Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 14

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2017/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У -д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний төлбөр 3200000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Н.У,  шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Л.Стэй гэр бүл болон амьдарч байсан бөгөөд манай эхнэр Л.С нь 2015 оны 09 дүгээр

 

сарын 04-ний өдөр зуурдаар нас нөгчсөн юм. Гэтэл эхнэрийг нас нөхчсөний дараа А.У уулзан танай эхнэр байсан Л.С надаас мөнгө зээлж авсан, түүнийг төл гэсэн. Тэр үед би манай эхнэр орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд тавьсан юм байна гэж мэдсэн. Гэрчилгээний эх хувь Уд байгаа болно. Би орон сууцныхаа гэрчилгээг авъя гэхээр миний мэдэхгүй мөнгийг надаас нэхээд байдаг. Иймд А.Угаас орон сууцны гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Стэй зээлийн гэрээ байгуулан 2014 оны 10 сарын 21-ний өдөр 400000 төгрөг, 11 сарын 07-ны өдөр 700000 төгрөг, 11 сарын 12-ны өдөр 300000 төгрөг, 12 сарын 04-ний өдөр 700000 төгрөг, 2015 оны 1 сарын 9-ний өдөр 100000 төгрөг, 2015 оны 2 сарын 07-ны өдөр 1000000 төгрөг, нийт 3200000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд Л.С нь ийнхүү зээл авахдаа Б.Г, Л.С нарын нэр дээрхи 2 хүний өмчлөлийн Сайншанд сумын 1 дүгээр баг, *** тоот, 57,9 мкв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан болно. Ийнхүү зээл авснаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байх хугацаандаа буюу 2015 оны 9 сарын 4-ний өдөр нас барсан бөгөөд би түүний нөхөр Б.Гт энэ тухай мэдэгдэж, зээлээ төлөхийг шаардахад би удахгүй өгнө гээд нотариатаар гэрчлүүлэн гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч Б.Г нь удахгүй өгнө гэсээр байгаад одоог хүртэл зээлээ эргэн төлөөгүй байгаа тул би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь буцаан өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Хэрэв Б.Г нь миний мөнгийг өгчихвөл би дээрхи байрны гэрчилгээг өгөхөд татгалзах зүйлгүй. ...Б.Г нь хүүг төлж чадахгүй, зөвхөн зээлсэн мөнгийг нь төлье гэж талийгч эхнэрийнхээ зээлийн гэрээний үүргийг миний өмнө хариуцахаар хэлэлцэн тохирч 3200000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Одоо болохоор би эхнэрийнхээ зээл авсаныг мэдэхгүй гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч А.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... миний бие түүний нөхөр Б.Гтай  уулзаж, энэ талаар хэлсэн бөгөөд Л.Сгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 5 сая төгрөг төлөхийг шаардахад Б.Г нь би гэрчилгээгээ авч банкнаас зээл аваад таны мөнгийг төлье гэсэн бөгөөд би мөнгөө авч байж гэрчилгээг өгнө гэсэн. Гэтэл Б.Г нь би танаас авсан зээлийг хүүтэй нь төлж чадахгүй, үндсэн мөнгийг нь өгье гэсэн бөгөөд би хүндэтгэн үзэх шалтгаантай учраас түүний нөхцөл байдлыг ойлгож, хүү төлөхгүй байхыг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид 2015.09.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд 3200000 төгрөгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Б.Гаас 3200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай талийгч С нь Угаас мөнгө төгрөг зээлсэн гэдгийг талийгчийг нас барсаны дараа У өөрөө надтай уулзсаны дараа л мэдсэн. Тэр ч бүү хэл манай орон сууцны гэрчилгээг барьцаанд авсаныг мэдсэн. Манай талийгч надад У гэдэг хүнээс мөнгө төгрөг зээлж авсан тухай огт ярьж, хэлж байгаагүй бөгөөд орон сууцны гэрчилгээгээ барьцаанд тавиад зээл авлаа ч гэх юм уу, энэ талаар огт надад ярьж хэлж байгаагүй, би энэ талаар мэдэхгүй. Уг нь манай хүн надаас болсон үйл явдлаа нуугаад байдаггүй л байсан. Манай хүнд яагаад ийм их мөнгөний хэрэгцээ гарсаныг одоо хүртэл бодоод олохгүй байгаа юм. Би ажилтай, өөрөө ажилтай, цалинтай. Манай 2 хүүхэд бага балчир, ингэхээр тийм их мөнгөний хэрэгцээ шаардлага байхгүй, дутагдах гачигдах зүйлгүй л амьдарч байсан гэж боддог.  Би уг мөнгийг талийгч авсан эсэхийг мэдэхгүй, энэ талаар надад талийгч хэлж байгаагүй учир надтай зээлийн гэрээ хийсэн, намайг зөвшөөрсөн гэж үзэж 3200000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. У нь манай талийгч нас нөгчөөд 1-2 хонож байхад ирж уулзсаныг санаж байна. Гэрээ хийснийг ч санаж байна. Тэр үед танай хадмуудад хэлнэ ч гэх шиг юм яриад байсан. Манай хадмуудад хэлсэн ч байх. Би гардаж аваагүй, мэдэхгүй мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн надтай гэрээ хийхдээ орон сууцны гэрчилгээг барьцаанд авах, би орон сууцны гэрчилгээгээ барьцаалах тухай огт яригдаж гэрээ хийгдээгүй болно. Тийм ч учраас би орон сууцны гэрчилгээгээ Угаас гаргуулж авах нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Угаас Дорноговь аймаг, Сайншанд сумын 1 дүгээр баг, *** тоот, 57,9 м2 талбай бүхий орон сууцны *** Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэг, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гт холбогдуулан гаргасан 3200000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч А.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Угаас 70200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, хариуцагч А.Угаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс нэхэмжлэгч Б.Г, хариуцагч А.У нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар А.У нь нэхэмжлэгч Б.Гын өмчлөлд 3200000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй байх тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул Б.Гаас 3200000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч А.У нь сөрөг нэхэмжлэлээ Б.Гт мөнгө зээлүүлсэн, зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байна гэсэн үндэслэл гаргаагүй бөгөөд харин түүний эхнэр Л.Сгийн зээлсэн мөнгийг буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний нөхөр Б.Г 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид хугацаа тохирсон боловч энэхүү үүргээ үл биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Түүнчлэн зохигчдын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч А.У нь нэхэмжлэгчид бодитоор мөнгө шилжүүлээгүй боловч энэ гэрээний гол зорилго нь өвлүүлэгчийн А.Угийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний хууль ёсны өвлөгчөөс шаардсан буюу Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хариуцагч А.У хэрэгжүүлсэн тухай үйл баримтыг тогтоосон нотлох баримт гэж үзэх нь зүйтэй юм. Шүүхээс хариуцагч А.У нь Б.Гаас 3200000 төгрөгийг хуулийн дагуу өвлөх эрх нээгдсэн, өв шилжсэн гэх үзэн шаардсан, эсхүл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу шаардсан алин болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн ямар зүйл заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой эсэх, өөрөөр хэлбэл зохигчдын маргааныг хууль хэрэглэн шийдвэрлэх эрх шүүхэд өөрт нь олгогдсон байхад хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөөр нь тодорхойлуулах шаардлагатай мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Мөн түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн эхнэр нөхөр хууль ёсны өвлөгч мөн боловч нэхэмжлэгч Б.Г, С.С нарыг хууль ёсны эхнэр нөхөр гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.С нь нэхэмжлэгч Б.Гын хууль ёсны эхнэр биш талаар маргаагүй бөгөөд зохигчдын маргахгүй байгаа үйл баримтыг заавал нотлох шаардлагагүй юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өвлөх эрхийн талаар 3 сарын дотор нотариат болон сум засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсанд тооцно гэж байгаа. Тийм учраас Г Стэй хамт амьдарч байсан бөгөөд 3 сарын дотор мэдэгдээгүй учраас өвийг хүлээн авсан гэж үзэж байгаа. Иймд 136/ШШ2017/00093 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Угийн нэхэмжлэгч Б.Гт холбогдуулан гаргасан 3200000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр Сгийн авсан мөнгийг Г төлнө гэсэн үг үсэг байхгүй. Г мөнгө аваагүй гэдэг нь нотлогдож байгаа. Г зээлийг төлөх үндэслэлгүй. Өв залгамжлалын асуудал хуульд заасны дагуу хийгдээгүй. С нас барсанаар Г болон түүний 2 хүүхдэд өв залгамжилсан асуудал байхгүй. Хариуцагч талаас 1 жилийн дотор шаардлага тавьсан гэдгээрээ өв залгамжилсан гээд байгаа юм. Энэ мөнгийг С авсан юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй байгаа, буцаагаад өгчихсөн мөнгийг нэхээд байгаа юм уу гэдгийг нотлох баримтаар гаргаж ирж чадахгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна, харин 3200000 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

            Хариуцагч А.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3200000 төгрөгийг өгчихвөл би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгнө гэв.                                                

                                                ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.Уд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч түүний эхнэр Л.Сгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж маргаж, улмаар Л.Сгийн зээлийн гэрээний үүрэгт 3200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Б.Гт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлээ 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд /хх-22/ үндэслэжээ. 

Нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эхнэр Л.С нь уг мөнгийг авсан эсэхийг мэдэхгүй, би мөнгийг гардаж аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-д заасныг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Н.У эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлын дагуу хэргийг хянан үзвэл анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулалгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Гын эхнэр Л.С нь хариуцагч А.Уд зээлийн гэрээний үүрэгт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг *** тоот, 57,9 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан ба тэрээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан тухай хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч А.У нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг *** тоот, 57,9 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Л.Сгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэснээс үзэхэд нэхэмжлэгч Б.Гын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус үндэслэсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа энэхүү хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдох учиртай.

Энэ нь нэхэмжлэгч Б.Гын эхнэр Л.С нь хариуцагч А.Уд зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан эсэхээс шалтгаалж нэхэмжлэгч Б.Гын шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн хувьд үндэслэлийг зөв тодорхойлсоноор хуулийг зөв хэрэглэх боломжтой болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч А.Угийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээг үндэслэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй буюу зээлийн гэрээний дагуу эсхүл өвлөх эрхийн дагуу шаардаж байгаа нь тодорхойгүй гэсэн нь ойлгомжгүй болсоны гадна нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томъёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох арга хэмжээ авах, маргааны зүйлийг тодорхойлж, талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх нь шүүхэд хамааралтай ажиллагаа болохыг анхаараагүй байна.

Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох учиргүй бөгөөд шүүх энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11, 67 дугаар зүйлийн 67.1.1 зэрэг хуульд заасан арга хэмжээ авах, улмаар шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй юм.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч А.У нь Л.Сгийн зээлийн гэрээний үүрэгт 3200000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гаас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Б.Гын эхнэр Л.Сгийн зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлж, улмаар нэхэмжлэгч Б.Гтай бичгээр байгуулсан зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч Б.Г нь Л.Сг өөрийн эхнэр биш гэж маргаагүй, харин түүнийг уг зээлийн мөнгийг авсан эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэгч уг мөнгийг өөрөө гардаж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Эндээс үзвэл талууд сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь эхнэр Л.Сгийн өрийг шилжүүлэн авсан эсхүл Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасан өв хүлээн авсан өвлөгчийн хариуцлагын талаар маргаж байгаа алин нь болохыг  анхан шатны шүүх талуудын тайлбар нотолгоог үндэслэн тодорхойлох нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д үндэслэсэн эсэх буюу үүрэг гүйцэтгэгч буюу Л.Сгийн өрийг  түүний нөхөр Б.Г шилжүүлэн авах нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл  байсан эсэхээс шалтгаалж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдох боломжтой.

Харин хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах гомдолд дурдсан агуулгаас харахад хариуцагч сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д үндэслэсэн гэх ба энэхүү зохицуулалт хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох эсэхийг тогтоохын тулд өв хүлээн авсан өвлөгч нь нэхэмжлэгч Б.Гаас гадна өөр этгээдүүд байгаа эсэх, өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, өвлөн авсан эд хөрөнгө, түүний хэмжээ зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдсоны эцэст шүүхээс дүгнэлт өгөх боломжтой болох тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд  хариуцагчийн өмгөөлөгч Н.Уийн “сөрөг нэхэмжлэлийг хангах” тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2017/00093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

                                                  ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                                    Н.БАТЧИМЭГ