| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 136/2017/00084/и |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 15
Дорноговь аймгийн Н эмнэлгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Н эмнэлэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уд холбогдох
Сургалттай холбоотой гарсан зардал 7054840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У нь Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар Дорноговь аймгийн Н эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өдрөөс 3 сарын хугацаанд мэдээгүйжүүлэгийн сувилагчийн мэргэшил олгох сургалтанд хамрагдсан. Г.У нь суралцах хугацаандаа Н эмнэлгээс цалин авч, тус эмнэлэгт сурсан хугацааг оролцуулан 5 жил ажиллахаар тохирсон боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул суралцах хугацаандаа олгосон цалинг гэрээний дагуу 4 дахин өсгөн 7054840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Н эмнэлгийн нэхэмжилж буй 7054840 төгрөгийг эс зөвшөөрч байна. Миний бие 2015 оны 06 дугаар сарын 10, 12-нд тус тус мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээг байгуулан 3 сарын хугацаатай суралцсан. Тухайн сургалт ч 3 сарын хугацаанд суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ байгууллагадаа 5-оос доошгүй жил ажиллахаар байгаа бөгөөд гэрээний хугацаа дууссан тохиолдолд мэргэшлийн гэрчилгээ, үнэмлэхийг суралцагчид олгохоор тусгагдсан. Миний хувьд уг сургалтанд суусан боловч өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад маш их хүндрэлтэй, ямар ч ажиллах боломжгүй байдаг байсан. Мөн байнгын ажлын байрны дарамтанд байсан учир өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Энэхүү нөхцөл байдлаа ажлынхаа харьяалах албан тушаалтанд хэлдэг, өргөдөл гомдлыг гаргадаг байсан боловч авч хэлэлцэхгүй үл хайхарсан шинжтэй өнгөрөөдөг байсан. Үүнийг ажилтнууд мэддэг боловч хэн ч хэлж чаддаггүй, хэлсэн ч зүгээр өнгөрөөдөг. Мөн Н эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлд хүртэл өргөдөл өгөөд тусыг эс олсон. Би Н эмнэлгийн мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байсан...Намайг ажилд орсон цагаас эхлэн ажлын байран дээр мэс заслын гэмтлийн их эмч Э байлгаж суулгахгүй, хэлэх хэлэхгүй үгээр хэлж дарамталдаг байсан. Ажилтай үед хэл амаар байнга доромжилно, биед хүртэл халдаж өмсөж байгаа дотуур хувцасыг Гантулга эмчтэй нийлж хутгаар огтолж зүсэж урж тасдаж байсан удаа бий. Миний ажлын байр хүний амь настай холбоотой байдаг учир ажлын байрны дарамтаас болоод хүнд буруу зөрүү тариа хийчихвий гэж бодоод арга ядаад өөрөө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Уг нь надад манай тасгийн дарга Гантамир их эмч шаардлага тавих ёстой байдаг. Мэс заслын их эмч Эы гаргаж байгаа зан байдал, ёс зүйд нь Аймгийн Н эмнэлгийн захиргаа юу ч хэлэлгүй хүлээн зөвшөөрөөд сувилагч миний ажлаасаа чөлөөлөгдсөнд гэрээгээр төлбөр тооцох гэж байгаад гомдолтой байна.
Миний бие ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрх байхгүйгээр надад хохиролтой гэрээ хэлцэл хийж намайг төөрөгдүүлж миний эрхийг зөрчиж байна. Ер нь бол Н эмнэлэгт надтай адилхан сургалтанд суугаад 5 жил ажиллахгүйгээр ажлын байраа орхиж гарсан 3-4 хүмүүс байдаг. Гэтэл надаас төлбөр нэхэмжилж байгаа нь бас л дарамт шахалтыг үзүүлж байна гэж бодож байна. Иймд намайг ажил хийлгэхгүй ажлын байрны дарамт шахалтыг гаргадаг байсан Аймгийн Н эмнэлгийн их эмч Эаас гаргуулан Эрүүл мэндийн Хөгжлийн төвд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н эмнэлэгт мэдээгүйжүүлэх сувилагчаар ажиллаж байсан Г.У нь 2016.06.09-нд өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл өгч 2016.06.16-нд ажлаас чөлөөлөгдсөн.
Мөн 2016.06.13-ны өдөр гэмтэл согогийн зөвлөх эмч Х.Э нь намайг ажлаа хийж байхад элдвээр харааж, дарамталсан гэсэн утга бүхий гомдол ирүүлсний дагуу гэмтэл согогийн зөвлөх эмч Х.Эыг Н эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны 2016.07.01-ний өдрийн хурлаар түүний хийсэн үйлдэлд сахилгын арга хэмжээ ногдуулахаар шийдвэрлэн Н эмнэлгийн захиргаанд хүргүүлсэн. Уг саналын дагуу гэмтэл согогийн зөвлөх эмч Х.Э Н эмнэлгийн даргын 2016 оны б/56 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаанд 19 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн зүгээс Х.Эд хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцсон, Г.Утай байгуулсан гурвалсан гэрээнд хамааралгүй тул иргэн Г.Угаас нэхэмжилсэн төлбөрийг Х.Э төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар Дорноговь аймгийн Н эмнэлэгтэй байгуулсан гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Угаас суралцах хугацаанд авсан цалинг 4 дахин өсгөн 7054840 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.6, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Угаас 1763710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэгт олгож, үлдэх 5291130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг нь улсын тэмдэгтийн хураамж 127827 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Угаас 43169 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж,... шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Угаас 1763710 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Н эмнэлэгт олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Дорноговь аймгийн Н эмнэлэг, У нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээг хуульд харшлаагүй, хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн шууд гарсан зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэлцлээр тохиролцсон болгон гэрээ хийгдсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Тухайн гэрээний заалтын гол нөхцөлөөр хэт урт хугацааг тогтоож, үнийн дүнг нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгон тусгасан нь гэрээний нөгөө тал болох Угийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарласан байгаа учир уг гэрээний нөхцөлүүд нь хүчин төгөлдөр бус байна. Тухайлбал: Гурвалсан гэрээний 3.4.6 дахь заалтаар 5-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар тусгасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Мөн уг харилцаатай холбоотой асуудал Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр 29.8-д зааснаар эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 423/249 тушаалын 3 дугаар зүйлийн 3.8-д “суралцагч нь төгсөлтийн дараах сургалтанд төрийн санхүүжилтээр суралцаж төгссөний дараа тухайн гэрээ байгуулсан байгууллагадаа сургалтын хугацаанаас хамааран 3-5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана гэж” зааснаас харахад ч заавал 5 жил ажиллахыг шаардаагүй, цалинтай суралцаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсөө буцаан төлөхөөргүй байна. Гэвч Эрүүл мэндийн тухай хууль болон хамтарсан тушаалын заалтанд байхгүй нөхцөлийг гурвалсан гэрээний 4.2 дахь заалтаар тодотгож байгаа нь гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус болсон байгаа нь илэрхий харагдаж байна.
Мөн нэхэмжлэгч тал гурвалсан гэрээний заалтаар уг мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа бөгөөд гурвалсан гэрээний нөгөө тал болж оролцсон оролцогчийн хувьд зөрүүтэй байдал ч харагддаг.
У нь 3 сарын хугацаатай суралцаж гурвалсан гэрээний 3.4.4 дэх заалт болон мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээний 2.3 дахь заалтаар албан тушаалын цалинг олгохоор тус гэрээнд үүрэг болгон тусгасан бөгөөд гурвалсан гэрээний 3.3.4 дэх заалтаас харахад У уг мэргэшлийн сургалтанд сураад 5 жил ажиллаж байж мэргэшлийн гэрчилгээ, үнэмлэхийг суралцагчид захиалагч эрүүл мэндийн байгууллага олгохоор гэрээнд тусган оруулсан байгаагаас харахад ч У төсвийн хөрөнгөөр мэргэшил эзэмшиж олж авсан зүйлгүй.
Үүнээс үзэж дүгнэхэд захиалагч болох Н эмнэлэг, суралцагч У нарын хооронд байгуулсан гэрээний гол нөхцөл болох аль аль талдаа биелэгдээгүй байдаг. Угийн хувьд мэргэшсэн сургалтанд хамрагдсанаар илүү хариуцлагыг үүрэх, өөрийнхөө цалин хөлсөө буцаан байгууллагадаа төлөхөөр гэрээний заалтанд тусгагдсан нь хууль, эрх зүйн үндэслэл ч тодорхойгүй байгаа юм.
Энэ нэхэмжлэл нь цалин хөлс гаргуулах нэхэмжлэл байгаа. Цалин хөлс нь хөдөлмөрийн харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хамтарсан тушаалын дагуу гэрээг зохицуулна гэж байгаа боловч Үндсэн хууль болон Иргэний хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд хэргийг дахин үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь Э эмчид холбогдуулж 16-нд гомдол гаргасны дагуу ёс зүйн хороо хуралдаж, Э эмчид сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Э эмчид хариуцлага тооцсон боловч Э, У нар эмчийн ёс зүйн хэм хэмжээг хоёулаа зөрчсөн. У өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гарсан. Одоо өөр ажил хийж байгаа. Уг ажлаас гарахад нь 3 сая гаруй төгрөг төл гэсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа гэрээ нь Эрүүл мэндийн хөгжлийн төв гээд манай байгууллагын дээд байгууллагын хамтарсан гэрээ байдаг. Манай байгууллага дотооддоо сургалтанд хамрагдаж байгаа хүмүүстэйгээ гэрээ байгуулдаг. Гурвалсан гэрээний заалтаар нэхэмжилж байгаа. Гэрээнд үүрэг, хариуцлага хүлээгээд оролцож байгаа гэрээний нэг тал учраас гэрээг биелүүлэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг нь хариуцагч Г.Уд холбогдуулан сургалттай холбоотой гарсан зардалд 7054840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг үндэслэжээ.
Хариуцагч Г.У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажлын байрны дарамт шахалтаас болж мэргэшсэн ажлаа хийх боломжгүй байсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.6, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 1763710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй буюу хуулийг буруу хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дорноговь аймгийн Н эмнэлэг, суралцагч Г.У нар байгуулж, энэхүү гэрээ нь нэг талаас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр эмнэлэгийн мэргэжилтнүүдийг төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд хамруулах, нөгөө талаас тэднийг захиалагч эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой байна.
Мөн дээрх гэрээтэй холбоотойгоор 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Г.У болон нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэгийн хооронд “Мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулж, захиалагчийн зүгээс суралцагчийн суралцах хугацаанд цалинг олгох, ажлын байраар хангах үүрэг хүлээж, суралцагч нь эзэмшсэн мэргэшлээрээ байгууллагадаа 5-оос доошгүй жил ажиллах, ийнхүү энэ хугацаагаар ажиллаагүй тохиолдолд суралцах хугацаанд авч байсан цалин бусад зардлыг нөхөн төлөхөөр тус тус үүрэг хүлээжээ.
Дээрх гэрээнүүдийн агуулгаас үзвэл Иргэний хуульд шууд нэрлэгдэн зохицуулагдаагүй нэрлэгдээгүй гэрээ буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан гэрээний агуулгатай тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг нь нэхэмжлэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үндэслэсэн буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол зардал нэхэмжилж, хариуцагч Г.У нь үүргийн зөрчилд өөрийгөө буруугүй гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д заасан хохирол зардал гэж тодорхойлж хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тодруулбал хариуцагч Г.У нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний 6.2, “Мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээ”-ний 3.2-д-д заасан эзэмшсэн мэргэшлээрээ байгууллагадаа 5-оос доошгүй жил ажиллах үүргээ биелүүлээгүй ба ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй тул үүрэг гүйцэтгэгчийн үүргээ зөрчсөн явдалд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийг буруугүй гэж үзнэ.
Хариуцагч Г.У нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах болсон шалтгаанаа тус эмнэлэгийн гэмтэл согог судлалын зөвлөх эмч Х.Эы ажлын байрны дарамтаас болсон гэх боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлахад ажил олгогчийг буруутай гэж үзэх үндэслэл болохгүй буюу эмч Х.Э нь түүний дээд шатны албан тушаалтан биш, мөн Н эмнэлэгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо гомдлыг шийдвэрлээгүй байхад хариуцагч Г.У ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.
Мөн хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг нотлохоор өөрийн гар утсанд хадгалагдаж байгаа бичлэгийг CD-нд хуулбарлан шүүхэд ирүүлж, улмаар шүүх уг CD-нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг хийсэн байх боловч үзлэгийн тэмдэглэл нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д заасан шаардлага хангаагүй буюу үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тэмдэглэлд тусгаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан байна.
Энэ нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болох боловч энэ талаар талууд гомдол гаргаагүйн гадна дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Учир нь дээрх баримтыг хариуцагч нь эмч Х.Этай таарамжгүй харьцаатай болохыг нотлуулахаар шүүхэд ирүүлсэн ба энэ нь талуудын маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй ба ажилтны хоорондын таарамжгүй харьцаанд ажил олгогч байгууллагыг ажилтныг өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүргэсэн буруутай гэж үзэх үндэслэл болох учиргүй юм.
Иймд нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд талууд гэрээгээр гэрээний хариуцлагыг тодорхойлохдоо “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний 4.2-д “... суралцагч нь ... захиалагч эрүүл мэндийн байгууллагадаа ажиллаагүй тохиолдолд ... захиалагч байгууллагаас олгосон цалинг ... эгүүлэн төлнө” гэж “Мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээ”-ний 3.3-д “... эзэмшсэн мэргэшлээрээ тус эмнэлэгт 5 жилээс дээш хугацаагаар ажиллагаагүй тохиолдолд суралцах хугацаанд авч байсан цалинг ... бүрэн хэмжээгээр төлөхөөр ... “гэж тус тус заасан тул сургалтанд хамрагдах үеийн цалинг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д нийцнэ.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дээрх заалтад сургалтанд хамрагдах үеийн цалинг ... дахин өсгөж төлүүлэх тухай тохиролцоо нь хуулийн хүрээнд байх зарчимд буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг л хохиролд тооцох тухай агуулгад нийцээгүй тул анхан шатны шүүхээс хариуцагчаас суралцах хугацаандаа авсан цалин 1763710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн “захиалагч байгууллага буюу нэхэмжлэгчийг цалин нэхэмжлэх эрхгүй, гэрээний заалт нь Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 423/249 дугаартай тушаалын 3.8-д нийцээгүй буюу уг заалтад цалинг буцаан төлөх агуулга тусгагдаагүй тул гэрээний “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний 4.2 дахь заалт хүчин төгөлдөр бус” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар эрүүл мэндийн байгууллага нь эмнэлэгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д эмнэлэгийн мэргэжилтэн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтанд байгууллагын зардлаар хамрагдах эрхтэй.
Хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд эрүүл мэндийн байгууллага нь зардлыг төлж хариуцагч Г.Уг төгсөлтийн дараах сургалтанд мэдээгүйжүүлэг сувилахуй судлал чиглэлээр мэргэшүүлж суралцуулсан ба гагцхүү энэ тохиолдолд уг мэргэшсэн чиглэлээр тухайн байгууллагад 5 жил тогтвор суурьшилтай ажиллах, ийнхүү ажиллаагүй тохиолдолд зардлыг буцааж төлөх агуулга бүхий тохиролцоо буюу талуудын энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг дээрх хуулийн агуулга, зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Учир нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь ... гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 13.2-т зааснаар ... хуулиар хориглоогүй ... эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанчлан хууль тогтоомжид заагаагүй агуулгыг гэрээнд тусгах үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар “Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ”-ний 4.2, “Мэргэшил олгох сургалтанд суралцуулах гэрээ”-ний 3.3-д заасан нөхцлүүд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар ... харилцан итгэлцэл шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна талууд гэрээндээ хариуцлагын асуудлыг тусгах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцэх ба хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Нэгэнт талуудын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүссэн, улмаар хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх бөгөөд энэхүү зарчмын дагуу нэхэмжлэгч Дорноговь аймгийн Н эмнэлэг нь хариуцагч Г.Угаас гэрээний үүргийг шаардсан нь түүний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2017/00124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.6, 208 дугаар зүйлийн 208.1” гэснийг “189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Н.БАТЧИМЭГ