Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 113/ШШ2019/0016

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Прокурор: Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор;

Хариуцагч: Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалын улсын байцаагч Э.Ш;

 “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Прокурор Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Улсын байцаагч Э.Ш нь “Ч” ХХК-ийн захирал Ж.Б нь 2018 оны 1 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 360.000 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон гэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар шалгаж, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3204201816 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 10.800 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

            Шалгалтаар материалыг хянавал улсын байцаагч Э.Ш нь шийтгэл ногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг, нөхөн татварын хэмжээг цуг бичиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, шийтгэл ногдуулж буй шийдвэрийг дурдаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

            Мөн холбогдогчоор Ж.Б-аас мэдүүлэг авсан атлаа хууль ёсны төлөөлөгч мөн эсэхийг шалгаж тогтоосон баримтгүй байх бөгөөд шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан үйлдэл, хэлбэрийг бүгдийг тусгаж, холбогдогч Ж.Б нь тухайн хуульд заасан зөрчлүүдийн алийг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан болохыг нотолж, дурдаагүй байна.

            Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн удирдлага болгон аймаг дахь Татварын хэлтсийн улсын байцаагч Э.Ш-ийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаартай шийтгэлийн хуудас /маягт-2/-ыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

            Хариуцагч Э.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: “ХА бичиг баримттай, “Ч” ХХК-ийн захирал, Ж овогтой Б нь 2018 оны 1 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 360.000.00 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан болох нь аж ахуйн нэгжийн албан татварын тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын тайлан, холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шийтгэлийн хуудсыг маягтын дагуу бичээгүй гэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь би шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газар болон ТХШУАЗГ-аас ирүүлсэн загвар дээр нөхөж бичсэн. Мөн хяналтын прокурорт тухай бүр хянуулах явцад шийтгэлийн хуудасны маягтыг өөрчилсөн байна гэж надад мэдэгдээгүй. Прокурор хянаад гарын үсэг зурсан болохоор хянагдаад болсон байна гэж ойлгосон. Хяналтын прокурорууд тайлбар хийж, алдаа дутагдлыг тухай бүрт нь засуулж байсан бол ийм алдаа гарахааргүй байсан. Иймд би хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Прокурорын 5 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь:

1.Шийтэлийн хуудсыг Татварын ерөнхий газраас ирсэн загварын дагуу бичиж аймгийн прокурорт хянуулсан

2.Хяналтын прокурорууд тухай бүр материалыг хянаад хууль зүйн алдаагүй болсон байна гээд гарын үсэг зурж баталгаажуулсан учир би тухайн шийтгэлийг алдаагүй, хуулийн зөрчил дутагдалгүй болсон гэж үзсэн болно

3.Прокурорын байгууллагаас улирал бүр ЭБАТ-д сургалт ордог хэрнээ сургалт дээр шийтгэлийн хуудсыг бичих талаар мэдээлэл хийгээгүй, заавар зөвлөгөө өгөөгүй

4.2018 онд нийт 2 удаа материал татаж авч хянаж үзэхдээ эдгээр алдаа дутагдлыг хэлээгүй, засаж залруулах талаар мэдээлээгүй. Шийтгэлийн хуудасны загвар, хэрхэн бичиж ирүүлэх талаар огт мэдээлэл хийгээгүй нь ЭБАТ нар ийм алдаа гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

5.Улсын Ерөнхий прокурор болон Татварын ерөнхий газрын хамтарсан баг хуулийн хэрэгжилтэнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хуралдан эцэслэн шийдвэр гараагүй, заавар зөвлөгөө ирүүлээгүй байхад манайхыг онцлон шалгаж татварын улсын байцаагчийн бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус мөнгөн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрч орон нутгийн болон улсын төсөвт 100 хувь төлсөн учир прокурорын дүгнэлтийг эргэн харж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос тус аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-д холбогдуулан “Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж уг хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш “...шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярьж мэдэгдсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“Ч” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар “татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах, татан буугдах тухай” хүсэлтээр хариуцагч Э.Ш шалгалт хийж, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Ч” ХХК-ийн 1 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 360,000.00 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар тус компанийн захирал Ж.Б-т шийтгэл оногдуулжээ.

Г аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “...шийтгэл ногдуулахдаа шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 1 дүгээр заалтанд торгох шийтгэл ногдуулж буй дүнг, нөхөн татварын хэмжээг цуг бичиж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны маягтын загварын дагуу бичигдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр болжээ…” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь маргаан бүхий 2018 оны 3204201816 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ын “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсгийн 2 дахь заалтаар Ж.Б-т 46.800.00 төгрөгийг сайн дураар биелүүлэхийг даалгасан байх боловч шийтгэл оногдуулсан заалтыг тусгаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байх бөгөөд уг зөрчилд оногдуулах шийтгэлээ шийтгэлийн хуудсанд заах зохицуулалтыг зөрчжээ.

Мөн тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд “...холбогдогчоор Ж.Б-аас мэдүүлэг авсан атлаа хууль ёсны төлөөлөгч мөн эсэхийг шалгаж тогтоосон баримтгүй байх бөгөөд шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай  хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан үйлдэл, хэлбэрийг бүгдийг тусгаж, холбогдогч Ж.Б нь тухайн хууль заасан зөрчлүүдийн алийг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан болохыг нотолж, дурдаагүй байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаар шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбогдогч Ж.Б нь 46,800.00 төгрөгийг сайн дураар биелүүлж торгуулийг бүрэн төлж барагдуулсан, шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл оногдуулах бүрэн эрх нь улсын байцаагчид байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 7.2 дугаар зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Ш-ийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3204201816 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Г аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Б.МӨНХЗУЛ