Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/345

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Эод холбогдох эрүүгийн 2108000000243 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны гадна иргэн М.Нийг “гадаа шээлээ” гэх шалтгаанаар маргалдан нүүр, толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйх, дух, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын үзүүр ба хажуу хэсгийн зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн М.Нийн Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн ... хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2х/, хохирогч М.Нийн мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Г.Гын мэдүүлэг /хх-ийн 62х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1024 дугаартай дүгнэлт /хх-ийн 4-6х/, шинжээч эмч Б.Угийн мэдүүлэг /хх-ийн 63-64х/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1068 /хх-ийн 10-11х/, шүүгдэгч Д.Эын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 30х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 31х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 32х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар /хх-ийн 33х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 34х/, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагааны хуулбар /хх-ийн 35х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 36х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-38х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/, шүүгдэгч Д.Эын мэдүүлэг /хх-ийн 57-58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Д.Э бол гэм буруу дээр маргахгүй байгаа. Харин өмгөөлөгч миний хувьд гэмт хэрэг гарсан байдлыг харахад шүүгдэгч Д.Э нь энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байгаа тул энэ талаар онолын хувьд мэтгэлцэж оролцоно” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхээс талуудын шинжлэн судалсан баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзсэн. Тодруулбал,

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны гадна иргэн М.Нийн “гараашны гадаа шээсэн” асуудлаас үүдэн маргалдаж түүний  нүүр, толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Иргэн М.Нийн Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2х/,

Хохирогч М.Нийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байранд амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр лүүгээ орохдоо байрныхаа ард талд гадаа бие засаад зогсож байтал манай байрны 20 тоотод амьдардаг зүс таних залуу “яагаад наанаа шээгээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чамд хамаагүй” гэж хэлэхэд надтай маргалдаад миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн, миний нүд хөхөрсөн. Би өөдөөс нь цохиж чадахгүй байсан, тэгтэл гараашнаас манай найз Т гарч ирээд бид хоёрыг салгасан. Би тэр үед хэн болохыг нь танихгүй байсан ба амны хаалттай байсныг хүрмээс нь зуурч ноцолдож байгаад амны хаалтыг нь татаж авч дээд айлын залуу байна гэдгийг таньсан. ...Хувиараа барьдаг бариач дээр 4 хоног өдрийн 5000 төгрөгөөр толгойгоо бариулснаас өөр эмчилгээ аваагүй. Өөрөөр нь эдгэчихсэн. Одоо толгой бага зэрэг өвддөг. Би анх шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа 120.000 төгрөгөөр КТГ-ын зураг авхуулсан, уг мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Гэрч Г.Гын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод амьдардаг. Манай найз М.Н уг байрны 05 тоотод амьдардаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим ажлаа тараад Нтэй уулзаад бид хоёр манай гарааш руу ороод пиво уусан юм. Орой 23 цагийн орчим Н гадаа бие засаад ирье гэж хэлээд орж ирэхгүй болохоор араас нь гараашны хаалгыг хаатал гараашнаас 10 метр орчим зайд Н манай байранд амьдардаг зүс таних залуутай маргалдаад нэг нэгнээсээ зууралдаад зогсож байсан. Очоод салгахад Нийн нүүр хавдчихсан “чи намайг яагаад цохиж байгаа юм бэ” гээд нөгөө залуу нь “чи яагаад энд бие засдаг юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаж байсан. Н хүрмээс нь зулгаагаад суга хавьцаа оёдлоор нь урагдчихсан байсан. Нийн нүүр бол хавдсан байсан. Намайг харахад нөгөө залуу Нийн толгой руу хэд хэдэн удаа  гараараа цохисон. Н цохиж чадахгүй хий л гараа саваад онож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1024 дугаартай шинжээчийн: “...М.Нийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын үзүүр ба хажуу хэсгийн зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 4-6х/,

Шинжээч эмч Б.Угийн: “...хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй байна. Мохоо зүйл гэдэгт гараар цохих үйлдлийг ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х/,

Шүүгдэгч Д.Эын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байранд эхнэрийн хамт амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчим машинаа гараашинд хийгээд гэртээ орох гээд гартал манай гараашны хаалган дээр согтуу залуу бие засаад зогсож байхаар нь “чи шээхээ болиоч, хүн амьдардаг ш дээ” гэсэн шаардлага тавихад араас “Чамд хамаагүй пизда банди минь” гэж хэлээд хараагаад миний араас хүрээд ирсэн. Тэгээд миний цамцнаас зуураад “чамайг би танина ш дээ, пизда минь манай байрны 4 давхарт байдаг залуу биз дээ” гэж хэлээд миний гадуур хувцаснаас зуурахад нь би ч мөн адил хувцаснаас нь зулгаагаад бид хоёр дээр доороо ороод ноцолдсон. Тэр үед тэр согтуу залуугийн найз гэх нэг үл таних залуу гарч ирж салгасан. ...М.Нийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Нийг 7-8 удаа цохисон, хохирогч ч намайг тэр орчим цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзвэл, хохирогч М.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явалгүй бусдын эзэмшлийн гарааш руу бие засаж, бохирдуулсан үйлдэлд дургүйцсэн шүүгдэгч Д.Э нь “наанаа битгий шээгээд бай” гэсэн зүй ёсны шаардлага тавьсан хэдий боловч тэрбээр эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авхуулах боломжтой байтал хохирогч М.Нтэй зууралдан авч, маргалдан хохирогчийн нүүр, толгой руу хэд хэдэн цохисон /7-8 удаа цохисон гэх/  үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй буюу шүүгдэгч Д.Э нь өөрийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учрах боломжтойг мэдсэн, ухамсарласан хэдий ч  хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдлийг хийж, хор уршигт зориуд  хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Эын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд болон хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь оношилгоо, эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 128.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 41/, уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Нт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Д.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгч Д.Э нь өөрөө бол гэм буруу дээр маргаж оролцоогүй, хүлээн зөвшөөрч оролцож ирсэн. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж ял оногдуулахгүй байх боломж байгаа эсэх, эсхүл энэ хүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж, хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу эд хөрөнгөтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, уг орлогоороо амьдардаг, мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын байдлыг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Д.Эод Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн ял оногдуулахгүй байх саналыг гаргасан боловч уг зохицуулалт нь үүрэг болгосон зохицуулалт бус байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан дээр байдлаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эоос 128.000 (нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч М.Нт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ