Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

 

 

 

   2021        03          22                                          2021/ШЦТ/195

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

            шүүгдэгч: Э.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн М.Одонсүрэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Номин” дэлгүүрийн урд 40.000 төгрөг шилжүүлэхдээ андууран 400.000 төгрөг шилжүүлснийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Одонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 20/, Э.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-33/, Э.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38/, Э.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, М.Одонсүрэнгийн хүсэлт /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн М.Одонсүрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Номин” дэлгүүрийн орчим Э.Б руу 40.000 төгрөг дансаар шилжүүлэхдээ төлбөр тооцооны алдаа гаргаж 400.000 төгрөг шилжүүлсэн. Шүүгдэгч Э.Б өөрт нь 40.000 төгрөг дансаар шилжиж ирэх ёстойг мэдсээр байж уг алдаатай гүйлгээний илүү шилжүүлсэн 360.000 төгрөгийг завшиж М.Одонсүрэнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч М.Одонсүрэнгийн /хх-ийн 18-19, 20/: “...Э.Бын данс руу 40.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 400.000 төгрөг шилжүүлсэн байсан. ...Найзындаа ороод утсаа шалгахад миний данснаас 40.000 төгрөг биш 400.000 төгрөг гарсан байсан. ...би Э.Бд илүү мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд ““ХААН” банкны мэдээлэл ирээгүй, би мэдээгүй байна” гэсэн. ...би “чи ирэхгүй бол яг одоо 360.000 төгрөгийг буцаагаад шилжүүл” гэж уурлахад “талбай дээр чимээ их байна, би талбайгаас холдоод шилжүүлнэ, дансаа мессежээр явуулчих” гэж хэлсэн. ...найз нартайгаа ярилцаад байж байхад залгахгүй, дансанд мөнгө орж ирэхгүй байхаар нь залгахад “талбай дээр байна, эндээс холдохоороо хийнэ” гээд уурлаад байсан. Би “битгий давраад байгаарай, яг одоо явуул, явуулахгүй бол цагдаад хэллээ” гэхэд “явуулна гэсэн бол явуулна” гээд утсаа тастсан. Тэгээд дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 38/,

 

Э.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн  4-5/: “...би гадуур хүнтэй уулзаж байгаад М.Одонсүрэнтэй утсаар ярьж уулзахаар болсон. ...32-н “Номин” дэлгүүрийн үүдэнд очиход М.Одонсүрэн ганцаараа байсан. ...миний дансны мэдээлэл ирээгүй тул яг хэдэн төгрөг шилжүүлснийг хараагүй. М.Одонсүрэн “40.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа авснаа өөрөө мэдүүлсэн, хохирогч алдаатай гүйлгээ хийснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Б нь М.Одонсүрэнг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Э.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Э.Быг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч М.Одонсүрэнгийн “…Э.Б нь 360.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Быг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Э.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ