| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0303/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/388 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/388
2021 03 23 2021/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Хохирогч: Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн 2006 00000 1524 дугаартай хэргийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/1-17 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХХ000000, хэрэг хариуцах чадвартай, Б.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хаан” банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд машин авах зорилгоор шүүгдэгч Б.М-ын данс руу дандаа дансаар мөнгө шилжүүлсэн. Эхлээд “2019 онд миний машин гарна” гэж байснаа “2020 онд гарахаар болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь “машинаа авмаар байна” юу болсон гэж асуухад “Ковид-19 гарч хөл хорионд орсон” гэсэн. Тэгээд Б.М-ыг бүүр алга болохоор нь “шүүх, цагдаад өгнө” гээд өгсөн. 20.796.000 төгрөгөө авч чадахгүй байсан болохоор гомдол гаргасан. Надад өнгөрсөн 7 хоногт Б.М 20.000.000 төгрөг төлсөн. Би хохирлоо барагдуулсан тул одоо гомдол саналгүй. Би 796.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-7, 14-17, 93-95/, хохирогч Б.Бат-Эрдэнийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-12-13/, хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн мэдүүлэг /1хх-109-110/, иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн өгсөн мэдүүлэг /1хх-159/, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг, /1хх-167/, иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-171/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-175/, яллагдагч Б.М-ын мэдүүлэг /51-53, 152-153, 188-190/, Б.М-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-35-42, 103-104/, Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хаан” банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би Батболдын Б.М гэх залуутай 2019 оны 9 дүгээр сард такси үйлчилгээнд явж байгаад танилцсан юм. Тэгээд тухайн үед Б.М “Засгийн газрын баазаас актанд гарч байгаа машин авах уу” гэж асуухаар нь “би авъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.М “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэхээр нь би 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5021441026 тоот данс руу нийт 25 удаагийн гүйлгээгээр 20.796.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тухайн үед Б.М хэлэхдээ “Соната-7, Ланд-105 зэрэг машинууд актанд гарна” гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь Б.М нь өнөөдрийг хүртэл машин авч өгсөн зүйл байхгүй утсаар ярихад “өгч чадахгүй, цагдаа шүүхээрээ яв” гэж хэлсэн юм.” /1хх-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн дахин өгсөн: “...Урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчих юм бол 8.000.000 төгрөгийн үнэтэй Ланд круйзер 105 маркын машин гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сонирхож байгаагаа хэлээд Б.М-ын 86110174 дугаарыг авч үлдсэн юм. Тэгээд 15 цагийн үед би ахиж Б.М-тай холбогдож би Ланд 105 худалдаж авахаар сонирхож байгаагаа хэлээд урьдчилгаа 2 сая төгрөгийг нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 16 минутанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелд явж байхдаа мобайл банк ашиглаж өөрийн 5111257194 дугаарын данснаас Б.М-ын 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би машинаа асуусан чинь Б.М нь 2020 оны 12 дугаар сарын сүүл гэхэд өдрийг санахгүй байна машин гарчихнаа гэж байснаа он гарч байгаад “машин чинь гарахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд би хүлээсэн. Тэгээд уг машин нь гарахгүй байсаар байгаад 2020 оны 2 дугаар сар хүрсэн. Тэгээд би асуухаар “одоо Монголд өвчин гарчихлаа, уг машинууд төрийн үйлчилгээндээ яваад байгаа бичиг баримтууд нь бүгд болчихсон Мөнх-Эрдэнэ ах дээр байгаа би танаас авсан бүх мөнгөө Мөнх-Эрдэнэ ах руу шууд бүгдийг нь шилжүүлчихсэн” гэсээр байсан.” /1хх-14-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн: “...Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал над руу 86110174 дугаарын утсаар Батболд овогтой Б.М залгаж “Сайн байна уу багшаа” гэж ярьсанаа надад “Төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэй хэдэн автомашин актад гарахаар болсон байна, дээрх завшаан хүний амьдралд ганц л тохиох боломж шүү, та алдаж болохооргүй боломж шүү” гэхээр нь би Б.М-аас “тэгээд ямар машин байна, миний хүү” гэхэд “Ланд-105” 8 сая төгрөгийн үнэтэй, “Соната 7" 4 сая төгрөгийн үнэтэй машинууд байна” гэж өөрөө шууд машиныхаа үнийг хэлсэн. Тиймд би Б.М-аас “ийм хямдхан машин байж болдог юм уу” гэж асуухад “тиймээ урьд өмнө манай хүргэн ах авч байсан” гэж ярьсан ба би Б.М-аас “чи тэгээд найзууд болон ангийнхандаа хэлэхгүй яасан юм” гэхэд Б.М нь “үгүй, манай найз ангийхан ам султай учир мэдэгдэж магадгүй гэж бодоод танд тус болох зорилгоор танд хэлж байгаа юмаа” гэсэн. Тэгээд надад “хэрвээ та авахаар бол “Соната-7”-г 2 сая төгрөг байршуул, харин Ланд 105-г авах бол 4 сая төгрөг байршуулаад авах боломжтой шүү” гэж ярихаар би “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “та маргааш 12 цагаас өмнө мөнгөө бэлдээд байршуулчих” гэсэн. Мөн намайг “танд өөр хямд машин аваад тус болчих хүн байгаа бол хэлээрэй” гэсэн. Би өөрийн нөхөр Т.Лхагвасүрэнгийн утас руу залгаж “манай шавь хямд машин байна шүү, та хямдхан аваарай” гэж хэлж байна “чамд мөнгө олох боломж байна уу” гэж асуухад “за ярья” гэж хэлээд тасалсан. Тэгсэн манай нөхөр өөрийн төрсөн дүү Лхагвадаш, хүргэн ах Ж.Ганбаатар нарт хямд машины талаар хэлсэн юм шиг байсан. Тухайн хүмүүс над руу залгаж машины талаар асуухад би “тиймээ, манай шавь хямд машин олоод өгье” гэж хэлж байна. Харин “маргааш 12 цагаас өмнө мөнгөө байршуулчих” гэхэд тухайн хүмүүс “за за” гээд мэдээлэл аваад утсаа тасалсан. Харин би өөрийн төрсөн дүү Отгонсүрэн рүү утсаар залгаж тухайн машинуудын талаар мэдээлэл өгөхөд манай дүү “би хүмүүсээс мөнгө асуугаад үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш нь Ганбаатар нь 4 сая төгрөг, Лхагвадашийн эхнэр Гэрэлт-Од 2 сая төгрөг зэргийг миний данс руу шилжүүлэхэд би өөрөө тухайн мөнгөн дээрээ 2 сая төгрөг нэмээд нийт 10 сая төгрөгийг Б.М-ын “Хаан” банкны 5021441026 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгсэн над руу Б.М өөрийн утсаар залгаж “машинууд чинь баталгаажсан шүү багшаа” гэж хэлээд “нийт 4 машин болох юм бол 1 сая төгрөгийн шагналтай юм байна, хоёулаа нэг Ланд 105 дундаа худалдаж авах уу” гэж ярихад “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд Б.М “та урьдчилгаагаа олчих юм бол би бөгс мөнгөн дээр танд тусалж чадна, харин та машин авдаг хүн таних уу” гэхэд “би ямар нэг хүн танихгүй” гэж хариулахад “би ченж танина, тухайн ченжүүд Казакстан улс руу гаргаж 25 саяар зардаг юм байна лээ хоёулаа олсон мөнгөө хувааж авах талаар Б.М ярихаар би урьдчилгаа мөнгөө өөрийн хүүхэд Долгормаагаас 4 сая төгрөг зээлж аваад тухайн мөнгийг Ланд 105-н урьдчилгаанд Б.М-ын данс руу шилжүүлсэн. Тэгэхэд “машинууд бүгд баталгаажсан хүлээх үлдсэн шүү, 7 хоногийн дараа машинууд чинь гарна” гэж хэлээд “одоо тайван хүлээж байгаарай” гэж хэлсэн ба түүнээс хойш өдөрт нэг удаа ярьж байгаад 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр над руу Б.М залгаж “үлдэгдэл мөнгөө хийгээрэй, машин чинь гарахаар болсон шүү” гэсэн. Тэгээд би Б.М-т “надад 9 сая төгрөг байна, харин 1 сая төгрөг дутаж байна” гэхэд Б.М “би ахаасаа 1 сая төгрөг зээл аваад зохицуулчихъя” гээд надаас 9 сая төгрөг дахин данс руугаа шилжүүлж авсан. Мөн “машин чинь маргааш гарна шүү” гэхээр нь “машинаа хаанаас авах юм бэ” гэж Б.М-аас асуухад “Баянбүрдийн автобаз болон төрийн өмчөөс нэг бол өөр автобазаас гарна, би тань руу утсаар ярья” гэсэн. Тэгсэн маргааш над руу утсаар залгаж “Төрийн машин хурдан гарахгүй гэж байна, манай ах төрөөс гарч байгаа машин хурдан гардаггүй сар болж байгаад гардаг гэж байна” гээд манай ах маань шоолсон, тийм учраас та тайван хүлээж байгаарай, би охиныхоо нэрээр андгайлж байна” гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд байж байтал Б.М 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “сайхан шинэлээрэй багшаа” гэж хэлээд над руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Харин утга нь дээрээ шавийн бэлэг гэсэн байсан. Тэгээд би Б.М-аас “чи ямар их мөнгөтэй юм бэ” гэж асуухад “1.800.000 төгрөгийн цалин буусан учир танд бэлэг өгч байна” гээд таслаад дахин 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр надаас “60.000 төгрөг зээлэх мөнгө байна уу, багшаа хэрэг гараад байна” гэхээр нь би 60.000 төгрөг зээлүүлсэн. Тэгсэн 3 дугаар сарын 3-ны өдөр “би мөнгийг чинь 120.000 төгрөг болгоод таны данс руу чинь хийсэн шүү” гэж ярьсан. Би машинаа асуухад “Төрийн өмчийн машинууд хөдөө ажлаар явчихсан байна” гэж удаа дараа худлаа ярьж байснаа 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өдөр над руу дахин Б.М залгаж “бид нартай хамт машин авах гэж байсан хүмүүс хэл ам гаргаад машинаа авахаа больчихлоо” нэг Ланд 105 гарсан шүү” гэхээр нь би дүү Ууганчимэг рүү ярьж “ийм учиртай машин байна чи авах уу” гэхэд “наадах чинь ямар аятайхан боломж бэ, мөнгө олоод авчих юмсан” гэж хэлсэн. Маргааш нь манай дүү 4 сая төгрөг олж өгөхөөр нь би Б.М-ын данс руу шилжүүлсэн “за одоо баталгаажсан шүү” гэж Б.М хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 26-ны өдөр дахин надад Б.М худал яриад “үлдэгдэл 4 сая төгрөгөө шилжүүлээрэй” гэхээр нь би Ууганчимэг рүү утсаар ярьж “нөгөө машиныхаа 4 сая төгрөгийг шилжүүл гэж хэлж байна” гэж хэлсэн. Би Б.М руу манай дүү Ууганчимэг автомашинаа ломбарданд тавих гэхэд авахгүй байна гэсэн. “500.000 төгрөг шилжүүлчих би компанийн мөнгөнөөс үлдэгдлийг өгье” гэсэн. Дахин би дүү рүүгээ залгаж Б.М-ын хэлснийг хэлэхэд “тэгье тэгье” гэж зөвшөөрч манай Хөвсгөлд байдаг дүү Цогтбаатар над руу залгаж “ийм сайхан боломж гарчихаад байхад надад яагаад хэлдэггүй юм бэ” гэж хэлсэн. Би “танайхыг машинтай болохоор санаанд орсонгүй” гэж хэлсэн. Тэгээд би Б.М-аас дахин машин байгаа эсэхийг асуухад “2 машин байна” гэж хэлэхээр нь би Цогтбаатар руу залгаж “2 машин байгаа юм байна, нийт 16 сая төгрөг гэж байна” гэж хэлэхэд шууд над руу манай дүү шилжүүлсэн юм. Би тухайн мөнгийг Б.М-ын данс руу дахин хийж түүнээс хойш худлаа ярьсаар байгаад дахин над руу 4 дүгээр сарын 8-ны өдөр залгаж “компанийн мөнгө нэхэгдээд байна, та 2 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь манай дүү Ууганчимэг 2 сая төгрөг Б.М-ын данс руу өөрөө шилжүүлсэн юм. Түүнээс хойш 4 дүгээр сарын 17-ны өдөр Б.М залгаж “тогтоол шийдвэр нь гарсан эхний ээлжинд машинаа авна шүү” гэж хэлээд түүнээс хойш өдөр болгон над руу ярьж “Төрийн өмч дээр машин авч байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгөөд өгөх юм байна шүү” гэж хэлсэн ба түүнээс хойш худлаа ярьж байгаад алга болсон.” /1хх-109-110/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай бэр эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн “Хаан” банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 12 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн.” /1хх-159/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнгийн “...2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 4.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн “Хаан” банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 2.000.000 төгрөгийг нь, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд нь Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад ингээд миний бие 4.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн. /1хх-163/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр намайг гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 16.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоо эгчийн “Хаан” банкны 5005084208 дугаарын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 10 цагийн үед 13.000.000 төгрөгийг нь шилжүүлээд үлдэгдэл 3.000.000 төгрөгөө бол тус өдрөө 12 цагийн үед шилжүүлж өгсөн.” /1хх-167/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байтал манай ээжийн төрсөн дүү Д.Рэнцэнхорлоо эгч над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан нийт 6.500.000 төгрөгөө Б.М гэх хүний “Хаан” банкны 5021441026 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөгийг гурав дахь нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 14 цагийн үед 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл сүүлд Д.Рэнцэнхорлоо эгч маань нөгөө хүндээ залилуулж таараад ингээд миний бие 6.500.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн.” /1хх-171/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байтал Д.Рэнцэнхорлоо над руу залгаад “хямд үнээр машинтай болох боломж байна, энэ боломжийг ашиглах уу” гэж асуухаар нь би өөрт байсан 8.000.000 төгрөгөө боломжоороо Д.Рэнцэнхорлоогийн “Хаан” банкны 5005084208 дугаарын данс руу эхнийх нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед 4.000.000 төгрөгийг, хоёр дахь нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн үед 4.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Гэтэл миний сүүлд нь Д.Рэнцэнхорлоо нөгөө хүндээ залилуулж таараад ингээд миний бие 8.000.000 төгрөгийн хохиролтой болж үлдсэн.” /1хх-175/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би анх 2019 оны 9 дүгээр сард таксинд явж байгаад Б.Бат-Эрдэнэтэй танилцаж байсан бөгөөд би Б.Бат-Эрдэнэ гэх залууд хандаж “Машинууд хямдхан төрийн өмчийн үйлчилгээний газраас актанд гарч байгаа юм байна та сонирхох уу” гэж хэлэхэд Б.Бат-Эрдэнэ нь “би сонирхъё” гэж хэлсэн. Тэгээд би “зуучлан авж өгнө” гэж хэлснээр ерөнхийдөө над руу мөнгө төгрөгөө шилжүүлж эхэлсэн. Би өөрийн “Хаан” банкны 5021441026 дугаарын дансаар мөнгө шилжүүлэн авч байсан. Тэгээд би нэмж Б.Бат-Эрдэнэд “за ах ажил чинь болчихлоо “гэж худал хэлж нэмж мөнгө авсаар байсан юм. Ингэж явсаар хэд хэдэн гүйлгээгээр нийт 20.000.000 орчим төгрөг шилжүүлэн авсан. Үүнээс хойш ахин нэмж мөнгө төгрөг аваагүй 5 орчим сая төгрөгийг Б.Бат-Эрдэнэд буцааж өгсөн байгаа. Үлдэгдэл хохирлоо барагдуулах болно...2019 оны 4 дүгээр сард нэг онлайнаар бараа захиалга авч худалддаг газарт ажиллаж байгаад өрөнд орсон. Энэ өрөө дарахаар хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсээр байгаад өрөө бүр их болгочихсон.Ингэж явахдаа нэг олон нийтийн газарт танихгүй хүмүүсийн “Улсын актлагдсан машинуудыг хямд үнээр худалдан авч болдог” гэж сонсоод өнгөрч байсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүмүүсээс мөнгө нэхэгдээд болохоо байгаад байхаар нь ямар ч аргагүйдээд арван жилийн багш болох Д.Рэнцэнхорлоотой утсаар “Надад төрийн өмчөөс нууцын зэрэглэлтэйгээр хямд үнээр автомашинууд гарч байгаа, энэ боломжийг хоёулаа ашиглая, та машин сонирхох уу, ингээд авсан машинуудаа таньдаг ченжээр өндөр үнээр зараад нөгөө ченжүүд нь цаашаагаа Казакстан улс руу үнэтэй зардаг юм байна лээ” гэх мэтээр ярьж итгүүлэн Д.Рэнцэнхорлоо гэх хүнээс нийтдээ 45.000.000 орчим төгрөгийг Төрийн өмчийн машиныг хямд үнээр өгнө гэж хэлж авч залилсан.” /1хх-51-53,152-153, 1хх-188-190/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бат-Эрдэнийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-12-13/,
Шүүгдэгч Б.М-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-35-42, 103-104/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийн дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /хх-133-143/,
Шүүгдэгч Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгчийн зүгээс гаргасан: “...Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг өөрчлөх хүсэлттэй байна. Нэгэнт хохирлын хэмжээ 50.000.000 төгрөгөөс доош орсон учир хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлттэй байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч Б.М нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хаан” банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Рэнцэнхорлоогийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадашийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Отгонсүрэнгийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Ууганчимэгийн өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаатарын өгсөн мэдүүлэг, Б.М-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М-ын үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 66.446.000 төгрөгөөр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн татгалзал үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М-ын иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл
мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Рэнцэнхорлоод төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан буюу их хэмжээний хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.
Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно.
Иймд шүүгдэгч Б.М-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь шүүхийн шатанд хохирогч Б.Бат-Эрдэнэд 20.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Т.Лхагвадаш нь 4.000.000 төгрөг, Д.Отгонсүрэн нь 4.000.000 төгрөг, Д.Цогтбаатар нь 16.000.000 төгрөг, Э.Ууганчимэг нь 6.500.000 төгрөг, Ж.Ганбаатар нь 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс 45.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Рэнцэнхорлоод олгохоор тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.М-аас 45.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Рэнцэнхорлоод тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС