| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0343/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/354 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/354
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Ц-ийн Сид холбогдох 2108000000256 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ... ХХК-нд ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эдэлж дуусгасан, Б овогт Ц-ийн С /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны гадаа иргэн М.Бтай зогсоолын асуудлаас болж маргалдан ноцолдож, толгойн тус газарт нь 2 удаа цохиж, хавирч унаган хамар луу нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Бгийн мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч П.Мгийн мэдүүлэг /хх-ийн 15х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1445 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18х/, шүүгдэгч Ц.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36х/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 39х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 40х/, эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа /хх-ийн 41х/, шүүгдэгч Ц.Сийн мэдүүлэг /хх-ийн 62х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны гадаа иргэн М.Бтай автомашин байрлуулах асуудлаас үүдэн маргалдаж, улмаар толгойн тус газарт нь 2 удаа цохиж, хавирч унаган хамар луу нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Бгийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр СХД-ийн ... дугаар хороо ... дугаар байранд амьдардаг найз Мгийн гэрт очиж, найзуудтайгаа хөзөр тоглож пиво ууцгаасан. Манай найз М уугаагүй болохоор миний машиныг бариад хөдлөх гэтэл миний машиныг нэг машин таглаад зогссон болохоор утсаар нь залгаад машинаа гарга гэсэн шаардлагыг тавьсан. Удалгүй 30 орчим насны эрэгтэй машины хойно таглаж тавьсан машинаа холдуулаад манай найз М машинаа гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч бидний машины оронд байрлуулахаар нь би “бид нар буцаж ирнэ, та машинаа бага зэрэг урагш нь шахаад тавьчих, бид нар ард чинь байрлуулъя” гэж хэлэхэд “би шөнө 02 цагт гарах ажилтай” гэхээр нь би “та 02 цагт гарах юм бол бага зэрэг урагшлуулаад байрлуулчих” гэж хэлэхэд тухайн залуу “шөнө орой болсон хойно дуудаж гаргаж ирээд яваач” гэх мэтээр уурлаж бид хоорондоо маргалдсан юм. Гэтэл намайг шууд толгой руу 2 удаа цохиж хавирч унагаагаад хамар луу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамраас цус гарч байсан ба найз М салгасан юм. Надтай зогсоолоос болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,
Гэрч П.Мгийн “... 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдөр манай найз Б манай гэрт ирээд бид найзуудаараа хөзөр тоглоод пиво ууцгаасан. Манай найзууд уусан, би шөнө гарах ажилтай тул уугаагүй. Орой 23 цагийн орчим найз Бтай хамт гарч тамхи татангаа машинаа холдуулах гэтэл машин таглаад цайвар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл тавьчихсан байсан тул утас руу нь залгаад машинаа гаргая гэж хэлэхэд удалгүй махлагдуу 30 орчим насны залуу гарч ирээд машинаа холдуулсан. Би машинаа байрлуулчхаад буугаад очтол Б нь тухайн приус 30 маркийн машины жолоочтой маргалдаад зогсож байсан. Б тухайн залууд “ард чинь ирж байрлуулна, урд чинь зөндөө зай байна” гэж хэлэхэд нөгөө залуу нь уурлаад “чадахгүй би шөнө гарна, ажилтай” гэж хэлээд хоорондоо маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгасан. Тэгтэл тухайн залуу Бг хоёулаа тийшээ явъя гээд дагуулаад холдсон ба тэгээд Бг хавсраад унагахаар нь гүйж очоод салгах хооронд Бгийн хамар луу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Бгийн хамраас нь цус гарсан. Тэгээд цагдаагийн байгуулагд хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1445 дугаартай: “...М.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 18х/,
Шүүгдэгч Ц.Сийн “...Би тухайн залуугийн нүүр лүү гарынхаа ар талаар цохисон юм. Тухайн үед хамраас бага зэрэг цус гарч байсан. Тэгээд намайг ална гээд дайрахаар нь хавирч унагаасан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Маргалдаад ноцолдох үед цээжинд зулгаралт үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.С нь хохирогч М.Бтай авто зогсоолд машин байрлуулахтай холбоотой асуудлаас үүдэн маргалдаж, улмаар асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн оронд хүч түрэмгийлэн хохирогч М.Б руу халдаж нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 1445 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр харилцан зөрүүгүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ц.С нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Ц.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 128,000 төгрөг зарцуулсан гэж холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч шүүгдэгчээс 200,000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэг нь Ц.Сид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Ц.Сид танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлж барагдуулсан байдал, хувийн байдлын хувьд шүүгдэгч Ц.С нь “Төгс дулаан өргөө” ХХК-нд ажилладаг, түүний орлоготойг илэрхийлсэн баримт /дансны хуулга/ хэрэгт авагдсан байх тул түүний энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сид оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Сийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ