| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/226 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/226
2021 03 30 2021/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Н.Түвшинбаяр,
шүүгдэгч: Т.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, Т.Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.Э нь ... ашиг олох зорилгоор хөзөр болон тоглоомын автомат төхөөрөмж худалдан авч, түүнийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22/, камерын бичлэгтэй “MHK DIGITAL VIDEO RECORDER”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/, гэрч Г.Гантулга /хх-ийн 31/, гэрч Э.Батзориг /хх-ийн 33-34/, гэрч Х.Алтангэрэл /хх-ийн 35/, гэрч О.Галбадрах /хх-ийн 36-37/, гэрч Д.Даваасүрэн /хх-ийн 38/, гэрч С.Сумъяадорж /хх-ийн 39, 43-44/, гэрч М.Эрдэнэчимэг /хх-ийн 40-42/, гэрч Д.Жаргалсайхан /хх-ийн 45-46/ нарын мэдүүлэг, С.Сумъяадоржийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 82-85/, Д.Даваасүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 86-87/, О.Галбадрахын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 88/, Х.Алтангэрэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89/, Г.Гантулгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 90-96/, Т.Эы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-123/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50-53/, Т.Эы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-6, 187-/, Т.Энхвайтаны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62, 66, 73-76, 137/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... нийтийн зориулалттай орон сууцанд мөрийтэй тоглоом тоглоход зориулсан автомат машин, тоног төхөөрөмж бүхий өрөө бүрдүүлж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй “покер” тоглоом зохион байгуулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
гэрч Э.Батзоригийн /хх-ийн 33-34/: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны 17 цагт манай найз Галбадрах нь над руу залгаад “.. хүрээд ир” гэхээр нь очиход найз Галбадрах нь өөр хоёр залуутай 13 модны покер тоглоод сууж байсан. ...тэгээд цай уугаад сууж байхад гаднаас цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Алтангэрэлийн /хх-ийн 35/: “...би найз Даваасүрэнтэй 13 дугаар хороололд байдаг гэрт нь уулзсан. Найз Даваасүрэн нь хүнээс юм авъя гээд Сүхбаатар дүүргийн Метро маллын ойролцоо байрлах нэг байранд очсон. Бид хоёр дотор байх үед ширээн дээр хөзөр байсан ба манай найз 13 тоглох уу гэхээр нь зөвшөөрсөн. Би, найз Даваасүрэн, түүний найз Галаа бид нар хоорондоо 13 тоглосон. Бид нар тоглоод сууж байтал гэнэт цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Галбадрахын /хх-ийн 37/: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз Даваасүрэн болон дүү Алтангэрэл нарыг дагуулаад хэдэн төгрөг олчих санаатай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро малл худалдааны төвийн ард байрлах 1 дүгээр байрны 3 тоотод автомат тоглоомын газарт 18 цагийн үед очсон. Бид гурвыг очих үед Тайвнаа нэг хүний хамт байсан. Би мөнгө хүлээж байсан болохоор автомат тоглоом тоглоогүй. 13 тоглоод сууж байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Сумъяадоржийн /хх-ийн 44/: “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Т.Э над руу залгаад “манайд хүрээд ир” гэж хэлсэн. ...гэр рүү нь ороход Т.Э ганцаараа байсан. Тэр хэд 13 модны покер тоглож эхэлсэн...” гэх мэдүүлгээр,
Т.Эы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 59/: “...уг байрыг Гантулга нь амьдрах гэж түрээсэлсэн байсныг би түүнээс гуйж автомат тоглоомын төхөөрөмжийг байрлуулж тухайн байранд байх болсон. ...таньдаг найзууд хаяа тус байранд ирж 13 модны покер тоглодог. Хүмүүсээс тоглуулсны мөнгө гэж авдаг байсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ...найз Сумъяадорж ирсэн байсан бөгөөд ...удалгүй Галбадрах нь зүс таних Батзориг болон өөр 2 найзын хамт ирсэн. Бид хүний 20.000 төгрөгийн бооцоо тавьж 13 модны покер тоглоё гээд суусан. ...13 модны покер нь мөрийтэй буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоом юм...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22/, камерын бичлэгтэй “MHK DIGITAL VIDEO RECORDER”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь олон нийтийн газар буюу нийтийн зориулалттай орон сууцанд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар нийтийн зориулалттай орон сууцыг хөлслөх нэрийдлээр халхавчилж, уг орон сууцанд ашиг олох зорилгоор хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан Т.Эы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Эаас хураан авах болон гаргуулах төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Эыг “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, харин эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр, покер стар гэсэн бичигтэй хар өнгийн хайрцагтай хөзөр, 30х20 см хэмжээтэй цэнхэр өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 30х12 см хэмжээтэй төмөр гадаргуутай, хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 26х20 см хэмжээтэй саарал өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 21х20 см хэмжээтэй MHK гэсэн бичигтэй хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, хяналтын камерын дуран 1 ширхэг, 14 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Дээрх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Т.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хураан авах болон гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хайрцагтай хөзөр, покер стар гэсэн бичигтэй хар өнгийн хайрцагтай хөзөр, 30х20 см хэмжээтэй цэнхэр өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 30х12 см хэмжээтэй төмөр гадаргуутай, хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 26х20 см хэмжээтэй саарал өнгийн төхөөрөмж 1 ширхэг, 21х20 см хэмжээтэй MHK гэсэн бичигтэй хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, хяналтын камерын дуран 1 ширхэг, 14 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ