Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 113/ШШ2019/0010

 

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж, Ж.Б-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга буюу эрх бүхий албан тушаалтанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Д.М шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Б-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга буюу эрх бүхий албан тушаалтанд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Д.М миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Учир нь нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаасаа “аймгийн Засаг даргад даалгах” гэсэн хэсгийг хасч, эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлэхийг даалгах гэж өөрчилсөн байна. Миний хувьд Авлигатай тэмцэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/3043 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн авсан хэдий ч Удирдлагын академид суралцаж байгаа тул өдийг хүртэл шийдвэрлээгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Ц: “Энэ хэрэгт татагдсан гуравдагч этгээд байхгүй, хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх ашгийг хөндөхгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Ж.Б-ын “Миний гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШЗ2019/0014 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.                

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х-аас 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу өргөдлийг өөр этгээдээр шийдвэрлүүлэх тухай асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн эрх бүхий албан тушаалтанд даалгах” гэж нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, тус аймгийн эрх бүхий албан тушаалтныг 2019 оны 4 дүгээр асрын 15-ны өдрийн 113/ШЗ2019/0029 дүгээр шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн үндсэн шаардлагын “... Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” хэсгийг хасч, нэмэгдүүлсэн шаардлагын “... өргөдлийг өөр этгээдээр шийдвэрлүүлэх” гэснийг “... хуульд заасан журмын дагуу” гэж өөрчилж, тодруулсантай холбогдуулан хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуудийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн .../-ийг/ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд Ж.Б-ын “Миний гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу өргөдлийг хуульд заасан журмын дагуу нэн даруй шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн эрх бүхий албан тушаалтанд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга буюу эрх бүхий албан тушаалтан Д.М хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх захиргааны хэргийн хувьд татагдсан гуравдагч этгээд байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тул бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзнэ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг тус тус баримтлан Ж.Б-ын “Миний гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасны дагуу өргөдлийг хуульд заасан журмын дагуу нэн даруй шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн эрх бүхий албан тушаалтанд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга буюу эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.                                                                              

 

 

ШҮҮГЧ                                           З.ГАНЗОРИГ