Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07  

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч болон хохирогч: Б.С, Б.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2029002430158  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Дорнын өртөө” ХХК-д тээвэр хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр 13 дугаар хороолол, Ист эсгүүр 1002 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б, Б /РД:ЕМ85083173/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б,Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хуйх, зүүн хацар шааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, зүүн өсгийний язарсан шарх, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б,С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Б хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан хутгаар хатгаж, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх, зүүн бугалганы хутгалсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн 2029002430158  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Б-с нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.С надад сарын цалингийн хамтаар хохиролд 4.500.000 төгрөг өгсөн. Түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20/

 

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.С өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-36/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Н.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Ц.Дарханбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд С.Эрдэнэсүхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Б.С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Н.Номундарийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Б.Ууганбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Ж.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд А.Тайвангийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд Г.Түмэнбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-59/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 61-62/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 581 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 70-71/,

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-95/,

 

-Б.С Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сангийн хуулбар  /хх-ийн 99, 100, 103, 104-105, 106, 107-109/,

 

-Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 110, 111, 113-122/,

 

  • Хохирлын баримтууд /хх-ийн 125-148/,

 

  • Б.С хүсэлт /хх-ийн 164/,

 

  • Б.Б хүсэлт /хх-ийн 165, 171/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б,Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хуйх, зүүн хацар шааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, зүүн өсгийний язарсан шарх, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б,С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Б хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан хутгаар хатгаж, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх, зүүн бугалганы хутгалсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн “...тэгээд над руу дайрахаар нь би өмнөөс нь бие хамгаалах гээд зууралдсан тэгээд бид хоёр тэнд хоорондоо зодолдож зууралдсан. Тэгээд зууралдаж байхдаа хажууд байсан манай ажлын дүү Түмэнбаяр “ахаа таныг наадах чинь хутгалчихлаа” гэж хэлээд нөгөөхийг надаас татаж авсан. Тэгээд эмч дуудаад миний шарханд оёдол тавиад “Өмнөговь аймгийн эмнэлэг рүү яв” гэсний дагуу би Өмнөговь аймагт тухайн шөнөө ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С өгсөн: “...тэгтэл Б.Б энэ хүүхний нөхөр хаана байна гээд араас нь орилоод гарч ирээд намайг хараад над руу орилоод хүрээд ирэхээр нь би баруун гартаа хутгаа бариад  Б.Б гэдэг залууг хэд хэдэн удаа хутгалсан. Тэгээд байж байтал Түмээ, Мөнх-Эрдэнэ хоёр Б гэх залууг дагуулаад кемп рүү орж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батжаргалын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн Болор” ХХК-ийн амрах өрөөндөө байж байтал миний амрах өрөөнд хамт ажилладаг Мөнх-Эрдэнэ гэдэг залуу 20:40 цагийн орчим орж ирээд Батнааг /Б/ Б.С /С хутгалчихлаа гээд надад хэлээд би амрах өрөөнөөс гараад Мөнх-Эрдэнэтэй гараад жолооч нарын амардаг амрах байранд яваад ороход эмчийн өрөөнд Б эмнэлгийн орон дээр хэвтээд эмч ирээд үзлэг хийж байсан. Б зүүн гарын бугалга хэсэг, зүүн суганы доод хэсэгт цус гарч байсан. Б.Б ухаантай ёолоод хэвтэж байсан. Тэгээд би эмнэлгийн өрөөнөөс гараад цагдаагийн 89708102 дугаарын утсанд болсон үйл явдлын талаар хэлж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дарханбаатарын өгсөн: “...тэгээд би халуун усанд орж дуусаад кемп рүүгээ орох гэж явтал Б.С кемпийн үүдэн дээр тааралдаад байж байтал С “намайг хүн цохисон” гээд надад хэлэхээр нь би С нүүр рүү харахад нүүр хамар хэсгээр нь цус болчихсон байсан. Тэгээд С “Би одоо очиж ална” гээд надад хэлэхээр нь би С хандаж “чи юу ярьж байгаа юм бэ? өрөөндөө орж амар” гээд хэлээд би С гарнаас бариад автал Б.С “намайг тавь Номунаа /Номундарь/ очих гээд байна” гээд надад хэлээд цаашаа зүтгээд байхаар нь би С гарыг тавьчихсан. Тэгтэл С цаашаа эргээд караоке байдаг өрөө рүү чиглээд алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би кемп рүү ороод өрөөндөө ороод байж байтал хүн надад С /С/ “хүн хутгалчихсан байна” гээд шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь амрах өрөөнөөсөө гараад коридор руу хартал Бгэдэг залуу /Б.Б/ эмчийн өрөөний үүдэнд цусаа гоожуулаад зогсож байсан. Тэгээд би буцаад өрөөндөө орсон өөр зүйл мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Эрдэнэсүхийн өгсөн: “...гараад гадаа байж байхад гадаа байсан хүмүүс “Б, С 2 хоорондоо зодолдсон” гээд хоорондоо ярилцаж байсан. Тэгээд Ууганбаяр бид 2 цайны газрын үүдэн дээр байж байхад С кемпээс гараад биллярд руу чиглээд алхаж байхаар нь Ууганбаяр бид 2 урдаас нь явж очоод гарт нь хутга байхыг нь хараад би С гэдэг залуугаас “хутгаар яах гэж байгаан” гэж асуухад С гэдэг залуу надад юм хэлэхгүй дуугүй байгаад байсан. Тэгээд Ууганбаяр, С гэдэг залуугийн араас тэврээд байж байтал С гэдэг залуугийн найз охин болох Номундарь гэдэг хүүхэн билльярдны өрөөнөөс орилоод гараад ирсэн. Тэгтэл Б Б.Номуундарь хүүхний араас нь орилж гарч ирээд С гэдэг залууг хараад яваад очиход Ууганбаярт дийлдэхгүй С тэвэрч байсан гараас нь мултраад Б гэдэг залуугийн өмнөөс нь гүйж очоод тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүсийн нэг нь орилоод “хутгалчихлаа” гээд байсан. Тэгэхээр нь би очоод С гэдэг залууг тэврээд авсан. Тэгээд тэнд байсан Түмэнбаяр өөр нэр усыг нь мэдэхгүй хоёр хүн Б гэдэг залууг аваад эмнэлэг рүү орж байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн: “...тэгээд байж байтал нэг танихгүй эмэгтэй энд зодоон болж байна гэхээр нь билльярдны өрөөний үүдний хажуу талын буланд Б нэг танихгүй залуутай ноцолдоод Б дээр нь гарчихсан нөгөө танихгүй залууг толгой дээрээс нь дарчихсан нөгөө танихгүй залуугийн уруул нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь Түмээ, Мөнх-Эрдэнэ бид 3 салгаад караокены өрөө рүү аваад орсон. Тэгээд Түмээ бид 2 тэр танихгүй залууг гадагшаа түлхэж гаргаад Түмээ бид хоёр гадаа байж байхад тэр залуу найз охинтойгоо тааралдаж байгаа харагдсан. Тэгээд тэр танихгүй залуугийн найз охин нь караокены өрөө рүү яваад орохоор нь би араас нь яваад ортол Б гэдэг залуутай хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал нөгөө танихгүй залуу караокены гадаа ирчихсэн гадаа зогсож байсан. Тэгтэл караокены өрөөнөөс   С гэдэг залуугийн найз охин гүйгээд гараад иртэл Б ардаас нь гарч ирээд “муу бацаан танай найз залуу чинь хаана байна” гээд хэлтэл тэр танихгүй залуу Б дээр гүйж очоод Б тэр хоёр зодолдоод эхлэхээр нь “Түмээ” гэж бид нар дуудаад байдаг залуу бид хоёр гүйгээд очтол Б гэдэг залуугийн гараас их хэмжээний цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь Түмээ Б цамцыг нь ураад цус гарсан хэсгийн дээгүүр нь урсан цамцаар нь гарыг нь боогоод эмнэлгийн өрөө рүү аваад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Номуундарийн өгсөн: “...тэгэхээр нь би С гараад явсны дараа дэлгүүрээ хаагаад дэлгүүрээс гараад амрах өрөөндөө ороод амарч байтал миний гар утас руу нэг хүн залгаад “нэг юм авна” гэхээр нь би амрах өрөөнөөсөө гараад дэлгүүр рүү орох гээд алхаж явтал миний найз залуу болох С гадаа зогсож байхаар нь би яваад очтол миний найз залуу болох С хамарнаас нь хацар хүзүүн дээр нь цус болчихсон байхаар нь “хэнд зодуулсан, юу болсон” талаар асуухад С “надаас хол бай” гээд байсан. Тэгтэл Түмээ гээд бид нар дуудаад байдаг ах Б зодуулчихсан гээд надад хэлсэн. Тэгэхээр нь би Б байсан караокены яваа ортол Б хоёр эмэгтэй хүүхэнтэй гурвуулаа байхаар нь би ороод гэрэл асаах гэтэл гэрэл нь асахгүй байсан. Тэгтэл Б сууж байснаа босож ирээд “чи яах гэж байгаан” гээд миний цамцнаас татаад билльяардны өрөө рүү оруулаад намайг миний нурууны ар хэсгээр хоёроос гурван удаа хана мөргүүлсэн. Тэгэхээр нь би Б ахад хандаж “та яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл Б “чи над дээр орж ирдэг хэн юм бэ, чи бол хэн ч биш одоо энэ кемпээс зайл” гээд байсан. Тэгэхээр нь одоо зайллаа” гээд Б гэдэг хүнийг түлхээд зугтаад гараад иртэл миний араас Б дагаж гарч ирээд “энэ гичийгийн нөхөр хаана байна” гээд хашгираад эхэлсэн. Тэгтэл миний найз залуу болох Б.С гадаа зогсож байтал Б хүрч ирээд миний найз залуу болох С нүүрэн тус газар нь 2 удаа цохиод авсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс би нэрийг нь мэдэхгүй байна. Тэнд байсан хүмүүс салгаад байж байтал дахиад Б, С г хоёр зодолдох шиг болсон тэгтэл тэнд байсан хүмүүс хутгалчихлаа гээд хашгиралдаад эхэлсэн. Тэгээд би өрөөндөө гүйж ороод хүргэн ах болох Батзориг гэдэг хүн рүү утсаар яриад Б, С хоёр маргалдаад зодолдоод байна гэж хэлээд утсаа салгаад өрөөнөөсөө гараад гадаа гартал Б гэдэг хүнийг Түмээ нэр усыг нь мэдэхгүй хоёр хүн кемп рүү аваад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууганбаярын өгсөн: “...тэгэхээр нь Эрдэнэсүх бид өөдөөс нь очоод “чи яасан юм бэ” гээд асуухад “Намайг Б зодсон” гээд нүүр  ам нь цус болчихсон байсан. Тэгтэл С “би зүгээр байж байгаад зодуулж чадахгүй” гэж хэлэхэд тэнд байсан нэг танихгүй хүн “наадах чинь хутгатай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С гэдэг залуугийн ардаас нь тэврээд “хутгыг нь аваарай” гээд орилсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс хөдөлж өгөхгүй хараад зогсоод байсан. Тэгтэл билльяардны өрөөнөөс С гэдэг залуугийн найз охин болох Б.Номуундарь орилоод гараад ирсэн. Тэгтэл миний гарын шөрмөс татаад С гэдэг залууг тэвэрсэн гараа алдсан. Тэгтэл С, Б гэдэг залуу дээр гүйж очоод хоёр талаасаа нийлээд зодолдоод эхэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс хутгалчихлаа гэхээр нь би гүйж очоод эмч нарыг дуудаад хүн хутгалуулсан талаар хэлээд гартал Б гэдэг залууг кемп рүү хоёр ах аваад орсон. Тэгээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөнх-Эрдэнийн өгсөн: “тэгээд байж байтал Б ах буцаад орж ирээд нэг хундага архи уугаад сууж байтал караокены өрөөнд С гэдэг залуу орж ирээд Б ахтай хамт гараад явсан. Тэгээд байж байтал би караокены өрөөнөөс гараад билльярдны өрөөнд яваад ортол “чи надтай ингэж ярихгүй” гээд хуруугаараа чичлээд зогсож байгаад тэр С гэдэг залууг хоёр гурван удаа нүүрэн тус газар нь хальт цохиод авсан. Тэгтэл С гэдэг залуу Б ахыг тэврээд авсан. Тэгтэл Б ах тонгорч унагаад С гэдэг залуугийн дээр нь гараад би Б ахыг тэврээд автал Энх-Үйлс гэдэг хүүхэн караокены хаалга онгойлгоод шагайгаад харахаар нь би тэр хүүхэнд “Түмээ ахыг дуудаад өг” гэж хэлсэн. Тэгтэл Б ах, Түмэнбаяр ах хоёр гарч ирээд Б ахыг аваад караокены өрөөнд оруулаад Б, Түмэнбаяр ах хоёр С гэдэг залууг түлхээд гадагшаа хөөгөөд гаргасан. Тэгээд би Б ахыг караокены өрөөнд оруулаад “битгий гар” гэж хэлээд би гадаа гараад тамхи татаад зогсож байтал С гэдэг залуугийн найз охин болох Б.Номуундарь билльяардны өрөөнд яваад орж байсан. Тэгээд би тамхи татаад байж байтал дотор билльяардны өрөөнд Б ах Номуундарь хоёр хэрэлдээд байсан. Тэгээд удаагүй Номуундарь гүйгээд гараа иртэл Б ах гарч ирээд “Наад муу гичийгийн нөхөр нь хаана байна” гээд хэлтэл С гэдэг залуу гадаа байж байгаад Б ахыг чиглээд гүйгээд очсон. Тэгээд тэр хоёр барилцаж аваад байж байтал тэнд гадаа байсан хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгтэл Б ахын гараас цус  гоожоод эхэлсэн. Тэгтэл С миний хажуугаар зөрөхдөө “муу банди минь зүрхэнд чинь шаанаа” гэж хэлээд миний хажуугаар зөрөөд тавчигчаа авч байсан. Тэгээд би гүйгээд замдаа эмчийн утас руу залгаад гүйсээр байгаад Н.Батжаргал ахын 104 тоот өрөөнд очоод Б ах хутгалуулсан талаар хэлсэн. Тэгсэн Батжаргал ах “хэнд вэ” гээд надаас асуухаар нь “С гэдэг залуу хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд Батжаргал ах цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Батжаргал ах бид хоёр кемп рүү яваад ороход эмчийн өрөөний үүдэнд Б ахын гарыг цамцаар боочихсон Түмэнбаяр ах түшээд Б ах хажууд нь зогсож байсан. Тэгээд Б ах эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тайвангийн өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Урчуул отог дээр байж байгаад 20:10 цагийн орчим “Энгүүн Болор”ХХК дээр хүн хутгалуулсан гээд мэдээлэл ирээд би яваад очиход “Энгүүн Болор” ХХК-д ажилладаг Б гэдэг залуу эмнэлгийн орон дээр хүнд хутгалуулчихлаа гээд хэвтэж байсан. Үзлэгээр үзэхэд Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б зүүн бугалганы ар хэсэгт хатгагдсан шархтай. Зүүн суганы урд шугамаар долоо найм дугаар хавирганы орчим хэвлий рүү нэвтэрсэн шарх үүссэн байсныг ариутган цэвэрлэж мэдээ алдуулах тариа хийж нэвт хатгагдсан шарх бусад зүсэгдсэн шарханд нийт 5 хэсэг газар оёдол тавьж өвчтөнд цус тогтоох эмчилгээ дусал залгасан. Тэгээд Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түмэнбаярын өгсөн: “...тэгээд байж байтал караокены өрөөнд байсан нэг эмэгтэй гараад явсны дараа удаагүй “Энгүүн Болор” ХХК-д ковш барьдаг С гэдэг залуу хаалгаар шагайгаад хараад байхаар нь Б овогтой Б “хоёулаа нэг уулзаад орхиё” гэж хэлээд караокены өрөөнөөс гараад явсны дараа удаагүй караокены өрөөнөөс гараад явсан нэр усыг нь мэдэхгүй эмэгтэй караокены өрөөнд орж ирээд та нар гараад ир гэж дуудсан. Тэгэхээр нь караокены өрөөнөөс гарахад С болон Б овогтой Б хоёр билльяардны шалан дээр газар зууралдаад ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр очоод С, Б овогтой Б хоёрыг салгахад Б цаашаа эргээд караокены өрөөнд орж байсан. Тэгээд би С гэдэг залууг цааш нь түлхээд билльяардны өрөөнөөс гаргаад “Өрөөндөө орж амар” гэж С гэдэг залууд хэлээд байж байтал С “би Б уулзаад орхие” гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ? та хоёрыг эрүүл болохоор чинь уулзуулна гээд байж байхад кемпээс найз охин Номуундарь хүрч ирээд С гэдэг найз залуугаа хараад чамайг хэн зодсон юм бэ? гээд С гэдэг залуугаас асуухад С гэдэг залуу дуугарахгүй байсан чинь надаас та зодсон юм уу гэж Номуундарь эмэгтэй асуухаар нь би дуугараагүй байж байтал Б зодсон юм уу? гэж хэлээд караокены өрөө рүү гүйгээд орсон. Тэгтэл С гэдэг залуу кемп рүү гүйгээд орсон. Тэгэхээр нь би цаашаа эргээд караокены өрөөний гадна талд гадаа байж байхад С гэдэн залуу кемпээс гарч ирж байхад Сгэдэг залууг хоёр залуу өөдөөс нь очоод хамт уулзаж байгаа харагдсан. Тэгээд байж байхад караокены өрөөнөөс Номуундарь эмэгтэй хаалга саваад гараад ирсний дараа араас нь Б гарч ирээд “энэ пиздаагийн найз залуу хаана байна” гээд хашгирахад  С, Б хоёр өөд өөдөөсөө гүйж ирээд зодолдоод цохилцоод эхэлсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгангуут би яваад очиход Б зүүн гараас нь цус дагаад гоожиж байхаар нь цамцыг нь ураад булчинг нь боогоо цусыг нь тогтоосон. Тэгээд би Б овогтой Б хамтаар кемп рүү оруулах гээд явж байхад С гэдэг залуугийн ээж нь тааралдаад хэн яачихав юу болов гээд асуугаад байхаар нь би танай хүүхэд чинь хүн хутгалсан гээд хэлтэл С “Түмээ ахаа та юу яриад байгаа юм бэ? би таныг ч гэсэн дүрнэ шүү” гэсэн. Тэгээд Б овогтой Б бид хоёр кемп рүү оруулаад өрөөнд хэвтүүлээд хутгалсан газрыг нь харахад 3 удаа хутгалсан байсан. Тэгээд байж байтал эмч удаагүй ирээд цэвэрлэгээ хийж оёдол тавьсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд байж байгаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн: “1.Б.С биед хуйх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, зүүн өсгийн язарсан шарх гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн: “1.Б биед цээжний ханын хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн бугалганы хутгалагдсан шарх гэмтлүүд үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 70-71/,

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88-95/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.С биед “...хуйх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, зүүн өсгийн язарсан шарх гэмтэл” гэх эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61-62/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.С нь шүүгдэгч Б.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Б биед “...цээжний ханын хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн бугалганы хутгалагдсан шарх гэмтэл” гэх эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-70-71/-ээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б сарын цалингийн хамт 4.500.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-171/

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хуйх, зүүн хацар шааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстын язрал, зүүн өсгийний язарсан шарх, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б, С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энгүүн болор” ХХК-ийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Б.Б хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан хутгаар хатгаж, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх, зүүн бугалганы хутгалсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-104/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б, Б.С нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Б.С 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Б.С 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан цус мэт улаан зүйлээр бохирлогдсон шар өнгийн хүрэн судалтай хуванцар бариултай, бариулын урт 9.5 см, ажлын хэсгийн урт 10 см урт нийт 19.5 см урттай ахуйн хэрэгцээний 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Б,Б Хотгойд овогт Б,С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр, Б.С 700 /Долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 500.000 төгрөгөөр, Б.С  оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч  Б.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Б.Б шүүгдэгч Б.С нь 4.500.000 төгрөг өгсөн, хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, шар өнгийн хүрэн судалтай, хуванцар бариултай, бариулын урт нь 9.5 см, ажлын хэсгийн урт нь 10 см, нийт 19.5 см урттай ахуйн хэрэгцээний 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААНАРАН