| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
2021 03 26 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц.Гэд холбогдох эрүүгийн 2134000000094 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Ц.Г, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш, цахилгааны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт 6-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Г-ийн өгсөн: Би 2021 оны 02 дугаар сарын 28-нд эхнэр С.Б-т гар хүрч гэмтэл учруулсан энэ үйлдэлдээ харамсаж байна. Өдий насандаа хань ижил, үр хүүхдүүдийнхээ ээжийг ингэсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч С.Б /хх 11-12, 13/, гэрч Г.Б /хх 15-16/, гэрч Б.Б /хх 18-19/, насанд хүрээгүй гэрч Г.Н /хх 21/, шүүгдэгч Ц.Г-ийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 23, 36-37/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-50/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 51-53/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 54-61/, хохирогч С.Бийн эрүүл мэндэд хохирол учирч байсан талаар гэрэл зургийн үзүүлэлт /хх 67-68/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 70/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 82-83/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.Г нь хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай үйлдлээр хохирогч С.Б-ийн эрх чөлөөнд халдаж цохиж зодож, үснээс нь зулгааж хэл амаар доромжилж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг 1-4 тоотод гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр С.Бийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун хацар, зовхи зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ц.Г-ийн өгсөн: "Би Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайд ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгаас Төв аймгийн төвд гэртээ ирээд миний бие тавгүй өвдөөд байсан тэгээд манай эхнэр С.Б аймгийн эмнэлэгт ажилладаг болохоор би эхнэр С.Б-ээс би ядраад бие өвдөөд байна эмнэлэгт хэвтэж эмчлүүлмээр байна гэсэн. Тэгэхэд эхнэр С.Б хавар болоод чиний мэдрэл хөдөлж байгаа биз мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлнэ гээд байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний нуруу өвдөөд байна чи тос түрхээд өг гэсэн чинь хүүхдээрээ түрхүүл гээд орон дээр буруу хараад хэвтээд байсан. Тэгээд би уурлаад чи юу гээд байгаа юм гэсэн чинь эхнэр С.Б уурлаад над руу дайраад чи тэр ээж дүү нартаа хэлээд эмнэлэгтээ хэвтэхгүй юу танай ээж янхан гээд өөдөөс дайраад байхаар би гараараа нүүрэн тус газар нь алгадсан. тэгэхэд эхнэр С.Б миний өөдөөс дайраад байхаар нь хоёр гарнаас нь бариад базсан тэгэхэд хөхөрсөн байх. Эхнэр С.Б-тэй 2006 оноос хойш нэг гэрт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 4-12 насны хоёр хүүхэдтэй, бид хоёр гэрлэлт батлуулсан. Намайг манай эхнэр С.Б-ийн гэр бүлийнхэн урьд нь намайг шоронд орж байсан болохоор эхнэр маань манай ээжийг янхан намайг янхны шээс гуйлгачин гэх мэтээр доромжилдог. Би эхнэр С.Б-ийг байнга цохиж зодоод байдаг асуудал байхгүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үнэн.” гэх мэдүүлэг /хх 23, 36-37/,
Хохирогч С.Бийн өгсөн: “Манайх Төв аймгийн Зуунмод сумын төвд нөхөр Ц.Г, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай нөхөр Ц.Г нь 2012 оноос хойш намайг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодож дарамталдаг. Би одоо өдрийг сайн санахгүй байна хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын төвд Өгөөж сүмбэр хотхон гэртээ хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжлоод цохиж зодож үснээс зулгааж эрүүл мэндэд хохирол учруулсан. Одоо миний нүүр гар хэсэгт хөхөрч хавдсан одоо өвдөж байгаа зүйл байхгүй байна. Бид хоёр 2007 оноос хойш цуг амьдарч байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй хоёр хүүхэд маань 11, 4 настай. Урьд нь Ц.Г нь намайг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар цагдаагийн байгууллага болон бусад байгууллагад мэдэгдэж байгаагүй. Нөхөр Ц.Г нь хүүхдүүдийг цохиж зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зүйл байхгүй. Юунаас болоод Ц.Г намайг цохиж зодож дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг талаар мэдэхгүй байна. Байнга архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Ц.Г-тэй 2008 онд анх гэр бүл болж гэрлэлт батлуулсан. 2012 онд анх Ц.Г-тэй маргалдаж цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулж байсан. 2012 онд намайг цохиж зодоход гар хөл хөхөрч байсан харин 2021 оны 02 дугаар сарын 28-нд цохиж зодож нүүр гар хөхөрч хавдсан. Энэ үед нь эмнэлэгт үзүүлж тусламж авч байгаагүй. Би ямар нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй.” гэх мэдүүлэг /хх 11-12, 13/,
Гэрч Г.Б-гийн өгсөн: “Манай охин С.Б нь Төв аймгийн Зуунмод сумын төвд нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн төрөх тасагт эх барих их эмч хийдэг. Гэр нь мөн аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Өгөөж байр 6-4 тоотод нөхөр хоёр хүүхэд нарын хамт амьдарч байна. Нөхөр болох Ц.Г нь миний охин С.Б-ийг удаа дараа цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. Урьд нь цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байх үед нь Ц.Г-тэй уулзаж дахин зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй гэж өөрөөр нь хүртэл баталгаа бичүүлж авч байсан. Тэгтэл одоо хүртэл цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Би охин С.Б-ийг өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргах талаар хэлэхэд цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй болохоор нь би охин С.Б-ийн өмнөөс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний мэдэж байгаагаар 2012 оноос хойш удаа дараа зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Ц.Г нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Харин архи уусан болон эрүүл үедээ ч гэсэн байнга цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг. С.Б-ийн эрүүл мэндэд биеийн далд хэсэгт энд тэндгүй хөхөрсөн гэмтэл учирсан байдаг эмнэлэгт хэвтэхээр гэмтэл учирсан зүйл байгаагүй. Манай охин их сэргэлэн цовоо охин байсан одоо харин гунигт автсан хүн болсон байна. Ц.Г нь эхнэр С.Б-ийг хардалт болон бүх л зүйлд буруутгаж цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг.” гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Б.Б-ын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед ээж бид хоёр ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгэхэд хойд аав Ц.Г гэрт байсан. Ээж, хойд аав хоёр өрөөндөө ороод юм ярилцаад байсан. Тэгээд цагдаад Алтансүх гээд мөрдөгчид шалгагдаж байгаа өргөдлийг хойд аав буцааж ав гээд байсан. Тэгэхээр нь би ороод шийддэг хүмүүс нь шийдэг гэж хэлсэн. Тэгтэл хойд аав уурлаад гэрээс гараад явсан. Тэгтэл ээж намайг чи дуугүй байхгүй, бид хоёр салдгаараа сална тэгэхгүй бол энэ хүн ял авах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би та хоёрыг ийм байдалтай байлгаж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл ээж битгий намайг стресстүүлж зовоогоод бай хэдэн талаас янз бүрийн асуудал гаргаад байх юм гээд гал тогоо руу орж хутга аваад хөлөө зүссэн юм шиг байсан их цус гарч байсан. Ээж өөрөө хөлөө оёсон. Тэгэхдээ их цус алдаад байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн. 2008 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд хоорондоо таарамжгүй харьцаатай хойд аав ээжийг зодоод байдаг өмнө нь ээжийг байнга зоддог байсан ээж өөрөө цагдаад айгаад өгдөггүй байсан. Хөх няцгүй явж байсан удаа ховорхон байдаг. Энэ хоёр хоёулаа эрүүл байсан хойд аав бүтэн сайн өдрөөс хойш архи ууж байгаа, согтуу ирэх болгонд нь би гэртээ баймааргүй байдаг.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.С.Б-ийн биед баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх 25/,
хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирч байсан талаар гэрэл зургийн үзүүлэлт /хх 67-68/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч С.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ц.Г-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2134000000094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Ц.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2134000000094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ