Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Хид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Хид холбогдох 1706036840171 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Цийн Х, 1979 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

Ц.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Good Price” дэлгүүр дотор иргэн А.Цыг ажлаа хийж чадсангүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Цийн Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хоос нийт 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Цт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Х давж заалдах гомдолдоо: “...Миний бие дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажил эрхэлдэг баримт хэрэгт авагдаагүй гэж шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Мөн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба прокурор нь хуульд заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг санал тавьж, би уг саналыг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар ч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хохирогчид хохирлын 128.000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байсан боловч хохирогчтой уулзаж чадаагүй тул шүүх хурлаас өмнө хохирлыг төлж барагдуулж амжаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогчид хохирлыг төлж, төлсөн баримтыг шүүхэд өгсөн. Иймд Ц.Х миний бие нь тус дүүргийн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг эс зөвшөөрч байгаа тул надад хуульд заасан торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Миний бие дээрх торгуулын ялыг хуульд заасан хугацааны дотор нэн даруй төлөх болно.” гэжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Хийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Прокурорын зүгээс тухайн үед хэргийг хялбаршуулсан журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой төрлийн хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу яллах дүгнэлт бичсэн. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Тухайн саналаа яллагдагчид танилцуулж, шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчид хохирлыг төлөөгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т заасан хохирол, хор уршиг нөхөн төлөөгүй гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүх, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Хийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудал шүүх хуралдаанд яригдаж хохирогчтой эвлэрсэн байсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Good Prise” дэлгүүр дотор иргэн А.Цыг ажлаа хийж чадсангүй гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүүхдийн хөлийг цохисон учир би уурлаад “...чи яаж байгаа юм бэ, наад зүйлээ авахгүй яасан юм бэ” гэж асуухад надаас болон миний хүүхдээс уучлалт гуйгаагүй ямар нэгэн соёлтой зүйл хэлээгүй, харин ч “яасан юм яаж мэддэг юм” гэж хэлээд байхаар нь би цохисон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

хохирогч А.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...үйлчлүүлэгчийн хүүхэд нь төмөр тавиур дээр бүдэрч унасан. Нөгөө эрэгтэй үйлчлүүлэгч ирээд “...үүнийгээ хураахад яадаг юм” гээд элдэв янзаар хараагаад байсан. Тэгээд тавиурыг нь хураагаад уучлалт гуйхад “ажлаа хийж чаддаггүй юм уу” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “...таниас уучлалт гуйгаа биз дээ” гэхэд нөгөө эрэгтэй үйлчлүүлэгч эргэж ирээд толгой руу 1 удаа алгадаж, энгэрээс заамдаж, хананд шахаж түлхсэн. “...хүүхдийн хөл хугарсан бол яах юм” гэж хэлээд толгой руу 1 удаа гараараа хүчтэй цохиж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Х.Тэлмэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад орой 18 цагийн орчим манай ажилтан А.Ц хүнтэй маргалдаад байхаар нь би очоод тэр ахаас “...юу болоод байгаа юм бэ” гэхэд “...танай ажилтан чинь явдаг зам дээр лангууны төмөр тавиад хүүхэд түүн дээр нь унасан чинь энэ залуу чинь араас үглээд байна” гэж хараалын үг хэлээд “алив энэ өвдөгийг нь хар” гэж хэлэхэд А.Ц “...ахаа би одоо хараад яахав дээ” гэж хэлэхэд тэр эрэгтэй хүн А.Цын эрүү нүүрний хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр ах “...танай дэлгүүрийн захиралтай чинь ярина, танайх энэ лангуугаа энд тавих ёстой , хүүхдийн өвдөг ийм болгочихлоо, эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлээд хүүхдээ аваад бид нартай эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэх гэтэл эмч нь байгаагүй. Тэндээсээ салаад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Цын биед тархи доргилт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 14332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.Хийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Хийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж хуульчилжээ. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор М.Хэрлэнчимэгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байхад анхан шатны шүүхээс “шүүгдэгч ажил эрхэлдэг гэх баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй” гэх үндэслэлийг зааж шүүгдэгч Ц.Хийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүгдэгч Ц.Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ