Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0745

 

 

 

 

 

“Э...” ХХК, “А...” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч

Нэхэмжлэгч “Э...” ХХК, “А...” ХХК

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Гуравдагч этгээд “Хавдар судлалын үндэсний төв” ТӨҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 627 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ц.О, өмгөөлөгч П.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С

Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0532/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э...” ХХК, “А...” ХХК-иуд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 627 дугаар шийдвэрээр:

2.1. “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э... ХХК, А... ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн (Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог) гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож.” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Үүнд:

3.1. “... Нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн хувьд:

3.1.1. Нэхэмжлэгч “Э...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй, эрх ашиг нь хэрхэн зөрчигдөж буй талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”; Захиргааны еренхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

3.1.2. Төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны акт заавал биелэгдэх захирамжилсан, хаяглагдсан этгээддээ эрх зйн үр дагаврыг бий болгох, эрх, ашигт нь эерэгээр болон сөргөөр нөлөөлөх шинж бүхий үр дагаврыг бий болгох ёстой.

3.1.3. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/73 дугаар "зөвлөмж зөвшөөрөл хүсэх тухай" албан бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт Хавдар судлалын үндэсний төв хүргүүлсэн. Энэ албан бичгийн хариу нь төрийн байгууллага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь "зөвлөмж хүссэн албан бичигт л хариу өгсөн үйлдэл юм.

3.1.4. Захиргааны ерөнхий хуульд заасан "харилцан туслах үүрэг” гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно". 10.1.1-д “эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол”, 10.1.2-т “үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол”, 10.1.3-д “чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол” захиргааны байгууллага туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй юм.

3.1.5. Нэхэмжлэгч “Э...” ХХК-нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-184 тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан "тухайн захиргааны байгуулага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, захиргааны акт гаргах эрхтэй этгээд нь Сангийн яам гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө Сангийн яамдаа хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, үүнд нь хариу өгөөгүй тохиолдолд шүүхэд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь хуулиараа нээлттэй юм.

3.1.6. Монгол Улсын шүүхэд хандах үндэслэл, зорилго, шүүхийн шийдвэрийн үр дүн буюу шийдвэр гарснаар хэн нэг этгээдийн эрх ашиг сэргээгдэх нь хууль ёсыг дээдлэх зарчимтай нийцэх ёстой болов уу гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэгч “А...” ХХК-ийн хувьд:

3.2.1. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон Улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ тухайн "Нэхэмжлэгч” этгээд хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээд мен болон талаар Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй”, гэж заасан бөгөөд хуулийн этгээдийг хувьцаа эзэмшигч төлөөлөхгүй, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага төлөөлнө.

3.2.2. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Компанийн Хувьцаа эзэмшигчийн эрхийг компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа улдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар "Ачлал, Трейд" ХХК нь “Э...” ХХК-ийн хувьцаа ээмшигч гэдэг нь нотлогддог. Иймд Компанийн тухай хуулийн дагуу "хувьцаа эзэмшигч" бол эрх ашиг нь зөрчигдсөн гээд шууд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

3.2.3. Иймд “А...” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу "хэргийг хэрэгсэхгүй болгох” үндэслэл хангалттай байхад шүүх хүлээн авч нэгтгэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.3. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй талаар

3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Монгол Улсын шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна”, Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулсан, ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдсөн талаар нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаан дээр тайлбарлаж чадаагүй байдаг.

3.3.2. Мөн нэхэмжлэгч компани шүүхэд "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/84 тоот шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох" гэж шаардлага гаргасан байхад Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Албан бичгийн хариу А-01/84 тоот албан бичгийн (Төрийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай гэж зөрүүтэй шийдвэр буюу нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл "Нэхэмжлэлийн шаардлага" үндэслэлээс давсан дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хууль буруу хэрэглэсэн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Үүнд:

4.1. Шүүхээс талуудын хооронд үүссэн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргааны мөн эсэхийг зөв тодорхойлж чадаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх ба хэрэглэх ёстой хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээс гадна маргааны цар хүрээ, хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

4.1.1. Нэхэмжлэгч “Э...” ХХК, “А...” ХХК-иудаас шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Албан бичгийн хариу" №-1/84 дугаар албан бичгийн /Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог/ гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан ба шүүхээс уг албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон ба тус албан бичгийг захиргааны акт гэж үзсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

4.1.2. Хавдар судлалын үндэсний төвөөс хариуцагчид хүргүүлсэн зөвлөмж, зөвшөөрөл хүссэн агуулгатай албан бичгийн хариуд ирүүлсэн №-1/84 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хоёр захиргааны байгууллага харилцан туслах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байхад энэ талаар шүүхээс огт хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Энэ нөхцөл байдлын талаар гуравдагч этгээдээс тайбар гарган мэтгэлцсэн байхад шүүгч хэт нэг талыг барьж хэргийн нөхцөл байдлыг сайтар судлан үзэлгүйгээр шийдвэр гаргаж буй нь шүүгч мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж үзэхээр байгааг дурьдаж байна.

4.1.3. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан байдлаар захиргааны хоёр байгууллага харилцан туслах хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

4.2. Шүүх захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

4.2.1. Шүүхээс дүгнэлт хийхдээ №-1/84 дугаар албан бичгийг "маргаан бүхий захиргааны акт" эсхүл "илт хууль бус захиргааны акт" гэж аль нь болохыг ялгаж зааглан үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байхаас гадна тус албан бичиг нь маргаан бүхий захиргааны акт биш, илт хууль бус захиргааны актын шинжийг ч агуулж чадаагүй байхад хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэж илт хууль бус захиргааны акт болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн ойлгомжгүй болжээ. Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн нь хуульд нийцээгүй шийдвэр гарахад шууд нөлөөлсөн.

4.2.2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/84 дугаар "Албан бичгийн хариу" гэсэн албан бичгийн зарим хэсгийг тусад нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан "Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захиргааны акт" гэж үзэх, тодорхойлох ямар ч хууль зүйн боломжгүй юм.

4.2.3. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх нь тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэх, захиргааны актанд тавигдах хэлбэрийн болон материаллаг эрх зүйн шаардлага бүрэн хангагдсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан боловч энэ талаар огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй нь гомдол гаргах үндэслэл болж байна.

4.3. Шүүгч тус хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа /Түрээсийн гэрээний харилцаа, Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа/-г бүрэн дүүрэн судлаагүйгээс хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзсэн.

4.3.1. “А...” ХХК, “Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хавдар судлалын үндэсний төв, УИХ-ын гишүүн Ж.Ч  нарт холбогдох Түрээсийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний хүрээнд гарсан маргааны талаар Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад үүнийг шүүгч анхаарч үзээгүй. Арбитрын шийдвэрт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/84 дугаар "Албан бичгийн хариу" гэсэн албан бичигт эрх зүйн дүгнэлт өгч арбитрын бүрэлдэхүүн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.

4.3.2. Улсын хэмжээнд ганцхан байгаа Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийг өргөжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагатай уялдуулж эмнэлгийн барилгыг өргөтгөх ажил 2017 оны 12 дугаар сараас эхэлсэн. Энэ үед УИХ-ын гишүүн асан М.Бийн хамаарал бүхий /өөрийн үүсгэн байгуулсан компанийн охин компани/ “Э...” ХХК-иас хавдарын эмнэлгийн дэргэд 12 давхар, 120 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байсан учраас тус компанийн барилгыг Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар корпус болгон ашиглах боломжтой байсан, “Э...” ХХК /М.Б Хавдар судлалын үндэсний төвд түрээслүүлэх хүсэл зорилготой байсан/-наас Хавдар судлалын үндэсний төвд өөрийн барьж байсан эмнэлгийн барилгаа түрээсэлж хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах үүднээс Эрүүл мэндийн яамны сайдын багцад Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг өргөтгөх буюу “Э...” ХХК-ийн эмнэлгийн зориулалт бүхий барилгыг түрээсээр ашиглахад шаардлагатай 13.8 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгуулсан.

4.3.3. Хавдар судлалын үндэсний төвөөс “Э...” ХХК-ийн эмнэлгийн барилгыг урьдчилсан байдлаар хүлээн авах явцад мэс заслын 4 өрөө тасалгаа нь бүрэн бүтэн биш /огт мэс заслын өрөө тасалгааг хийгээгүй байсан/ байсан тул удаа дараа сануулж тухайн 4 өpөө тасалгааг хийж тохижуулан түрээсээр ашиглах буюу мэс засал хийх боломжтой байдлаар тохижуулж өгөх санал хүргүүлж байсан. Гэвч “Э...” ХХК-иас Улсын төсөвт суугдсан мөнгөн хөрөнгөөр тухайн мэс заслын 4 өрөө тасалгааг тохижуулах талаар шаардлага тавьж эхэлсэн. Төсвийн хөрөнгөөр мэс заслын 4 өрөө тасалгааг хувийн компанид байрлуулах, мэс заслын өрөө тасалгааг төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх нь хууль зөрчихөөр байсан тул энэ хууль бус шаардлагаас үүдэж Хавдар судлалын үндэсний төв нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж зөвлөмж зөвшөөрөл хүссэн албан бичгийг хүргүүлсэн байдаг.

4.3.4. “Э...” ХХК нь Концессын тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 120 ортой эмнэлгийн барилгыг "Концессын гэрээ"- р хийж гүйцэтгээгүй, харин өөрийн хувийн хөрөнгөөр барьж гүйцэтгэж байсан тул Улсын төсөвт түрээсийн төлбөрт суугдсан мөнгөнөөс тодорхой хэсгийг нь хувийн компанийн эд хөрөнгөтэй нийлүүлэх, нэгтгэх боломжгүй гэж үзэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандах болсон.

4.3.5. Харин Хавдар судлалын үндэсний төвөөс Улсын төсөвт түрээсийн төлбөр гэж суугдсан мөнгөнөөс “Э...” ХХК-ийн барьж байсан барилгад 4 мэс заслын өрөө тасалгааг хийж гүйцэтгэсэн бол тесвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр гэмт хэрэгт холбогдон шалгагдах нөхцөлийг бүрдүүлэхээр байсан.

4.3.6. Хавдар судлалын үндэсний төвөөс хариуцагчаас ирүүлсэн албан бичгийн дагуу “Э...” ХХК-д зориулж 2 ч удаа тендер сонгон шалгаруулалт зарласан боловч М.Б нь түрээсийн гэрээ байгуулахаас татгалзснаар цаашид гэрээ байгуулах, хамтарч ажиллах боломжгүй болсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарна уу.

4.3.7. Нэгэнт ийм байхад нэхэмжлэгчээс хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Албан бичгийн хариу" №-1/84 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны актанд тооцуулснаар яг ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй, хүчингүй болгуулснаар ямар хууль зүйн үр дагавар үүсэх зэрэг нь туйлын тодорхойгүй байгаа юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оын 08 дугаар сарын 31-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаас үзвэл, захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжүүдийг бүрэн хангасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянана.

3.3. Нэхэмжлэгч “Э...” ХХК, “А...” ХХК-иуд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Албан бичгийн хариу” №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй будад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргасан байна.

3.5. Гэтэл дээрх акт нь Хавдар судлалын үндэсний төвөөс Төрийн өмчийн, бодлого, зохицуулалтын газрын даргад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөвлөмж зөвшөөрөл авах тухай” 01/73 албан бичгээр “...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болох 5.800.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг бусдын өмчийн түрээсийн байранд суурилуулж болох” талаар зөвлөмж хүссэн хүсэлтийн хариуд ирүүлсэн албан бичиг болно.

3.6. Дээрх хүсэлтэд маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/84 тоот албан бичгийн 3 дахь догол мөрөнд “...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог...” гэсэн ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

3.7. Тодруулбал дээрх актын 3 дахь хэсэг нь аливаа захирамжилсан шинжгүй буюу хуулийн заалтыг иш татан, төрийн өмчийн хөрөнгийг өөр газарт байрлуулж болно, эсхүл болохгүй талаар дурдаагүй бөгөөд тухайн харилцаанд мөрдөгдөх холбогдох хуулийн зүйл заалтыг бичсэн байх тул захиргааны актын шинжийг хангахгүй ба анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг хянан үзээгүй байна.

3.8. Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Захиргааны байгууллага дараах тохиолдолд бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно:”, 10.1.3.-д “чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.” гэж зааснаар гуравдагч этгээд нь хариуцагчаас түрээслэн ашиглаж буй “Э...” ХХК-ийн байранд төрийн өмчийн хөрөнгийг шилжүүлэн байршуулах нь зүйтэй эсэх талаар мэргэжлийн зөвлөгөө авахаар хандсанд маргаан бүхий актаар хариу зөвлөгөө өгсөн үйлдэл байх ба уг албан бичгийн улмаас аливаа этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөргүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

3.9. Хэдийгээр нэхэмжлэгч этгээд уг албан бичигт дурьдагдсан хэсэг нь ихээхэн үр дагаврыг бий болгосон, гуравдагч этгээдийн зүгээс түрээсийн гэрээ байгуулах үүргээ биелүүлэхгүй байх, улсын төсөвт суусан мөнгийг зориулалтын бусаар зарцуулах үндэслэл болсон, түүнчлэн санхүүгийн маш их хэмжээний хохиролд хүрсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг албан бичгийн маргаан бүхий хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд хөндөх үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй, харин эдгээр нь гуравдагч этгээд болох Хавдар судлалын үндэсний төв уг зөвлөмжийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан гаргах үндэслэлд хамаарахаар байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан А-1/84 тоот албан бичгийн холбогдох хэсгийг илт хууль бусд тооцсноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

3.10. Мөн нэхэмжлэлийн үндлэслэлд дурьдагдсан асуудлаар нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байх бөгөөд хэрэгт Э... ХХК нь Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвд холбогдуулж “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний үүрэг, хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлийг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитрт гаргасанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 107 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Авлигатай тэмцэх газарт “Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э нь 2020 оны төсөвт батлагдсан “Э...” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж буй эмнэлгийн барилгын түрээсийн зардлаас зориулалтыг нь өөрчлөн 14 тэрбум төгрөгийг мэс заслын өрөөнүүд тохижуулахад шилжүүлэн зарцуулсан, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, авилгын эсрэг хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин, хавдраар өвчилсөн олон иргэдийн эрүүл мэндийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжийг хааж, улмаар аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, маш ихээр хохироож байгаа үйлдэл тул шалгаж өгнө үү...” гэх гомдол гаргасанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрүүд тус тус авагдсан болохыг дурьдах нь зүйтэй.

3.11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Э...” ХХК, “А...” ХХК-иудаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3.12. Ийнхүү нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын бусад үндэслэлд тайлбар хийх шаардлагагүй тул дүгнэлт хийгээгүй болно.

3.13. Маргааны агуулгын хувьд “Хавдар судлалын үндэсний төв” ТӨҮГ нь  №А-1/84 тоот албан бичгийн холбогдох заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй уг магадлалын 3.9-д заасан асуудлаар дахин зохих хууль, журмын дагуу гомдол, хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн магадлалаар хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Э...” ХХК, “А...” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА