| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой А.Ат холбогдох эрүүгийн 2107 0000 00037 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ......................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Мөн дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийж 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 23 хоногийн хорих ялаар сольсон,
/РД: /, ******* овогтой А.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.А нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....................................................... тоотод Б.Аыг нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи уусан үедээ утас нэхээд байхаар нь нүүр лүү нь цохисон. Ажил хийхгүй болохоор хохирлыг төлөх боломжгүй байна...” гэв.
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 билүү 16 цагийн үед А.А бид 32 хүний машинтай Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Б.А гудамжинд зогсож байхаар нь тааралдаж ойр зуурын зүйлс ярилцаж байгаад Аын гэрт очиж ганц юм хувааж уухаар болсон. Ингээд Б.А тэр хавьд байсан 1 дэлгүүрээс 0.75 литрийн Икс нэртэй архи 2 шилийг аваад А.А, Б.А бид 3 Аынд орсон. А гэртээ ганцаараа байсан ба бид 3 түүнтэй нийлж авчирсан 2 шил архиа хувааж уусан. Тэгээд 18 билүү 19 цагийн үед байхаа би цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нар арай жаргаагүй байхад Б.А гэнэт “би гэртээ харилаа” гэж хэлээд А.Ааас өөрийнхөө “гар утсыг харсан уу” гээд нэхээд байхаар нь А.А согтуудаа Б.Аын нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохих шиг болсон. Тэгж байтал А А.Аыг Б.Аын нүүр рүү нь цохиж зодсонд нь уурлаад А.Аыг гэрээсээ хөөгөөд гаргасан. А.Аыг яваад 5-10 минут болсны дараа Б.А бас гэр рүүгээ явлаа гээд гараад явсан..." /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг үед А.А, Б.А, Б нар Налайх дүүргийн 4 дүгээр хороо бүр нуурын 8-1б тоотод байх манай гэрт ирсэн. Тэд нар ирэхдээ 0.75 литрийн Икс нэртэй архинаас 2 шилийг авчирсан байсан. Тэр архийг нь бид нар хувааж ууцгаагаад сууж байтал би урьд шөнө эмнэлэгт хүн асраад нойргүй хоносон болохоор уусан архиндаа ч юм уу, ядарсандаа болоод нэг мэдсэн унтчихсан байсан. Тэгээд унтаж байх хооронд гэнэт хүмүүсийн дуу чангараад байхаар нь гайхаад босоод хартал Б.А доошоо харчихсан тонгойгоод сууж байсан. Тэгэхээр нь би Б.Аоос “чи чинь яасан юм бэ” гээд асуутал “Атга ахаа А.А сая намайг цохичихлоо” гээд гараараа нүдээ дараад суугаад байхаар нь А.Ат “чи одоо яагаад гэрт орж ирчихээд хүүхэд зодоод байгаа юм бэ, яасан гэж цохиж байгаа юм бэ” гэж асуухад А.А “Атгаа ахаа сая Б.А надаас согтуу гар утсаа нэхээд асуугаад байхаар нь би уур хүрээд цохичихсон юм, тэр гар утсыг нь би мэдэхгүй” гэж хэлээд манайхаас гараад явсан...." /хх-17/ гэх мэдүүлэг,
Гэрч Е.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 билүү 20 цагийн үед манай Анар нэртэй хүнсний дэлгүүрт Б.А ах нэлээд согтуу байдалтай орж ирээд надад “ах нь хүнд зодуулчихлаа миний дүү чи утсаараа цагдаа дуудаад өгөөч” гээд гуйхаар нь би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн...” /хх-19/ гэх мэдүүлэг
Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цаг билүү 16 цагийн үед би найз Бтай цуг түүний цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаар Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр явж байхдаа өөрийн найз Б.Аыг гадаа гудамжинд явган явж байхад нь тааралдаж машин дотор суулгаад ойрд уулзаагүй байсан болохоор нэг нэгэнтэйгээ ойр зуурын сонин хачин юу байна гэж хэсэг хөөрөлдөж байгаад хамт *******ын гэрт очиж ганц юм хувааж уухаар болсон. Ингээд Б.А дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Икс нэртэй архи аваад *******ынд орсон. *******ынд Б.А, Б, ******* бид 4 авчирсан архиа хувааж уугаад сууж байтал Б.А гэнэт надаас өөрийнхөө гар утсыг нэхээд “чи миний гар утсыг авсан уу, авсан бол өгчих” гээд байхаар нь би “чиний утсыг аваагүй, тэрүүгээр чинь би яах юм” гэж хэлээд архиндаа согтчихсон байсан учир огцом уур хүрээд Б.Аын нүүр болон нүд рүү нь гараараа 2 удаа цохиж, нүүр рүү нь 1 удаа алгадсан. Энэ үед ******* намайг Б.Аыг зодсонд уурлаж гэрээсээ хөөхөөр нь би гараад явсан....” /хх-34/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Яаралтай тусламжийн хуудас /хх-23-24/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-36/,
Хохирогчийн хохирлын баримтууд /хх-66-72/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 8-1Б тоотод Б.Аыг утас нэхлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Архи уусан үедээ утас нэхээд байхаар нь нүүр лүү нь цохисон. Ажил хийхгүй болохоор хохирлыг төлөх боломжгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Аын мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “....А.Ат “хөгшөөн чи миний гар утсыг хараагүй биз, би хайгаад олдоггүй” гэсэн чинь А.А согтуу гэнэт над руу агсраад “би чиний утсаар яадаг юм, намайг хулгайч гэж бодоод байна уу” гэж хэлээд баруун гараараа миний толгой, нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон....” гэх, гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.А гэнэт “би гэртээ харилаа” гэж хэлээд А.Ааас өөрийнхөө “гар утсыг харсан уу” гээд нэхээд байхаар нь А.А согтуудаа Б.Аын нүүрэн тус газар нь 3-4 удаа гараараа цохих шиг болсон. Тэгж байтал А А.Аыг Б.Аын нүүр рүү нь цохиж зодсонд нь уурлаад А.Аыг гэрээсээ хөөгөөд гаргасан” гэх мэдүүлэг, гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд унтаж байх хооронд гэнэт хүмүүсийн дуу чангараад байхаар нь гайхаад босоод хартал Б.А доошоо харчихсан тонгойгоод сууж байсан. Тэгэхээр нь би Б.Аоос “чи чинь яасан юм бэ” гээд асуутал “Атга ахаа А.А сая намайг цохичихлоо” гээд гараараа нүдээ дараад суугаад байхаар нь А.Ат “чи одоо яагаад гэрт орж ирчихээд хүүхэд зодоод байгаа юм бэ, яасан гэж цохиж байгаа юм бэ” гэж асуухад А.А “Атгаа ахаа сая Б.А надаас согтуу гар утсаа нэхээд асуугаад байхаар нь би уур хүрээд цохичихсон юм, тэр гар утсыг нь би мэдэхгүй” гэж хэлээд манайхаас гараад явсан.” гэх мэдүүлэг, гэрч Е.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 билүү 20 цагийн үед манай Анар нэртэй хүнсний дэлгүүрт Б.А ах нэлээд согтуу байдалтай орж ирээд надад “ах нь хүнд зодуулчихлаа миний дүү чи утсаараа цагдаа дуудаад өгөөч” гээд гуйхаар нь би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ынд Б.А, Б, ******* бид 4 авчирсан архиа хувааж уугаад сууж байтал Б.А гэнэт надаас өөрийнхөө гар утсыг нэхээд “чи миний гар утсыг авсан уу, авсан бол өгчих” гээд байхаар нь би “чиний утсыг аваагүй, тэрүүгээр чинь би яах юм” гэж хэлээд архиндаа согтчихсон байсан учир огцом уур хүрээд Б.Аын нүүр болон нүд рүү нь гараараа 2 удаа цохиж, нүүр рүү нь 1 удаа алгадсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Ат холбогдох гэмт хэрэгт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 990.000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч Б.Аоос шүүгдэгчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилснийг хэрэгт авагдсан дүрс оношлогоо шинжилгээний төлбөр 450000 төгрөг, Энх-Ундарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 525000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн 15 000 төгрөг бүгд 990 000 төгрөгтэй холбоотой бичгэн баримтуудыг хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон олох байсан орлогтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ааас 990.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Аод олгосугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД