Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01384

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00054 дүгээр магадлалтай,

А.А-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,

тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар англи хэлний үндсэн багшаар томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ажилд томилогдсон цагаас эхлэн ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байх ба миний ажиллаж байсан англи хэлний үндсэн багшийн орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: А.А- нь тус сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбоотой англи хэлний багшаар томилогдсон байна. Гэхдээ тус сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлтгүйгээр холбогдох хууль журмыг зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, А.А- нарын 3 багшийг багшаар томилон ажиллуулж, сургуулийн төсвөөс цалинжуулж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар тогтоолыг бүхэлд нь зөрчиж, гүнзгийрүүлсэн сургалт нээж, гаднаас багш томилон ажиллуулж, тэдгээрийг сургуулийн төсвөөс санхүүжүүлэн сургуулийн төсвийг хэтрүүлж, авлага, өр төлбөр үүсгэсэн байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газраас манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд төсөв хэтрүүлсэн, авлага, өр, төлбөр үүсгэсэн зөрчилд холбогдуулан тус аймаг дахь Төрийн Аудитын газар /2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/38 тоот албан шаардлага/-аас Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, батлагдсан орон тооны хязгаар, цалингийн санг мөрдөж ажиллах гэсэн шаардлага хүргүүлсэн билээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Харин А.А-ийн ажлын байр хэвээр хадгалагдаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн гэж буруутгасан нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн б/02 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цагийн багшаар томилох тухай тушаалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Бахат арыххул овогт Айбатын Айсулуг Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн англи хэлний багшаар эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00054 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212\МА2018\00054 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4-д заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсанаар гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдоогүй нотлох баримт байхгүй гэжээ”. Гэтэл тухайн хавтас хэрэгт байгаа Баян-өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2017.11.07-ны өдрийн 07\38-БӨА-2017\05-ГА тоот албан шаардлагын “ШААРДАХ НЬ” хэсгийн 1,2 -р заалтаар “илүү орон тоог хасах заалт оруулж шаардсаныг , Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2018.02.05- ны өдрийн Хяналт шалгалтын танилцуулгын 3 дахь болон 11 дэх заалтуудаар “орон тоо бүтцийг батлагдсан хэмжээнд мөрдөх”, илүү орон тоог цомхтгох, Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон зэрэг нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас үнэлээгүй байна. Айсулу нь өөрөө тухайн 2-р БДС -ийн батлагдсан бүтэц орон тоонд ажиллаж байгаа үндсэн багш биш болох нь түүнийг ажилд томилсон тушаалаар батлагдах бөгөөд нэхэмжлэгч Айсулу нь 2017.08.29 -ны өдөр 2-р БДС-ийн захирлын “Ажилд томилох тухай” Б\47 тоот тушаалаар ажилд томилогдохдоо батлагдсан орон тоонд биш, Гүнзгийрүүлсэн сургалт нээж байгаатай холбогдуулан ажилд томилогдсон болох нь уг томилсон тушаалын 1-р заалтаар тодорхой байна. БСШУ-ны сайдын 2002 оны 333 -р тушаалаар баталсан Үлгэрчилсэн журмын 2.1- р зүйлийн 2.1.1 -д заасан “аймгийн боловсрол соёлын төвөөр батлуулах, дүгнэлт гаргуулах шаардлагыг зөрчсөн, энэ нь журмын 3.7.4-т заасныг давхар зөрчсөн болох нь нотлогдсоор байтал анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулж буй “ЕБ-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-н холбогдох заалтуудыг зөрчиж байсныг харгалзаагүй, журам дээрх заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Уг хэргийн өмнөх шатны 2 шүүх нь бодит нөхцөл байдлыг харж дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа ба дахин сайтар нягталж үзэж бодит нөхцөл байдлыг нь харж дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна. Батлагдаагүй орон тоонд олон хүн авч төсвийн хууль зөрчин, төсөвт \улсад\ хүндрэл хохирол учруулсан байдлыг огт анхаарахгүй байна. Төрийн аудитын албан шаардлага болон санхүүгийн хяналт, аудитын албаны тавьсан шаардлагыг мөн огт авч үзэхгүй байна. Ингэснээр захиралд хариуцлага тооцогдох, байгууллагад хохирол учрах зэргийг тооцоолж үзэхгүй байгаа ба цаашид “төсвөө хэтрүүлээд яваад бай, төсөв хэрхэх нь хамаагүй” гэсэн шууд утгатай байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч А.А- нь  “...тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч Баян-өлгий аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Адилбиш эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр гүнзгийрүүлсэн сургалт нээж нэхэмжлэгчийг ажилд томилж, сургуулийн төсвөөс цалинжуулсан...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч 2018 оны 1 дүгээр  сарын 02-ний өдөр Б/02 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг англи хэлний багшийн ажлаас  чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн  4 дүгээр тал/.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар  хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мөн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгажээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан англи хэлний багшийн орон тоо хасагдсан,  цөөрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна А.А-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00180 дугаар шийдвэр, Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00054 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгонтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ