Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1284

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01284

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъянжү гудамж, 33 г байр 60 тоотод оршин суух Батаагийн Ганцэцэгийн /ЙР82091360/ төлөөлөгч Г.Гал-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 10 дугаар байр 55 тоотод оршин суух Батмөнхийн Ганболд /ЧМ84041510/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол, 11-8 тоотод оршин суух Лхагвасүрэнгийн Ганбаатар /ИЭ81083074/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 54,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батаа овогтой Ганцэцэг миний бие Б.Ганболд, Л.Ганбаатар нарт 2014 оны 09 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм.

Миний зүгээс зээлдэгч нарын хувийн байдлыг ойлгож хүн чанар гаргаж, зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж хүлээсээр өдийг хүрсэн бөгөөд Б.Ганболд, Л.Ганбаатар нар нь зээлээ төлнө гэж хэлж өнөөдрийг хүрч, хугацаа алдуулж миний сайхан сэтгэлийг буруугаар ашиглаж, мөнгөө өгөхгүй зугтаж байгаад туйлын их гомдож байна.

Иймд Б.Ганболд, Л.Ганбаатар нараас зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 6,300,000 төгрөг, алдангид 18,150,000 төгрөг, нийт 54,450,000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганболд би 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Батаагийн Ганцэцэгтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлээр шаардсан 54,450,000 төгрөгийг Л.Ганбаатар болон миний бие төлж барагдуулан эвлэрэх хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Л.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Ганцэцэгтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Нэхэмжлэлээр шаардсан 54,450,000 төгрөгийг би авч зарцуулаагүй ч нэхэмжлэгч болон Ганболдын аль нэгд нь 6,000,000 төгрөг өгч эвлэрэх саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг, хариуцагч Б.Ганболд, Л.Ганбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Ганболд нэхэмжлэлийн шаардлагыг эвлэрэх нөхцөлтэйгээр зөвшөөрснийг нэхэмжлэгч эвлэрэх саналыг татгалзсан, хариуцагч Л.Ганбаатар 6,000,000 төгрөг төлөх талаар тус тус тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь талуудын хооронд байгуусан зээлийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч Б.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нар хамтран бизнес эрхлэн явуулах зорилгоор нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан тухай тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчийн тайлбаруудыг бодит үнэнд нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч гэрээний 3-т зааснаар хариуцагч нараас алдангид 18,150,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ. Хариуцагч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, бизнес эхлүүлж гэрийн мод тавилгын үйлдвэр нээсэн боловч хамт ажиллаж байсан хүмүүс ажиллаагүй, мөн аав маань хүндээр өвдөж, аавыгаа асрах болж би ажил хийгээгүй, эмчилгээний төлбөр төлөх гэсээр нэхэмжлэгчийн мөнгийг төлж чадаагүй гэх тайлбар гаргасан ба шүүх энэ үндэслэлээр буюу хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагчийн төлөх алдангийн 50 хувь болох 9,075,000 төгрөгийг хасч шийдвэрлэв.

Иймд хариуцагч нараас 45,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг хүргэсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гал-Очир шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт нь хэзээ олгогдсон нь тодорхойгүй тул энэ шүүх хуралдаанаас өмнө товлогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганболд, Л.Ганбаатар нараас 45,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ганболд, Л.Ганбаатар нараас 384,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ