| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Хохирогч М.О,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Гд холбогдох эрүүгийн 2107000000026 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн Д.Г /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим ............................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Отай хардалтын улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед нь дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би орой гэртээ 2 хүүхдээ хараад байж байсан юм. Тэгээд эхнэр орой гарчхаад ирье гэхээр нь тэг тэг гэсэн чинь орой хүлээгээд ирдэггүй. Тэгэхээр нь орой 12 өнгөрч байхад тамхи татах гээд гарсан чинь хашааны гадаа хар машин байж байхаар нь юун машин юм болдоо гээд хаалга онгойлгоод харсан чинь яваад өгөхөөр нь юун машин юм гэсэн чинь такси барьж ирсэн юм гэхээр нь ийм такси байдаггүй юм гээд хардсаны улмаас тус газар нь цохисон” гэв.
Хохирогч М.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 01 сарын 22-ны өдөр 4 цагийн үед дүүгийндээ очоод 2 том пиво уугаад шөнийн 12 өнгөрөөд 1 цагийн үед ордны урдаас такси бариад гэртээ ирсэн. Тэр үед хар машинаас буугаагүй Королла маркийн машинаас гэрийнхээ үүдэнд буугаад орсон чинь сая чи хойд талд хар машины хажууд зогсож байсан гэхээр нь юу яриад байгаа юм хаанаасаа хар машин ургуулаад байгаа юм би корола маркийн таксигаар ирсэн хардаад цохисон чинь уруулаас их хэмжээний цус гараад гэмшиж байгаа шинж байгаагүй. Тэгээд айсандаа түргэн, цагдаа 2 дуудаад цагдаа эхэлж ирсэн. Цагдаа ирээд авч яваад замдаа миний цус тогтохгүй байсан чинь чи ямар хэрсүү юм бэ очиж оёул гээд очиж оёулсан. Би 14 хоног ажилдаа явж чадаагүй, юм ч идэж чадахгүй байсан. Манай охин байгаагүй манай дүүгийнд Замчинд байсан, миний хүү унтаж байсан”
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “Манай эхнэр орой 16 цагт ажилдаа яваад ирээгүй. Би гэртээ хүүхэдтэйгээ унтаж байгаад 01 цагийн үед сэрээд тамхи татах гээд гартал манай хашааны хойно номер нь мэдэгдэхгүй хар машин зогсож байсан. Би хашааныхаа хойд хаалгаар гараад очих гэтэл намайг харсан уу яасан гэнэт хөдлөөд манай хашааны урд ирж зогсоод манай эхнэрийг буулгачхаад явчихсан. Тэгээд эхнэртэйгээ гэртээ орсон эхнэр маань нэлээн согтуу байсан. Би эхнэрээсээ юун машин юм бэ хэн юм бэ гэж асуухад эхнэр маань таксины жолооч гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий худлаа ярь чи такси ингэж явдаггүй юмаа, чи нэг залуутай явалдаад байна гэж хэлээд нүүр лүү нь 2,3 удаа цохиод хувцаснаас нь татаж унагаад толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр маань цагдаа дуудсан. Эхнэр маань ажлаасаа үргэлж оройтож ирдэг. Надад утсаа огт өгөхгүй нуугаад байдаг юм.Тэгээд өнөөдөр нэг машинаар хүргүүлээд согтуу ирэхээр нь зодчихсон юм. Би архи, пиво уугаагүй байсан. Эхнэрийгээ зодож байхад гэрт манай бага хүү Г том өрөөнд унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Эхнэр бид хоёр гэрлээд 15 жил болж байна. Хоёр хүүхэдтэй. Том охин Анхбаяр одоо 9 дүгээр анги, бага хүү Г одоо 4 дүгээр ангид сурдаг. Хэрүүл маргаан бол байнга гарч байдаг. Ажилдаа явлаа гэж гараад үргэлж орой үдэш согтуу ирдэг. Заримдаа бүүр гадуур хоноод алга болчихдог юмаа. Тэгээд хааяа уур хүрээд гар хүрчихдэг.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Гийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө ................................. тоот гэртээ 01 цагийн үед байж байгаад гарч тамхи татах санаатай гэрээсээ гартал хашааны ард 1 хар машин зогсож байснаа хашааны урдуур яваад үүдэн дээр зогссон. Тэгээд тэр машинаас 1 эмэгтэй хүн буух шиг болсон ба манай эхнэр байхаар нь би ямар сонин юм бэ? гэж бодоод буцаад гэр лүү ороод орондоо хэвтсэн. Ардаас манай эхнэр М.О архи уусан байдалтай согтуу орж ирэхээр нь би “сая чиний буусан машин чинь ямар учиртай машин юм бэ?” гэж асуухад “такси байгаа юм” гэхээр нь би “чи битгий худлаа яриад бай ийм такси байдаггүй юм” гэж хэлээд уур хүрээд орноосоо босоод баруун гараараа эхлээд баруун нүд рүү нь 1 удаа, дараа нь уруул руу нь дахиад баруун гараараа 1 удаа цохичхоод эхнэрээсээ уучлалт гуйгаад хоорондоо ярилцаад сууж байтал манай эхнэр М.О шууд утсаараа цагдаа дуудсан. Би тэр өдөр ерөөсөө архи уугаагүй эрүүл байсан. Миний эхнэрээ цохих болсон шалтгаан бол шөнө согтуу орж ирэхээр нь хардсандаа болоод л уур хүрээд цохисон юм. Эхнэр бид хоёр өмнө нь ийм асуудалд ерөөсөө орж байгаагүй. Хааяа нэг хэрүүл маргаан гардаг ч тэгсхийгээд дуусчихдаг байсан. Харин тэр өдөр бол яалдагчгүй би эхнэрээ хардсандаа болоод уур хүрээд тэсэлгүй цохичихсон юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Гийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө ................................. тоот гэртээ байж байгаад гарч тамхи татах гээд хашаандаа гартал хашааны хойно нэг хар машин зогсож байснаа хөдлөөд манай хашааны үүдэн дээр хүрч ирж зогсоход манай эхнэр тэр машинаас буусан. Тэгэхээр нь би буцаж гэртээ ороод орон дээрээ хэвтэж байсан чинь эхнэр гаднаас жаахан согтуу байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би хардсандаа болоод “чи ямар учиртай хар машинаас буугаад байгаа юм бэ?” гэхэд “такси бариад ирсэн юм” гэхээр нь би “чи битгий худлаа яриад бай ийм такси байдаггүй юм” гэж хэлээд орноосоо босоод эхнэрийнхээ нүүрэн тус газарт 2-3 удаа цохичихсон юм. Шөнө орой гаднаас нэг хар машинаас бууж ирээд гэртээ архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь би хардсандаа болоод уур хүрээд цохичихсон юм. Тухайн үед биеэ барьж өөрийгөө хянаж чадаагүй миний буруу. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №64 тоот “М.Огийн биед дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн. Дээрх гэмтэл шархыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө эхнэр М.Ог гаднаас согтуу орж ирэхээр нь хардаж уурласандаа болоод М.Огийн уруул болон нүд рүү нь гараараа 2-3 удаа цохиж учруулсан юм.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр М.Огийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “Нөхөр маань 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр машиныхаа салхины шилийг хагалаад бас нэг талынхаа толийг хагалсан. Багана нь цөмөрсөн байсан. Энэ асуудлаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 221-ний өдөр нөхөртэйгөө маргалдаад 16 цагийн үед төрсөн дүү М.Бгийн гэрт нь очоод 2 ширхэг Сэнгүр нэртэй том пиво хувааж уугаад шөнө гэртээ такси бариад харьсан. Тэгсэн нөхөр маань юун залуутай ирсэн. Чи хэн юм гээд учир зүггүй нүүр лүү 3 удаа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний доод уруул дотор талдаа язарсан. 2 оёдол тавиулсан. Баруун нүд хөхөрч хавдсан. Өөр гэмтэл байхгүй. Урьд нь ганц нэг удаа маргалдаад нөхөр маань намайг алгадаж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор М.Огийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “Манай нөхөр Д.Г бид хоёр хамт амьдраад 16 жил болж байгаа. Дундаа 11-15 насны хоёр хүүхэдтэй. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед төрсөн дүү М.Бтай хамт сууж 2 том савтай Сэнгүр пиво хувааж ууж байгаад шөнө 00 цагийн үед дүүгийнхээсээ гараад такси бариад ................................. тоот гэртээ явсан. Тэгээд хашааныхаа үүдэнд таксинаас буугаад гэр лүүгээ ортол манай нөхөр Д.Г орон дээрээ сэрүүн хэвтэж байсан ба намайг согтуу орж ирсэнд уурласан байдалтай надад “шөнө орой ямар залуутай хаагуур яваад өдийд ирж байгаа юм бэ?” гээд хэрүүл өдөөд байхаар нь би “миний хаагуур явах чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлтэл шууд орноосоо босоод баруун гараараа миний баруун нүд рүү 1 удаа, миний уруул хэсэг рүү мөн баруун гараараа 1 удаа тус тус цохисон чинь миний уруулаас их хэмжээний цус гарсан. Тэгээд би шууд өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Д.Г миний баруун нүд рүү нэг удаа цохисны улмаас баруун нүд хөхөрч хавдсан. Мөн миний уруул руу 1 удаа цохисны улмаас дээд уруулын дотор тал язарч 4 оёдол тавиулсан. Одоо хүнтэй юм ярихад хүндрэлтэй байгаа. Манай нөхөр Д.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би бол дүүтэйгээ 2 том Сэнгүр пиво хувааж уусан учир жаахан согтуу байсан. Манай нөхөр Д.Г өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Яахав гэр бүл болж хамт амьдардаг хүмүүсийн хувьд хааяа нэг маргалдах зүйл гардаг. Тэрнээс өөрөөр ямар нэгэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй. Тухайн үед том охин Анхбаяр нь хүргэн ахындаа хонож байсан. Гэрт манай нөхөр болон бага хүү Г /11 настай/ байсан. Г тухайн үед унтаж байсан юу болсон талаар мэдээгүй. Д.Г нь хоёр хүүхэдтэйгээ их сайхан харьцаатай. Хүүхдүүддээ тавих халамж сайтай ямар нэгэн байдлаар хүүхдээ зодож загнаж байгаагүй. Манай нөхөр Д.Г бид хоёр хамт амьдраад 15 жил болж байгаа. Энэ хугацаанд манай нөхөр Д.Г 2 хүүхэдтэйгээ болон надтай хэвийн л сайхан харилцаатай, зан төлөвийн хувьд манай хүн даруу төлөв дуугай төрлийн хүн байгаа юм. Хааяа нэг архи уучихдаг уусан үедээ ямар нэгэн элдэв зан ааш гаргаад байдаггүй. Их мөрөөрөө хүн байгаа юм. Надад энэ асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёрын харилцаа одоо хэвийн байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр М.Бгийн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “Б.М.О нь миний төрсөн эгч харин Д.Г нь нөхөр нь байгаа юм. Тэр өдөр эгч М.О өдөр 16 цагийн үед байхаа одоо сайн санахгүй байна. Манайд ирээд хамт ойр зуурын зүйлс ярьж суунгаа хэдэн пиво хувааж ууцгаасан. Тэгээд М.О эгч шөнө 23 цагийн үед манайхаас гэртээ харилаа гээд гараад явсан. Тэр өдөр өөр ямар нэгэн зүйл болоогүй. Харин маргааш нь манай эгч М.Ог нөхөр Д.Г нь шөнө орой согтуу ирлээ гэж хардсаны улмаас зодсон гэж байсан. Өмнө нь манай эгчийг ямар нэгэн байдлаар цохиж зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаар надад мэдэх зүйл алга, миний мэдэхийн тийм зүйлс ерөөсөө болж байгаагүй. Манай эгчийн нөхөр Д.Г нь дуугай даруу төлөв зантай хүн шиг надад санагддаг. Архи дарс уугаад байдаггүй. Эхнэр хүүхдүүддээ их халамжтай хүн. Өөр надад Д.Гийн зан байдлын талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/64 дүгээр: “М.Огийн биед дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт
/хх-ийн 13 дугаар тал/
Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 14-15дугаар тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 25-27 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 28-36 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 37 дугаар тал/,
Д.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 44-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “... шүүгдэгч Д.Гд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Яагаад гэхээр шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй учраас торгуулийн ялыг төлнө гэсэн баталгаа байхгүй. Иймээс Эрүүгийн хуулийн зорилгын хүрээнд шүүгдэгчид 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, мөн тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Д.Гийн хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Д.Г групптэй төрөлхийн хараа муутай, мөн чихний ард хавдартай байсан 2 том хавдраа авхуулснаас чих сонсголгүй болж хараа, чих хоёроор группт орж 70 хувийн групп тогтоолгосон. Мөн М.О, Д.Г хоёрын хувьд 2 хүүхэдтэй 15 жилийн хугацаанд хамт амьдарсан. М.Огийн хувьд цаашдаа гэрлэлтээ цуцлуулна гэж хэлэхгүй, засаж аваад эргээд амьдарна гэж харлаа. Улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Д.Гийн хувьд тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Корона вирустэй холбоотой ажил хийгээгүй. Барилгын ажил хийгээд сардаа 1.000.000 төгрөгийн цалин олж ирдэг. М.Огийн хувьд 450.000 төгрөгийн цалинтай, аав, ээж нь тодорхой хэмжээгээр тусламж үзүүлдэг гэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх байхгүй, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Гийн хувийн байдал, ахуйн амьдралыг харгалзан улсын яллагчаас гаргасан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү” гэх,
Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 22-оос 23-ны шилжих шөнө 00-01 цагийн орчим ................................. тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр М.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирэхэд нь “шөнө орой ямар залуутайгаа хаагуур яваад ирж байгаа юм”, “ямар учиртай хар машинаас буугаад байгаа юм” гэх шалтгаануудаар хардан баруун гараараа нүд, уруул руу нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.Гийн “...байдаггүй юм гээд хардсаны улмаас тус газар нь цохисон.” гэх,
Хохирогч М.Огийн “...маркийн таксигаар ирсэн хардаад цохисон чинь уруулаас их хэмжээний цус гараад гэмшиж байгаа шинж байгаагүй. Тэгээд айсандаа түргэн, цагдаа 2 дуудаад цагдаа эхэлж ирсэн. Цагдаа ирээд авч яваад замдаа миний цус тогтохгүй байсан чинь чи ямар хэрсүү юм бэ очиж оёул гээд очиж оёулсан.” гэх,
Гэрч М.Бгийн “...манай эгч М.Ог нөхөр Д.Г нь шөнө орой согтуу ирлээ гэж хардсаны улмаас зодсон гэж байсан.” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/64 дүгээр: “М.Огийн биед дээд уруулд шарх, баруун дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Огийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, группийн мөнгө болон эцэг эхийнхээ өгсөн тэтгэврийн мөнгөөр нь амьдардаг, өөр тодорхой орлого байхгүй зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Даваацэрэнгийн Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ