Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Г.Ууганбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч О.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн О.Хад холбогдох эрүүгийн 2111000940100 дугаартай хэргийг 2021 оны 3 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод оршин суух, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар УХ88103058.

 

Шүүгдэгч О.Х нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод байх гэртээ согтуугаар Т.Уранчимэгийг тодорхой шалтгаангүйгээр хардсаны улмаас гар утсаа шидэж толгойд нь онох, гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохих, нуруунд нь модоор цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч О.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч О.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62-715 тоотод байдаг ба уг гэртээ найз эмэгтэй Уранчимэгийн хамтаар 1 жил гаруй болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уранчимэг бид хоёр манай найз болох Нямаагийн хамт гадуур машинтай ажил амжуулж яваад орой 17 цагийн орчим ЧД-ийн 17-р хороо, Сурагчийн 62 дугаар гудамжинд очоод бид 3 тэндээ автомашин дотор нь бид гурав 0.5 литрийн 1 шил архи хувааж уугаад байхад Уранчимэг архи уучихаад манай найз руу маяглаад инээгээд яриа өдөөд байхаар нь би тухайн үедээ Уранчимэгийг хардаад хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байсан чинь Уранчимэг гэртээ харилаа, явлаа гээд согтуу ганцаараа явах гээд маяглаад байхаар би харанхуй шөнө явж яадаг юм бэ гээд гэр лүүгээ дагуулаад аваад орсон юм. Тэгээд гэрт орсон чинь Уранчимэг надтай хэрүүл хийгээд агсраад байхаар нь бид хоёр дахин маргалдсан юм, Түүнээс болоод би уур хүрээд Уранчимэг рүү гар утсаа шидсэн чинь толгойг нь миний шидсэн гар утас оносон чинь миний өөдөөс орилоод..” гэсэн мэдүүлэг/хх-53/,

Хохирогч Т.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд Улаанбаатарт ирэн очин байдаг юм. Талийгаач нөхрийн найз О.Хтай 2020 оны 4 сараас эхлэн арай дотно харьцаатай байх болсон. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр О.Х бид 2 найз Нямаагийн машинаар гадуур ажил амжуулж яваад орой 17 цагийн үед гэрийн нь гадаа ирэхэд О.Х намайг Нямаатай хардаад байгаа бололтой хэрүүл хийгээд байхаар нь би буухгүй, явлаа гэхэд намайг явуулахгүй гэр рүүгээ аваад орсон. Нямаа ч явчихсан. Тэгтэл гэртээ ороод дахин хэрүүл хийгээд маргалдсан. Тэгтэл О.Х миний толгой руу гар утсаа шидээд, дараа нь нэг гараараа хоолой боож байгаад нөгөө гараараа 2-3 удаа нүүр болон хамар руу цохиход хамраас цус гарсан. Мөн нуруу мааждаг модоор нуруу руу цохисон. Намайг өмнө нь цохиж зодож байгаагүй. Намайг зөвхөн Хишигбат л зодсон, өөр хүн байгаагүй. Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Одоо гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 719 дугаартай дүгнэлтэд: “..Т.Уранчимэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, нуруу, баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-22-24/, шүүгдэгч О.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод байх гэртээ согтуурсан үедээ Т.Уранчимэгийг тодорхой шалтгаангүйгээр хардсаны улмаас гар утсаа шидэж толгойд нь онох, гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохих, нуруунд нь модоор цохих зэргээр, түүний биед бүхий биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, нуруу, баруун тавхайн цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг нүүрэн тус газар гараараа цохих, мөн аягаар толгойн тус газар цохьсон зэргээр түүнийг зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Хад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Уранчимэгт, шүүгдэгч  О.Хаас 217.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчоос өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Хад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР