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэгдсэн байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ж, Н.Б нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Н.Ж нь эмчилгээ, оношилгоо хийлгэсэнтэй холбоотойгоор 258.300 төгрөгийг баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 113-114х/, мөн шүүгдэгч Б.Эийн цохилтын улмаас хохирогч Н.Жын эзэмшлийн нүдний шил гэмтсэн байна.
Иймд энэхүү шууд болон шууд бус хохирлыг шүүгдэгч С.Эээс гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус нүдний шилийг 464.000 төгрөгөөр үнэлсэн, хохирогч Н.Жд нийт 722.300 төгрөгийг хохирол учирсныг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Э нь төлж барагдуулсан байх тул хохирогч Н.Жд төлөх төлбөргүй гэж үзсэн.
Харин хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтад 108.000 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх боловч шүүгдэгч С.Э нь уг мөнгийг өөрөөс гаргаж өгсөн баримт буюу хохирогч Н.Бгийн биед шинжилгээ хийлгүүлсэн баримт гэж мэдүүлснээс гадна Н.Бг дагуулж яван хамрыг тэгшлүүлсэн, эмчилгээ хийлгэж өгсөн гэх бөгөөд үүнийг хохирогч талаас үгүйсгээгүй тул шүүгдэгч С.Эийг мөн хохирогч Н.Бд төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, мөн элэг шилжүүлэх хагалгаанд орсон, дахин хагалгаанд орох гэж буй эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуулийн хугацаанд хэсэглэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч С.Эийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хоёр хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна түүний хувийн байдал /элэг шилжүүлэн суулгуулах хагалгаанд орж байсан, дахин хагалгаанд орох шаардлагатай гэх эрүүл мэндийн байдал/, мөн тэрбээр ... ХХК-нд засварчнаар ажилладаг, сарын үндсэн цалин 1.300.000 төгрөг буюу орлоготойг илэрхийлсэн баримтуудтай байх тул эдгээр байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлогын хэмжээг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт С-ын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ