Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23   

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч болон хохирогч: Т.Б /өөрийгөө өмгөөлсөн/, Г.Ж /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Г.Ж нарт холбогдох эрүүгийн 2129000000017 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан аймгийн Хөтөл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эко Глобал ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо Дэнжийн 33 дугаар гудамж 477 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Г.Ж /РД:ТГ89110959/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Ж нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Б толгойн тус газар битүү чанагчаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ж зүүн мөрөнд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Г.Ж нарт холбогдох эрүүгийн 2129000000017  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

Дахиж ийм алдаа гаргахгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ:

Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Г.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Т.Б нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ж өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.П гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нямхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ж н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/,  

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

-шүүгдэгч Г.Ж цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 57, 58, 59, 62-65, 60-61/,

 

-шүүгдэгч Т.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 68, 69, 70-73/,

 

-Г.Ж хүсэлт /хх-ийн 151/,

 

-Т.Б хүсэлт /хх-ийн 152/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Г.Ж нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 06-47 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн машины кабин дотор 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Б толгойн тус газар битүү чанагчаар нэг удаа цохиж эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөг зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Т,Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 06-47 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн машины кабин дотор 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ж зүүн мөрөнд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд “зүүн мөрний дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Б өгсөн “...Г.Ж бид хоёр дээр нэг усыг нь мэдэхгүй хоёр залуу ирсэн. Тэгээд тэр хоёр залуутай Г.Ж бид хоёр хамт дөрвүүлээ архи хувааж уугаад байж байтал Г.Ж намайг нүүрс тээврийн машинаасаа хөөгөөд буулгахаар нь би нүүрс тээврийн машин дотроо жаахан байж байгаад буцаад Г.Ж нүүрс тээврийн машинд нь яваад орсон. Тэгээд Г.Ж бид хоёр муудалцаад би нэг мэдэхэд Г.Ж гэдэг залууг нүүрс тээврийн машины голд байсан хутга аваад хутгалсан. Тэгтэл Г.Ж битүү чанагч аваад миний толгойн тус газарт нэг удаа цохиод авсан. Тэгээд хажууд сууж байсан Пүрэвдорж гэх залуу салгаад нүүрс тээврийн машинд намайг оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ж өгсөн: “...Т.Б уусан архиндаа агсраад тэрнээс болж бид хоёр муудалцаад бид хоёр барилцаад автал Д.Пүрэвдорж энэ чамайг хутгалчихлаа гээд хэлтэл миний зүүн мөрний хэсгээс цус олгойдоод эхэлсэн. Тэгэхээр нь би Т.Б гэдэг залууг адууны мах чанаад ил тавьчихсан байсан битүү чанагч аваад толгойн тус газарт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвдоржийн өгсөн: “...Г.Ж, Т.Б нар дахиад маргалдаж муудалцаад байгаад тэр хоёр зодолдоод эхэлсэн. Тэгтэл Г.Ж гэдэг залуутай Батбаяр гэдэг залуутай муудалцаж байгаад голын тавцан дээр ил байсан шар иштэй хутга аваад Г.Ж гэдэг залуугийн зүүн мөрөн дээр нь нэг удаа хутгалсан. Тэгтэл Г.Ж чи яасан өөдгүй муу пизда бэ намайг хутгалчихлаа гэж хэлээд жижиг битүү чанагч аваад нэг удаа Б гэдэг залууг нүүрэн тус газарт нь цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нямхүүгийн өгсөн: “...Т.Б гэдэг залуу машин дотор орж ирээд хэрэлдэж маргалдаж муудалцаад эхэлсэн. Тэгтэл тэр хоёр юу юугүй зодолдоод эхэлсэн. Тэгтэл Г.Ж цус мөр дээрээс нь олгойдоод эхэлсэн. Тэгэхээр нь Д.Пүрэвдорж бид хоёр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №62 дугаартай шинжээчийн: “1.Г.Ж биед зүүн мөрний дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №61 дугаартай шинжээчийн: “1.Т.Б биед дух, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

-2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-54/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б, Г.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Т.Б, Г.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Т.Б эрүүл мэндэд “зүүн мөрний дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-37-38/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Т.Б хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Т.Б нь шүүгдэгч Г.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “миний бие Т.Б нь Г.Ж биед хөнгөн гэмтэл учруулсан Г.Ж хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх тайлбар,  шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Г.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 152/

 

Хохирогч Г.Ж эрүүл мэндэд “зүүн мөрний дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34-35/-аар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Ж хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Г нь шүүгдэгч Т.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “...Т.Б хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Т.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 151/

 

Иймд Хохирогч  Т.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Г.Ж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г,Ж нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 06-47 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн машины кабин дотор 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Б толгойн тус газар битүү чанагчаар нэг удаа цохиж эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөг зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Т,Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 06-47 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн машины кабин дотор 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ж зүүн мөрөнд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд “зүүн мөрний дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Г.Ж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Г.Ж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Б, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан нийт урт нь 19.2 см, хутганы бариул нь 9.5 см, ажлын хэсгийн урт нь 9.7 см, ажлын хэсэг бариулын хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар эрээн өнгийн 2 хадаас бүхий бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бөөрөндөө хонхойж хэлбэрээ алдсан битүү чанагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Т,Б, Гал овгийн Г,Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Г.Ж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 600.000 төгрөгөөр, Г.Ж оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Т.Б нь шүүгдэгч Г.Ж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч Г.Ж нь шүүгдэгч Т.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Т.Б, Г.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 19.2 см, хутганы бариул нь 9.5 см, ажлын хэсгийн урт нь 9.7 см, ажлын хэсэг бариулын хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн 2 хадаас бүхий бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бөөрөндөө хонхойж хэлбэрээ алдсан битүү чанагч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН