| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00225/И |
| Дугаар | 249 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 249
2017 оны 04 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2017/00249 Хэнтий аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00225/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 11-08 тоотод оршин суух Халтарын Болормаагийн нэхэмжлэлтэй,
"ажиллаж байсан байдлыг тогтоолгох" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:...Би 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн захын конторын харъяа Барилгын захын конторын цайны газарт бэлтгэгч кассаар ажилд орж,1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж ажлаас чөлөөлөгдсөн юм.
Одоо би 4 хүүхэдтэйгээр 50 настайдаа өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй, Хэнтий аймгийн архивын тасгаас 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан цалингийн түүвэр гарахгүй, мөн хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгэхдээ давхцуулж бичилт хийлгэсэн тул дээрх байдлыг минь залруулж миний улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Х.Болормаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би нийгмийн даатгалаас тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 12 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Болормаа нь “ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Болормаа нь “ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х.Болормаагийн нэхэмжлэлтэй “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Болормаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ