Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 347

 

М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Цэцгээ, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, Н.Санчиндорж нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар магадлалтай, М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цэцгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Цэцгээг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 1 жил 11 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8820651 /найман сая найман зуун хорин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 455 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.6” гэснийг “25 дугаар зүйлийн 25.1.1” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “28 дугаар зүйлийн 28.2.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ыг зөрчиж нэхэмжлэгчид давуу байдал олгож хэргийг шийдвэрлэсэн талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3. дахь заалтын дагуу хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ эдэлж 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд “шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа 17 дугаар хорооны Засаг дарга Ж.Бор, 11 дүгээр хорооны Засаг дарга н.Эрдэнэтунгалаг нарын гэрчээр асуулгах” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээж авчаад тодорхой ажиллагаа хийгдээгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийж шүүхийн шийдвэрийг гаргасан юм.

Дээрх хүсэлт нь 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх бөгөөд тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “энэ хуулийн 70 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 79.2-т “хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасан байхад дээрх хүсэлтийг минь шийдвэрлэсэн захирамж болон хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хариуцагчид мэдэгдэлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин хариуцагчийн хариу тайлбарыг гуйвуулан хэргийг шийдвэрлэсэн талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт нийгмийн ажилтан М.Цэцгээгийн үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшинг 2012 онд 91,5 хувийн үнэлгээтэй үнэлэгдсэн гэж нотлох баримтын шаардлага хангахгүй материалыг үнэлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Цэцгээгийн 2014 оны үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшинг 57,3 буюу хангалтгүй гэж дүгнэсэн боловч энэ нь хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэсэн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Цэцгээд үнэлгээтэй танилцсан баримтад гарын үсэг зуруулсан талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд дурдсан билээ. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгчээ” гэжээ. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан дүгнэлтээ үндэслээд тогтоох хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 26.1.1 дэх заалтыг, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийг “үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна” хэмээн тогтоох хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй болно.

Мөн Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь бүхэлдээ Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл буюу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалтыг дурдаж тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд 2 өөр зохицуулалтыг хооронд нь хамааруулан хариуцагчийг буруутган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар өөрчилсөн байтал дээрх асуудалд дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийг үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу сэлгэн авсан арга хэмжээ гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг ч удаа тайлбарлаж байгаагүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт ч хэргийн материалд байхгүй юм.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                          Хянавал:             

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дүгээр тушаалаар 17 дугаар хорооны нийгмийн ажилтан М.Цэцгээг “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар ажлаас халсан байна.

М.Цэцгээ нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “ажлаас халагдах хэмжээний алдаа дутагдал гаргаагүй, намын байр суурь, албан тушаалын давуу эрхээ хууль бусаар ашиглаж хавчин гадуурхаж, ажлын байрны дарамт удаа дараа үзүүлж  байсан” гэх үндэслэлээр гаргасныг, хариуцагч нь “2013 онд сахилгын арга хэмжээ авагдсан, 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт “дутагдалтай”, “хангалтгүй” гэж дүгнэгдсэн, ажлын шаардлагыг хангахгүй, алдаа дутагдлаа ойлгож, засдаггүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч М.Цэцгээ нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар 11 дүгээр хорооны нийгмийн ажилтнаас сэлгэж 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажилласан, 11 дүгээр хорооны нийгмийн ажилтнаар ажилласан 2013 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг “D” буюу “дутагдалтай”, 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажилласан 2014 оны ажлын үр дүнг “F” буюу “хангалтгүй” дүгнэсэн, уг үнэлгээг М.Цэцгээд танилцуулаагүй, “үнэлгээ”-г хянуулах /дахин авч үзэх/ боломж олгоогүй зэрэг нь тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.З, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.7-д “гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-нд талууд тус тус гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болох”, 6.8-д ““илтгэх хуудас”-ыг 3 хувь үйлдэж, ...тус бүр 1 хувийг авах”, 1.5-д “...гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь... төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болох”-оор тус тус заажээ.

Үүнээс үзвэл, М.Цэцгээгийн 2014 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтэд өгсөн “F” үнэлгээг  дээрх  журмын дагуу баталгаажуулаагүй учир хүчин төгөлдөр болоогүй уг үнэлгээг нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ гэж үзэх, улмаар төрийн албанаас халах үндэслэл болгох боломжгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч М.Цэцгээд сахилгын шийтгэл ногдуулсан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаал болон  Засаг даргын Тамгын газраас 2013 оны 2, 2014 оны 11 дүгээр сард түүний ажилтай танилцаж, тодорхой зөрчил дутагдал илрүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Эдгээр баримтыг судлан үзвэл, М.Цэцгээ нь “албан үүргээ биелүүлээгүй”-н улмаас сахилгын шийтгэл хүлээсэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй тул сахилгын шийтгэлгүйд тооцогдох учир 2014 оны 11 дүгээр сард илрүүлсэн гэх зөрчилд холбогдуулан албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Цэцгээгийн 2013, 2014 оны “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэж, үнэлгээ өгсөн 11 ба 17 дугаар хорооны Засаг дарга нарыг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан нь тухайн хэрэгт сонирхол бүхий хүмүүс байх тул шүүх уг хүсэлтийг хангаагүй нь зөв бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэсэн учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг гүйцэтгээгүй, ...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хэрэгт авагдсан, ...нотлох баримт буруу үнэлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах”-аар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 455 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ