Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Ц.Хулан,

Хохирогч С.Өнөржаргал,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Баярмаад холбогдох эрүүгийн 2011000001000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, , 1986 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар хороолол 13-95 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:ЦЖ86112664/

 

Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ 2020 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Өнөржаргалаас “банкны зээлээ хаагаад дахин зээл аваад маргааш өглөө буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гурван удаагийн үйлдлээр нийт 16.500.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 1 хоногийн хугацаатай мөнгө зээлнэ гэж хэлээгүй. Би Өнөржаргалд ажлын 5 хоногийн хугацаатай мөнгө зээлнэ гэж хэлсэн. Өнөржаргал надад эгчээсээ мөнгө зээлж өгнө гэж хэлсэн. Би мөнгө зээлсэн хугацаандаа банкнаас зээл авах гэж байсан. Миний зээл бүтээгүй. Тиймээс би нотариат орж Өнөржаргалтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Би хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулж байгаа. Надад хохирогчийг залилах ямар ч санаа, зорилго байгаагүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “..2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би Өнөржаргалтай утсаар яриад “5 хоногийн хугацаатай мөнгө зээлэх боломж байна уу, мөнгө зээлдэг таньдаг хүн байна уу, би зээлээ хаачаад эргүүлээд аваад өгье” гэж хэлж гуйхад Өнөржаргал “манай эгч мөнгө зээлдэг, тэгэхдээ зээлсэн мөнгөний өдрөөр бодож авдаг” гэж надад хэлсэн. Тэгээд би 5 хоногийн хугацаатай өдрийн нэг билүү, хоёр хувийн хүүтэй гэж хэлж байсан. Ингээд Өнөржаргал миний Хаан банкны 5068057215 дугаартай данс руу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8.500.000 төгрөг, мөн сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би 4375100261 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлүүлсэн байгаа.. Би Өнөржаргалд “би зээлээ чөлөөлөөд буцааж зээл аваад мөнгө өгнө” гэж хэлсэн. Би Өнөржаргалаас зээл авах үе буюу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Капитрон банкинд зээлтэй байсан. Би Өнөржаргалаас зээлж авсан мөнгөөрөө хувиараа зээл гаргадаг Өлзийдулам гэх хүнээс авсан зээлийг дарах гэж байсан. Би Өлзийдуламаас 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд би Өлзийдуламд cap бүр 200.000 төгрөгийг 1.000.000 төгрөгийн хүүнд өгдөг байсан. Ингэж явсаар байтал би Өлзийдуламд зарим сард зээлийн хүү өгч чадахгүй байдалд ороход Өлзийдулам хүүнээсээ хүү бодож 16 сая орчим төгрөгийн /миний тооцоолсноор/ өртэй болсон байсан. Би Өлзийдуламаас өндөр хүүтэй авсан зээлээ дарчих юм бол Өлзийдулам надад эргүүлээд хүүгээ бууруулж 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэсэн.. Өлзийдуламаас авсан зээлээ дарахын тулд би өөр хүмүүсээс зээл авсан байсан. Би дээрх хүмүүсээс авсан мөнгөө Өнөржаргалаас авсан мөнгөөр дарж барагдуулсан. Мөн Өлзийдуламд зээлийн төлбөр болгож Өнөржаргалаас авсан мөнгийг зарцуулсан.. Капитрон банкнаас надад “танайд зээл гаргаж болох үгүйг судална ”гэж байсан учир би Өнөржаргалд “банкны захирал нь гарын үсэг зурчих юм бол зээл гарах гээд байна гэж хэлсэн..Би зээлж авсан мөнгөө Өлзийдуламд өгөх гэж байгаа талаар Өнөржаргалд хэлээгүй. Надад хэлэх боломж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-19-21/,

Хохирогч С.Өнөржаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Г.Б надад “...Би банканд эдийн засагчтай уулзаж байна. Материал дутуу байна. Материал бүрдчихвэл зээл гарна...” гэж хэлсэн. Би Г.Бд итгээд тус болох гэсэн үүднээс мөнгө зээлсэн. Би Г.Бтай хэд хэдэн удаа уулзаж мөнгө төлүүлэх талаар бичиг хийлгэсэн боловч Г.Б биелүүлээгүй. Би Г.Бд нийт 16.500.000 төгрөг өгсөн. Одоогоор 3.395.000 төгрөгийг эргүүлж авсан. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

           Хохирогч С.Өнөржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай оюутан ангийн найз болох Баярмаа сүүлийн 5 жил холбоотой байж байгаад “би банкнаас 70.000.000 төгрөгийн зээл авах гэж байна, надад өмнөх зээлийн 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, би зээлээ хаачих юм бол зээл маань бүтэх гээд байна, банкны салбарын захирал нь гарын үсэг зурчих юм тэгээд л бүтчихнэ, чи надад туслаач, би зээлээ авчхаад маргааш өглөө нь гэхэд чамд буцаагаад өгнө” гэж гуйгаад байхаар нь 16.500.000 төгрөг зээлүүлсэн. ..Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58-116 тоот гэртээ байхдаа нөхөр Доржхандын Хаан банкны 5041540000 дугаартай данснаас 8.500.000 төгрөгийг, мөн нөхрийн Голомт банкны 1705105881 дугаартай данснаас 3.000.000 төгрөгийг тус тус Баярмаагийн Хаан банкны 5068057215 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд бас Баярмаагийн өгсөн Гэрэлтуяагийн Батбаяр гэдэг хүний Голомт банкны 4375100261 дугаартай дансны дугаар өгсөн бөгөөд тухайн данс руу 5.000.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн.. Баярмаа надаас авсан 16.500.000 төгрөгийг өөрийн урьд авсан зээлээ дараад дахиж зээл аваад миний мөнгийг өгнө гэсэн. Баярмаа надад туслаач гээд байхаар нь би 16.500.000 төгрөгийг туслах зорилгоор өгсөн. Тухайн үед надад ашиг харсан зүйл байгаагүй. Харин би Баярмаагаас мөнгөө нэхэж, түүнтэй уулзахад Баярмаа надаас авсан 16.500.000 төгрөгийг 20.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

 

 

 Гэрч Т.Доржхандаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..гэртээ очиход Баярмаа зээл аваад буцаагаад өгнө гэж байна мөнгө зээлээч гэхээр нь би өөрийн Хаан банкны 5041540000 дансанд байсан мөнгөнөөс 8.500.000 төгрөгийг Баярмаагийн Хаан банкны 50680572115 дугаарын данс руу, 5 сая төгрөгийг Гэрэлтуяагийн Батбаяр гэх хүний 4375100261 дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь 3 сая төгрөгийг Баярмаагийн Хаан банкны 50680572115 данс руу шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

“Хаан” банкны шилжүүлгийн мэдээлэл, гүйлгээний хуулга, “Голомт” банкны дансны хуулга /хх-30-33/, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50/10862 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-36-45/ шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Өнөржаргалаас “би банкнаас 70.000.000 төгрөгийн зээл авах гэж байна, надад өмнөх зээлийн 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, би зээлээ хаачих юм бол зээл маань бүтэх гээд байна, банкны салбарын захирал нь гарын үсэг зурчих юм, тэгээд л бүтчихнэ, чи надад туслаач, би зээлээ авчхаад маргааш өглөө нь гэхэд чамд буцаагаад өгнө” гэж хуурч гурван удаагийн үйлдлээр нийт 16.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байна. Шүүгдэгч хохирогчоос авсан дээрхи мөнгийг банкны зээлэнд өгөөгүй ба бусдаас зээлсэн байсан өөр өр төлбөрийг барагдуулсан, шүүгдэгч нь банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаагүй бөгөөд “миний авах гэж байсан зээл бүтээгүй, би чамд удахгүй мөнгийг чинь 20.000.000 болгож өгнө, зээлийн гэрээ хийе, өдөр бүр 30.000 төгрөг өгч байя” гэх зэргээр хуурч батламж нэртэй бичиг хийж өгч байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бгаас улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугаа маргаагүй бөгөөд шүүхээс түүнийг “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос 3.395.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байсан тул төлөөгүй үлдсэн 13.105.000 төгрөгийг хохирогч С.Өнөржаргалд төлөх төлбөртэй болохыг шүүх тогтоосны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчид хохирол төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Өнөржаргалд 13.105.000 төгрөгийг төлж нийт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 16.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон түүнийгээ олж авахаар Дархан-Уул аймаг хүртэл явж байсан зэрэг гэм хорын хохиролд нийт 20.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч гэм хорын хохиролд нэхэмжилсэн зардлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан номгон өлзий” ХХК-нд ажилладаг, эхийн хамт ам бүл хоёул амьдарч гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тусдаа ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгон оногдуулахгүйгээр прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Б нь 2021 оны 3 сарын 15-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Бд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав. 

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийн цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож 105.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж торгох ялын хэмжээг 895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 895.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 895 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 895.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос хохирол болон гэм хорын хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгөөс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 3500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 16.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР