Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/0385

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2018/00017 дугаар магадлалтай,

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй,

З.Г-д холбогдох,

Гэм хорын хохирол 865.900  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Жаргалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би охин Ариунгоотой хамт 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бадрах өргөө зочид буудлын урд талын явган хүний гарцаар зам гарч явахад З.Ганболд нь 80-69 УНЕ улсын дугаартай приус маркийн автомашинтай ирж биднийг мөргөж осол гаргасан. Тухайн өдрөө охины хамт яаралтай түргэн тусламж дээр очиж үзүүлэн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэвч эмнэлгийн зүгээс Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гээд 13а маягт хийж өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр онош тодруулсан.

Биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээг 2017.09.14-ний өдөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх дүгнэлт 2017.09.20-ны өдөр гарч З.Г-д 20.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Уг шийдвэрт гомдол гаргаж  прокурорын  байгууллагад 2 ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Иймд биед учирсан гэмтлийн зардал 695.000 төгрөг, замын зардал 280.800 төгрөг, бусад зардал 66.425 төгрөг, нийт 993.800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эм тариа, эмчилгээний зардал 680.000 төгрөг, замын зардал 185.900 төгрөг, нийт 865.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч З.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Дорноговь аймаг Сайншанд сум, 2 дугаар баг, Бадрах өргөө зочид буудлын урд талд УНЕ 8096 улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодон явж байтал гэнэт хүүхдийн тэрэг хурдтайгаар автомашины урдуур орж ирэхэд автомашиныг бүрэн зогсоох арга хэмжээ авч зогсоосон. Зогсоох үед хүүхдийн тэргийг мөргөөгүй, хүүхдийн тэрэг босоо байсан. Тухайн үед авто замын засварын ажил хийгдэж байсан болохоор миний зорчиж байсан талд замын гарц байгааг анхааруулах, заах тэмдэг дохио байхгүй байсан боловч зам дээр чулуу, шороо байсан тул хурдыг сааж 10 км/цаг хүртэл бууруулсан байдалтай явж байсан. Б.Жаргалмаа, А.Ариунгоо нарын биед автомашинаар шүргэсэн явдал огт гараагүй. Б.Жаргалмаа  тухайн үед архи уусан байсан,   би зүгээр, та нар явчих гэж хэлж байсан. Б.Ж-ийн биед гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл болоогүй тул нэхэмжилж байгаа зардлыг төлөхгүй. Нотлох баримт үнэн зөв бол надаас нэхэмжилж байгаа төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Дорноговь дахь аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Г-ос 865.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жаргалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Г-ос улсын тэмдэгтийн хураамж 25.332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Жаргалмаад олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2018/00017 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 865.900...” гэснийг “80.000” гэж, “... олгосугай” гэснийг “олгож” гэж, дараа нь “нэхэмжлэлээс үлдэх 785.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, 2 дугаар заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 25.332 ...” гэснийг “4550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2018/00017 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч З.Ганболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Наранцэцэгийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Итгэмжлэл хх-45 хуудас/-өөр оролцуулж байгаад 2017 оны 04 сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хурлын өмнө өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Наранцэцэгээс татгалзаж байгаа тухайгаа шүүхэд бичгээр гаргасан /хх-148 хуудас/, улмаар хариуцагч З.Ганболд нь өөрөө шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 122.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон этгээд болох Ч.Наранцэцэгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан буруу, мөн хариуцагч З.Ганболдын анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн дүн болох 122.500 төгрөгийн тухайд дүгнэлт хийлгүйгээр хасч шийдвэрлэсэн. Ингэхдээ магадлалд ямар учраас хариуцагчийн зөвшөөрсөн дүнг өөрчлөх болсон талаар огт дурдаагүй. Хавтаст хэргийн 62 хуудсанд байгаа ГССҮТөвийн эмч Д.Ган-Эрдэнэ нь Б.Ж- үзсэн тэмдэглэлд бичсэн 5 төрлийн эм, тосон түрхлэг нь тус бүрийн үнэ нь 119.000 төгрөг, 120.000 төгрөгийн үнэтэй учраас нэхэмжлэгчийн хувьд өөрийн санхүүгийн боломжоороо эмчийн бичсэн эдгээр эм, тосон түрхлэгийн оронд адил үйлчилгээтэй, үнэ хямд өвчин намдаах, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй 5 төрлийн эмнүүдийг 113.000 төгрөгөөр 2017.09.20-ны өдөр авч хэрэглэсэн /хх-12 хуудас/. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Жаргалмаад энэ эмнүүдийг Ач үйлс дэлгэрэх ХХК-ний эмч жор бичиж өгөөгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн 2017.09.20-ны өдөр өөртөө авч хэрэглэсэн 5 төрлийн эмнүүд нь хэдийгээр эмчийн зөвлөсөн яг тэр эм биш боловч өөр төрлийн өвчинд уудаг эмнүүдийг аваад хэрэглэсэн зүйл биш юм. Хавтаст хэргийн 98 хуудсанд байгаа Ач үйлс дэлгэрэх ХХК-ний эмчийн 2017 оны 09 сарын 10-ны өдөр бичсэн энгийн эмийн жороор Ариунгоод 2 төрлийн эм бичиж өгсөн байгаа. Энэ нь Иммуновис, Цероксол гэсэн эмнүүд байгаа. Энэ эмийг 2017.10.05-ны өдөр Брайбу сүм эмийн сангаас 96000 төгрөгөөр худалдаж авсан байдаг /Зарлагын падаан хх-12 хуудас/. Ариунгоод бичсэн эмчийн эмийн жорыг Жаргалмаагийн авсан эм гэж үзэн Ач үйлс дэлгэрэх ХХК-ийн эмчийн бичсэн эмийн жороор зөвлөсөн эм биш гэж нотлох баримтуудыг хооронд нь ялгалгүй буруу дүгнэсэн алдаа гаргасан. Ач үйлс дэлгэрэх ХХК-ийн эмчийн 2017.09.10-ны өдрийн энгийн эмийн жор бол зөвхөн Ариунгоод бичсэн 2 төрлийн эм юм. Энэ эмийг эмчийн бичсэн жор /хх-98/ -ын дагуу 2017.10.05-ны өдөр Брайбу сүм эмийн сангаас авсан. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2017.09.12-ны өдөр нэхэмжлэгч Б.Жаргалмаад онош тогтоолгох зорилгоор Өвчтөн илгээх хуудас буюу Эрүүл мэндийн маягт 13А-г өгсөн байдаг. Үүнд: Цаашид ГССҮТ-д онош тодруулах, МР1 шинжилгээнд харуулах шаардлагатай гэсний дагуу эмчийн илгээснээр, зөвлөсний дагуу Улаанбаатар хотод ГССҮТ-д очиж үзүүлэхэд Мөнгөн гүүр эмнэлэгт МР1 зураг авахуулаад ир гээд түүнийг явуулж уг МRI зургийг авахуулсан. МRI шинжилгээ хийлгэсэн 430000 төгрөгийн зардал бол зайлшгүй зардал юм. 2017 оны 10 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч З.Ганболдын хаягаар анх нэхэмжлэлийг шүүхэд очиж өгөхөөр явсан. 2017 оны 11 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч З.Г-д холбогдох хэргийн талаар дуудсаны дагуу очсон. Эдгээр унааны зардлууд нь хариуцагч З.Ганболдын нэхэмжлэгч болон түүний охин нарын биед хохирол учруулснаас үүдэн гарсан зардлууд. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 12018 оны 05 сарын 16-ны өдрийн 202/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                  ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Жаргалмаа нь хариуцагч З.Г-ос 865.900  төгрөг нэхэмжлэхдээ  шаардлагын үндэслэлийг  зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 122.500 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзахдаа “...нэхэмжлэгч нарын биед гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй” гэсэн тайлбар гаргажээ.

З.Ганболд нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр УНЕ 80-96 дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан  “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурлаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг  зөрчсөнөөс явган зорчигч Б.Жаргалмаа болон түүний 1 настай охин А.Ариунгоог мөргөж, зам тээврийн осол гаргасан буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх зөрчилд 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр 20.000 төгрөгөөр  торгох шийтгэл ногдуулсан байна /хэргийн 22 дугаар тал/.

Зам тээврийн ослын улмаас Б.Ж-ийн биед тархи доргилт, цээжний зөөлөн  эдийн няцрал, А.Ариунгоогийн биед тархи доргилт гэмтэл тус тус учирсан, эдгээр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар  шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Жаргалмаа Дорноговь  аймгийн нэгдсэн эмнэлгийн 13А маягтын дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, улмаар Мөнгөн гүүр  эмнэлэгт  MRI шинжилгээ, А.Ариунгоо Ач үйлс дэлгэрэх эмнэлэгт физик эмчилгээ  хийлгэсэн байх ба шинжилгээний төлбөр, эм тарианы үнэ болон УБ хот ирж буцсаны зардал, хууль зүйн  туслалцаа авсны болон нотариатын  төлбөрт  нийт  865.900  төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын  биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, тэрээр уг гэм хорыг Иргэний  хуулийн  505  дугаар  зүйлийн  505.1., 506 дугаар зүйлийн 506.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т зааснаар арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар  нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нурууны MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан нь тогтоогдоогүй, Брайбу эмийн сангаас эмийн жороор эм аваагүй, ямар ажлаар УБ хот зорчсон нь тодорхойгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 785.900 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгосон нь Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Дорноговь аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2018/00154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 29.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ