| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
2021 03 31 2021/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овогтой Г.Э-т холбогдох эрүүгийн 2134000000096 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц овогтой Г.Э, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Э-ын өгсөн: Төрийн албан хаагчийг албан үүргээ биелүүлж байхад нь гар хүрсэн нь миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүй, уучлалт гуйж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч О.Б /хх 7-8/, гэрч С.М /хх 10-11/, гэрч Э.Отгонжаргалын /хх 17/, гэрч М.Оюунгэрэл /хх 19/, гэрч М.Өлзийбаатар /хх 21/, гэрч Э.Саруулбуян /хх 23-24/, шүүгдэгч Г.Э-ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 13, 14, 15, 56/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/59 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27-38/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №119 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 40/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 44-47/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92/, хохирогч О.Б-ийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 93/, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Баярын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 97/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 100-101/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг 1000 айлын 2 дугаар байрны гадна машины зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа Төв аймаг дахь Цагдаагийн газрын харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Б-ийн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, бичиг баримтаа шалгуул, тээврийн хэрэгслээ унтраагаад буугаад ир” гэж албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар цагдаагийн албан хаагчийн биед халдсан болох нь:
Шүүгдэгч Г.Э-ын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ машинаа унаад Төв аймгийн Зуунмод сумын Цэнгэлдэхийн сурын талбай орж сум харвааны тэмцээнд ороод дуусаад харваачдаа машиндаа суулгаад эхлээд Баяр ахыг Солонгийн тэнд буулгаад Өлзийбаатар ахыг оёдлын үйлдвэрийн тэнд буулгаад Энхбаяр харваачийг 1000 айлын тэндээс машинтай хүн ирээд аваад явсан. Тэгээд Оюунгэрэл надтай байж байгаад гэр лүүгээ орсон байх. Би дэлгүүрээс авсан байсан Хар экс 0,75 литрийн архийг ганцаараа уугаад байж байтал манай найзууд Соном, Буяа нар ирэх шиг болсон. Тэгээд тэрнээс хойшоо хаашаа явсан юу хийсэн талаараа юу ч мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь эрүүлжүүлэх байранд хэвтэж байсан. Би 1000 айлын гадаа хэдэн цагт очсон талаараа мэдэхгүй байна. Ямар ч байсан нар жаргаагүй байсан. 9268 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд манай эхнэрийн эзэмшлийнх. Нэлээн их архи уугаад тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн алба хаагчийн биед халдаж буруу үйлдэл хийсэн юм шиг байнаа уг үйлдэлдээ их гэмшиж байна. Би цагдаагаас уучлалт гуйсан, урагдсан хантаазны мөнгө болох 100 000 төгрөг өгсөн байгаа.“ гэх мэдүүлэг /хх 13-14, 56/,
Хохирогч О.Б-ийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 18 цагаас 00 цагийн хооронд дэд ахлагч С.М-ийн хамт Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Эрүүгийн үүрэг гүйцэтгээд Петровис колонкийн тэнд явж байтал хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч замын боржур шүргэж наалдаж урсгал сөрж яваад 1000 айлын уулзвараар хурдтай баруун эргээд явсан. Тэгээд тухайн машины жолооч сэжигтэй санагдаад цагдаагийн дэд ахлагч Мөнх-Эрдэнэ бид хоёр араас нь очиж шалгах гээд явтал 1000 айлын 2 дугаар байрны зогсоол дээр тухайн машин зогссон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг очиж шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн баруун нүд нь хөхөрчихсөн, хацар ам, нүүр, уруул хэсэг нь сэтэрчихсэн мөн согтуу байсан. Тэгээд өөрийн нэр цолоо танилцуулаад та тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож болохгүй бичиг баримтаа шалгуулах болон тээврийн хэрэгслийг унтраагаад машинаас буух шаардлага тавихад машинаас бууж ирэхгүй өөдөөс зайл пизданууд минь би та нарт захирагдахгүй, хоёрын хооронд би шээсний газар жолоодож явсан зайлцгаа та муу хоёр гээд байсан. Тэгээд тухайн жолооч бид хоёртой хэрэлдээд машинаас бууж ирсэн. Машинаас буухад нь би гар утсаараа бичлэг хийх гээд энгэрийн халааснаас утсаа авах гэтэл миний хамар хэсэг рүү баруун гараа атгаж байгаад цохисон. Хамар луу цохих үед миний хамарнаас цус гарсан. Мөн миний хантаазнаас татаад баруун талын суга хэсгийг урсан байсан. Тэгээд миний хувцаснаас зуураад байж байхад нь цуг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Мөнх-Эрдэнэ тухайн хүнийг надаас салгасан. Тэгээд жижүүрийн 102 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн. Миний хамарнаас цус гарсан одоо хамар жоохон хөндүүртэй байна. Миний өмсөж явсан хантааз цус болсон байна. Тухайн жолооч өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан. Нэлээн их согтсон байсан. Жолоочоос гадна тээврийн хэрэгслийн арын суудал дээр нэг эмэгтэй зорчиж явсан. Тухайн жолооч надтай зууралдаад байж байх хооронд тухайн эмэгтэй явчихсан байсан. Хаашаа явсныг нь би анзаараагүй. Тухайн жолооч тэр эмэгтэй Оюунгэрэл гээд дуудаж байх шиг байсан. Тээврийн хэрэгсэл согтуу жолоодож байсан болохоор тээврийн хэрэгслийг унтрааж, тээврийн хэрэгслээс буух мөн бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсан. Бичиг баримтаа шалгуулах шаардлагатай гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргаад зайл пиздануудаа та нарт би шалгуулахгүй гээд машинаас буухгүй байсан.“ гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч С.М-ийн өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 18 цагаас 00 цагийн хооронд дэд ахлагч О.Б-ийн хамтаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж явсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгээд Петровис колонкийн тэнд явж байтал хар өнгийн тээврийн хэрэгсэл замын боржур шахаад зам голлоод 1000 айлын уулзвараар баруун эргээд явсан. Тэгээд сэжигтэй харагдахаар нь цагдаа О.Б бид хоёр араас нь очоод шалгахад 1000 айлын хоёрдугаар байрны тэнд зогссон. Тэгээд бид хоёр очоод шалгахад тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан бөгөөд нүүр ам нь шалбарчихсан нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд цагдаа О.Б өөрийн нэр цолоо танилцуулан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгах тээврийн хэрэгслийг унтрааж машинаас буух шаардлага тавихад би төв замаар яваагүй байж та нарт яахаараа бичиг баримтаа шалгуулах ёстой вэ гээд өөдөөс элдэв янзын үгээр доромжлоод байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч машинаас бууж ирээд хэл амаар доромжилж байгаад О.Б цагдаагийн нүүрэн тус газар буюу хамар хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад цохиод хувцаснаас зуураад байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд 102 дугаарын утас руу мэдэгдээд жижүүрийн жолооч дуудаад цагдаагийн хэсэг рүү явсан. Миний биед халдаж гэмтэл учруулаагүй харин цагдаа О.Б-ийн биед гэмтэл учруулж нүүрэн хэсэг рүү нь цохисон. Цохисны дараа О.Б-гийн хамарнаас цус гарчихсан байсан.“ гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Э.Отгонжаргалын өгсөн: “Би гэр бүлийнх нь хүн байгаа юм. Бид хоёр 2007 оноос хойш гэр бүл болсон дундаасаа 1 охинтой. Одоо 6 настай 1 дүгээр ангид сурдаг. Манай нөхөр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цагт гэрээсээ сур харвааны багийн тэмцээнтэй гээд 9268 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. Тэгээд өдөр 14 цагийн алдад нөхөр лүүгээ залгахад би тэмцээндээ түрүүлчихлээ сур харвааны найзуудтайгаа ганц юм уух гэж байна гэж над руу ярьсан. Тэгээд тэрнээс хойш холбоо барих гээд утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд шөнө 00 цагийн үед байх манай нөхөр найз Буяа над руу залгаад танай нөхөр цагдаад баригдчихсан юм шиг байна гэж хэлсэн. Манай нөхөр тэр өдөр гэрээсээ гарахдаа ямар нэгэн бэртэл гэмтэлгүй нүд ам нь хөхрөөгүй байсан. Манай нөхөр уг нь даруухан архи дарс уудаггүй хүн байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг.“ гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч М.Оюунгэрэлийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед сурын талбай дээр харваачид Өлзийбаатар, Энхбаяр, Баяр, Г.Э бид 5 цуглаж сур харвааны тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тэмцээнээ 17 цаг хүртэл үргэлжлүүлээд тэмцээнээ дуусгаад сурын талбайн хажууд бид тав 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ Г.Э өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод намайг тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаад шөнө 23 цагийн үед намайг 1000 айлын хоёрдугаар байрны зогсоол дээр буулгасан. Тэгээд би гэртээ ороод амарсан. Намайг Г.Э-той цуг байхад Г.Э хүмүүстэй маргалдаж муудалцаагүй. Би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Бид хэд уг нь Г.Э-ыг машинтай гээд архи уулгахгүй өөрөөр нь архиа аяглуулж байсан.“ гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч М.Өлзийбаатарын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр харваач Энхбаяр, Баяр, Г.Э, Оюунгэрэл бид хэд цуглаад харвааны ёслогоо хийгээд хэдэн сум тавьж дууссан. Тэгээд харваа хийж байх зуураа ганц шил архи тойруулж уусан. Түүний дараа 1 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Орой 17 цагийн үед Г.Э өөрийн машинаа бариад Баяр бид хоёрыг буулгаад Баярыг Солонго төвийн урд талын байранд, намайг оёдлын үйлдвэрийн 41 дүгээр байрны тэнд буулгасан. Тэгээд тэр өдрөө Г.Э-той дахиж уулзаагүй. Г.Э-ыг машин барьж байгаа гээд архи аягалуулсан.“ гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч Э.Саруулбуянгийн өгсөн: “Би Г.Э-той хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 27-ны орой 22:40 цагийн орчим Ихэр заяа дэлгүүрийн тэнд уулзсан. Би Соном гээд найзтайгаа Дэнжийн тэнд айлд байж байтал Г.Э Соном руу залгаад намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Г.Э-ын байгаа газар яваад очсон. Яваад очиход Г.Э машин барьчихсан арын суудал дээр нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэгээд Соном намайг эхнэр дуудаад байна гээд орхиод явчихсан. Тэгээд би Г.Э-ын машинд сууж үлдээд машин дотор тэр хэд нэг шил архи уугаад хойно нь сууж явсан залуу бараг уухгүй гэр лүүгээ явлаа гээд алхаад явсан. Тэгээд 1000 айлын 2 дугаар байрны урд талын зогсоол дээр очоод зогсож байтал хоёр цагдаа ирээд бид хэдийг машинаас бууцгаагаарай гэж хэлэхэд нь машинаас буугаад цагдаагийн байхаа нэг приус маркийн машинд суусан. Харин Г.Э машинаас буухгүй цагдаа нартай л ноцолдоод байсан. Г.Э нэлээн согтуу байсан. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан болоод л цагдаа нартай муудалцсан байх гэж бодож байна. Г.Э-ын хамар нь халцарчихсан жоохон улайчихсан харагдаж байсан. ...чи машинаас буу найз нь машиныг барья гээд гарнаас нь түрхүүрийг нь булааж авсан. Тэгээд уурлаад байхаар нь буцаагаад түлхүүрийг нь өгчихсөн.“ гэх мэдүүлэг /хх 23-24/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/59 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №061 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хантаазанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, түлэгдэлтийн улмаас үүссэн хуучин цооролт байна. 2.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх /хх 44-47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Хохирогч О.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Э-т оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, түүний тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2134000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогтой Г.Э-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Э-ын тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн 2134000000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ