Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

 

 

 

    Э.Т, Т.С нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.Т /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

цагаатгагдсан этгээд Т.Сын өмгөөлөгч П.Батбүрэн,

хохирогч Ж.Цийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Т, Т.С нарт холбогдох 201525031230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хиад Боржигин овогт Э-н Т, 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

2. Боржигин овогт Т С, 1978 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,

1. Э.Т нь: Хохирогч Н.Лоос 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “2 сарын хугацаатай мөнгө зээлээч хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг бэлнээр,

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч эргэлдүүлж байгаад өгье” гэж хэлэн Баянгол дүүргийн нутаг нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг бэлнээр, 2.000.000 төгрөгийг дансаар,

2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “манай хамаатаны ах ферм ажиллуулдаг, зээлний үлдэгдэлтэй болохоор тэрнийг хөөцөлдөж өгсөний дараа дахиад зээл авахад өмнөх зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд бүгдийг нь өгнө” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний 1 дүгээр дэлгүүр “Хаан” банкинд 29.200.000 төгрөгийг дансаар, 800.000 төгрөгийг бэлнээр нийт 55.000.000 төгрөгийг,

Т.Саас “хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэг сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг “Хас” банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Цэргийн эмнэлгийн автомашины зогсоолд дээр 10.000.000 төгрөгийг бэлнээр,

“хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бродвей” ресторанд 8.800.000 төгрөгийг дансаар нийт 18.800.000 төгрөгийг,

Хохирогч Ц.Бээс “1 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлдүүлээч” гэж хэлээд
2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Циркийн хойд талд 15.500.000 төгрөгийг бэлнээр,

Т.Сын хамт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч танд боломжийн хүү өгье” гэж хэлэн хохирогч Т.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Капитал” банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 40.000.000 төгрөгийг бэлнээр,

2014 оны 8 дугаар сарын эхээр “ажлаасаа гарчихсан, банк бус санхүүгийн байгууллага, ПС тоглоомын газар ажиллуулж байгаа, та хамтарч ажиллах уу, та байраа барьцаалаад мөнгө зээлүүлээч, сар болгон 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд
Ж.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34-110 тоот 1 өрөө орон
сууцыг “Капитал” банкинд 32.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 2014 оны 8 дугаар
сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг, “Капитал” банкны орчим бэлнээр 32.000.000 төгрөгийг,

Хохирогч П.Баас “зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө
байршуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд
2014 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн нутаг, Офицеруудын ордоны хажууд
бэлнээр 6.000.000 төгрөгийг,

“нөгөө зээл маань бүтдэггүй, өөр банкинд арай их мөнгө зээлэх гэсэн юм 10.000.000 төгрөг зээлчих” гэж хэлэхэд нь Говьсүмбэр аймгийн Чойр хотоос 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар нийт 15.000.000 төгрөгийг,

“20 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлээч 26.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлээд хохирогч Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоот 227.16 мкв газрыг “Женерал Финанс” ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Ардын эрх сонины байранд Б.Бээс 20.000.000 төгрөгийг бэлнээр,

“хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутаг байрлах “Ариг” банкинд 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс “яаралтай хэрэгтэй байна 13.000.000 төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн орчим хохирогч Н.Цаас бэлнээр 13.000.000 төгрөгийг тус тус хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад 209.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Т.С нь Э.Түвшин-Эрдэнийн хамт хохирогч Т.Мт “байраа барьцаалж мөнгө зээлж өгөөч танд боломжийн хүү өгье” гэж хэлэн Т.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22-25 тоот орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Капитал” банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 40.000.000 төгрөгийг бэлнээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Түвшин-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Т.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525031230 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийг бусдыг залилж хохирогч Н.Лид 55.0 сая төгрөгийн, хохирогч Ц.Бэд 15.5 сая төгрөгийн, хохирогч Т.Мт 40.0 сая төгрөгийн, нийт 110.5 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ст холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Хиад боржигон овогт Э-н Түвшин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 268 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Тэс 88.785.000 төгрөг гаргуулж, хохирогч Боржигин овогт Т С (РД:Ч378072874)-т 18.800.000 төгрөг, Баатад овогт Жанчивын Цэрэнчимэд (РД:ЧК67020668)-д 42.235.000 төгрөг, Шаргууд овогт Пунцагдоржийн Батбаяр (РД:ЗВ83110711)-т 14.750.000 төгрөг, Тууварчин овогт Намсрайжавын Цогтбаяр (РД:ЧН81071618)-т 13.000.000 төгрөг тус тус олгож,

Шүүгдэгч Т.С цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Ц тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Э.Т нь 2014 оны 8 дугаар сараас хойш миний хохирлыг төлөхийн төлөө оролдлого хийгээгүй бөгөөд одоо түрээсийн байранд төлбөр төлж амьдарч байна. Иймд өөрийн хохирлыг барагдуулж, мөн орон байраа хураалгаснаас өдий хүртэлх хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Э.Түвшин-Эрдэнийн тайлбарт “Тайж фото студи ажиллуулж байсныг мэднэ” гэж хэлсэн байсан. Энэ нь би байраа барьцаанд тавьж мөнгө өгсний дараа, ажлаа тараад зам дагуу 2 удаа тэр студид орж үзсэн. Ажиллуулж байгаа төрх харагдаагүй, удаагүй байнга цоожтой байдаг болсон. Мөн бусдаас 200-300 сая төгрөгийн залилан хийхдээ яагаад миний банкны зээлийг төлж байгаагүй юм. Сардаа 1.300.000 төгрөг жил төлсөн бол би байртайгаа үлдэх л байсан. Мөн надтай холбоо барьдаггүй, утасны дугаараа солиод алга болсон. Энэ нь анхнаасаа энэ хүн миний итгэлийг урвуулан, байрыг барьцаанд тавиулж авсан мөнгөө буцаан өгөх санаа зорилгогүй байсныг илэрхийлж байна. Мөн хохирлоо барагдуулна гэж шүүх хуралдаанаас 5 хоног завсарлага авахдаа ч төлөх оролдлого хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил гаруй намайг болон хууль шүүхийг хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн нь ямар их зальтай хүн болохыг баталж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, миний хохирлыг энэ хүнээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Шүүхээс яллагдагч Т.Сын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна. Яллагдагч Т.С, Э.Т нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Мт бодит хохирол болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 22-25 тоот орон сууцыг өмчлөх эрхээ алдаж хохирогч, түүний гэр бүл орон гэргүй болж тэдгээрт ноцтой хохирол учирсан бөгөөд энэхүү хохирол өнөө хүртэл нөхөн төлөгдөөгүй. Ялтан Э.Т нь яллагдагч Т.Стай хамтарч хохирогч Т.Мыг залилсан гэмт хэргийг үйлдсэн боловч Э.Т нь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох эхнэр Т.Сонинбаяртай эвлэрсэн тухай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/Ш32016/17148 дугаартай шүүгчийн захирамж гарсан, уг захирамжинд Э.Т, Т.Сонинбаяр нарын хооронд мөнгө өгсөн авсан, түүний эргэн төлөлтийн талаар тохиролцсоныг шүүх баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэж шүүхээс Э.Түвшин-Эрдэнийн Т.Мыг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир Э.Т, Т.Стай хамтарч хохирогч Т.Маас 37.600.000 төгрөгийг авч түүнээс 16.000.000 төгрөгийг Э.Т авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад Э.Т нь Т.Сонинбаяртай ямар учраас эвлэрсэн болох нь тодорхойгүй, хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт уг захирамжны талаар ямар ч ойлголтгүй, уг захирамж гарсан эсэхийг мэдэхгүй байсан ба шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн шүүхийн шатанд нэмэлт нотлох баримтаар гарган өгсөн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/Ш32016/17148 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ намайг “ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа, явуулах хууль ёсны эрх олгогдсон аж ахуйн нэгжгүй” гэжээ. Тухайн үед мөнгө зээлдүүлэгч Цэрэнчимэд, Б.Б нар нь “Тайж” фото студи ажиллуулж байгааг мэддэг байсан. Тэр үндсэн дээр надад итгэж мөнгө зээлдүүлсэн. Би энэ хүмүүсийг зохиомол байдлаар залилсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэдэгт санал нийлэхгүй байна. Миний бие хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, нэр бүхий хохирогч нарт тус бүрд нь зохих хэмжээний хохирлыг нөхөн төлсөн, цаашдаа хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралд Мөнхбаатар өөрөө ороод “тухайн 18.000.000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан асуудалд би байхгүй байсан учраас эхнэр Сонинбаярыг явуулсан” гэдэг нь ямар учиртай гэхээр Э.Тэс авах ёстой байсан 16.000.000 төгрөгийг 18.000.000 төгрөгийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Мөнхбаатарыг залилсан үйлдэл нь хэрэгсэхгүй болсон нь үндэслэлтэй. Мөн тухайн зүйл анги сонгох санкцитай. Э.Түвшин-Эрдэнийн хувьд хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн. Буянхишигийн хохирлыг 5 хоног завсарлага авахдаа төлсөн. Э.Т сая “хугацаа олгох юм бол төлөх боломжтой” гэж хэлсэн. Иймд торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Сын өмгөөлөгч П.Батбүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Сын хувьд Э.Ттэй хамтран Мөнхбаатарыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн шинжгүй гэдэг байдлаар анхан шатны шүүхээс дүгнэсэн шийдвэр үндэслэлтэй. Учир нь Т.Сын тухайд Э.Түвшин-Эрдэнийн ятгалгаар хүргэн ах Мөнхбаатарыг холбож өгч бүх ажлыг нь барьцаанд тавиулж 40.000.000 төгрөгийг зээлж авсан байдаг. Тухайн 40.000.000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр 4.000.000 төгрөгийг төлж дуусгана гэж амласан. Хохирогчийн хувьд тухайн амлалтаа хүлээн зөвшөөрч, мөн дүүгийнхээ бизнесийг дэмжих зоригоор зээлийг олгосон гэдгийг удаа дараа мэдүүлсэн. Тэгэхээр залилангийн гэмт хэргийн гол шинж болох бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр аваад буцааж өгөхгүйгээр авах санаатай зорилготой байхыг анхнаасаа байгаагүй. Зээлсэн мөнгөө 7 сарын турш туушдаа төлж байгаад уг мөнгийг хамтран зээлсэн Э.Т мөнгөө төлөхгүй оргож зугтан алга болсон учраас цаашид төлөх боломжгүй болж Мөнхбаатар нь байр орон сууцаараа хохирсон. Мөн уг зээлсэн 37.500.000 төгрөгөөс Э.Т нь 11.000.000 төгрөгийг өөрийн танил Даваасүрэн гэх эмэгтэйг дагуулж ирж өндөр хүү амлан бусдад зээлүүлээд 17.000.000 төгрөгийг өөрөө бэлнээр нь аваад явсан. Т.Сын хувьд тухайн мөнгийг санаатайгаар залилан авсан зүйл байхгүй бөгөөд бодит хохирлоос 28.000.000 төгрөгийг өөрөө төлсөн. Хохирогчийн хувьд Т.Ст гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.Цийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан материалаас Э.Т нь ямар орлогын эх үүсвэргүй байсан гэдэг нь харагддаг. Э.Түвшин-Эрдэнийн хувьд Цэрэнчимэдийн хажуу өрөөнд нь жил гаруй хугацаанд амьдарсан. Энэ жил гаран амьдарч байсан хугацааны итгэл дээр суурилж Цэрэнчимэдэд компьютер тоглоомын газар, санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа. Би олон хүнтэй хамтран ажилладаг фото студийн газар худалдаж авах гэсэн чинь 30.000.000-40.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь ярианд нь итгэж байраа барьцаанд тавьж 32.000.000 төгрөг өгсөн. Өнөөдрийг хүртэл нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж яриад байна. Гэтэл Цэрэнчимэдээс мөнгө аваад 4 жилийн хугацаа, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Мөн Цэрэнчимэд одоо байр байхгүй түрээсийн байранд амьдарч байна. Хэрвээ мөнгийг нь нөхөн төлөх сэтгэл байсан бол дээрх хугацаанд төлөх боломж байсан. Хамгийн анхны шүүх хуралдаанд 4 сард болсон. Түүнээс хойш 1 сар гаран болж байхад төлөх боломж байсан. Шүүгдэгчийн нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал нь дахин хуурч мэхлэж буй арга гэж үзэж байна. Мөн Э.Түвшин-Эрдэнийн үйлдлээс харахад хохирогч нарыг төөрөлдүүлж эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Эдгээр байдлаас шүүгдэгчийн зан төлөв нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь өөрийн хөрөнгийн эх үүсвэргүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх олгогдсон аж ахуйн нэгж байгуулаагүй, тийм үйл ажиллагаа явуулаагүй атлаа бусдын итгэлийг эвдэх, хууран мэхлэх аргаар “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа, өндөр хүүтэй зээлдүүлээч, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, хамтран ажиллана, байраа барьцаалчих хүүг нь сар бүр найдвартай өгч байна” гэх мэтээр бусдыг залилж:

хохирогч Т.Саас “хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэг сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг “Хас” банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Цэргийн эмнэлгийн автомашины зогсоолд дээр 10.000.000 төгрөгийг бэлнээр, “Хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хуурч мэхлэн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8.800.000 төгрөгийг дансаар, нийт 18.800.000 төгрөгийг,

хохирогч Ж.Цээс 2014 оны 8 дугаар сард “Ажлаасаа гарчихсан, банк бус санхүүгийн байгууллага, ПС тоглоомын газар ажиллуулж байгаа, та байраа барьцаалаад мөнгө зээлүүлээч, сар болгон 500.000 төгрөг өгнө” гэж хуурч
Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34-110 тоот 1 өрөө орон сууцыг “Капитал” банкинд 32.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг, “Капитал” банкны орчим бэлнээр 32.000.000 төгрөгийг,

хохирогч П.Баас “Зээл авахад дансанд барьцаа хөрөнгө
байршуулах хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хуурч
2014 оны 4 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн нутаг, Офицеруудын ордны хажууд
бэлнээр 6.000.000 төгрөгийг, “Зээл бүтэхгүй байна, өөр банкнаас их мөнгө зээлэх гэсэн юм 10.000.000 төгрөг зээлээч” гэж хуурч Говьсүмбэр аймгийн Чойр хотоос 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 8.000.000 төгрөгийг дансаар нийт 15.000.000 төгрөгийг,

хохирогч Б.Бээс “20 сая төгрөг 3 сарын хугацаатай зээлээч 26.000.000 төгрөг болгож өгье” гэж хуурч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоот 227.16 м.кв газрыг “Женерал Финанс” ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Ардын эрх сонины байранд Б.Бээс 20.000.000 төгрөгийг бэлнээр,

хохирогч Н.Цаас “Хамтарч ломбард ажиллуулъя” гэж хуурч 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутаг байрлах “Ариг” банкинд 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс “Яаралтай хэрэгтэй байна 13.000.000 төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн орчим хохирогч Н.Цаас бэлнээр 13.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 98.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Лхагвадоржоос 2014 оны 3 дугаар сарын 28-нд 15.000.000 төгрөг, 5 дугаар сарын 16-нд 8.000.000 төгрөг, 7 дугаар сарын 24-нд 29.200.000 төгрөг, 800.000, нийт 55.000.000 төгрөгийг хамтарч ажиллах гэж авсан. 15.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Би мөнгөө Тулгабаатар, Даваадулам нарт өгөөд алдсанаа мэдсэн. Саас 2013 оны 8 дугаар сарын 24-нд 10.000.000 төгрөг авсан. Үүнийгээ Даваабаатарт өгөөд алдсан. 8.000.000 төгрөг би аваагүй. Сын дансаар 500.000.000 төгрөг ороод гарсан. 11.000.000 төгрөг төлөх эвлэрлийн гэрээ 2016 оны 5 дугаар сарын 14-нд хийсэн. 2014 оны 8 дугаар сард фото студи, ПС тоглоомын газар ажиллуулахаар Цэрэнчимэд эгчийн орон сууцыг барьцаалаад банкнаас зээл аваад, фото студид 15.000.000 төгрөг, тоглоомын газарт 16.000.000 төгрөгийн хөрөнгө оруулаад Сайханбаатарт луйвардуулсан. Цэрэнчимэд эгчид орон сууц авч өгнө. Батбаяраас 10.000.000 төгрөг авсан. Цогтбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 12-нд 13.000.000 төгрөг авсан нь үнэн. 2014 оны 6 дугаар сарын 13-нд Буянхишигээс 20.000.000 төгрөг зээлж аваад, найзуудтайгаа хамтарч ажиллахаар бусдад өгөөд алдсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар хуудас/,

цагаатгагдсан этгээд Т.Сын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...40.000.000 төгрөгийн зээл ахын нэр дээр гарсан. Би орж мөнгийг авч гарч ирээд Т 16.000.000 төгрөгийг “Хаан” банкаар дамжуулж, өдрийн 2 хувийн хүүтэй авсан. Би Мөнхбаатар ахад сар бүр 4.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөг өгсөн. Т зээл авснаас хойш алга болохоор нь Мөнхбаатар ахад хэлээд, цагдаад өгсөн. Би ахыг залилаагүй, авсан мөнгөө өгсөн. Би Тд хашаа байшингаа барьцаалж 10.000.000 төгрөг өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 28-нд 8.800.000 төгрөг өгсөн. Одоо түүнээс 18.800.000 төгрөг нэхэмжилнэ. Чиний дансаар мөнгө оруулаад авъя гээд надаас нийт 28.800.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар хуудас/,

 “...2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т надад мөнгө өсгөх ажил байна, хамтарч ажиллая мөнгө олооч гэж хэлэхээр нь хүргэн ах болох Мөнхбаатараас гуйгаад байрыг нь 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж Мөнхбаатар ахаас 39.600.000 төгрөгийг би өөрөө гар дээрээ авсан. Тэгээд Т хэд хоногийн дараа мөнгө эргүүлчмээр байна, мөнгө зээлчих гэж хэлээд 16.000.000 төгрөгийг авсан, тэгээд үлдсэн 23 сая 600 мянган төгрөг нь надад байсан бөгөөд 2014 оны 3 сарын 31-ний өдөр Даваасүрэн эгч нь банкны зээл төлөх гэсэн юм 2.000.000 төгрөг зээлчих гэж хэлж авсан, түүнээс хойш хагас сар орчмын дараа нэг ажил байна, өдрийн 2 хувийн хүүтэй 21.000.000 төгрөг зээлдүүлчих гэж гуйгаад зээлж авсан. 2014 оны 7 сард Ттэй хамт явж байхад хүнээс зээлсэн мөнгө хүүтэйгээ нэхэгдээд байна яаралтай 8.900.000 төгрөг олоод өгөөч гэж гуйсны дагуу Түвшин-Эрдэнийн хэлсэн данс руу нь хийж байсан, тэгээд надад олдохгүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Би хашаа байшингаа барьцаалж 27.000.000 төгрөгийн зээл авсны дараа сар болгоны зээлийг төлдөг байсан. 1 сард төлөх зээлийн хэмжээ 1.900.000 орчим төгрөг байсан тэгээд 9 сарын зээлийг төлсөн. Сүүлд “Хас” банкнаас мэдэгдэл ирэхэд 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн байсан тэгэхээр бусад мөнгийг нь Т өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 2 дугаар хавтаст хэргийн 78-79, 4 дүгээр хавтаст хэргийн 96-97, 5 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Цийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би банкнаас авсан 32.000.000 төгрөгийн зээлийг Тд өгсөн. Би одоо сарын 230.000 төгрөгөөр айлын байр түрээсэлж амьдарч байгаа. Түрээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн зардал зэргийг нэмээд нийт 42.235.000 төгрөг нэхэмжилнэ. Одоо нэг өрөө байраа нэхэмжилнэ. 1 өрөө байрны зах зээлийн ханш 50.000.000-55.000.000 төгрөг байгаа.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Капитал” банкны барьцаанд тавиад бэлнээр 32.000.000 төгрөгийг Тд төв “Капитал” банкны замын эсрэг талд өгсөн боловч Т алга болчихсон. Би банкинд очиж асуухад 3.000.000 төгрөгийн төлөлт хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86, 2 дугаар хавтаст хэргийн 44, 4 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/,

Хохирогч П.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 1.000.000 төгрөг мобайлаар шилжүүлж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 2-нд 2.000.000 төгрөг дансаар, 6.000.000 төгрөгийг “Хаан” банкаар дамжуулж өгсөн. Лангууны түрээсийн мөнгө нэхэгдээд 250.000 төгрөг авсан. 14.750.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 1-23 дугаар хуудас/,

Хохирогч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дансанд барьцаа хөрөнгө байршуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай надад 6.000.000 төгрөг зээлчих гэж хэлээд Баянзүрх дүүрэг Офицерүүдийн ордны автобусны зогсоол дээр бэлнээр авсан, энэ асуудлыг бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Мөн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т нь утсаар яриад нөгөө зээл маань бүтдэггүй өөр банкинд арай их мөнгө зээлэх гэсэн юм, 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь 9.000.000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгтэл хамаагүй зээлчих гэхээр нь тэр өдрөө 1.000.000 төгрөгийг 7 дугаар сарын 2-ны өдөр данс руу нь өөрийн 5720942797 данстай 89701759 дугаарын утастай мобайл банкаар шилжүүлсэн. Үлдсэн 8.000.000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас Түвшин-Эрдэнийн данс руу шилжүүлсэн баримт байгаа.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37-38, 4 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

Хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ээжийн хамт амьдардаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-10 тоот байрыг “Ариг” банкны салбарт байрлах 30.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгө хадгалаад байж байх үед Т нь надаас яаралтай хэрэгтэй байна, 13.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлээч гэж хэлээд гараар баримт үйлдэн Чингэлтэй дүүргийн нутагт 5 дугаар сургуулийн замын урд автомашины зогсоол дээр автомашин дотор өгсөн, тэр үед Буянхишиг хажууд байсан. Миний хувьд Буянхишигтэй багын найзууд, Т Буянхишигтэй гайгүй найзууд шиг байхаар нь итгэсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 107, 4 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 6 дугаар сарын 10-нд “Женерал финанс” ББСБ-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоотод орших өмчлөх эрхийн газраа барьцаалаад 20.000.000 төгрөгийг ББСБ-аас авч, Тд зээлүүлсэн. 2015 оны 3 дугаар сард банк бусаас над руу залгаж, шүүх рүү шилжиж байгаа талаар мэдэгдсэн. 2016 оны 3 дугаар сард би газраа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хураалгасан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63, 4 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иргэн Т.М нь манай банкинд хандан өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 22-25 тоот хаягт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж зээл олгосон. Зээл  олгохдоо зохих журмын дагуу судалж бүтээгдэхүүний шуурхай зээл гэсэн төрлөөр буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж тухай үеийн зах зээлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр богино хугацаанд буюу ажлын 8 цагт багтаан зээл олгосон. Уг байрны зах зээлийн үнэ 80.000.000 төгрөгөөр үнэлэгдээд 40.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр олгосон. Би Т гэх хүнийг танина. 2014 оны 2 дугаар сард надаас Банк бус санхүүгийн байгууллагын талаар мэдээлэл солилцох улмаар хамтран ажиллаж болох талаар асууж ирснээр танилцаж байсан. Өөрийгөө “Хас” банкинд ажиллаж байсан, одоо Банк бус санхүүгийн байгууллага байгуулах санаа зорилготой байна гэж хэлж байсан. Т нь 2014 оны 7 дугаар сард манай эгч байраа 40.000.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гээд Цэрэнчимэд гэх хүнийг над дээр дагуулж ирж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,

Гэрч А.Занахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 4 дүгээр сарын орчимд Буянхишиг нь найзаа 5.000.000 төгрөг олоод өг найз нь эргэлдүүлж байгаад эргүүлээд 3 сарын дотор 10 хувийн хүүтэй нь өгье гэж хэлэхээр нь ББСБ-аас 4 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. Тэгээд 3 сарын хугацаа болоод мөнгөө нэхэхэд Т гэдэг хүнд мөнгөө өгөөд залилуулчихлаа найз нь олоод удахгүй аваад өгчихнө гэж хэлсэн, тэгээд хоног хугацаа өнгөрсөөр саяхан холбоо барихад одоо цагдаад баригдсан байгаа асуудал нь шийдэгдэх байх гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э.Түвшин-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн гаргасан “оногдуулсан 5 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн прокурор Н.Булганчимэгийн бичсэн “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Т.Сыг шүүгдэгч Э.Ттэй бүлэглэн иргэн Т.Мыг хуурч мэхлэн түүний өмчлөлийн байрыг барьцаалуулж 40,000,000 төгрөгийг залилсан үндэслэлээр түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэнийг “шүүгдэгч Т.С хохирогч Т.Мтай тохиролцсоны дагуу 2014 оны 3 дугаар сард авсан 21.6 сая төгрөгийг мөн оныхоо 11 сар хүртэл хугацаанд цувуулан буцааж өгсөн буюу хохирогч Т.Мт гэмт хэргийн хохирлын үр дагавар шууд учраагүй, гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж түүнийг цагаатган шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийг холбогдуулан ялласан “хохирогч Н.Л, Ц.Б, Т.М нарыг залилж хохирол учруулсан” гэх үйлдлүүдийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоож, тэдний хоорондын төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байдлыг харгалзан шүүгдэгчийн холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Э.Түвшин-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ