Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0770

 

 

 

 

 

 

 

 

“Ш...” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэгч: “Ш...” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаартай захирамжийн “Ш...” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ш...” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0712 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.У, Э.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0392/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш...” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаартай захирамжийн “Ш...” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ш...” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0712 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 он/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаартай захирамжийн “Ш...” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ш...” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг хариуцагчид даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус байх шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээрх маргаан бүхий актуудыг хууль бус байх болохыг тогтоохоор тодорхойлсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байхад шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

3.2. Мөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нийслэлийн Засаг даргын 2007 оны 473 дугаар захирамжийн үйлчлэл сэргэх тул дахин захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.  

3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхээс 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацааг олгохыг хариуцагчид даалгасан нь нийслэлийн Засаг даргад хууль зөрчиж, шийдвэр гаргахыг даалгасан нь үндэслэлгүй юм.

3.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 473 дугаар захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай “Ш...” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгч “Ш...” ХХК-ийн хүсэлтийн дагуу нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын дүгнэлтээр газар ашиглуулах эрхийн зориулалт өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн зөвшөөрч газар ашиглах хугацааг 52 жилээр олгохоор шийдвэрлэсэн байна.

2.2. Харин нийслэлийн Засаг дарга Газар, барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2007 оны 473 дугаар захирамжийн “Ш...” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жил болгон багасгасан байна.

2.3. Ийнхүү нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаартай захирамжийн “Ш...” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ш...” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулахаар маргасан байна.

2.4. Анхан шатны шүүх “...маргаан бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж дүгнэн маргаан бүхий актын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

2.5. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 оны/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж зохицуулснаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид үйл ажиллагаа явуулах хугацаанаас хамаарч 60 жил хүртэл хугацаагаар газар ашиглуулж болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулсан байхад нийслэлийн Засаг даргад хууль зөрчиж, шийдвэр гаргахыг даалгасан гэх гомдлыг хангах боломжгүй.

2.6. Учир нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 302 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ... газар ашиглуулах хугацааг 30 жил ... байхаар тогтоосугай” гэсэн нь уг маргааны асуудалд хамааралгүй зохицуулалт бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч биш” гэх гомдол үндэслэлгүй.

 2.7. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангуулан нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийн баталгаажуулах тухай” 473 дугаар захирамжаар “Ш...” ХХК-д 30000 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 0000716 дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байхад нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

2.8. Мөн нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаар захирамжтай маргаж байгаа нь дээр дурдсанчлан урьдчилан шийдвэрлүүлэхээр бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж байснаас гадна хариуцагч захиргааны байгууллагаас уг асуудлыг шийдвэрлэж гаргасан захиргааны актууд харилцан уялдаагүй, өөр хоорондоо зөрчилтэй байдлыг бий болгосон буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгч компанийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

2.9. Хариуцагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар ... ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоолын зорилго нь газар эзэмшигч, ашиглагч этгээдүүд тухайн газраа зориулалтаар хуульд заасан хугацаанд эзэмшиж ашиглахгүй байх, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах, сунгахтай холбоотой харилцааг зохицуулахад орших бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт нэхэмжлэгч газрыг зориулалтаар нь ашиглаж, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж, газар ашиглагчийн үүргийг биелүүлж байхад газар ашиглах гэрээний үүргийг жил бүр дүгнэж, хариуцагч хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Ш...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ач холбогдолгүй хуулийн заалт баримталсан байх тул тус заалтыг хассан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “44 дүгээр зүйлийн 44.5” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА