| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0303/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/389 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/389
2021 03 23 2021/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч К.Чимгээ,
Хохирогч Б.Сүндарь, хохирогч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 2006 04384 0059 дугаартай хэргийг шүүх 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар байр 106 тоотод оршин суух, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт тус тус зааснаар 13 жил 6 сарын хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байр 3 дугаар орц 9 давхарын 106 тоотод иргэн Ц.Баярмаагийн биед тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, иргэн Б.Сүндарийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, уруулд цус хуралт гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Баярмаа мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би “дээд айлаас ус алдаад байна” гээд охиноо явуулсан. Тэгээд би араас нь очсон чинь шүүгдэгч Ц.Б-ын гэр нь харанхуй байсан. Тэгээд шүүгдэгч Ц.Б-д “ус алдаад байна” гэж хэлэхэд шүүгдэгч Ц.Б “ус алдаагүй” гээд нойлын суултуурынхаа усны савыг аваад шидсэн. Тэгэхээр нь гараад зугтаах гэтэл миний араас үсдээд охин бид хоёрыг том сандлаар ээлжлээд зодсон. Тэгээд бид хоёр гэр рүүгээ зугтаагаад ороод цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Ц.Б-ыг аваад явсан. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь дахиад Ц.Б гэртээ олон хүн цуглуулаад архи уугаад байсан. Тэгээд би сүүлд бодоход шүүгдэгч Ц.Б намайг үсдэхэд миний ээмэг унасан байх гэж бодсон. Би тухайн үедээ Ц.Б-д юу гэж хэлж ээмгээ авахаа мэдэхгүй байсан. Цагдаад өргөдөл бичиж өгөхдөө би шүүгдэгч Ц.Б намайг үсдэхэд ээмэг маань унасан талаараа бичиж өгсөн. Тэгээд дараа нь хэсгийн цагдаатай уулзахдаа би Ц.Б-д “миний ээмгийг өгчих, танай гэрт унагаасан” гэдгээ хэлсэн. Ц.Б-ын ярьсан яриа нь сонсогдоод байдаг болохоор би өөрт нь "Нарантуул” дээр миний ээмгийг 200.000 төгрөгөөр зарсан бол өгчих” гэж зөндөө хэлсэн. Охин бид хоёр хэрэг гарснаас хойш бие болон сэтгэл санаагаараа маш их хохирсон. Би тэр үед цочролд ороод маш их айдастай байсан болохоор нөхрөө Оюутолгойгоос ажлаас нь дуудаж авч ирсэн. Бид нарын хувьд сарын цалин гэх мэт маш их хохирол учирсан. Гомдол, санал гэхээсээ илүү бид нарыг тайван байлгаач гэж шүүгдэгч Ц.Б-аас хүсэж байна. Би том охиноо алдсан. Одоо хоёр хүүхдээ тайван байлгамаар байна. Шүүгдэгч Ц.Б нь байнга гэртээ архи уудаг. Би тэр үед яагаад ээмгээ авна гэж хэлсэн гэхээр би өрөөсөн ээмгээ аваад очсон чинь таны ээмэгний өрөөсөн олдохгүй гэсэн. Би ээмэгнийхээ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би томографын зураг авахуулсан төлбөрөө л нэхэмжилж байна. Надад учирсан нийт хохирол хавтаст хэрэгт баримтаараа авагдсан байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сүндарь мэдүүлэхдээ: “...Ээжийнхээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн мэдүүлгийг би дэмжиж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би энэ хүнийг харахаар айгаад байгаа. Хамрын эмнэлэгт үзүүлэхэд намайг “сарын дараа дахиад үзүүл” гэж хэлсэн. Би баримтаар нэхэмжилсэн хохирлоос өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, хохирогч Б.Сүндарийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, /хх-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12806 дугаартай дүгнэлт /хх-27-28/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12807 дугаартай дүгнэлт /хх-31-32/, шүүгдэгч Ц.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байр 3 дугаар орц 9 давхар 106 тоотод иргэн Ц.Баярмаагийн биед тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, иргэн Б.Сүндарийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, уруулд цус хуралт гэмтлүүдийг тус тус учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баярмаагийн өгсөн “...Би 2020 оны 11 сарын 04-ний орой 21 цагийн орчимд манай дээд айлаас ус алдсан. Манай охин Сүндарь очтол тэр айлын хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь харанхуй байсан. Тэгсэн айлын хүн 2 салаа цахилгааны щилийг онгойлгох гээд зогсож байсан гэсэн. Би охиныхоо хойноос гараад нөгөө хүнд хандаад усныхаа хаалтыг хаагч гэж хэлсэн. Тэгсэн нөгөө айлд харанхуй байсан болохоор манай охин гар утасныхаа гэрлийг асаагаад гэрт нь хамт орсон би оо-нхоо ард байгаа хаалтыг хаагаач гэж хэлэхэд тэр хүн за хаая гэж хэлсэн. Тэгэхэд нь гар утасныхаа гэрлийг тусгаж өгсөн тэгсэн уурлаад почкигоо аваад охин бид 2 луу шидсэн тэгэхээр нь охин бид 2 айгаад гэрээс нь гарахад араас үсдээд зодсон. Тэгэхээр нь би орон сууцны контор луу дуудлага өгье гэж хэлмэгц тэр хүн хуцаад бай пиздаа минь гээд элдвээр хэлээд хэл амаар доромжлоод шууд намайг зодоод цохиод эхэлсэн. Бас охиныг минь хаа хамаагүй цохиод үсдээд унасан хойно нь өшиглөөд байсан. Тэгээд би цагдаа дуудсан. ...Намайг эхлээд гараараа үсдээд толгой тархигүй цохисон. Дараа нь модон том сандлаар толгой руу цохисон маш олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12806 дугаартай дүгнэлтэд:
1.2. ”Ц.Баярмаагийн биед тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5.6. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сүндарийн өгсөн “...2020 оны 11 сарын 04-ний орой 21 цагийн орчимд манай дээд айлаас ус алдсан. Би очиж хэлэх гээд гарсан дээд айлын үүдэнд очтол хаалга онгорхой дотор нь харанхуй байсан. Тэгсэн нэг хүн 2 салаа цахилгааны утас барьчихсан зогсож байсан. Тэгсэн араас манай ээж ирээд усныхаа хаалтыг хаагч гэж хэлээд гэрийн эзэнтэй хамт гар утасныхаа гэрлийг асаагаад гэрт нь хамт орсон. Тэгээд ээж 00-ынхоо арын усны хаалтыг хаагаач гэж хэлэхэд тэр ах 00-ынхоо суултуурыг аваад ээж бид 2-луу шидсэн. Тэгсэн ээж орон сууцны контор луу дуудлага өгье гэтэл тэр залуу хуцаад бай пизда минь гээд элдвээр хэлээд доромжлоод шууд ээжийг зодож цохиж эхэлсэн салгах гэтэл намайг үсдээд газар унагаад хаа хамаагүй цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би тусламж гуйгаад орилсон хэн ч гарч ирээгүй ээж бид хоёр түлхэж холдуулаад гэр лүүгээ зугтаж орсон тэгсэн араас ирээд алнаа гээд орилоод хаалга балбаад байсан тул цагдаад бид нарыг алах гээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай дээд айлын залуу гараараа цохисон мөн үүдэнд нь модон сандал байсан тэр сандлаар бас цохисон. Хүзүүнээс гараараа боогоод хана руу түлхээд хананд тулахад гараараа нүүр лүү олон удаа өшиглөөд байсан би нүүрээ дараад хэвтсэн байсан их архи үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-15-16/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 12807 дугаартай дүгнэлтэд:
1.2. ”... Ц Б.Сүндарийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5.6. Тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би урьд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн. Би Сүндарь болон Баярмаа нарыг зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг /хх-45-46/,
“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-23/,
Хохирлын баримтууд /хх-75-76/,
Шүүгдэгч Ц.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь 2 хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд Ц.Б-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар байр 3 дугаар орц 9 давхар 106 тоотод иргэн Ц.Баярмаагийн биед тархи доргилт, уруулд язрал, цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, иргэн Б.Сүндарийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, уруулд цус хуралт гэмтлүүдийг тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хоёр буюу түүнээс олон гэж гэмт этгээд хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд, эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэнийг ойлгоно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сүндарь нь 175.000 төгрөг, хохирогч Ц.Баярмаа нь 425.500 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардал болон бусад хохиролтой холбоотой нийт 600.500 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгчээс гаргуулан олгохоор тогтов.
Мөн хохирогч Ц.Баярмаа, Б.Сүндарь нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Дээрх байдлаар шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ыг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Б-ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-аас хохирогч Б.Сүндарьд 175.000 төгрөг, хохирогч Ц.Баярмаад 425.500 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хохирогч Ц.Баярмаа, Б.Сүндарь нар нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС