| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0194/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/221 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч О.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 201001449 0275 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ,1999 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гар утас засварын газарт ажилладаг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-91 тоотод оршин суух, урьд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1^.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 259 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УК99032954
Шүүгдэгч О.Д нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,Булгийн 1 дүгээр гудамжинд Н.Ууганбаяртай маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салтсад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.Дгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ,нэмж мэдүүлэх зүйлгүй, гэв.
Шүүгдэгч О.Дгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд би ХУД-ийн 4-р хороо Вива сити хотхоны Эс-23-5-4 тоотод гэртээ найз Түмэн-Эрдэний хамт байж байгаад 20 цагийн үед Түмэн-Эрдэнэ, Мянган-Эрдэнэ нарын хамтаар гэрээсээ гараад 3,4-р хороололд байх “Модны-2” байх “Алмаз” нэртэй караокед ууж сууцгаасан ба удаагүй байхад Алтангэрэл ирсэн. Тэгээд бид нар 22 цаг өнгөртөл уг караокедаа сууж байгаад караокенээс гараад хорооллын бичлийн тийшээ очоод “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи аваад байж байтал манай дүү Баатар-Отгон над руу залгаад бид нар дээр ирэхээр болсон ба Баатар-Отгон, Ууганням, Бүтэнбаяр, Отгонбилэг, Бямбацогт нар ирцгээсэн. Тэгээд тэндээсээ архи авцгаагаад бид нар ЧД-ийн 12-р хороо Булгийн 1 дүгээр гудамжинд байх сагсны шийдэн дээр архиа хуваагаад уусан ба Ууганням, Отгонбилэг, Баатар-Отгон, Алтангэрэл, Түмэн-Эрдэнэ бид нар уугаад Бүтэнбаяр, Мянган-Эрдэнэ, Бямбацогт нар архи уугаагүй. Тэгээд сааданд ууж байгаад архиа дуусгаад дахиад 2 шил архи аваад ууцгаасан ба тэр үед Отгонбилэг цэргээс халагдаж ирсэн талаараа ярьж байгаад би Отгонбилэгтэй ам мурийгаад Отгонбилэг бид хоёр муудалцахад Ууганням бид хоёрыг муудалцахаа боль гээд бид нар больцгоосон ба Ууганням Бүтэнбаярыг дээрэлхээд агсраад байхаар нь би Бүтэнбаярыг өмөөрөөд Ууганнямын нүүр болон толгойн тус газарт 2-3 удаа алгадсан. Тэгээд бид нар бөөнөөрөө хоорондоо бужигнаад муудалцаад байж байсан удалгүй Отгонбилэг, Бүтэнбаяр нар бид нарыг орхиод явсан юм. Тэр үед Алтангэрэлийн эхнэр ирээд Алтангэрэл, Бямбацогт, Баатар-Отгон нар Алтангэрэлийн автомашинтай явцгаасан. Тэгэхээр нь би өөрийн 22-09 УНП улсын дугаартай тоёота марк-2 маркийн автомашиндаа суугаад Мянган-Эрдэнэ, Түмэн-Эрдэнэ нарын хамтаар явах гэхэд Ууганням сагсны шийдний сандалны цаана хэвтэж байхаар нь бид гурав Ууганнямыг аваад ХУД-ийн 4- р хорооны нутаг дэвсгэрт байх “Вива сити” хотхон руу явсан ба Ууганням тасарсан унтаад яваад байсан. Тэгээд тэнд очоод Ууганнямыг гэртээ аваад орох гэтэл сэрэхгүй, дийлээгүй тул автомашинд үлдээгээд орцгоосон ба өдөр сэрээд автомашиндаа очиход автомашиныг онгичоод миний автомашины бичиг баримтыг аваад явсан байсан ба Ууганням байгаагүй юм..” гэсэн мэдүүлэг /хх-120-121/,
Хохирогч Н.Ууганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1 дүгээр гудамжинд байх сагсны шийдэн дээр очицгоогоод авсан 2 шил архиа шийдний хажууд байх саадан дээр сууж ууцгаасан. Тэр үед Даваахүү, Баатар-Отгон. Темка, Отгонбилэг, Аагий бид нар ууцгаасан ба Бүтэнбаяр, Бямба хоёр архи уугаагүй. Тэгэж байгаад бид нар нилээн согтоцгоогоод би найз Бүтэнбаяртай маргалдаад байж байхад гэнэт Даваахүү хажуунаас орж ирээд намайг шийдний хажуу тал руу намайг авч яваад ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр, хөмсөгний дээд хэсэг рүү удаа дараа гараараа цохиж зодоод намайг газар чирээд байсан. Тэгээд би нилээн согтуу байсан тул цаашаагаа юу болсон талаар санахгүй байгаа. Нэг сэрсэн би ХУД-ийн 4-р хороонд байх Вива сити хорооллын хажууд Даваахүүгийн автомашин дотор сэрсэн. Тэгээд намайг сэрэхэд миний нүүр амнаас цус гоожсон би ганцаараа байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг өөрийн өмсөж байсан хувцасны халаасанд үзэхэд байхгүй байсан ба миний чихэндээ зүүсэн байсан 1 хос монетон ээмэг нар байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ..Намайг Даваахүү зодож цохисон. Харин эд зүйлсийг хэн хэрхэн яаж авсан талаар би сайн мэдэхгүй санахгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-22-29/,
Гэрч З.Бүтэнбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1 дүгээр гудамжинд байх сагсны шийдэн дээр очицгоогоод авсан 2 шил архиа сагсны шийдний хажууд байх саадан дээр ууцгаасан. Тэр үед Даваахүү, Баатар-Отгон, Темка, Отгонбилэг, Аагий, Ууганням нар ууцгаасан ба Бямка бид хоёр архи уугаагүй. Тэгэж байгаад архи уусан найз нар нилээн согтоцгоогоод би манай найз Ууганням надтай маргалдаад зодолдох уу гээд цамцаа тайлаад агсраад байсан. Тэгсэн чинь Даваахүү хажуунаас орж ирээд Ууганнямыг шийдний хажуу тал руу авч яваад Ууганнямыг чи одоо болиоч ээ гээд Ууганнямын нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан. Тэр үед Отгонбилэг, Даваахүү, Ууганням хоёр дээр очоод тэр хоёрыг салгах гээд оролдсон чинь Даваахүү Отгонбилэг рүү агсраад дайраад байсан. Тэгэхээр нь би хараад зогсож байхад Баатар-Отгон над руу агсраад дайраад миний нүүр лүү 1-2 удаа цохисон тэгсэн намайг Бямка зугтаагаарай гээд хэлэхээр нь би зугтаагаад гүйгээд тэндээсээ гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ хариад унтаж байхад Отгонбилэг ирсэн. ..Ууганнямыг Даваахүү ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа 2-3 удаа цохиж зодсон. ..Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-31-32/
Гэрч Б.Отгонбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би нилээн муудаад согтоод тасарсан байсан ба юу болсон талаар сайн санахгүй, миний санаж байгаагаар тоглоомын сааданд сууж байсныгаа л санаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн би гэртээ сэрсэн. Тэгсэн 12 цагийн үед Ууганням такси бариад хүрч ирсэн ба Ууганнямын нүүрнээс цус гарсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Яармагт ганцаараа голын эрэг дээр автомашинд сэрлээ, миний гар утас болон 1 хос чихэнд зүүлттэй байсан монетон ээмэг байхгүй байна, би юу болсныг санахгүй байна гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-33-34/
Гэрч Г.Аптангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд бид нар архи уугаад сууж байтал Ууганням өөрийнхөө талаар яриад манай найз охин хүүхэдтэй болсон одоо гаргахгүй гэсэн зүйл яриад байсан. Тэгсэн Даваахүүгийн уур нь хүрээд Ууганнямын нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаад өнгөрсөн ба чи хүүхдээ гаргахгүй юу даа гэсэн зүйл яриад өнгөрсөн. Тэгэж байгаад Даваахүү Отгонбилэгтэй маргалдаад тэр хоёр бие биенийгээ 1-2 удаа цохисон тэр үед Баатар-Отгон ахыгаа өмөөрөөд ганц хоёр удаа цохилцоод муудаад байсан. Тэгсэн тэр үед Ууганням сагсны шийдний цаад талын тоглоомын талбай дээр ирээд Даваахүү тэр хоёр бас хоорондоо маргалдаад Даваахүү Ууганнямын нүүр лүү цохиод Ууганням, бас Даваахүүгийн нүүр лүү цохиод байсан. Тэгж байгаад би бас Бүтэнбаяртай маргалдаж байхад Бүтэнбаяр, Отгонбилэг хоёр яваад өгсөн. Тэгээд манай эхнэр намайг авах гээд ирсэн байсан тул би эхнэртэйгээ хамт яваад өгсөн ба Баатар-Отгон, Ууганням, Даваахүү, Түмэн-Эрдэнэ, Бямбацогт нар үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. ..Ууганнямыг Даваахүүгээс өөр зодож цохисон хүн байхгүй..” гэсэн мэдүүлэг, /хх-35-36/
Насанд хүрээгүй гэрч Э.Бямбацогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би тэр хэдээс нилээн зайтай ганцаараа суугаад утсаараа хүнтэй чатлаад сууж байхад гэнэт Даваахүү ах, Отгонбилэгтэй маргалдаад хоорондоо зодолдоод байсан. Тэгээд Бүтэнбаяр, Отгонбилэг нарыг Даваахүү ах, Баатар-Отгон ах, Алтангэрэл нар зодсон. Тэгсэн чинь Бүтэнбаяр, Отгонбилэг хоёр яваад өгөхөөр нь би араас нь хайгаад явж байгаад буцаад ирэхэд Ууганням нилээн согтуу саадан дээр сууж байсан ба Түмэн-Эрдэнэ, Алтангэрэл, Даваахүү, Баатар-Отгон, Мянгаа нар хамт байсан бүгдээрээ явахаар болоход би Баатар-Отгоны хамт яваад Алтангэрэл ахын эхнэр нь ирээд авч яваад Даваахүү, Ууганням, Мянгаа, Түмэн-Эрдэнэ хамтдаа яваад хоорондоо салцгаасан. ..Даваахүү ах Отгонбилэгтэй маргалдаад зодолдсон. Ууганнямтай зодолдож байхыг би хараагүй..” гэсэн мэдүүлэг, /хх-37-38/
Гэрч Д.Баатар-Отгоноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Отгонбилэг, Даваахүү нар хоорондоо маргалдаад зодолдоод байсан ба Бүтэнбаяр Отгонбилэгийг өмөөрөөд би Даваахүү ахыг өмөөрөөд бид нар хоорондоо маргалдаад зодолдоход Аптангэрэл ах бид нарыг салгасан ба Ууганням тасарсан саадан дээр сууж байсан. Тэгээд би маргалдахаа болиод Бүтэнбаяр, Отгонбилэг нар яваад өгсөн ба Даваахүү ах, Түмэн-Эрдэнэ, Мянган-Эрдэнэ нар Ууганнямыг аваад явцгаасан ба бусад хүмүүс тус тус гэр лүүгээ харьцгаасан..” гэсэн мэдүүлэг, /хх-39-40/
Гэрч Б.Түмэн-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: / “..Батчулуун манай найз Даваахүүгийн автомашиныг 2020 оны 8 дугаар сард худалдаж авсан юм. Тэгээд Батчулуун бид хоёр 2020 оны 9 дүгээр сард Батчулууны автомашиныг угаалгаж байсан автомашины арын суудлын хойд талын шалавчин доороос ЛЖ КҮ-6 маркийн гар утас олсон юм. Тэгээд уг гар утсыг Батчулууны утас байна гэж бодоод өгсөн юм. Тэгсэн харин сүүлд Даваахүү цагдаа дээр шалгагдаж байхад Ууганнямын гар утас алга болсон гэхээр нь ямар утас байсан талаар асуухад ЛЖ КҮ-6 маркийн утас гэж байсан юм. ..Ууганнямын нүүр болон толгой руу Даваахүү 3-4 удаа цохьсон..” гэсэн мэдүүлэг хх-47-53/,
Гэрч Э.Батчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2020 оны 8 дугаар сард Даваахүүгээс Марк 2-90 автомашиныг худалдан авч байсан. ..1 сарын дараа автомашинд засвар хийлгэчихээд найз Түмэн-Эрдэнийн хамтаар автомашиныг угаалгын газарт бүтэн угаалганд оруулаад угаалгаж байхад автомашины арын суудлын шалавчин доороос цэнхэр өнгийн ЛЖ-Кү-б маркийн утас гарч ирсэн. Тэгсэн чинь Түмэн-Эрдэнэ надаас чиний утас уу гэж асуухаар нь би минийх биш байна засварын ажил хийсэн хүмүүсийн утас байна гэж бодоод автомашин дотор үлдээсэн юм. Тэгээд түүнээс хойш нээх анзаараагүй байсан ба гар утсыг автомашины урд хайрцаганд хийсэн байсан. Би гар утасны эзэн нь ирж авах байлгүй гэж бодоод байлгаж байсан юм. Тэгээд би Даваахүү, Түмэн-Эрдэнэ нартай огт уулзахгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын үед уулзахад Даваахүү надад Ууганнямын гар утас алдагдсан гээд хэрэгт шалгагдаад байгаа гэхээр нь ямар утас билээ гээд асуусан чинь миний автомашин дотроос олсон гар утсыг хэлсэн. ..Надад байгаа, би гар утсыг өгөхөд татгалзах зүйлгүй..” гэсэн мэдүүлэг. /хх-57-58/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №8486 дугаар дүгнэлтэд: “..2002 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8489 дугаартай “Н.Ууганнямын биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салтсад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэрмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт /хх-71-72/, шүүгдэгч О.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,Булгийн 1 дүгээр гудамжинд Н.Ууганбаяртай маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж түүний биед биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг “хөнгөн хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Д нь хохирогчийг цохиж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Дгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Дд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч Н.Ууганням нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР