Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 13

 

 

Б.Ө нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

         Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2017/00110 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч: Ө  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ,

Хариуцагч: ***д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 12350150 төгрөг замын зардал болон эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөр 50150 төгрөг, нийт  12400300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ц.Бямбасүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Т.Бийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт мотоцикльтой явж байгаад том оврын ковш машинтай мөргөлдсөний улмаас баруун өвдөг дунд чөмөгний хэсэгт гэмтэл авч өдийг хүртэл бүрэн эдгэрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группд орж хохирсон. Уг хэргийн холбогдогч Т.Б, А нар нь хоёулаа  гэм буруутайд тооцогдож тус аймгийн Сум дундын шүүхийн 2012.01.17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсгээр шийтгэгдэж зохих ёсны ял шийтгэлийг авсан юм. Энэ хугацаанд А нь нас барсан учир надад учирсан гэм хорын хохирлыг Б хариуцах үндэслэлтэй юм.

Миний бие нь Бийн  буруутай үйлдлийн улмаас одоог хүртэл суга таягтай, баруун хөлний өвдөг үеэрээ нугарахаа больж хөдөлгөөн нь хязгаарлагдаж улмаар өвдөг бяцарч, дунд чөмөгний толгой голоороо дээшээ цуурсаны улмаас үе солиулах яралтай хагалгаа эмчилгээнд орох шаардлагатай болсон билээ.

Гэвч миний хувьд өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэх орлогогүй нэн ядуу амьдралтайн улмаас уг хагалгаандаа орж чадалгүйгээр өнөөдрийг хүрч цаг хугацаа алдаж байгаа бөгөөд цаашид ийм байдлаар удаан хугацаагаар явж болохгүйг эмнэлгээс анхааруулсан болно.  Иймд миний бие нь Улаанбаатар хотын Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж өвдөгний үе солиулахаар болсон тул уг эмчилгээнд зориулагдсан хагалгааны зардал болох 5000 доллар буюу 12350150 төгрөг, мөн уг эмнэлэг рүү явж үзүүлж шинжилгээ хийлгэсэн болон Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явсан ирсэн замын зардал нийлээд 50150 төгрөг, бүгд 12400300 төгрөг болох гэм хорын хохирлыг хариуцагч Бээс гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.А бид хоёрт холбогдох эрүүгийн 21106272 тоот хэрэгт байгаа зам тээврийн ослын талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2011 оны дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Т.А Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 6-ийн Б-д заасан зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ZL408 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болсон байна” гэж тогтоосон.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “... хохирогч Б.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Аээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж заасан. Иймд дээрх үндэслэлүүдээр намайг иргэний хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэлд дурьдсаныг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Шүүх хэрвээ намайг иргэний хариуцагч гэж үзэх тохиолдолд миний ажилладаг байгууллага ***ын Барилга, ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг хариуцагчаар татах хүсэлтэй. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Осол гарсан тэр өдөр би байгууллагынхаа томилолтоор ажлын зааварчилгаа, замын хуудас аваад ажил үүрэг гүйцэтгээд байсан учраас намайг ажилд томилсон ***ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг хариуцагчаар оролцуулах ёстой, би хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ***-ын Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийг Б.Өийн нэхэмжлэлд хариуцагчаар оролцуулахаар тайлбар гаргаж байна

Хариуцагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012.01.07-ны өдрийн №16 дугаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тус эрүүгийн хэрэгт **** нийгэмлэг нь иргэний хариуцагч биш байсан. Б.Ө нь 2016.05.24-ний өдөр Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахыг хүссэн 5500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Дээрх хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 136/ШШ2016/00409 шийдвэрээр Б.Өийн нэхэмжлэлтэй Т.Бт, ****ын Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид холбогдох 5500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан. Иймд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул Б.Өийн гаргасан нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *нийгэмлэг ***аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 6,200,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,200,150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *нийгэмлэг ***аас улсын тэмдэгтийн хураамжид 114,152 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг гардан авах болон шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцээгүй. Үүнд:  Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот Шийтгэх тогтоолд: ... шүүгдэгч Т.Б, Т.А нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэм буруутайд тооцсугай... гээд мөн тогтоолын 4 дүгээрт: хохирогч Б.Ө нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Аээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...гэсэн байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар дээрх эрүүгийн хэрэгт хамтран хариуцагчаар “***” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг татаагүй байдаг. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинж чанарыг агуулж байдаг тул өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт хамтран хариуцагчаар тогтоосон тогтоол, захирамж байхгүй байхад иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

2. ИХШХШтХ.-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан ба энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхойлогдох асуудал юм.

Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг иргэн Т.Б гэж тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн хүсэлтээр, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 136/Ш32017/00186 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж, хувь нийлүүлсэн нийгэмлэг “***”-ыг хамтран хариуцагчаар татсан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос ангид ИХШХШтХ-ийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчаа Т.Б гэж тодорхойлсон байдаг. Өнөөдрийг хүртэл “***” хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн “***” нийгэмлэгт холбогдох нэхэмжлэл хүчингүй байхад “***” нийгэмлэгээс төлбөр төлүүлэх шийдвэр гарган ИХШХШтХ-ийг ноцтой зөрчсөн болно.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хариуцагчийн шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй.

Шүүх хуралд “***” нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2 хүнийг томилсон байдаг ба итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.М миний бие 2017 оны өдөр шүүх хуралд оролцож чадалгүй /хоолны хордлогын улмаас / гэнэтийн үйл явдал болсон тул ХӨСҮТ-ийн жижүүр эмчээр акт бичүүлж, факсаар явуулан, нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүй шүүх хурлыг хийсэн байдаг. Иймд Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2017/00110 шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг “... баримтаар тогтоогдож байна” гэж хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж  хэрэглэсэн, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.  

Учир нь нэхэмжлэгч Б.Өийн, хариуцагч Т.Б болон *нийгэмлэг ***аас, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, өвдөгний үе солиулах хагалгааны зардал 12350150 төгрөг,  замын зардал болон эмчийн үзлэг, зөвлөгөөний төлбөр 50150 төгрөг, нийт  12400300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд нэхэмжлэгчийг, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс 13 А маягтаар, өвчтөний картыг хавсарган оношлогоо эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хотын ГССҮТ-д/хх-52/ шилжүүлжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Ө дээрх шийдвэрийн дагуу  тухайн эмнэлэгт очиж, оношлогоо эмчилгээ хийлгүүлсэн эсэх,  хэний, ямар шийдвэрийн дагуу тухайн шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг авалгүйгүйгээр,  С ХХК-ны Мөнгөн гүүр эмнэлгийн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээг авах “зайлшгүй шаардлагатай”-г нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн хавтас хэрэгт Дорноговь аймаг, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-49/-д “Б.Ө, онош дунд чөмөгний гандан хэсгийн хугарал, бороожилт удааширсан тул цаашид өвдөг, дунд чөмөгний толгойн хэсэгт протез хийлгэх шаардлагатай нь үнэн” гэж тодорхойлсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нийгмийн халамжийн үйлчилгээний тасгаас анхан шатны шүүхэд өгсөн баримт бичигт “...иргэнд олгогддог доод мөчний протез болох дунд чөмөгний үе 500,000 төгрөг, хиймэл өвдөгний үе 5.000.000 төгрөг жишиг үнийн дагуу олгогдоно” гэж, Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн өвчтөнд өгсөн зөвлөгөө”...баруун өвдөгний мэс заслын дараах үлдэц ялтас шурга авах, өвдөгний үенд өөрчлөлт орсон тул өвдөгний үе бүрэн солих” /хх-3/  гэсэн  тус тус зөрүүтэй баримтууд  авагджээ.

Улмаар хавтаст хэрэг /хх-6/-т “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт Б.Ө” гэсэн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх боловч уг баримт-д бичсэн бичилт гаргацгүйгээс,  эмчлүүлэгчийн онош болон Б.Өт ямар эмчилгээ шаардлагатайг эмч тодорхойлж бичсэнийг шүүх тогтоох боломжгүй байна.

Дурдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасан “...эмчилгээний зайлшгүй зардал, ...хиймэл эрхтэн хийлгэх...зэрэг зайлшгүй бүх зардлыг” нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтад үндэслэн тооцож, тодорхойлоход  нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд хангалтгүй төдийгүй дээр дурдсан зөрүүтэй нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,  үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй  юм. 

Мөн нэхэмжлэгч Б.Өийн урьдчилан төлүүлэхээр нэхэмжилж байгаа эмчилгээний “зайлшгүй шаардлагатай зардал” нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамаарах эсэхтэй холбоотой нотлох баримт нь энэ хэргийг шийдвэрлэхэд, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байхад чухал ач холбогдолтой болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учир давж заалдах гомдолд дурдсан хэргийн үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2017/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *нийгэмлэг, ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114152 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                                           Н.БОЛОРМАА